Манай Ерөнхийлөгч хэдэн сайхан ном бүтээсэн хүн. Харин өөрөө номоо сөхөж харах завгүй болсон биз. Түүний “Бодлууд” нам Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бие төлөөлөгчийнх нь гараар дамжин ирж байсныг санаж байна. Энэ номд 2004 онд Монголыг Хятадад нэгтгэх боломжит байдлын судалгааны тайланг дурдаж “бодлуудаа” тэрлэсэн байдаг. Тухайлбал “энэ тайланд дурдагдсан стратегийн зорилтууд албан байр суурь биш боловч биелэгдэж эхэлж байгаа нь түгшүүр төрүүлж байна” гэхчлэн. Уг тайланг бичигчG.B гэж нэрээ товчилсон нэгэн “Монголыг Хятадад нэгтгэх явцыг түргэсгэхийн тулд би яах ёстой вэ” гэсэн асуугаад хэрхэн хариулсан нь анхаарал татна. Үүнд “Соёл боловсролын солилцоог ихэсгэх. Монгол их сургууль байгуулж, Ар Монголын оюутнуудыг үнэ төлбөргүй, шалгалтгүй элсүүлж тохирох насны залууст их сургуулийн боловсрол олгосноор эдгээр залууст зууч хүч болох, цаашилбал миссийн тэмцээн ч болсон, яруу найргийн наадам ч болсон Монгол түрүүлдэг байх зэрэг гэхчлэн бидний анзаарахааргүй олон асуудал стратеги төлөвлөгөөнд нь тусчээ. Хэдийгээр албан ёсны байр суурь биш боловч энэ төлөвлөгөө яах аргагүй анхаарал татаад байгаагийн учир нь яг үүний дагуу хэрэгжээд байгаад оршино. Жилд дунджаар 500 орчим залуус БНХАУ-ыг зорин суралцдаг тоо баримт байна Саяхан нүдний гэм байсан хятадын сериал өнөөдөр хэдэн сувгаар гарч байна вэ. “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн нээгдлээ”, 

Тяньжин хотноо өнгөрсөн тавдугаар сарын 2-нд болсон Мото спортын олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчин Э.Халиунболд түрүүлсэн, эсвэл Монгол туургатны бөхийн барилдаан зэрэг олны өмнө шударгаар хүч сорьсон уралдаан тэмцээнүүд үүнд хамааралгүй. Харин нууцаар санал хураадаг, эсвэл үзэмжээр шүүгчдийн оноог цуглуулдаг ой тогтоолтын, дуу дуулаачийн, хэлний чадварын зэрэг тэмцээнүүдэд тохиолдлын гэмээр монголчууд л ялсаар, бид ч баярлаж бахархсаар байгаа. Үүний цаана төрийн бодлого яваа гэж хардахад дэндүү харамсам болохоор яалтай вэ. Гэвч Хятадын төрийн бодлого илтэд анзаарагдсаар байдаг. 

