Айл гэр, амраг хос, хүнээс л улс үндэстэн бүрддэг. “Ард түмэн” энэ бол олон хүний нийлбэр тиймээс биегүй хариуцах эзэнгүй хоосон үг!

Хувь хүн бол хариуцлага, амжилт алдаа оноогоо эрсдэлээ өөрөө үүрэх бодьгал.

Хүн бусад амьтдаас ялгаатай нь мэдээж ухамсарт ертөнц. Энэ ертөнц биолог, физиолог, эд эсийн хувьд ч онцгой өвөрмөц. Хайрлахдаа тэд жинхэнэ ба жинхэнэ бусаар ханддаг. Бие биендээ жинхэнэ хайртай эр эм хоёр хүн бодитой, үнэн зөв, саруул ухаан, эрүүл бодлын учгаар уялдсан байдаг.

Нөгөөдөх нь хөрөнгө мөнгө, нэр төр, өнгө төрх харсан баг өмссөн залилан.

Хүн хоорондын хандлага тэр чигээрээ улс төр. Тэд оюун санаагаараа хайрлалцаагүй л бол хүчирхийлэл, аюумшиг, атаа, жөтөө эмгэнэл гашуудал. Үүний адил эрх чөлөө социализм хоёр нэг гэрт байж үл болно. Үүнийг хүн буй болгодог учраас л тэр. Хүн байгаа учраас эрх чөлөө нь гэрлэлт, айл өрхтэй яг адилхан.

Эрх чөлөөт айлд нөхөр нь эхнэрийнхээ тогоо шанага, эхнэр нь нөхрийнхөө ор дэвсгэр болдоггүй. Үүнтэй яг адилхан социализм дургүйгээ хүрэхээр хүчинддэг улмаар хяддаг бай нь эрх чөлөө биш. Ер нь эрх чөлөө мөнхүү коммунизм, фашизм, нацизмтай гэрлэж чадахгүй.

Эрх чөлөө, хүний эрхийг хамгаалж байна гэх мөртөө заналтайгаар хяддаг үзэл бол дээрхи измүүд болой.

Тийм учраас л эрх чөлөө социализм хоёр гэрлэлтээ цуцлуулж, төр эдийн засаг хоёр янхандалтаа зогсоох ёстой. Эрх чөлөөний үзэл зүүнийхэнтэй хэзээ ч тохирохгүй.

Хувийн өмч давамгайлж түүнд тулгуурлан хувь хүний эрхийг дээдлэх эрх чөлөөт тогтолцоо бол жам ёсны үнэ цэнэ.

Энд л эрх чөлөө жамаараа амьсгална.

Жамыг сүйтгэгчид жамаас зугтааж чадахгүй шүү дээ. Жам бол хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй хумиад л хаяна.

Эрх чөлөө социализм +( измүүд )хоёр гэрлэхээр үр хүүхдүүд нь (ард түмэн) хохирдог.

Эрх чөлөө хэзээ ч социализмд дарлуулахгүй, дарлуулаагүй бас дөрлүүлээгүй.

Тэгэхээр л социализм хэзээ ч устгаж дийлэхгүй мөртөлөө эрх чөлөөг тамладаг, яргалдаг, хяддаг. Гэвч эрх чөлөө төгсөхгүй, дуусахгүй харин зүүний измүүд дандаа бүтэлгүйтэн бүлтгэнэсээр хорвоог барж байна.

21-р зуун тэдний эцсийн зогсоол болог. 

Эрх чөлөөний үзэлтнүүд социализмаас ялгарч байж л урагшилна. Эвлэрнэ гэдэг нь аргаа ядсан арчаагүй сэдэл. АН хэзээ ч эвлэрэхгүй эвлэрч ч байгаагүй дандаа хуйвалдсаар өдий хүрсэн дүнхүүрэл. Дүйнгэтсэн прагматистуудтай эрх чөлөө бүүр харш.

Хүн хоорондын чөлөөт харилцаа, айдасгүй амгалан амьдралыг эрх чөлөө хамгаалдаг. Эрх чөлөөний үзэл баруун талдаа, эрх чөлөөг ярингаа устгадаг зүүний измүүд тэр талдаа яв.

Салж салаа замаар өрсөлдөх нь зүйд нийцнэ.

—Айл гэр, амраг хос, хүнээс л улс үндэстэн бүрддэг юм.

Тэд эрх чөлөөтэй аз жаргалант амьдралаа өөрсдийн толгойгоор бүтээх учиртай бөлгөө.

Тэр айлууд гэр гэртээ эрх чөлөөг цогцлоож хаана ч нүүр бардам явах ёстой буюу.

                  2023-11-04