ГҮТГЭЛЭГ ХАР МӨРТЭЙ


Нийлж байгаад нэгнийгээ гүтгэж, харлуулж, яллаж амьдралаар нь хохироох, улмаар алах хядах явдал Монголд ХХ зууны хориод оноос эхэлсэн байхаа. Урьд нь нүүдэлчдэд хот хүрээ, түүнээ дагасан хүн амын төвлөрөл гэж байгаагүй болохоор ороо жороогоо хаанаасаа олж, хэл ам нийлэх билээ. Их бодож цуурхал л тардаг байсан байх. 

Түүхээс үзэхэд лав Эртний Ромд гүтгэн харлуулж алж хядах явдал байжээ. Ялангуяа Калигула, Нэрон мэтийн махчингууд махчингууд дургүй этгээддээ таарах домог өөрөө зохиож бодож олоод шууд л гүтгээд цааш нь харуулна. Дундад зууны Европт “шулмын ав” гэж айхавтар юм байж. Шулмын хорлол болж гэж хэн нэгнийг гүтгээд л олны өмнө дүүжлэнэ. Хүмүүс нь ч таарсан бүдүүлгүүд, дүүжлүүлж байгаа хүн үзэх гэж олноороо цуглан бахаа хангацгаана. Шуламд солгой гартай хүн ч холбогдох тохиолдол байсан гэдэг. Тэр үед Ромын пап Георгий инквизиц гэж юм бодож олоод шуламтай нөхцөгсөдийг хамгийн аймшигтайгаар тамлан хэргийг нь хүлээлгэнэ. Галилей Бархасвадийг тойрдог хэдэн дагуул олж харснаа хүнд хэлчихсэн чинь яалаа даа? Буруугаа хүлээж байж амь мултарсан. Коперникийн зөв, дэлхий нарыг тойрч эргэдэг нь үнэн гэж хэлчихээд буруугаа хүлээхгүй гүрийсээр амьдаараа шатаагдсан Бруног бүгдээрээ сонссон доо.

Хүн төрлөхтөн зуу зууныг туулсны эцэст ийм харгис, бүдүүлэг, тэгээд гэнэн тэнэг байдлаасаа арай гэж салсан. Юу юугүй логикгүй хар цагаан гүтгэлэгт үнэмшихээ ч больсон. Гитлер, Сталин, Мао, Иди Амин, Бокасса гээд мангасууд гарч ирж хүмүүсийг гүтгэн олноор нь хядсан явдал ХХ зуунд ч гарч байсан л даа. Гэхдээ эдгээр дэглэмүүд айдас дээр тогтож байсан болохоос хүмүүс дундад зууныхан шиг тэр болгон гүтгэлэгт үнэмшиж байгаагүй.

