ЭСЭРГҮҮ СУРАХ БИЧИГ: ШИНЖЛЭХ УХААНЫ ЗУРАГТ ХӨТӨЧ

Химийн багш атомын талаар тайлбарлахыг сонсож суусан охин “Хөөх, физикийн атомтой яг адилхан юм байна!” гэж чухал нээлт хийсэн аятай уулга алдсан гэдэг. 

Хүүхдүүд амьдарч байгаа орчлон ертөнцтэйгөө танилцахдаа физик, хими, биологи гээд олон хичээл үздэг. Ингэж тус тусад нь заалгасан хичээл хүүхдүүдийн тархины өөр өөр нугалаанд “орчихдог” байж магад. Гэтэл үнэн хэрэгтээ амьдрал хими, физик, биологи гэх мэт хоорондоо холбоогүй сурах бичиг биш. Амьдрал бол олон хэсгээс бүрэлддэг нэгэн цул атал сургуульд тэр бүхнийг тус тусад нь салгаж заадаг учраас хүүхдүүд маань энэ дэлхий ертөнцийнхөө харилцан шүтэлцээг ухаарч амжилгүй төгсдөг юм болов уу?

Номыг уламжлалт маягаар хими, физик, биологи гэхчлэн бүлэглээгүй, харин манай гараг ертөнц хэдий адармаатай ч гэлээ шүтэн барилдлагатай нэгэн цогц систем гэдэг үүднээс тайлбарласан. Тиймээс хүүхдүүдийн мэдлэгт үүссэн ан цавыг энэ ном зохих ёсоор нь залгаж холбоод эмх цэгцэд нь оруулаад өгнө.

Ахлах ангийнхан өөрсдөө уншаад ойлгочихно. Хүүхдийнхээ асуултад бүдэрдэг эцэг эхчүүд уншихаа байг гэхэд гэртээ аваад тавьчихсан байхад бэлэн “шифи”-тэй болчихно. Уран зохиолын ном биш учраас авч өгсөн дороо хүүхдээ нэг амьсгаагаар унш гэж шахах, өөрөө бас тэгж зүтгээд дэмий л болов уу. Гол нь таны гарт ойр л байг.

Номын хуудсыг эргүүлэх тоолондоо “Сурах бичгийг яагаад ингэж хийдэггүй юм бол”, “Сургуульд ингээд заагаад өгчихгүй дээ” гэж бодно гэдгийг бол баталгаатай хэлье. 

Энэ номыг харахаас дургүй хүрдэг сурах бичгээс чанх эсрэг арга барилаар бүтээсэн, нэг үгээр “эсэргүү сурах бичиг” гэж болно. Гэхдээ шинжлэх ухааны мэдлэгийг тархи толгой зовоолгүй ойлгуулна. Энгийн үг хэлээр, маш ойлгомжтой зураг дүрслэл, инфографикаар баян учир хүүхдийн сонирхлыг татах увдистай. Ном 256 нүүртэй, хэмжээ нь цүнхлээд явахад яг тохирно. 

Энэ бол дэлхий дахинаа цуутай Dorling Kindersley компаний бүтээл. Дэлхийд зартай энэ компани нэвтэрхий толь мөн, насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан шинжлэх ухааны танин мэдэхүйн чиглэлээр дагнан мэргэшсэн. Dorling Kindersley дэлхийн 100 гаруй улсын компаниудтай хамтран ажиллаж, ном бүтээл нь 63 хэлээр орчуулагддаг. Нэпко хэвлэлийн газар тус компанийн DK How works цувралаас “Мөнгө”, “Бизнес”, “Менежемент”, “Хүнс”-ийг нь уншигчдадаа хүргэсэн бол энэ удаа Шинжлэх ухааныг хэрхэн ойлгох вэ номыг гаргалаа.

Номоо хэрхэн унших вэ

Ном “Матери”, “Энерги ба хүч”, “Амьдрал”, “Сансар огторгуй”, “Дэлхий” гэдэг таван том бүлэгтэй. Номын гарчиг бүр маш тодорхой дүрслэлтэй зураг, инфографиктай. Сэдвүүд нүүр нэг нь нөгөөгөөсөө урган гарсан холбоосгүй учир аль ч дуртай үедээ аль гарчгийг сөхөөд уншсан ч ойлгомжтой. Төвөгтэй нэр томъёонуудыг зураг дүрсээр дурайтал тайлбарласан. Номын төгсгөлд цагаан толгойн дарааллаар хийсэн нэрийн индекс бий, тэндээс хэрэгтэй нэр томъёо, сэдвээ олоход ядах зүйлгүй.

Номын давуу тал

•Сунжирсан урт текстгүй харин, судалж мэдэх хорхой хүргэсэн ойлгомжтой инфографиктай.

•Сурах бичгээс онхи өөр учраас шинжлэх ухаанд шимтүүлнэ, бүр дурлуулна.

•Дэлхийд манлайлагч Dorling Kindersley-ийн дизайнтай юу ярих вэ, мөн тэдний стандартаар Хонконгод хэвлэсэн учир чанарт нь эргэлзэх явдалгүй.