НҮБ-аас гадаадын хөрөнгө оруулалтын төлөв байдлын тухай тайланг гаргажээ. 2021 онд дэлхий дахинд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1,6 их наяд ам.долларт хүрч, ковид-19 цар тахлын дэгдэлтийн эхний жилийнхээс 60 гаруй хувиар өссөн байна. Гадаадын хөрөнгө оруулалт хамгийн ихээр татсан орнуудын жагсаалтыг АНУ, БНХАУ тэргүүлсэн хэвээр л харагдана. Өндөр хөгжилтэй орнуудын жагсаалт нэмэгдэж, хөрөнгө оруулалт татдаг бус хөрөнгө оруулагч үндэстэн цөөнгүй бий болсныг судалгаа харуулж байна. Тухайлбал, 1980-аад онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр манай улстай ижил түвшинд байсан БН Солонгос Улсын нэг компани өнөөдөр АНУ-д 17 тэрбум ам.долларын үйлдвэр барихаа мэдэгдэж, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч үндэстэн болсноо илтгэв. Азийн орнуудад 2021 онд оруулсан нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувийг Хятад, Хонг Конг, Сингапур, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират, Индонез Улс татаж чаджээ. Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 24 хувиар өсч, 2,1 тэрбум ам.долларт хүрчээ.

Харамсалтай нь, 2021 оны ололт, амжилт Украин дахь нөхцөл байдал, БНХАУ-ын ковидын шалтгаантай хязгаарлалтуудаас үүдэлтэй тодорхой бус байдал, хүнс, түлш шатахууны хомсдол болон бусад эрсдэлээс хамаарч саарах төлөвтэй. 

Дээрх тайланд дурьдсан асуудлуудаас манай улсын хувьд анхаарах ёстой нэг чухал зүйл бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого, стратегийн хувьд эрс шинэчлэлт хийж, арга хэлбэрээ өөрчлөх шаардлага бий болоод байна.

2021 онд олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, дэмжих тухай засгийн газар хоорондын 13 гэрээ байгуулагдсан бол 86 гэрээ цуцлагдсан байх юм. Өнгөрсөн онд байгуулагдсан гэрээнүүд нь агуулгын хувь эрс ялгаатай байна. Тухайлбал, татвар тогтворжуулах болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахаас зайлсхийдэг болжээ. Тэдгээрийн оронд эрх зүйн тогтвортой орчин, ил тод байдлыг хөрөнгө оруулагчдад амалж байна.

“Их 20” болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас үндэстэн дамнасан корпорацууд бага татвартай орнууд руу ашгаа шилжүүлэх замаар татвараас зайлсхийж ирснийг халах зорилгоор татварын тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. 2023 оноос үндэстэн дамнасан компаниудын гадаадад олох ашгаас авах татварын доод хэмжээг нэмэгдүүлэх замаар улс орнуудын татварын дүнгийн зөрүүг багасгахаар төлөвлөжээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дүнгийн дэлхийн дунджийг 15 хувьд хүргэх болно. Ингэснээр манайх шиг татварын таатай орчин бүрдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулалт татаж ирсэн орнуудад хүнд тусна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бусад орнуудаас бага татвар тогтоох боломжгүй болох учраас хөрөнгө оруулалтыг татах нэг чухал давуу талаа алдана гэсэн үг. Дэлхийн хэмжээний компаниуд татварын таатай орчинд нь болж гадагшаа хөрөнгөө гаргадаг явдал хумигдана. Үүнээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалтын ерөнхий дүн буурах тул хөрөнгө оруулалтыг татах орнуудын өрсөлдөөн улам нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байна.

Тэгвэл Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлтөөс өөр юуг амалж чадах вэ? Бусдаас илүү ямар давуу тал бидэнд байна вэ? Энэ бүхнийг тооцоолон гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого, зохицуулалтаа эргэн харах болох нь. 

Олон улсын судалгаа, сайн туршлагад үндэслэн дараах чиглэлээр түлхүү анхаарч ажилламаар байна. Үүнд:

Нэгдүгээрт, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөн найруулах нь ач холбогдол багатай л болов уу. Хөрөнгө оруулагчид сайн гэхээсээ илүү тогтвортой, танил хуулиа л илүүд үздэг. Тэгээд ч хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд сумын засаг даргын шийдвэр хүртэлх нүсэр хууль тогтоомжоос бүрддэг. Цогцоор нь авч үзэж байж ахиц гарна. 