Бидний монголчууд дундад зууны хоцрогдлоос энэ зуунд морио унаж модоо тохсоор орж ирсэн. Иргэншлээс хамгийн олхиогүйг нь л сурч эхэлсэн дээ. Мэдэхээс хамгийн удаан хугацаагаар гүтгэгдсэн хүн Монголын гуравдах Ерөнхий сайд Бодоо байж магадгүй. Тэр хүн ердөө хагас жил Ерөнхий сайдаар ажилласан, энэ богино хугацаанд феодлын бүдүүлэг тогтолцоо болох хамжлагийг халж, Тангаргын гэрээгээр энэ улсын төр нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчилсөн. Тийм байна, ердөө л 5 сарын дотор. Түүний өмнөх тавхан сард Барон Унгерн ганц амьсгаагаар Монголыг өөрчилсөн. Энэ хугацаанд Монголыг эзэлсэн байсан гамин цэргийг юу ч үгүй устган тонилгож, тусгаар тогтнолыг маань эргүүлж авчирч өгсөн. Түүний санаачлагаар Хүрээнд цэргийн сургууль, Үндэсний банк нээгдэж, үндэсний анхны мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарч, гар үйлдвэрийн газрууд ажиллах болж Эрүүлийг хамгаалах ажил сайжирч, бароны дивизийн эмч нар монголчуудад эмнэлэгийн тусламж үзүүлж, мал эмнэлэгийн ажлын эх тавигдаж, тариалан эрхлэх аж ахуйн удирдлага буй болж, нүүрс олборлох ажил сэргэсэн. Хүрээний түүхэнд анх удаа гудамж талбайг цэвэрлэн ариутгасан. Туул, Орхон голд гүүр тавьсан. Нийслэл дундуур автобус үйлчлэх болсон, учир нь түүний дивизэд янз бүрийн зориулалтын хэдэн арван машин байжээ. Барон Унгерн Монголд орж ирээд ердөө зургаан сар болсон, ийм богино хугацаанд амжуулсан энэ ажил ой тойнд багтамгүй. Тэрээр коммунистууд, жүүдүүдийг үздэггүй байсан болохоор олныг алж хядсан гэх боловч монгол хүнийг гомдоохыг ёстой цээрэлдэг, өөрийн цэрэг нь тэгсэн байвал өчиггүй бууддаг байж. Орос худалдаачин монгол хүнээс өрөө нэхэж дарамталсан чинь түүнийг зодсоор байгаад алсан тохиолдол ч байна. 

Тэр цагаас хойш 70 гаруй жилийн турш энэ хоёр хүнийг монголчууд хоолойгоо сөөтөл хошногоо түмбийтэл нийтээр хараан зүхэж хашгиралдан муулж гүтгэсээр өдий хүрлээ. Энэ түрлэгт нийтээр хөтлөгдөн хоолой нийлүүлж, тэр хүмүүсийг таних байтугай зургийг нь үзээгүй хэвтэж адгийн муугаар хэлж, дүрсжүүлсэн урлаг уран зохиол, лекц семинар...?!? Бодоо өөрийн байгуулсан намаа устгана гээд шүдээ зууж байгааг, Унгерн гудамжаар нэг дээлтэй монголчуудыг эгнүүлэн дүүжилсэн байхыг кинон дээрээс зөндөө л үзээ биз дээ?

Цааш нь хөврүүлбэл дуусахгүй юм болно. Шат алгасах хэрэг байна уу гэсэн Данзан, лам ноёдоо алахгүй гэсэн Гэндэн, тусгаар тогтнолоо өгөхгүй гэсэн Амар бүгд л бидний итгэл үнэмшил, хэл амаар Монгол орныг хорлогчид, гадаадын дайсан болж хувирсан. Байчихаад бүр хожим тавиад оны дундуур Монголоо Хятадтай нийлүүлэхгүй гэж тэмцсээр үхсэн Ерөнхий сайд Бадамдоржийг элдвээр ор үндэсгүй гүтгэн, муу муухайгийн үлгэр болгож хувиргасан мөртөө Хятадтай нийлж нэг улс болно гэж гүрийсээр өргөдөл хүсэлт гарган илгээсээр Сю Шүжаныг хэдэн мянган гамин цэрэгтэй нь урьж авчран тусгаар тогтнолоо бусниулсан хүний хөшөө одоо бидний бөөн хүндэтгэл.Эх орноо  Орост тэр чигээр нь өгч тэднийгээ баярлуулна гэж тийш өргөдөл бичээд салдаггүй байсан нь ч улсаар нэг хүндэт хөшөөтэй. 