Нэг жишээ. “Хэрвээ Монгол Улсыг Хятад эзэлбэл би бослого гаргана гэж хэлсэн” гэх “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочин дуучин С.Тэнгэр өнгөрсөн жилийн наймдугаар сард“амаа бариулсан” гэдэг. Өвөр Монголын өөртөө засах орны 70 жилийн ойн бэлтгэлийн үеэр баяр наадмын зохион байгуулагчид түүнийг “Монгол хүнийг биш Хятадын нам засгийг магтсан дуу дуул” гэж тулгажээ. Ингээд олон түмний өмнө ямар нэг байдлаар дуулахыг нь хоригдож дагаж мөрдөн хоригийг зөрчих эсэхэд нь хяналт тавих болсон тухай мэдээллүүд гарч байв. Гэхдээ энэ бол давтагдсан жишээ юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын “Бодлууд” номд “Жил гарангийн өмнө /2006 онд бололтой/ Guys 666 хамтлагийнхан зурагтаар ярьж байна. Хөх хотын ойн тоглолтод оролцлоо.Биднийг “Хөх хот сайхан” гэсэн утгатай дуу зохиож дуул гэсэн. Бид татгалзаж Улаанбаатарыгаа дууллаа. Дуучин Наран тэдний үгээр дуулсан. Бүр хятадаар дуулсан шүү. Наран одоо Бээжин хотод дэвшин амьдарч сурч байгаа бөгөөд Guys 666-г даруй “баяртай” хэмээн нутаг буцаажээ” гэж бичжээ. Тэрбээр айхавтар олж харжээ. Ялангуяа түүний номондоо багтаасан, өнөөх “Монголыг Хятадад нэгтгэх боломжит байдлын судалгааны тайлан” 2010 онд дахин шинэчлэгдэж нийтлэгдсэн байгааг өмнөхтэй нь харьцуулж харахад бараг хэвээрээ байх юм. Мөн Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн “Евразийн нийгмийн хөгжлийн судалгаа” сэтгүүл 2011 оны нэгдүгээр сард нэгэн дугаартаа “Монгол-Хятадын харилцаан дахь “Соёлын зөөлөн хүч” – гарчигтай нийтлэлийг олны хүртээл болгож байв. Уг нийтлэлийн хоёрдахь хэсэг нь өнгөрсөн оны нэгдүгээр сард нийтлэгдсэн. Үүнд “Соёлын зөөлөн хүч”- ийг ашиглан манай улсаас сэрэмжлэх сэтгэлгээг бууруулах гэсэн хэсэг бий. Энэ хэсэгт “Орос болон англи хэл бол Монголын залуучуудын хамгийн эхэнд сонгодог хэл байсан үе өнгөрч, одоо цөөнгүй монгол хүүхэд хятад хэлийг сонгон сурч, сурах хүний тоо англи хэлний дараа орж байна. Монголын холбогдох албаны статистикаар Монголын 41 их дээд сургууль болон 14 дунд сургуульд хятад хэлний хичээл орж 2600 гаруй хүн сурч буй гэсэн статистик мэдээ байна. Хятад хэлний сургалтын төв үүнд ороогүй. Монголын залуучуудын хятад хэл сурах эрмэлзэл нэмэгдэж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд Вэнь Зябао ирэх таван жилд 2000 оюутан сургана гэдгээ Монгол Улсын Засгийн газарт амлажээ. Мөн 300 залууг Хятадад аялахыг урьсан” гэхчлэн дурджээ.

Түүнчлэн “Хэт ойртохгүй, хэт холдохгүй, угтаж авна, харин элгэмсгээр ойртохгүй, хамтран ажиллана, гэхдээ дагахгүй, найрсаг байна, гэхдээ сэргийлнэ гэдэг нь бараг л Монголын хувьд Хятадын талаарх бодлого, стратеги нь болоод байна” гэж тодорхойлжээ. Харин энэ тайлан “мэндэлснээс” хойших долоон жилийн хугацаанд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бол. 

Дээрх стратеги төлөвлөгөөнд дурдсан шашны, соёлын, урлаг спортын арга гэгч лав амжилттай хэрэгжиж Монгол-Зөвлөлтийн гэдэг холбоос үг Монгол-Хятадын гэдгээр солигдож, салбар бүрт ямх ямхаар ойртоод байгаа энэ улс бүтээлч, бүтээн байгуулагч, бас хурдтай, мөнгөтэй, менежмент сайтай нь яах аргагүй үнэн. Гэвч харилцан ашигтай хамтын ажиллагаанаас Монголд үлдэх нь хэр жин дарах вэ. Хятадын хувьд хамгийн их зээлдэгч нь Монгол Улс байх, хамгийн ойрынхудалдан авагч түнш нь Монгол байх зэргийн цаанаМонголгүйгээр Евроазитай дэд бүтцээр холбогдох, Монголгүйгээр Европтой худалдаа хийх зэрэг олон ажлыг тэд амжуулж байна. Яагаад Хятадын төлөөлөл ирээд Монголд Майдар бурхныг амилуулах ёслол үйлдэж, хэн нэгэн үзмэрч хэрэн тэнүүчилж Монголын төлөө сайн сайхан “үйл хийж” арц хүж уугиулахад ЦЕГ-ын дарга нь гурван аймгийн цагдаагийн байгууллагын удирдлагад сахилгын шийтгэл оноож ажлаас халав. Яагаад БНХАУ-ын хил залгаа аймгуудыг “ариусгаж” таарав. Орхимжтой тагнуулчдаас хашраагүй юу гэхчлэн олон асуудлаар нийгмийг бужигнуулж болж байна. 

Энэ дашрамд сануулахад Төрийн тэргүүнийхээ энгийн иргэн, УИХ-ын гишүүн байхдаа хэвлүүлсэн тэр номуудыг олоод уншчихаарай. Ээ дээ, чухал сэдвүүд, гол нь үйл явдал нь яг одоо давхцаж харагдаад байгаа юм шүү.