Гинжнээсээ мултарсан Квэнтин Тарантино

Reservoir Dogs, Pulp Fiction, Jackie Brown, Kill Bill, Death Proof, Inglourious Basterds, Django Unchained, Hateful eight гэх найман бүтээлээрээ бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэгт тооцогдох болсон Квэнтин Тарантиног Холливуудын киноны содон үзэгдэл төдийхөн биш харин кино урлагт хувьсгал хийсэн шинэчлэгч гэж үздэг.
Хичээлээ тасалж кино үздэг, сурлага муутай байсан тул 9-р ангиасаа сургуулиа хаясан Тарантино кино урлагийн нэвтэрхий толь, харилцан яриа бичихдээ хэнийг ч дагуулахгүй.
Тарантино: “Би хичээлдээ үнэхээр муу байсан. Би зөв бичиж бараг чадахгүй, юу ч тогтоодоггүй. Харин хэн аль кинонд тоглосон, хэн найруулагч нь болоод киноны үйл явдлыг яг таг мэддэг байлаа.” Зүдрүүхэн гэр бүлд төрсөн Тарантино өдрийн цагийг телевизийн өмнө өнгөрүүлж хүүхэлдэйн киноноос авхуулаад том хүний ч хамаагүй бүх л киног үзэж өсжээ. 1994 онд Канны Алтан далдуу модны шагнал авсан Pulp Fiction дээр дээр гардаг бяцхан хүү Буч хуучны зурагтын өмнө гав ганцаараа суух үзэгдлийг Квэнтин өөрийн амьдралаасаа сэдэвлэсэн гэдэг. Мань хүү сургуульд ороод дөнгөн данган бичиж сурангуутаа эхчүүдийн баяраар ээждээ зориулж богино зохиол бичив. Зохиолын төгсгөлд ээж нь маш эмгэнэлтэйгээр нас барна. Хүү ээжээсээ олон дахин уучлалт гуйн: “Та бол энэ дэлхийн хамгийн сайн ээж. Гэсэн ч зохиолын өрнөлөөс болоод төгсгөлд нь та зайлшгүй үхэх ёстой.” гэсэн нь өөртөө хэр итгэлтэй, зохиолоо үхэн хатан хамгаалдаг чанар нь аль хүүхэд байхаас нь илэрсэн гэлтэй.
Хамгийн анхны бие даасан бүтээлээ хийтлээ видео кино түрээсний газар цагийн 4 долларын цалинтай ажилладаг байсан Тарантино кино хийх талаар ямар нэгэн сургуульд сурч, хэн нэгнээр заалгаагүй юм. Анхны бичсэн кино зохиолынхоо зургийг өөрөө авчээ. Мөнгө багатай болохоор Баасан гарагийн орой камер түрээслээд хагас бүтэн сайнаар нойргүй ажиллаад Даваа гарагийн өглөө камераа буцааж тушаах нь арай хямд тусдаг байж. Хэзээ ч бэлэн болон болоогүй энэ киног Тарантино өөрийнхөө суралцаж болох кино урлагийн хамгийн хямд сургуульд тооцдог.
Кино нь цус урссан хүчирхийлэл, аллага таллагаар дүүрэн гэж зэмлүүлдэг ч бүтээл бүрээс нь яруу найраг, уран сэтгэмж мэдрэгдэнэ. Театрт гарч дөнгөлгүй шууд видеогоор түрээслэгддэг хөгийн хямдхан киноноос авхуулаад бүх л киног ялгалгүй үзэж үнэлдэг Тарантино өөрийн бүтээлээрээ Холливуудын классик, италийн вестэрн, хонгконгийн зодоонтой кинонд мэхийн ёсолсон байдаг. Тарантиногийн тухай герман хэлээр бичигдсэн анхны биографи “Гинжнээсээ мултарсан Квэнтин Тарантино” номыг Нэпко хэвлэлийн газар орчуулж гаргалаа. Номд Тарантиногийн найруулсан, бичсэн, хамтарч хийсэн кинонууд хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд, алиа хошин түүхүүд багтжээ. Нэгэнтээ Холливуудыг шинэчилж байсан Тарантиног өнөөдөр кино урлагийн өвийг хадгалагч сүүлчийн жинхэнэ кино найруулагч гэж нэрлэдэг. Тэрээр нийт 10 кино хийгээд зодог тайлахаа зарласан билээ.

Гинжнээсээ мултарсан Квэнтин Тарантино номын хэсгээс...

