Энэтхэг улс. Бенгалуру хот
2019 он 9-р сарын 23-ны үдэш


Одоо Бангалор хотод шөнийн хоёр цаг болж байна.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын Энэтхэг улсад хийж буй төрийн айлчлалын сүүлчийн шөнө учир өнгөрсөн үйл явдлуудыг нэхэн санаж тэмдэглэхээр “ITC Gardenia” зочид буудлын өрөөний цонхны өмнө байх бичгийн ширээний ард сууж байлаа.

Цонхоор хуучин Португали улсын  эзэмшилд байсан болоод европжуу барилга ихтэй, хаашаа л харна дал мод болсон Бенгалуру хотын шөнийн байдал  гэрэлтэн үзэгдэнэ.

Бангалор буюу Бенгалуру хот бол Энэтхэгийн Карнатака мужийн нийслэл бөгөөд арван сая гаруй хүн амтай  Энэтхэгийн гурав дахь хамгийн олон хүн амтай хот ажээ. Далайн төвшнөөс дээш 900 м өндөрт оршдог учир сэрүүвтэр уур амьсгалтай учир гадныхан энэ хотод удаан амьдрах хүсэлтэй гэнэ.

Мөн энэ хот олон үндэстэн ястан шашин шүтлэг агуулсан учир  космополитик шинж чанартай хот юм. Энэ хотод  олон шашны урсгалын 1000 гаруй сүм хийд байрлахын дотор Хиндү шашны сүм хийд зонхилохоос гадна  400 исламын сүм, 100 христийн сүм, 40 Жайн дерасар, Буддын гэх мэт сүм хийдүүд байдаг аж.  

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бенгалуру хотод орших  Сансар судлалын байгууллагад зочилсон билээ. Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан төдийгүй Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот  хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан билээ. Өнөөдрийн бидний зочилсон  байгууллагаас явуулдаг сургалтад өнөөдрийг хүртэл 242 монгол хүн хамрагдсаны 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр зурагдсан чухал баримт бичгүүдийн нэг нь Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр байсан гэдгийг тодотгож, хэлэлцээрт тулгуурлан илүү ойр дотно харилцаатай ажиллахыг ноён К.Сиванаас хүссэн юм.

Энэтхэг улсыг эртний сударт Жагар улс хэмээн тэмдэглэсэн байдаг нь “Их цагаан”  гэсэн утгатай үг бөлгөө. 1947 онд Энэтхэг тусгаар тогтносны дараа Бангалор нь Майсор мужийн нийслэл болж, 1956 онд Энэтхэгийн Карнатака муж шинээр байгуулагдсанаар тэр мужийн нийслэл хэвээр үлджээ.

Энэ хот бол Энэтхэгийн төвлөрсөн 5  том хотын нэг бөгөөд Мэдээллийн технологийн аутсорсинг, сургалтын хамгийн том төв  гэж үзэгддэг. Түүнчлэн энэ хот бол  киноны том төв аж.  Банглуру олон улсын кино наадам (BIFF) арван нэг дэх удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд  хоёр жилийн өмнө манай киночдын бүтээл “Цагаан хадаг” кино энэ наадамд оролцсон  юм.

Энэтхэг соёлыг хамгийн ихээр түгээж чадаж буй нэгэн чиглэл бол Энэтхэгийн кино урлаг, шоу бизнесийн салбар түүний хөгжил юм.  Энэтхэгийн кино үйлдвэрлэл салбартаа дэлхийд хамгийн том нь бөгөөд жилдээ дунджаар 1000 орчим кино үйлдвэрлэн гаргадаг байна. Энэ нь Холливүүдын кино үйлдвэрлэлийн хэмжээнээс 3 дахин их үзүүлэлт бөгөөд Хятад, АНУ-ын дараагаар орох дэлхийн 3 дахь том телевизийн зах зээлтэй улс юм...гэх мэтээр олон зүйлийг нэмж дурдаж болох бөгөөд хамтарсан кино бүтээх тухайд ч хоёр улсын ерөнхий сайд ерөнхийлөгч нар хамтран ажиллах тухай яригдсан билээ.