Газар нутгаасаа тастаж харьд өгөхгүй гэж байдгаараа зүтгэснийхээ шанд тээврийн жолооч болсон сайд асан Аварзадийг цагдаа зодоод алчихсан, хэн өмөөрсөн юм бэ? Манай түүхэн дахь хамгийн аугаа зураач Дүйнхэржавыг бас л цагдаа зодоод алчихсан. Зохиолч Сэсмээ ч цагдаагийн гарт амь үрэгдсэн. Олон бий. Хэн юу хэлсэн бэ? Америкт нэг гэмт хэрэгтэн харыг цагдаа алчихсан чинь тэнд байтугай дэлхий даяар юун шуугиан болж байна даа? Энхсайханыг яагаад шоронд хийчихсэн учрыг хэн ч ойлгоогүй, гайхасхийгээд л өнгөрч байна. Яасан гэж шоронгоор яллаад байгааг нь ядахнаа сониучирхаад асуучих хүн байна уу? Дарангуйллын төртэй байхад айгаад чимээгүй байсан гэе, өнөөдөр бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа шүү дээ. 

Гавьж Нямсамбуу ярьсан байдаг юм, Монгол 20 мянган ламаа алсан. Тоодог ч үгүй. Хэлмэгдэгсэдийн ар гэрт сая төгрөгний нөхөн олговор дээр л магнайгаа хага татсан байх. Хэрвээ, 20 мянган христ пастор алагдсан бол ертөнц даяараа эмгэнэж, тэр хар өдрийг өглөө бүхэн хүн төрөлхтөнд сануулж байгаа даа гэж. Өрнөдийн ардчилал, орон сууц, эрх чөлөө мөрөөдөхийн хажуугаар энийг бас саначихаж баймаар. Эрх чөлөө ардчилал нэг талаасаа өнгөрсөн туулсны санамж дээр тогтнодог. Манайхан санамж гэхээр л “Филатовагийн үед монголын хүүхдүүд жаргаж үхжээжээ” гэсгээд л болдог. Тэр жаргалтай үед чинь ой хүртлэх нялхсын эндэгдэл 128 промиль буюу мянган нялхсын 128 нь ой хүрч чаддаггүй байсныг мэдэх ч үгүй, сонссон ч тоохгүй.

Юутай ч өнөөдөртөө хөрш Орос, Хятадтай зүйрлэх аргагүй эрх чөлөөтэй, бид. Иргэншилтэй золгонгуутаа аль л муу муухай сүүдрийг нь амтархан залгих мөртөө дэвшил болгоныг нь нулимж, хар амиа хоохойлсон бүдүүлэг уламжлал заншилтайгаа тас тэврээстэй. Бидний хамгийн их айж цэрэвдэг юм бол Үнэн. Бид худал хуурмагт дуртай, тэрүүгээрээ хооллож ундалж, тэрүүгээр баяр баясгалан олж, тэрүүгээрээ дур тэчъяалаа хангаж, худал хуурмагаар амьдралын утга учирыг тайлдаг. Бидний иргэншиж соёлжчихаад байгаа нь ердөө л энэ. Үнэнч шударга байгаа маань ч энэ, Эх орондоо хайртай эх оронч байгаа маань ч энэ.

Хаалттай дэглэмд гурван үеэрээ амьдарч хорвоогоос бүрэн тусгаарлагдан бараг л соёлын балай, мунхагийн харанхуй болсон хүмүүст эрх чөлөө олгож, “хүний эрхээр “жаргахаар” өөрийн эрхээр зовох” чөлөөг олголцсон хүний нэг нь Бат-Үүл. Тухайн үедээ нийт монголчуудын хэтэрхий дийлэнх нь дэмжсэн тэр хувьсгалын гол уриалан дуудагч нь Бат-Үүл байсан. Бусдаасаа ялгаатай нь тэр илүү зоригтой, илүү шударга байж. Гэхдээ түүний шударга гэдэг ойлголт нь амиа бодсон бэртэгчид, цээжээ дэлдсэн эх орончдынхоос тэс ондоо, илүү иргэнлэг, илүү хүмүүнлэг, илүү иргэншсэн байсан юм. Монголчууддаа бүгдэд нь гадаад паспорт олгоно гэсний төлөө юу боллоо? Монгол хүнийг гадагш нь хөөж гаргаад Монгол нутгаа хятадуудад тавьж өгөх гэж байна гэж сүрэглэн дайрсан. Одоо короно вирусны хорионд байгаа 150 мянган монголчууд Бат-үүлээс болж ингэж тамд унажээ. Малыг хувьчлана гэсэн чинь бүх малын мах ганц өвлийн дотор хотын айлуудын тагтан дээр хөлдүүс болон илжирнэ. Хүмүүст байгаа орон сууцыг нь үнэгүй өгчихье. Манайхан бүгд ядуу юм чинь байраа хятадуудад зараад дуусна. Ингээд Улаанбаатар жижиг Бээжин болдог байжээ!