Гэтэл Самуэл Жаксон яг эсрэгээрээ, Pulp Fiction-д тоглохын тулд нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй. Траволтагийн хамтрагч хөлсний алуурчин Жюлс Виннфилдийн дүрд өөр хэн тохирно гэж! Жаксон өмнөхөн нь True Romance дээр гэмт этгээд Том Доны дүрийг бүтээгээд байв. Том Доны нэрийг Тарантино ээжийнхээ найз харь арьст хүүхний танил, бодит хүнээс зээлджээ. Найруулагч Pulp Fiction-ийг бичиж байхдаа Жаксоныг аль хэдий нь Виннфилдийн дүрээр төсөөлж жүжигчнийг зүгээр ёс болгож дүрийн сонгон шалгаруулалтад оруулсан бөлгөө. Жаксон баярлан хөөрч Pulp Fiction-ий продюсер Бэндэрийн өөр нэг кино Fresh-ийн зураг авалт руу буцжээ. Гэтэл Тарантино нөгөө дүрийг Пуэрто Рико гаралтай жүжигчин Пол Калдэронд санал болгосныг олж сонсох нь тэр. Жаксон гэрээ сэлт хариуцсан менежэрээ Вайнстэйн руу яриултал хариуд нь Жаксоныг үтэр түргэн Лос Анжэлэст ирж: “Тарантиногийн төмсөгийг тасарч унатал нөгөөдхийг нь хөх” [72] гэж тушаав. Шуударсан Жаксон онгоцонд суухдаа мөн энэ өдөр Калдэрон хоёр дахь ярилцлагад уригдсаныг хэрхэн мэдэх билээ. Калдэроны цагийг Жаксоныхоос өмнө товлосон байв. Харин тэр өдөр Тарантино цагаасаа хоцроод ирээгүй байсан тул сонгон шалгаруулалтыг өөр нэг продюсер хийжээ. Гэтэл Калдэрон орчноо мэдрээгүй юу яасан, тэр өдөр тун муу жүжиглэж. Жаксон харин эсрэгээрээ, үзэлцвэл үзэлцье гэчихсэн ирэв. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг түүнтэй хэн ч мэндлээгүйгээр барахгүй коридорт хүлээлгэсэнд уур нь хүрч дэлбэрэх дөхлөө. Ядаж байхад дээрээс нь өлөн. Гэтэл Тарантиногийн нэг ажилтан дайрин дээр нь давс асгаж мань эрийг Лоурэнс Фишборнтой андуурав. Уур нь хүрч уушги нь сагсайсан Жаксон сонгон шалгаруулалтын өрөөнд давхиж оруутаа: “Та нар дүрээ өөр хүнд өгөх гээд байгаа юм уу? Би та нарыг ална аа, Муусайн нохойн гөлөгнүүд!” [73] гэж хашхирав. Өрөөнд дөнгөж орж ирээд байсан Тарантиногоос гадна Бэндэр, Гладстайн нар Жаксоноос өөр хэн ч энэ дүрд тохирохгүйг эргэлзээ тээнэгэлзэлгүй ойлгов. Галзуу ууртай том эр мэдээж аймаар харагдсан, гэхдээ хамгийн гол нь библи шүлэглэгч, мэргэжлийн алуурчин Виннфилдийг яг иймээр л төсөөлцгөөж байжээ. Аз нь харьсан Калдэроныг харин бармен Полын дүрээр аргадлаа.

...

Өглөөний 06.30-д утас нь дуугарахад Тарантиногоос өөр хэн ч түүн рүү ийм эрт залгахгүй гэдгийг Родригэз сайн мэдэж байлаа. Найз нь өөрийн дараагийн киноны эхний үзэгдлийг тун ч сэтгэл хөдлөлтэй уншиж өгөв. SS[1]-ийн штандартенфюрер[2] гэртээ жүүд гэр бүлийг нуусан хэрэгт сэжиглэгдэх нэгэн франц үхэрчнийд очдог тухай дэлгэрэнгүй бичжээ. Родригэз сонссон үзэгдлээ сайн болж хэмээн магтав. Тарантинод харин үнэндээ өөр бусад хүн юу гэж бодох нь огт хамаагүй. “Би ямар нэгэн юм бичихээрээ сэтгэл амархан хөдлөөд найзуудтайгаа хуваалцмаар санагддаг. Гэхдээ гоё болж гэхээс өөр сэтгэгдлийг би хүлээж авахгүй.” [157] гэнэ.

