Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг audit.mn сайтад бүрэн эхээр байршуулжээ. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны язгуур эрх ашиг, Үндсэн хуульт ардчилал, парламентат ёсыг бэхжүүлж, Монгол хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөө, хуулийг дээдлэх засаглал, шударга төрийг бэхжүүлэхийн төлөө “Хувь хүний эрхийг дээдэлсан Ардчилсан Монгол” хөтөлбөрийг дэвшүүлсэн байна. 

-Сонгогдсон, томилогдсон төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн зөрчил гаргавал огцруулах, чөлөөлөх,

-Сонгогчдын итгэлийг алдсан, хууран мэхэлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахаар хууль санаачлах,

-“Эрдэнэт”, “Оюутолгой” зэрэг төрийн өмчит уул уурхайн компаниудын 10-аас доошгүй хувийг хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьчилах,

-Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар, тогтнол гадаад бодлоготой холбоотой асуудлаар хувийн байр сууриа илэрхийлэхийг хориглох,

-Ерөнхийлөгч УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанд сар бүр тогтмол оролцож, Монгол хүний эрхийн нөхцөл байдал, улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлыг нийт иргэдэд мэдээлэх,

-Төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрээ АТГ-аас гадна олон нийтэд тайлагнах... гэх мэт. Мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилго нь төрийн үйл ажиллагааг цэвэр тунгалаг болгох, төрд ажиллаж буй албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, иргэндээ эдийн засгийн эрх чөлөөг нь өгөх, иргэдээ дарамталдаг бус, иргэндээ үйлчилдэг төрийг бий тухай...

Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд мөн парламентын ардчиллыг Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа хэмээн үзэж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэхээр амлажээ. Мөн сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хуульчилж, улс төрийн намуудын төлөвшүүлэх... гэсэн байна. 

Харин МАН-аас нэр дэвшигчийн нөгөө хоёроосоо ялгаатай нь,

-Баялгийн нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх,

-“Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгох,

-“Монгол шатахуун” хөтөлбөр хэрэгжүүлж, нефтийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэн, бензин шатахуунаа эх орондоо үйлдвэрлэхийг дэмжих,

-“Орлоготой оюутан” хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх,

-Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжих “Эх оронч худалдан авалт” хөтөлбөрийг санаачлах,

-“Өрх бүрт орон сууц”, “Цэргийн орон сууц” хөтөлбөрийг санаачлах,

-Аймаг, сум хооронд сайжруулсан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох... гэх мэт амлалтууд багтсан байна. Товчхон хэлбэл, төсөв, эдийн засагтай холбоотой хамгийн том төсөл, хөтөлбөрүүдийг Ерөнхийлөгч ивээлдээ авч, УИХ, Засгийн газрынхаа өмнөөс ажлыг нь хийх амлалт авчээ. Тэр ч байтугай 2020 оны УИХ-д дэвшүүлсэн МАН-ын, сонгуулийн дараа байгуулсан Засгийн газрынх нь мөрийн хөтөлбөрөөс ч хол давсан том амлалтуудыг авсан байна. 

Товчхондоо, Ерөнхийлөгчийн гэхээсээ Ерөнхий сайдын бодох ёстой бодлого, Засгийн газрын хийх ёстой ажлуудыг өмнөөс нь амлаад амлаад явчихсан. Нэгд, улсын тэргүүн, Ерөнхийлөгч гэдэг ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг мэддэг ч үгүй юм байна. Хоёрт, энэ ажил үүрэгт тэнцэх ч үгүй хүн байна. Эрхбиш 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа МАН улс төрийн ийм алдаа гаргана гэж байхгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх гэдэг хүн "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн" хэрэг юм биз. Ийм мөрийн хөтөлбөрийг "Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр байх нь зохистой" гэж үзсэн Аудитын байгууллага ч нүүрээ хаана хийдгийг бүү мэд. 

Хоёрдугаарт, өнгөрөгч 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлачихсан. Одоогийнх шиг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь тус тусдаа төмөр замтай байх тухай асуудал тэнд байхгүй. Ерөнхийлөгч зөвхөн

-УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих,

-Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх,

-Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах,

-Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах,

-Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах,

-Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах,

-Уучлал үзүүлэх,

-Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх,

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх,

-Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах... гэсэн тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр Үндсэн хуульд заасан. Энд заагаагүй асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрх Ерөнхийлөгчид байхгүй. Тийм болохоор У.Хүрэлсүх нэр дэвшигчийн хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар амлалт авсан гэсэн үг. 

Хэрвээ У.Хүрэлсүх гэдэг хүн дээрх амлалтуудаа биелүүлье гэвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж, Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулдаг болох нэг л зам байна. Тэгээд Назарбаев шиг өөртөө зориулж хууль батлуулаад насаараа энэ улсад эзэн суух юм биз. Угаасаа МАН-ын зарим УИХ-ын гишүүд сонгуулийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай аль хэдийн яриад эхэлчихсэн.

inews.mn