Бат-Үүлийг дөнгөж ерэн оны эхээр царайг нь танимар аядаж эхлэнгүүтээ гүтгэж гарсан. Хөөрхий царай муутай байсан юм болов уу? Үгүй ээ, хүмүүсийн айдаг үнэнийг хэлдэг болохоор нь. Эхлээд Зоригтой албан тушаал булаацалдаж зодолдож гэнэ. Санаж байна уу? Дараа нь 1996 онд хөлөө хугалсан чинь сандал ширээ булаацалдсаных гэнэ. Журмын нөхөр найзыг нь хөнөөжээ. Мэдээж Бат-Үүл л ингэсэн. Эхнэртэй нь садарлаж байгаад гэнэт баригдангуутаа хутгалаад алчихсан гэнээ. Цагдаа шууд өлгөж аваад тэрийг шоронд хийсэн. Тэр үед олон хүн амьдралын таашаал, хүний жаргалыг эдэлж магнайгаа ганц сайхан тэнийлгэж билээ. Түүнээс хойш хорин хэдэн жил өнгөрлөө, тэгтлээ тавирч байсан жаргалаа цүүдэхгүйн тулд одоо ч ярьсаар, бичсээр, цуурсаар, дураа тавьсаар. Саяхан айлын дөрвөн хүүхдийг ус руу түлхээд алчиж гэнээ, мань хүн! Манай ард түмний магнайг дахиад л тэнийлгэж байх шиг. Өөрийнх нь хүүхэд өөртэй нь нийлээд идэж уугаад Монгол улсыг өм цөм тоночихож гэнээ. Бид алга ташин дэвхцэнэ. Бид үнэнээс айдаг, аль болох дөлж зугтдаг. Тиймээс үнэнийг сонсох хүсэл байдаггүй. Гүтгээд харлуулаад зовоож тарчилгаад амьдарлыг нь там болговол бидний энэ хорвоогийн тоос хөдөлгөж яваагийн хамаг утга учир, баяр баясгалан. 

Улаанбаатарын 400 мянга шахам өрх бүр хогны мөнгө сар бүр хураалгадаг. Хот нуль хог. Бат-Үүл дарга болуутаа өнөө мөнгөөр нь хог худалдаж авдаг болов. Хот дороо цэвэршсэн. Илүү гарсан мөнгөөр нь хогийн уут тараасан, алуулангаа алдсан. Айлаас хог цэвэрлэнэ гэж авсан мөнгөөрөө ясль цэцэрлэг барих байсан гэнэ. Бат-Үүл явснаас хойш хотоор нэг ил задгай хог овоолоостой. Хэн ч гайхахгүй, хотын шинэ даргаа өхөөрдсөөр.... 

