2023 он гарлаа. Улиран одсон 365 хоногт бид юу эсийг үзэж, үйлдэж, эс үйлдэж туулав билээ. Хоёр он солигдох тэр мөчид бүхий л улс, үндэстнүүдийн адилаар монголчууд бид ч гэсэн өнгөрснөө үнэлэн дүгнэж, ирээдүйгээ төлөвлөж, бүхий л сайн сайхныг хүсэн мөрөөдөж, түүндээ хүрэх зорилт тавьж, заавал биелээсэй гэж чин сэтгэлээсээ бодож, сүсэглэн шившсэн буй за. Энэ бүх хүний, туурга тусгаар Монгол Улсын 3 сая гаруй иргэдийн хүсэл мөрөөдөл бүхэн 2023 онд биелэх болтугай гэж ерөөе! Хэдийгээр харахгүй, сонсохгүй хэмээн хатуурхаж байсан ч, хараалтай, ерөөлтэйгөөр төр, засгийн тэргүүнүүдийнхээ мэндчилгээг бүгд л сонслоо. Монголчууд амны билгийг онцгой эрхэмлэдэг үндэстэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэн хэнийх нь үгнээс ирж буй он бидний улс, оронд их л өндөр итгэл, өөдрөг сэтгэл, сэргэлт, дэвшлийг авч ирж байгаа юм байна аа гэдгийг ойлголоо.

2022 он дэлхий дахинд тун хүнд сорилтыг тулгасан жил байсан. Улс үндэстэн бүр л цар тахал, дайн тулаанаас үүдсэн бэрхшээл, хямралыг даван туулах гэж байдгаараа чардайлаа. Хөндлөнгийн ийм төсөөлшгүй нөлөөлөл цаашид үргэлжлэх аваас шиг импортын эдийн засагтай бидэн шиг улс тун ч хэцүүдэж болохыг монголчууд бид, тэр тусмаа төр, засгийн тэргүүнүүд, эрх баригчид ёстой яс махандаа тултал ойлгож авсан байх аа. Бидэнд оносон нь ч бий, алдсан нь ч бий. Ард түмний аж амьдрал нийтдээ уруудчихлаа. Маш хурдтай ядуурч байна. Нийгэмд авлига, хээл хахууль улам тэллээ. Ил, далд хуйвалдаан, хулгай, луйвар эрээ цээрээ алдчихлаа.

Төрийн нэр хүнд, үнэлэмж төрийн түшээ нэгний тавлаж хэлсэнчлэн ёстой л нийгмийн уланд уналаа. Улс төрийн хүрээнд ёс суртахууны уналт эцсийн цэгтээ хүрч, ялзарч өмхийрлөө. Нэг нам дангаар засаглахын хүчийг эерэгээр бус сөргөөр улс оронд мэдрүүллээ. Энэ бүх алдаагаа эрх баригчид харин мэдэрч эхлээд байгаа нь сайн хэрэг. Анзаарагдаж байна. Дахин үл давтах, хэзээ ч үл мартах мэдлэг, сургамж болж үлдэж буй бол бүр ч сайн хэрэг ээ! Өнгөрсөн 2022 он монголчуудад эв нэгдлийн чухлыг бас дахин сануулаад одлоо.

Тэр тусмаа 30 жилийн турш ил, далд зөрчилдөж, эрх мэдлээ булаацалдсаар ирсэн төрийн эрх барих институц (Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар) хоорондын зөрчлийг арилгах хууль, эрх зүйн эрс шинэтгэлийг хийхгүйгээр урагшлах ямар ч боломжгүй болсныг, ухаарч чадсан бол өнөөгийн хуулийн систем, тогтолцоог үндэс язгуураас нь эхэлж нэн даруй өөрчлөхийн чухлыг мэдрүүлээд шилжрэн одлоо. Монгол Улсад нэг нам, бас нэг хүний үнэмлэхүй засаглал огтоос биш, олон нам, нийгмийн төлөөллийн оролцоотой, сонгодог парламентийн засаглал хамгаас зохилтойг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар маань чухалчилж байгаагаа нэгэн дуугаар онцоллоо. Нэн маргаан дагуулдаг асуудлаар ийн санал нэгдэж байгаа нь сайн хэрэг. Ядаж нэг сэдэв улс төрийн хүрээнд ямар нэгэн маргаангүйгээр эцэслэгдэн шийдэгдлээ гэж ойлгогдлоо. Төрийн гурван өндөрлөгүүдийн маань шинэ жилийн цувраа мэндчилгээнүүдээс Ерөнхий сайдын үг онцгой анхаарал татав.

Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнэ нөгөө хоёр шигээ аюул багатай, ерөнхий, бөөрөнхий тоймлосон, жижүүрийн үг хэлсэнгүй. Тэр маш итгэлтэйгээр ирж буй онд Монгол Улсын эдийн засаг сэргэж, тогторжино гэж хэллээ. Ерөнхий сайд ийм итгэлтэй, зоригтой, бардам байгаа нь содон сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Ялангуяа, мэндчилгээндээ цохон хэлсэн статистик үзүүлэлтүүдийг сонсоход унтарсан урам сэргэж, итгэл төрж болохоор байна билээ.

1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи 32 жилийн түүхээс харахад энэ Засгийн газрын туулж буй шиг хүнд сорилтой тулсан нэг ч Засгийн газар байгаагүй гэдэг нь үнэн л дээ. Үгүйсгэх хэрэггүй юм. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засаг ковидоос, залгаад хойд хөрш, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж шууд хасах 4,6 хувиар агшаад байсан бол шинэ оны гараан дээр 4 хувь болж тэлж эхэлсэн байна. Экспортын орлого 2022 оны төгсгөлийн хоёр сарын хугацаанд гэхэд л 500 сая ам.доллараар нэмэгдэн 15 тэрбум ам.долларт хүрчээ. Улсын валютын нөөц 1.6 тэрбум ам.доллараас 3.3 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Хөгжлийн банкны төлөгдөөгүй өрөөс 1.8 их наяд төгрөгийг нөхөн төлүүлж, улмаар Чингис бондын өрийг бүрэн барагдуулсныг амжилт гэхээс өөр аргагүй шүү дээ. Эрдэнэбүрэнгийн УЦС, ЭТТ, Амгалангийн цахилгаан станцуудын ажил эхлэхээс гадна, хилийн боомтуудын үйл ажиллагааг сэргээх бодлогын хүрээнд хаагдсан боомтууд энэ нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээгдэж, улмаар шинэ тавьсан төмөр замын холболт, терминалыг шийдснээр нүүрсний экспорт даруй 48 сая тн-д хүрнэ гэдгийг Ерөнхий сайд шууд барин тавин хэлнэ билээ. Энэ нь үнэн байгаад үнэхээр ийм хэмжээний нүүрс экспортлож чадах юм бол Монголын эдийн засаг сэвхийх боломжтой болно л доо. Шинэ оны эхний улиралд багтаж Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эхэлчих юм бол бүр ч таатай нөхцөл манай эдийн засагт үүсэх нь тодорхой. Энэ мэт сүүлийн хоёр жилд үзэгдээгүй эерэг хандлага гарч эхэлсэн дээр нэмээд Монголд асар тэлсэн далд эдийн засгийг ил болгох, авилга, хээл хахууль, хулгай, луйвар, дээрмийн хэргүүдтэй тэмцэх тэмцлээ эцэслэн шувтлаж, төрийн хэт их зардлыг танан багасгаж чадах юм бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “браво” гэхээс өөрөөр яалтай. Үргэлж шүүмжилж, хараах амархан. Энэ удаа харин элдвээр манжилж, ёсорхолгүй шуудхан эрс хэлж буй мэндчилгээний үгнээс нь итгэл төрснөө өгүүлэх байна. Монгол билэгдлээ бодсон ч тэр Ерөнхий сайдын хэлсэн, амласан бүхэн нь биелэх болтугай гэж ерөөе! Ерөөлөөр болох болтугай гэе.