Хоёрдугаарт, эдийн засгийн чөлөөт бүсийг төгөлдөршүүлэх; 1970-аад оноос эхлэн Зүүн ази болон Латин америкийн орнууд эдийн засгийн тусгай бүсүүд байгуулан гадаадын хөрөнгө оруулалт татан импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлж ирсэн. Орчин үед улам боловсронгүй болж, санхүүгийн болон бусад үйлчилгээний салбарыг хамран хөгжиж байна. Тухайлбал, Дубай, Абу Даби хотуудад олон улсын санхүүгийн төвийн статустай эдийн засгийн тусгай бүсийг байгуулсан нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт шинэ хуудас нээсэн. Уг бүсэд английн хуулийн зарчимд үндэслэн боловсруулсан тусгай эрх зүйн орчныг бүрдүүлж, тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж хоорондын иргэний болон арилжааны маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй тусгай шүүх хүртэл байгуулсан. Тухайн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь англи хэл дээр явагддаг бөгөөд шүүх бүрэлдэхүүнийг английн хуулиар мэргэшсэн, туршлагатай шүүгчдээс бүрдүүлсэн байна. Катар, Астанад ч мөн тусгай бүсүүд байгуулан төстэй тогтолцоог бүрдүүлж, английн хуулиар мэргэшсэн шүүгчидтэй шүүхийг бий болгосон.

Манай улсын хувьд 2015 онд Чөлөөт бүсийн тухай хууль баталж, эдийн засгийн чөлөөт бүсэд хөнгөвчилсөн тусгай дэглэмийг тогтоох оролдлого хийсэн. Гэвч одоо байгаа чөлөөт бүсийн үйл ажиллагаа хүлээлтэд хүрэхгүй байна. Яагаад? 

Олон улсын судалгаанаас харахад гадаадын хөрөнгө оруулагчид нь өөрсөддөө таатай эрх зүйн орчинг сонгохоос илүүтэйгээр танил эрх зүйн орчиндоо бизнесээ явуулах, хөрөнгө оруулах сонирхолтой байдаг аж. Тэр нь common law буюу английн эрх зүйн зарчмууд юм. Дэлхийн санхүү, худалдааны төвүүд болох Нью Йорк, Лондон, Хонг Конгод хөрөнгө оруулагчид энэ л эрх зүйн орчинд дадсан. Монгол Улсын эрх зүйн тогтолцоо нь эх газрын буюу ром-германы эрх зүйн системтэй бөгөөд бичигдмэл хууль тогтоомж нь үндсэн эх сурвалж байдаг. Манай Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын сэтгэл хангалуун бус байдаг зүйлсэд шүүхээс хууль тогтоомжид заасныг өөр өөрөөр тайлбарладаг, ижил төстэй хэргийг шийдвэрлэхдээ хуулийг ялгаатай хэрэглэдэг зэргийг дурьддаг. Харин английн эрх зүйн тогтолцоонд үндсэн эх сурвалж нь жишиг эрх зүй бөгөөд аливаа харилцаанд эрх зүйн хэм хэмжээг нэг мөр ойлгож тайлбарлан, шүүхээс ижил төстэй хэрэгт зөрүүтэй шийдвэр гарах тохиолдол харьцангүй бага байдаг. Хамгийн гол нь талуудын гэрээ, тохиролцоо өөрөө хуулийн хүчин чадалтай байдаг. Ингэснээр хөрөнгө оруулагчид илүү тодорхой, ойлгомжтой эрх зүйн орчинд хөрөнгөө оруулах боломжтой байдаг. 

Эдийн засгийн тусгай бүс байгуулах нь эрх зүйн хувьд 2 ач холбогдолтой. Нэг талаас чөлөөт бүсийн эзэн улс хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн татварын болон бусад үүргээсээ тухайн бүсэд чөлөөлөгдөх боломжтой байдаг бол нөгөө талаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж болохоор эрх зүйн шинэчлэлийг эдийн засгийн чөлөөт бүсэд хэрэглэж, туршиж үзэх боломжтой болдог. Манай иргэний хууль тогтоомж орчин цагийн нийгмийн харилцаа, ойлголтыг бүрэн зохицуулж чадахгүй байгаа, уул уурхай, эрчим хүч, банк санхүү, хөрөнгийн зах зээл, мэдээлэл технологи зэрэг нарийн мэдлэг шаардсан хэргүүдийг шийдвэрлэх шүүхийн туршлага, хүртээмж хангалтгүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн хэлмэрч, орчуулагч байхгүй зэрэг дутагдлаа бид хүлээн зөвшөөрч, шийдлийг нь хайх ёстой. Эрх зүйн тогтолцоогоо шинэчлэх, шүүхээ чадавхижуулах хувилбаруудыг эдийн засгийн чөлөөт бүсүүддээ туршаад үзэх боломж байна.