Хар өглөөгүүр болсон энэ явдал аль 1998 онд, Inglourious Basterds-ийн зураг авалт эхлэхээс 10 жилийн өмнө болжээ. Тарантино Jackie Brown-аа дуусгаад хэд хэдэн зохиол дээр зэрэг ажиллаж байж. Германд эзлэгдсэн Францад нацистуудыг агнадаг жүүд гаралтай америк цэргүүдийн герилля[3] бүлгийн тухай энэхүү төсөл нь Италын Quel Maledetto Treno Blindato (1977) хэмээх дайнтай, үнэмшилгүй киноны дурсгалд зориулагджээ. Тарантино киногоо “дэлхийн хоёрдугаар дайны дүр зурагт тулгуурлан, итало-вестерн” [158] стилиэр хийхийг зорьжээ. Гэтэл янз бүрийн хачир нэмсээр байгаад зохиол нь тун чиг зузаан болчихов. Турман түүнтэй нэг өдөр санамсаргүй тааралдаад, нөгөө Pulp Fiction-ий зураг авалт дээр хамтдаа ярьж Kill Bill юу болсон бэ гэж асуухад Тарантино Inglourious Bastrerds-ийг шууд хаяад хуучин зохиолдоо хамаг анхаарлаа хандуулжээ. 2004 онд харин кино зохиолоо буцаж барьж аван дэлхийн хоёрдугаар дайны талаар гүнзгий судалж эхлэв. Эхэндээ үзэгчдийг түүхэн баримтаар гайхшируулахыг хүсэж Гитлер, Гөббелс гэх мэт национал-социалистуудын[4] тухай өч төчнөөн мэдээ цуглуулав. Гэвч түүхэн үнэнийг бичих зорилгоо тун удалгүй хаяв. “Зохиол бичих явцад амьдрал дээр яасан тухай нь мэдэгдэхгүй асуудал тулгарангуут би зохиогоод биччихэж байв.” [159] гэжээ. Тэрээр түүхэн баримтыг өөрийн санаатай холиод зогсохгүй, нацистын бүх толгойлогч удирдлагыг Парисын кинотеатрт оруулан дэлбэлснээр дэлхийн хоёрдугаар дайныг хугацаанаас өмнө дуусгав. “Миний зохиосон дүрүүд тухайн үед жинхэнээрээ амьдарч байгаагүй учир энэ явдал үнэн хэрэгтээ болоогүй. Хэрвээ тэд амьд байсан бол миний зохиол дээрх шиг явдал тохиолдож болох боломжтой байсан.” [160] хэмээн Тарантино түүхэн үйл явдалд хандах хандлагаа илэрхийлсэн билээ.

Аугаа дайны тухай туульсын мэт урт зохиолынхоо нэг ч үзэгдлээс салахыг хүсээгүй Тарантино Inglourious Basterds-ийг эхлээд телевизийн богино хэмжээний цуврал болгож хийхээр төлөвлөжээ. Санаагаа продюсер хэдэн найзууддаа оройн хоол идэнгээ танилцуулахад ихэнх нь дэмжсэн. Ганцхан Франц найруулагч, продюсер Люк Бэссон эсэргүүцэж. “Өөрийнхөө энэ хайран авьяасыг телевизэд зориулж яах нь вэ? Харамсалтай. Чи бол театрт зорин очиж киног нь үздэг цөөхөн хэдэн найруулагчдын минь нэг шүү дээ.” [161] гэжээ. Тарантино үгэнд нь орлоо. Kill Bill-ийн зүрхэнд нь орсон хэцүү зураг авалтыг мартаагүй ч юу ч байсан кинондоо үнэнч үлдлээ. Apocalypse Now-ын (1979) зах хязгаар нь мэдэгдэхээ байсан домогт зураг авалтыг биеэрээ мэдэрсэн, найруулагч Франсис Форд Копполагийн эхнэр Элеанор Копполатай уулзахдаа Тарантино Kill Bill-ийн дараа дахиад аварга бүтээл хийхээс эмээж буйгаа нуулгүй хэлээд, Эверестийн оргилыг дөнгөж эзэлсэн уулчин буунгуутаа буцаж авирдаггүй шүү дээ гэхэд Элеанор харин толгой сэгсэрч: “Квэнтин, одоо л чиний Эверэстэд авирдаг нас шүү дээ.” [162] гэж эргэлзээг нь бүр мөсөн арилган зоригжуулжээ.


[1] SS- Schutzstaffel-ийн товчлол. Веймарын улсын национал-социалист хүчний байгууллага. Дэлхийн 2-р дайны үед бөөнөөр нь хорих лагер байгуулж, хариуцаж байсан.

[2] Standartenführer- Нацист Германы SS хүчний офицерийн 2-р зэргийн цол

[3] Хүнээр олон эзлэгчдийн эсрэг нуугдмал аргаар тэмцэх цөөн тооны байлдагчид

[4] Nationalsozialismus- антисемит, арьс өнгөөр ялгаварлагч, коммунизм болон ардчиллын эсрэг хэт туйлширсан үндсэрхэг үзэл суртал