Энэ орон аль ч улсын нэгэн адил татвар дээр амьдардаг. Монголд аж ахуйн нэгж гэгдэх 120 мянган компани бүртгэлтэй боловч 10 хүрэхгүй хувь нь татвар төлдөг. Ганц Эрдэнэтийг тооцохгүй бол дийлэнхийг нь хэдхэн том хувийн компани төлдөг. Бусад нь кинонд гардаг “шимэгчид” юм даа. Шууд баялаг бүтээдэггүй гэсэн утгаараа. Тэдний хүчээр бид хүүхдээ төлбөргүй цэцэрлэг сургуульд өгч, эмнэлэгээр үйлчлүүлж, тэтгэвэр тэтгэмж авч, халамж хүртэж, сонгуулийн элдэв амлалтаар хүүхдийнхээс эхлээд хуримын бэлэн мөнгөнд оочирлож байгаа. Гэхдээ бөөн гомдол. Жаргаж үхэж байсан социализмын үед сургуулийн хүүхдийг үнэгүй байтугай үнэтэй ч хооллож байгаагүй. Цэцэрлэг юутай ч хоолны мөнгөө хурааж авдаг байсан. Ганц хийл махны төлөө өдөр бүр хоёр цаг оочирт зогсдон байснаа яршиг зүгээр, мартая. Зах зээлийн ороо бусгаа турж үхэж байгаа өнөөгийн хүнд нөхцлийн буруутан хэн бэ? Маш амархан асуулт байна, наадах чинь. Нийгмийн хамаг татварыг төлж байгаа хэдэн том компаниуд. 30 орчим байна гэсэн байхаа. Тэднийгээ шонд дүүжлээд шороонд булчихвал Октябрийн хувьсгал дээр Ардын хувьсгалыг нэмсэнээс илүү гоё том үйл явдал болно. Нийтээрээ амьдаараа жаргаж үхнэ. Диваажин гэдэг бил үү?

30 гэр бүлийг (“айл” гэдгийг хэлээд байгаа бололтой, бага сага орос хэл гадарладагийн хэрэг юу билээ!) татвар төлөгч эзэнтэй нь төдийгүй эхнэр хүүхэд, найз нөхөд, хамаатан садан, тэрбайтугай адил нэртэй хүнтэй нь холбон барьж идэх гээд шүлсээ асгаруулна. 30 байна уу, 300 байна уу тэр Гэр бүл улсын хамаг ачааг үүрч, улсаа арай чамай дүүрч яваа. Татвараар, өөрөөр хэлбэл мөнгөөр. “Мөнгө чухал биш” гэдэг нь хүний зохисон хамгийн дүнхүү афоризм юм гэнэлээ. Цаддаггүй хэнхэг хүнээс л ийм үг гарсан байх. Гэтэл хувьчлалаар байшин суурингаар нь, орд газраар нь, бүтэн аймгаар нь хувьчилж аваад түүнээ тэр дор нь махалж зарж идээд жорлон руу асгачихсан гайхлууд өнөөдөр бүх насаараа дивтаат болчихсон шударга үнэний тухай бидэндээ сургаал айлдаад, биднээр тэжээлгээд сууж байхад бид хэрхэн далай даяар дурсгаж байгааг нь биширсээр. 

Авилгачид, төрөөс төрсөн тэрбумтанууд, хулгайлсан мөнгөөрөө баялаг бүтээхийн оронд цөлмөгсөд чухамдаа төрийн ордонд л багтахгүй чихцэлдээд, нэмэр дээр нь ажил хөдөлмөрөөс зугтаж бидний мөнгөөр мяраалаад сууж байгаа. Хашгираад байгаа тэдэн дундаас тэр 30 гэр бүлээ олооч. 

Түдэв гуай тэгэхэд ялсан бол өөр байх байлаа, Зориг амьд байсан бол ингэхгүй байв, Нараа нас бараагүй бол... Сайн хүний нэрийг худалдаж идэж байгаа ёр юм байх даа. Талийгчийн сүнсээр амьдыг нь сүрдүүлж буй атгаг гэхэд багадам нүгэл. 

За одоо та нар минь ажилдаа ор доо. Над руу нус цэр баас шээсээ нүүлгэж гарах биз. Өөр яав л гэж! Хүний өөдөөс гаргаад ирэх гүтгэлэг, хараал зүхлээс өөр юмаар маруухан хойно. Уг нь би хэнтэй нь ч, юу ч булаацалдаагүй юмсан.

2020.6.4