Нэгэнт эдийн засгийн чөлөөт бүсэд Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр дэглэм үйлчлэх ёстой учраас хөрөнгө оруулагчдын танил, олон улсад урт удаан хугацаанд хэрэглэгдэж, боловсронгүй болж ирсэн эрх зүй орчныг шууд сонгоод хэрэглэх нь оновчтой гэж үзнэ. Ингэвэл, бид шинэ тутам бий болох харилцааг араас нь хөөж зохицуулах бус тогтолцоог нь угтаж бүрдүүлэх боломжтой болно. Тухайлбал, Казиногийн хуулийн төслийг Хууль зүй, Дотоод хэргийн яамны цахим хуудаснаас үзэж танилцлаа. Казиног зөвхөн чөлөөт бүсэд байгуулж, манай иргэдэд хаалттай байдлаар зохицуулах гэж байгаа аж. 3 хүртэлх тусгай зөвшөөрлийг уралдаант шалгаруулалтаар шалгарсан этгээдэд өгөхөөр төсөлд тусгажээ. Эндээс харахад Казиног Замын Үүд, Алтанбулаг, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсүүдэд байгуулахаар ойлгогдож байна. Нэгэнт чөлөөт бүсэд л байгуулах юм бол УИХ-аар Казиногийн хуулийг хэлэлцүүлж, цаг үрэх шаардлага байхгүй. Казино өндөр хөгжсөн орнуудын зохицуулалтыг хэрэглэнэ гээд олон улсад зарлачихад дэлхийн топ компаниуд маргааш хаалга тогшино. Гэхдээ тухайн чөлөөт бүсүүдэд Монгол Улсын иргэний болон арилжааны зохицуулалтаас бусад бүх хууль тогтоомж нэгэн адил үйлчлэх тул бүсийн үйл ажиллагаа бүхэлдээ манай хууль хяналтын байгууллагын хяналтад явагдана.

Бэлэн сайн туршлагыг ашиглахаас гадна шинэ зах зээлийг өрсөн бий болгох шаардлагатай байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан “дижитал чөлөөт бүс”-ийг байгуулж, мэдээлэл технологи, санхүү, аялал жуулчлалын салбарын компаниудад дэмжлэг үзүүлэх замаар гадаад зах зээлээс мөнгөний урсгал татах бүрэн боломж бий. Дээр нь уг чөлөөт бүсэд крипто валютыг төлбөрийн нэг хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрчихвөл олон асуудал шийдэгдэх боломж харагдаж байна.

Чөлөөт бүсийн төлөвлөлт, судалгаа, менежментийг хувийн хэвшилтэй хамтарч хийхээс өөр арга байхгүй. Чөлөөт бүсийн зохицуулалтыг нь төр хийх бол менежментийг нь туршлага, мэдлэгтэй хувийн хэвшлийн багт даатгах нь оновчтойг олон улсын судалгаа харуулж байна. Гагцхүү олон улсын шаардлага хангасан эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж байж л хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ.

Гуравдугаарт, Гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа үндэсний аюулгүй байдалд үзүүлж болзошгүй үр нөлөөг харгалзан үзэж байх; Ялангуяа дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүч, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, ус, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулагчдын хөрөнгийн эх үүсвэрийг сайтар шалгаж байхыг олон улсын нөхцөл байдал шаардаж байна.

Дөрөвдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн зохион байгуулахад гадаадын хөрөнгө оруулалт, менежментийг ашиглан ашигт ажиллагаанд оруулах боломж байна. Төрийн худалдан авалт, тендерийн үйл ажиллагааг төрийн бус, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгээд үзье. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад ач тусаа өгч болохыг Хятад зэрэг орнуудын жишээнээс харж болно.

Эцэст нь, хөрөнгө оруулалт татах гэж чармайхын зэрэгцээ ороод ирсэн хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах шаардлагатай байна. Монгол Улсын хууль ёсны засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ байгуулан, зохих ёсоор зөвшөөрлөө авч манай нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг ард түмний нэрийг барьж, дарамтлах, үйл ажиллагааг нь зогсоох нь жирийн үзэгдэл боллоо. Эдгээр үйлдлийг хөрөнгө оруулагчдын эсрэг гэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын төрийн эсрэг, хөгжлийн эсрэг, ард түмний сайн сайхны эсрэг гэмт хэрэг гэж үзэж болно. Ганцхан жишээ авахад, манай улсын төсвийг бүрдүүлдэг цөөн хэдэн том төслийн үйл ажиллагааг нь нэг өдөр л зогсооход төсвийн орлого тасарч та бидний хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хугацаа хэдэн жилээр ч хоцорч болох үр дагавартай. Иймд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эсхүл эрх ашиг нь хохирсон гэж үзэж байгаа хүн байвал хуулиар зөвшөөрсөн арга хэлбэрээр хариуцсан төрийн байгууллагад нь хандаж байх нь зөв болно. Манай улсад дур мэдэн орж ирээд эзэн суусан хөрөнгө оруулагч нэг ч байхгүй болов уу. Асуудал байвал зөвшөөрөл олгосон холбогдох төрийн байгууллагын хяналт, үйл ажиллагаанд доголдол байна гэж тодорхойлдог нэгдсэн ойлголтод хүрцгээе.

Судлаачийн хувьд түнэр харанхуйг зүхэж суухаар шийдэл ярихыг илүүд үздэг. Танд ямар санал байна вэ? Нэгдэж нийлээд нэг зүгт харцгаая.


П.БАЯР

2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр