РОСАТОМ компанийн урилгаар ОХУ-ын Сочи хотноо АТОМЭКСПО хэмээх олон улсын томхон арга хэмжээнд очиж оролцлоо. Дэлхий дахин атомын эрчим хүчийг сонирхож байна, тэр сонирхол өсч байна, ерөөсөө тулхтай тогтвортой хөгжлийн үндэс нь атомын генерац болох юм байна гэдгийг сонсож мэдэж, итгэж үнэмшлээ. Энэ бол айж хулгах сэдэв биш, даян дэлхийгээрээ чөлөөтэй ярилцдаг сэдэв, даян дэлхийгээрээ атомын түншлэл явуулах дээрээ тулчихсан юм байна.

Орос орны хөгжлийн түлхүүр нь явж явж зэвсэг, нефть, байгалийн хий бус цөмийн эрчим хүч болох юм байна гэдэг нь харагдлаа. Тэнд олж сонссон, уншсанаар бол дэлхийн 31 улсад атомын цахилгаан станц ажилладаг, харин энэ удаа Сочид 70 гаруй улсын төлөөлөгч цугласныг бодохул тэр “31”-ийг “70” хүргэх зорилго агуулсан мэт. Дэлхийд ихэнхи атомын станцууд нь Европ, Хойд Америк, Зүүн хойд Ази, мөн хуучин СССР-ийн улсуудад байдаг ба Африк, Австрали, Далайн орнуудад байдаггүй, харин одоо буй болгохоор судалгаандаа яваа гэлцэнэ. Энэ гариг дээр цөмийн эрчим хүчний 451 реактор ажиллаж, 41 реактор нь түр зогссон буюу ажиллаагүй байгаа аж.

Азиба хөрш зэргэлдээ орнууд руугаа тольдлоо. Хятад нь Сочийн хурлын идэвхтэй оролцогч, олон төлөөлөгчөө илгээсэн ба 26 энергоблоктой гэхлээрээ толгой цохиж яваа юм байна. Дэлхийд сүүлийн 10 жилд 47 атомын станц ашиглалтад орсны бараг бүгд нь Азид, тэр дундаа Азид одоо ажиллаж байгаа атомын станцуудыг гуравны нэг нь гуравхан улсад (Хятад, Энэтхэг, Орос) хамаардаг, тэр дундаа БНХАУ нь атомын эрчим хүчийг эзэмших талаар өргөн хүрээтэй программ хэрэгжүүлдэг гэхлээр манай улсад ч шууд бишээр хамаарах мэт. Бид яг хаяанд нь байгаа.

Оросыг онцлон дээр нэг өгүүлбэр хэлснээ лавшруулъя. Үнэхээр атом-цөмийн эрчим хүчээр дэлхийд толгой цохиж яваа айл гэж ойлголоо. Оросоос хилийн чанадад явуулж байгаа атомын эрчим хүчний төслүүдийн жагсаалт гэж тоймгүй олон. Атомстройэкспорт гэж тусдаа барилга байгууламж объектыг нь барьж өгдөг компани байна. 2019 оны энэ цагийн үеийн байдлаар 7 атомын станц гадаадад байгуулж байгаа (туркийн Аккую-1; Белоруссия-1 ба 2; энэтхэгийн Куданкулам-3 ба 4; бангладешийн Руппур-1 ба 2), дахиад 8-ыг ойрын үед барина гэж оросууд бардам ярьж байна. Цуцалсан нь ч ганц нэг байна. Нөгөө муу нэрт, хардлагад өртдөг Ираны Бушер-1 станцыг 1975 онд Зөвлөлт улс эхлүүлээд2013 онд ОХУ ашиглалтад өгсөн гэсэн баримт сонслоо. Хятадад 1999-2000 онд эхлүүлээд 2007 онд ашиглалтад өгсөн Тяньвань 1 ба 2 гэх хоёр станц, 2012-2013 онд эхлүүлээд 2018 онд ашиглалтад оруулсан Тяньвань-3 ба 4 гэх хоёр станц, Энэтхэгт 2002 онд эхлүүлээд 2014, 2016 онд ашиглалтад оруулсан Куданкулам 1 ба 2-ыг амжилттай төслийн тоонд оруулжээ. Одоо Белорусс, Энэтхэгээс гадна Турк, Бангладешт ид барьж босгож байгаа ба бариулсан, бариулж байгаа нь ойрын 10 жилийн дотор дахин нэмж бариулахаа төсөл болгоод баталгажуулчихсан, эдэн дээр Египет, Унгар, Финланд, Cлoвaк, Apмeн шинээр нэмэгдэж, дээр нь Турк гурвыг, Хятад 4-ийг (Сюйдапу 3 ба 4 гэх мэт) шинээр бариулна гээд ирэх 10 жилийн дотор бүр ч уухайлах төлөвтэй. 

Эдүгээ РОСАТОМ нь баяжуулсан ураны дэлхийн үйлчилгээний нийт зах зээлийн 40 хувийг, атомын станцуудад цөмийн түлш нийлүүлэх зах зээлийн 17 хувийг хариуцах ба энэ компани дээрхи нэр бүхий улсуудаас гадна Өмнөд Африк, Аргентин, Казахстан, Нигериа, Узбекистандтөсөл, барилга байгууламжийн контракттай, манай улстай ураны ордны боловсруулалтын хамтарсан төслийн хэлэлцээ явуулж байгаа хэмээн баримт бичигт нь бичээтэй байж байна.

Дээр олон улс орны нэр дурдагдлаа. Дэлхийн 70 гаруй улс орон сонирхож байна. Тэдний дотор Монгол орж байна. Ер нь уран ба атомын эрчим хүчний бизнес, бүтээн байгуулалт манай улсыг хэзээ нэгэн цагт дайрах л юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. 

ОХУ-ын ЕТГ-ын тэргүүн дэд дарга, РОСАТОМ-ын ТУЗ-ийн дарга
Сергей Владиленович Кириенкотой зохиогч Сочид уулзжээ

Атом-цөмийн эрчим хүчний ач холбогдлыг Сочид амаа цангатал ярьцгаалаа. Улс орнууд хүн ам, эдийн засгийн өсөлт, түүхий эдийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэргээс үүдэн цөмийн эрчим хүчийг сонирхох хандлага нэмэгдэж байдаг юм байна. Аюул ослын тухай бус бүр ногоон эдийн засаг, эко орчинд цөмийн эрчим хүч л гол тулгуур нь гэж ярихыг сонсоод монгол хүн итгэл төрөхгүй л дээ. Гэтэл дэлхийн тэргүүлэх биологийн 65 эрдэмтэд 2015 онд “Friends of the Earth”, “Greenpeace” зэрэг байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад хандан нээлттэй захидал илгээж, цөмийн эрчим хүч нь манай гаригийн ногоон байгаль орчинд хамгийн бага хөнөөл учруулдаг эрчим хүчний эх үүсвэр мөн, устаж үгүй болохын даваан дээр байгаа ургамал, амьтны олон төрөл, зүйлийг хамгаалахад онцгой үүрэгтэй, иймд цөмийн эрчим хүчийг дэлхийн эрчим хүчний бүтцийн үндсэн хэсэг болгохоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн уриалсныг Сочид ам бардам ярьцгааж бүр киногоор уриалан дуудаж байх юм.

Цөмийн эрчим хүч эрүүл мэндийн салбарт нэн чухал болчихсон тухай салбар хуралдаанд сууж байхдаа миний тэмдэглэж авсан зүйл монгол уншигчдад сонин байж болно. Юу гэвэл дэлхийн олон улс оронд эрүүл мэндийн салбарт цөмийн технологи томхон байр суурь эзлэж байна. Эрүүл мэндийн салбарт хүний биеийн эд, эс, эрхтний үйл ажиллагаа, өвчлөлтийн голомтыг молекулын түвшинд оношилж эмчлэхэд цөмийн технологийг өргөн хэрэглэж байна. Оношилгоонд бүр амин чухал гэж байна. Дэлхийн цөмийн эрчим хүчний нийгэмлэгийн судалгаагаар АНУ-д жилд 311 сая хүнээс 18 сая, Европт 500 сая хүнээс 10 сая хүн цөмийн онош зүйн оношилгоонд ордог бөгөөд энэ тоо жилд 10 хувиар өсч байна. Дэлхийд 10 мянга гаруй эмнэлэг нийт оношилгооныхоо 90 хувийг цацраг идэвхт изотопыг ашиглан хийж байна. Цацраг идэвхт изотопоос хамгийн өргөн ашиглагддаг нь техници гэж бодис байдаг ба жилд 30 саяыг үзлэгт ашиглагдаж, нийт оношилгооны 80 хувийг түүгээр явуулдаг. Техницийн изотопыг ихэвчлэн цөмийн реакторт ураны цөмийн урвалын задралаас гарган авдаг. 2000 он хүртэл ихэнхи улс орнууд цөмийн онош зүйг 2 болон 3 хэмжээст технологид суурилсан аппаратуудыг ашиглаж хийж байсан бол сүүлийн жилүүдэд технологийн дараагийн шатны хосолсон систем нэвтэрч эмгэгийг эсийн түвшний өөрчлөлт болон физиологийн буюу бүтцийн өөрчлөлтийн мэдээллийг нэгтгэн 3 хэмжээст технологиор илрүүлдэг болсон гэлцэж байна. 

Эмчилгээнд хэрхэн ашигладаг вэ? Цацрагийн эмчилгээний гол зорилго нь хавдрын эд эсийг цөмийн цацрагаар үйлчлэн үхүүлж, үржил хуваагдлыг саатуулах, хэт ургалт, архаг үрэвслийг зогсоодог, туяа эмчилгээг зайн болон дотоод шарлагаар хийдэг. Сүүлийн жилүүдэд туяа эмчилгээний дэвшилтэт технологиуд шинээр нэвтэрч цацрагийн тунг өндөр нарийвчлалаар зөвхөн хавдрын эд эсэд өгөх, өвчтөний амьсгалын хөдөлгөөнд тохируулж цацраг тун, зайн зохицуулалт хийх, орон зайнаас роботын тусламжтай ионжуулагч цацрагаар шарлага явуулах систем ашиглагдаж байна гэхчлэн орос эрдэмтний илтгэлд бичсэн байна.

Хэд хэдэн салбар хуралдаанаас энэ мэт монголчуудад сонин, хэрэгтэй мэдээлэл хайж явахдаа бидний амьдралд ахуйд хэрэглэчихээр, санууштай мэдээллүүд олныг олж үзлээ. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт нуль уран, атом л яваад байдаг, хүн гэж ер нь уран, атомоор л хооллодог гэлтэй. Хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай эрүүл, тэжээллэг хүнсний найдвартай эх үүсвэрийг бий болгоход, мөн тариалан, мал аж ахуй, хүнс, байгаль орчны аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийг өргөнөөр ашигладаг болчихсон юм байна. Тариаланчдад сонин байж магадгүй. Цөмийн технологийг шинэ төрлийн, шимтэй, усалгаа бага шаарддаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ургадаг үр тариа, ургамлын шинэ сорт гарган авах, хөрс, усны менежментийг сайжруулах, ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хөрсний эвдрэлийг тодорхойлох, хөрсний био бордоо үйлдвэрлэх, хортон шавьжтай тэмцэх ажлуудад ид ашиглаж байна. Мөн малын эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчинд ээлтэй фермерийн аж ахуй буй болгох, шинэ үүлдрийн шилмэл мал сүргийг гарган авах, малын өвчнийг оношлох, тохирох вакцин үйлдвэрлэх зэрэгт цөмийн технологийг өргөнөөр хэрэглэдэг ажээ. Гэр орондоо, эсвэл албан газар, цэцэрлэг, сургуульд хүртэл зөвшөөрөгдөх цацрагийн тунгаар хүнсний бүтээгдэхүүнийг шарж хадгалдаг, тэгснээр бүтээгдэхүүний шинж чанар өөрчлөгдөхгүй, харин ч нян бактер паразитуудыг устгана, жимс, хүнсний ногоог муудахаас сэргийлж цацрагийн тунгаар шарвал хадгалалт уртасна. Дэлхийн 60 гаруй оронд хүнсний аюулгүй байдлаа сайжруулах зорилгоор энэ аргыг ашигладаг гэж ярьж байв. 

Ерөөсөө эдийн засагт асар их ач холбогдолтой. Цөмийн технологиор үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар сайжруулах, мэдээлэл цуглуулах, хяналтын үйл ажиллагаа, эрдсийн анализ хийх, хольцыг тодорхойлох, бараа материалын тоног төхөөрөмжийг ариутгах, цаашлаад Монголоос бусад олон улс орон хүнд хөнгөн үйлдвэрт өргөн ашигладаг болж таарч байна. Уул уурхайн салбарт гэхэд л геофизикийн судалгаанд эрдэс баялагт шуурхай анализ хийх, эрдэст агуулагдах элементүүдийн агуулга, нягтыг тодорхойлох зорилгоор цөмийн технологи ашиглагдана. 

Түүнчлэн олон төрлийн цөмийн технологид суурилсан багаж тоног төхөөрөмж ашиглан дэд бүтэц, хүнд аж үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, машин механизм, барилга, агаарын болон далайн тээврийн үйлдвэрт ашиглана.Материалын дотоод гэмтэл, согог, эвдрэлийг шалгах, үйлдвэрт хоолойгоор урсах түүхий эдийн урсгалын хурд, найрлага, түлш, нефть, нүүрс зэргийн хадгалах савны дүүргэлтийг тодорхойлох, өндөр температурт боловсруулах боломжгүй эрүүл мэндийн хэрэгслийг ариутгах, экспортод гаргах түүхий ноос, ноолуурыг цацрагаар шарж хорхой шавьж, нянг устгах, цахилгаан болон цахилгаан хосолсон гибрид тээврийн хэрэгсэл, цөмийн хөдөлгүүрт хөлөг онгоц, устөрөгчийн үйлдвэрлэл, сансрын хөлөг, хиймэл дагуулд хүртэл цөмийн технологийг өргөнөөр ашигладаг гэсгээд цуглуулсан мэдээллээ азная.

Дэлхийн цөмийн эрчим хүчний нийгэмлэгээс 2011 онд гаргасан бодлогын баримт бичигт ураны олборлолт, боловсруулалтыг төгс явуулах шаардлагыг тусгаж өгсөн ба үүний тулд дараахи 11 зарчмыг баримтлах ёстой юм байна. Үүнийг би яах гэж жагсааж байнав гэвэл тэр цаад атом-урандаа бус хүний үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж осол эндэгдэл гардаг, эрсдэл учираг гэдгийг бичих гэсэн ухаантай юм. Энэ 11 шаардлагыг ягштал мөрдчихвөл цөмийн эрчим хүч аль улсад нээлттэй ба ашигтай. Үүнийг манай улс бодууштай. Энэ 11 нь: 

  1. Тухайн улсын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах;
  2. Хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалсан байх;
  3. Олон улсын эрх зүйн орчинтой нийцүүлэх, үүнд Олон улсын атомын эрчим хүчний агентлагаас мөрдүүлэх техник, технологийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зөвлөмжид нийцүүлэх;
  4. Нийгмийн хариуцлагатай байх;
  5. Аюултай материалын менежменттэй байх;
  6. Чанарын менежментийн системтэй байх;
  7. Болзошгүй ослын бэлэн байдлыг хангасан байх;
  8. Аюултай материалыг тээвэрлэх эрхзүйн орчин, дэд бүтэцтэй байх;
  9. Хүний нөөц, сургалтын асуудлыг шийдсэн байх;
  10. Цацраг идэвхт үүсгүүр болон цөмийн материалын аюулгүй байдал хангагдсан байх;
  11. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг хийх туршлага хуримтлуулсан байх;

Энэ “11”-ийг зөрчсөн улс орнуудын гашуун сургамж гэж байна. Цацраг идэвхт ашигт малтмалыг үр өгөөжтэй эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгэм эдийн засагт тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй Африкийн Нигер, Чад, Малави, Габон зэрэг орнууд дээрхи 11 зарчмыг нэвтрүүлж өөрийн орондоо ашиглаж мөрдүүлээгүйгээс ихээхэн эрсдэл туулжээ. Эдгээр орны нийтлэг бэрхшээл нь геополитик-улс төрийн тоглоомд оролцох гээд хохирсон, дотоодын хариуцлага сахилга илт дутсан, хүн амын боловсрол дорой, авилга хээл хахуульд идэгдсэн зэргээр шалтгаалан цацраг идэвхт ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулж, амжилттай ажиллаж чадаагүй гэж байна.

Хэрэв манай улс уран-атомын эрчим хүчний үйлдвэрлэл-бизнес эрхлэх аваас (тэгэх нь гарцаагүй, чухам хэзээ бол?) миний Сочид олж авсан мэдээллээр бол 9 төрлийн сул талаас зайлах ёстой юм байна. Манайд энэ бизнес мөд ороод ирнэ, хүссэн хүсээгүй бид авна гэдэг утгаар монголчуудын хариуцлагын тухай л яриад байна. Үүнд:

  1. Хууль-эрх зүйн орчин бүрдүүлэхгүй удвал хуулийн хийдэгдэл гарцаагүй;
  2. Цацрагийн хамгаалалт, байгаль орчин, хүн амыг болзошгүй цацрагийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчин чухал юм байна. Аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартыг даруй мөрдөх ёстой;
  3. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин муу байж болохгүй, өөрт ногдох хөрөнгө оруулалтыг дотоод хөрөнгийн эх үүсвэрээс шийдэж байх чадвартай байх ёстой;
  4. Хүний нөөцийн хөгжил нэн чухал. Нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх суурь боловсролын байгууллага, институц бүр чухал;
  5. Улс орны эдийн засаг сул дорой байж болохгүй;
  6. Улс төрийн нөхцөл тогтвортой байх ёстой;
  7. Хяналтын систем чанга, судалгаа шинжилгээний байгууллага, нарийн шинжилгээний лаборатори хангалттай байх ёстой;
  8. Ард иргэд эерэг мэдээлэл, ойлголт нэн чухал;
  9. Төрийн бус байгууллагуудын хяналт чанга байх ёстой, тэгвэл Африкийн орнуудын гашуун түүхийг тойрч гарч чадна гэлцэнэ.