Тавантолгойн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг үгийг цээжилсээр арван жил өнгөрлөө. Энэ хооронд юу болов? “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2011 оны “Чалко”-той хийсэн гэрээгээр Зүүн Цанхийн уурхайн нүүрсний олборлолтын 80 хувийг “Чалко”-д зах зээлийн үнээс хямдаар борлуулж алдагдалтай ажилласаар ирсэн. Эрдэнэс Таван Толгойн гүйцэтгэх захирал асан Арунболдын үеэс нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулж ирснээр 2019 оны худалдан авагчийн сонгон шалгаруулалтаар нүүрсний үнэ 1 тонн нь 71.70 ам.долларт хүрч “ЭТТ” түүхэндээ байгаагүй өндөр хэмжээний борлуулалтын орлоготой ажиллаж дэд бүтцүүддээ хөрөнгө оруулсаар улмаар одоогоор ногдол ашиг тараана гэж мэдэгдээд байгаа билээ. 

Нийтлэлч миний бие өмнө нь бичсэнчлэн “Бодь интернэшнл”-д өгсөн давуу эрх олгосон нууц гэрээний гайгаар 30 хувийн урьдчилгаа авч тонн тутмыг 60 ам.доллар болгож гурван компанитай 1.5 сая тонн нүүрс худалдах гурвалсан гэрээ хийсэн. Үүгээр Тавантолгойн сонгон шалгаруулалтаар өсгөж олж авсан 71.70 ам.долларын гэрээнүүд өрсөлдөх чадваргүй болж 2019 оны сүүлээр бүгд татан авалтаа зогсоосон. Энэхүү байдлыг тус компанийн удирдлагын зүгээс коронавирусын хоригтой холбож тайлбарлахыг оролдож байна. Гэвч коронавирусын тархалт эхлэхээс өмнө 2019 оны 11 дүгээр сард нүүрсний татан авалтууд мэдэгдэхүйц нам унасан. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас 2019 оны 1-10 дугаар сар хүртэл сар бүр ойролцоогоор 1-1.5 сая тонн нүүрсний худалдан авалтын ачилт хийсэн байдаг. 2019 оны 11 дүгээр сард тус тус 300 мянган тонн ч хүрэхгүй борлуулалт хийгдсэн байна. Үүнийг борлуулалт “навс уналаа” гэхээс өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй байна. 

Харин "Бодь интернэшнл"-тэй хийсэн гэрээний дараа 2019 оны 12 дугаар сард 1.2 сая тонн нүүрсний татан авалт хийгдсэн байна. Үнэ унасны дараах шагнал гэх үү дээ.

“Чалко”-той хийсэн муу гэрээний гашуун туршлагаас суралцахын оронд дахин дахин ийм алдагдалтай гэрээ хийж Монгол Улсын коксжих нүүрсийг үнэгүйдүүлж эдийн засагт асар их хэмжээний хохирол авч ирж байгааг юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Хятадын төрийн мэдлийн “Чалко” компанийн Монголын нүүрсийг худалдан авч байгаа үнэ одоогоор нэг тонн тутам нь 53 ам.доллар байгаа нь бидэнд хангалттай алдагдал биш гэж үзээд “Бодь Интернэшнл”-тэй ийм гэрээ хийж алдаагаа давтаж байгаа хэрэг үү? 

Бас нэг сонирхолтой хардлага төрлөө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авачг сонгон шалгаруулалт зарласан Нүүрс худалдан авагчийг сонгон шалгаруулах материалыг хүлээн авах сүүлчийн хугацаа нь энэ долоо хоногийн пүрэв гаригт дуусна. Урилгаас харвал 71.70 ам.доллараар мөрдөж байсан үнэ 63.40 болтлоо буусан байна.

 Тиймээс “ЭТТ” компанийн зүгээс урьд нь гэрээ хийсэн нийт 30 гаруй компанид бүгдэд нь 63.40 ам.доллараар үнээ санал болгож илгээснээс дөрвөн компани л зөвшөөрч гэрээг шинэчилж хийсэн ба бусад нь манай нүүрсний үнийг 60 ам.доллар болтол буулгахыг шаардаж байгаа юм байна. 

ЭТТ-н худалдан авагчдын нүүрсний татан авалт “Бодь Интернэшнл-ийн Гүйцэтгэх захирал А.Амундратай хийсэн гэрээнээс шалтгаалж 71.70 ам.доллараар хийх ямар ч боломжгүй болчихоод байгаа юм.

Ингээд эхлээд үнэ буурлаа. Дараа нь хил хаачихсан энэ үед дуудлага худалдаа зарлалаа. Хямд үнээр нүүрс худалдаж авах боломж бүрдлээ. Тэгэхээр энэ бүхэн анхнаасаа бэлтгэгдсэн, тохироотой байсан “шоу” биш биз? 

“Бодь Интернэшнл”-д давуу эрхээр олгосон нууц гэрээ гэгчид ЭТТ-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Бодь Интернэшнл”-ийн Гүйцэтгэх захирал А.Амундра, Худалдан авагч талын Хятад захирал нар гарын үсэг зурж гурвалсан гэрээ хийсэн байдаг.

Гэхдээ “Бодь Интернэшнл” нь бас давхар зальдаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийгаа хуурчихсан. Яаж хуурсан бэ гэхээр “ЭТТ-той гэрээ хийхдээ цоо шинэ, том худалдан авагч олж ирнэ гэж амласан мөртлөө бодит байдал дээр Баяннуурт бүртгэлтэй ЭТТ-той гэрээ байгуулж нүүрс худалдан авч байсан хуучин хэрэглэгчдийг хямд үнээр урхидан оруулж ирдэг байсан. Тэр компаниудын нэрийг дурдвал,

 1. Inner Mongolia Xingyongsheng Energy Co.Ltd ETT 2019/844

2. Inner Mongolia Zituo International Trade Co. Ltd ETT 2019/843

3. Inner Mongolia Hongchi Energy Technology Co.Ltd  ETT 2019/842

Ингээд энэ гурван тал харилцан нэгнээ хуурч, нийлээд Монголын төрийн компанийг, Засгийн газрыг хуурсан. Улмаар ард түмнийг хуурч байна. “Чалко”-оос авсан 250 сая ам.долларын зээлийг барагдуулсны дараа 2028 он хүртэл нүүрсээ маш хямд үнээр борлуулж байх үүрэг хүлээсэн. Эмгэнэл дуусаагүй үргэлжилж байхад дараагийн “Чалко” буюу “Бодь интернэшнл” мэндэлчихлээ. Ийм гэрээ ямар үр дагавар дагуулдаг гээч. 

                                                                                                                              /Үргэлжлэл бий/