Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд нэгэн яриа өрнөжээ. Яриа ч биш юм, цахим уулзалт. Зочин нь Илон Маск. АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч, “Twitter”-ийн шинэ эзэн гэдгээр нь түүнийг дэлхий нийт эчнээ танина. Эзэмшиж буй хөрөнгийн хэмжээ, хөгжүүлж байгаа технологийн шинэчлэл, өөрчлөлтөөрөө ч тэр үргэлж анхаарлын төвд явдаг нэгэн. Тиймээс технологийн салбарын эл аварга тоглогчтой Монгол Улсын Ерөнхий сайдтай юу ярив? гэдэг нь мэдээж сонирхолтой.

БНХАУ дахь дотоодын улс төрийн шинэ хуваарилалт, түүнээс үүдэлтэй дипломат бодлогын өрөг дээрх нүүдэл болгон томоохон гүрнүүдийн анхаарлыг татаж эхэллээ. Хажуугаар нь ОХУ-аас Украинд өдөөсөн дайны хувь заяа хэрхэх нь бөмбөрцгийн санааг чилээх үндсэн шалтгаан болсоор удлаа. Ийм нэгэн улс төрийн, эдийн засгийн, геополитикийн ээдрээтэй цаг үед тэг дунд орших 3.3 сая хүн амтай жижигхэн улс хэрхэх нь үнэндээ тэдэнд падлийгүй ч эсрэгээрээ дэлхийн ардчилал, энх тайвны бэлгэ тэмдгээр Монголыг нэрлэх болсон нь санаандгүй зүйл биш.

Үндсэндээ их гүрнүүдийн Төр, Засгийн тэргүүнүүдийн ОХУ, БНХАУ-д өгөх дипломат мессеж өгөх индэр нь Монгол Улс болж эхэлсний илрэл. НҮБ-ын даргын, Польш, Францын Ерөнхийлөгчийн айлчлалын агуулга тийм байсан, тэгж л дэлхий нийтэд ойлгогдсон. Харин энэ удаад гүйцэтгэх засаглалын тэргүүн нь технологийн салбарын “магнат”-тай хийсэн цахим уулзалтын үеэр “Tesla”-гийн салбарыг Монгол Улсад байгуулбал татварын болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийлж орхилоо.

Ингэхдээ цахилгаан машины гол түүхий эд болох зэс, газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөрт санаачлахыг Илон Маскаас хүсчээ. Хариуд нь “Tesla”-гийн эзэн цахилгаан машины технологид хамтарч ажиллахад таатай байх тухайгаа хэлж, “Монголыг сонирхдог, боломжтой цагтаа зочилно” гэжээ. Төгсгөлд нь Ерөнхий сайдын зүгээс ирэх долдугаар сард зохион байгуулах Монголын Эдийн засгийн форумд дэлхийн тэрбумтныг хүрэлцэн ирж, оролцохыг урьжээ.

Илон Масктай хийсэн цахим уулзалтын үеэр өрнөсөн ярианы агуулга хэзээ, хэрхэн бодит үр дүнд хүрэх нь цаг хугацааны асуудал ч түүгээр дамжуулан Монголын Ерөнхий сайд дэлхийн технологийн салбарын тэргүүлэгчдэд бараг бүгдэд нь урилга хүргүүлсэнтэй агаар нэг юм. Өөрөөр хэлбэл, бөмбөрцгийн улс орон бүхэлдээ ногоон технологийг нэвтрүүлэхийг эрэлхийлэх болсон энэ цаг үед түүнд ашиглагдах гол түүхий эд нь Монголд бий учраас бүх талаар хамтран ажиллах боломжтойг Илон Маскаар дамжуулан эл салбарынханд зарлачихлаа.

Удахгүй болох Монголын Эдийн засгийн форумын үндсэн нэг чиглэл нь IT инженерүүдэд суурилсан технологийн дэвшил байх нь. Тодорхой хүндэтгэх шалтгаан гардаггүй л юм бол Илон Маск өөрөө Монголд ирж, Эдийн засгийн форумд оролцох нь манайд хэрэгтэй, гадаад талдаа бас нэгэн том мессеж болно. Зөвхөн түүнийг ирснээр, форумд оролцсоноор IT-гийн хөрөнгө оруулагчид Монголыг өөрөөр харж эхэлнэ, бас сонирхоно. Тэр болтол гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь бидний, Засгийн газар, УИХ-ын хийх ажил.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хэд хэдэн томоохон айлчлалыг дотооддоо хүлээж авахын хажуугаар Ерөнхий сайдынхаа түвшинд технологийн салбарын тэргүүлэгчидтэй холбоо тогтоож эхэлсэн нь маргаангүй зөв шийдэл, том агуулга болох нь.

UZEG.INFO