Товчдоо бол энэ хот очиж үзсэн хүний нүдээр бол  Энэтхэг дотроо  Сингапур мэт цэвэрхэн хот  байлаа.

Монголын Випашня судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв бид хоёр  хамт зочид буудлын нэг өрөөнд таарсан учир би ширээний ард компьютер дэлгэн тэрээр зурагтын суваг эргүүлж суулаа.

Гэтэл нэгэн сувгаар АНУ-ын Техас мужийн Хьюстон дахь NRG цэнгэлдэх хүрээлэнд 50 000 Америкийн энэтхэгчүүдийн өмнө  Энэтхэгийн ерөнхий сайд Нариндра Моди илтгэх индэр гарч ирэхийг шууд нэвтрүүлж байлаа.

Зэрвэс харахад ямар нэгэн  рок концерт үзэх гэж ирсэн мэт цэнгэлдэх хүрээлэн дүүрэн суусан 50000 Америкийн энэтхэгчүүдийн өмнө тайзан дээр зассан илтгэгчийн индрийн хажууд  АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп зогсож байлаа. Тексас бол өмнөх сонгуульд  Доналд Трамп Хилари Клинтонд ялагдсан тойрог билээ.
Моди хуран цугласан энэтхэгчүүддээ хандаад өндөр дуугаар ;

- Өглөөний мэнд Хьюстон, өглөөний мэнд Техас, өглөөний мэнд Америк. Энэтхэгт эх орондоо амьдран суугаа энэтхэгчүүд төдийгүй төдийгүй  дэлхий даяар амьдардаг Энэтхэгчүүддээ би энэ тайзан дээрээс мэндчилгээ дэвшүүлье.

Найзууд аа, энэ сайхан өглөө бидэнтэй хамт дэлхийн маш онцгой нэгэн эрхэм  хамт байна. Түүнд танилцуулга хэрэггүй.

Түүний нэр дэлхийн улс төрийн тухай бараг бүх ярианд гардаг. Түүний үг бүрийг хэдэн арван сая хүн сонсож бас дагадаг. Тэрээр энэ агуу орны хамгийн өндөр албан тушаалыг хашихаасаа өмнө ч алдар нэртэй нэгэн байсан билээ…..хэмээн тэрээр үгээ эхэлж байлаа.

 
 Howdy, Modi буюу Өнөөгийн Энэтхэг

 Howdy, Modi хэмээх арга хэмжээнд түүний өгүүлэх үг үнэхээр хүчтэй байлаа. Нарендра Модиг уран илтгэгч гэж олонтоо сонссон ч тэрээр үгээ хэлэхдээ үргэлж хинди хэлээр ярьдаг бөгөөд анх удаа түүнийг англиар тавин мянган хүний өмнө ярихыг сонсоод үнэхээр агуу илтгэгч гэдгийг харсан төдийгүй тэрээр Америкт буй Энэтхэгчүүдээ  хамгаалж тэдний өмнө үг хэлж буй мэт боловч, Доналд Трампыг урьж хөтлөх үг хэлж буй мэт боловч цаад утгаараа  дэлхий даяар өөрийн хийгээд өөрийн улсын нэр төрийг  чанга дуугаар зарлаж ёстой л хэн хэндээ харилцан ашигтай дипломат мэдэгдэл хийж чадлаа хэмээн бодохын сацуу  энэ улсын тухай эхлээд товч ярих хэрэгтэй гэж бодлоо.

Энэтхэгт 2019 оны 4 дүгээр сарын 11-нээс 5 дугаар сарын 19-нд явагдсан парламентын сонгуулийн дүнд  БЖП нам тэргүүтэй Үндэсний Ардчилсан эвслийн шинэ засгийн газар эмхлэн байгуулагдаж, 5 дугаар сарын 30-нд тангараг өргөсөн билээ.
 
Энэтхэгийн үндэсний конгресс нам /ҮКН/ 1885 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн 50 гаруй жил төрийн эрхийг барьсан нам боловч сөрөг хүчин байсан БЖП нам сүүлийн жилүүдэд  ялалт байгуулж засгийн газраа байгуулаад буй нь Нарендра Модигийн гавьяа билээ.  Бхарати Жаната Парти (БЖП буюу Энэтхэгийн Ардын Нам) түрүүчийн сонгууль (2014 оны 5 дугаар сард болсон)  Энэтхэгийн Үндэсний Конгресс нам (ЭҮКН)-тай өрсөлдөхөд сонгогчдын дунд Н.Модийг дэмжих “давалгаа” өрнөснөөр парламент ( Доод танхимд 272/533, Дээд танхимд 73/240 суудал эзэлсэн)-д үнэмлэхүй олонхи болж, олон  муж, холбооны нутаг (15/31)-т  засгийн газраа байгуулаад байна.      
 
Энэтхэгийн үндэсний конгресс нам Махатма Гандийн удирдлагын дор дэлхийн II дайны дараа үеэс тусгаар тогтнолын төлөө тэмцэж эхэлсэн. “Ахимса” буюу “Хүч үл хэрэглэх тухай” М.Гандийн онол хэрэгжин, британичууд Энэтхэгийг орхин гарснаар 1947 оны 8 дугаар сарын 15-нд тусгаар тогтнолоо олжээ.

БНЭУ-ыг 1950 оны 1 дүгээр сарын 26-нд зарлан тунхаглаж, Үндсэн хуулиа баталжээ. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрийн нэрт зүтгэлтэн Жавахарлал Неру анхны Ерөнхий сайд болсон. Энэ үеэс Энэтхэг аж үйлдвэржих, олон зууны хоцрогдлыг гэтлэн давах бодлого хэрэгжүүлж, тухайн үеийн дэлхийн улс төрийн бодлогын  эсрэг тэсрэг хоёр туйлаас ангид бие даах, Эвсэлд үл нэгдэх зарчимд тулгуурласан бодлого баримталж ирсэн байдаг.
 
Ж.Неругийн дараа түүний охин Индра Ганди улс төрийн тавцанд гарч 10 гаруй жил Ерөнхий сайдаар ажиллаж байгаад 1984 онд сикхийн салан тусгаарлагчдын гарт амь үрэгдсэн. Түүний хүү Ражив Ганди 1984-1989 онд Ерөнхий сайд, 1984-1991 онд Конгресс намын удирдагчаар ажилласан. Тэрээр сонгуулийн ажлаар Тамил Наду муж улсад явж байгаад “хүн бөмбөг”-т өртөж 1991оны 5 дугаар сарын 21-нд амиа алдсаныг манай уншигчид мэднэ.

Монгол Улс, БНЭУ хооронд 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, 1956 онд Элчин сайд нараа харилцан томилж, Монгол Улс 1956 онд Шинэ Делид, БНЭУ 1971 онд Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, хамтын ажиллагааны 13  баримт бичигт хоёр тал гарын үсэг зурсанаас гадна хоёр орны хоорондын харилцаа “Стратегийн түшлэл”-ийн  төвшинд хүрсэн билээ.

Энэтхэг улс хүн амын хувиар ч тэр соёл түүхийн хувиар ч тэр манай өмнөд хөрш Хятад улстай өрсөлдөгч орон гэдгийг бид бүгд мэднэ.

Тус  улсын хувьд  БНХАУ-ын эдийн засгийн болон геостратегийн санаархалд ямар хариу барих нь  гадаад бодлогын бүх чиглэлд  нөлөөлдөг бөгөөд ерөнхий сайд Н.Моди Ши Жиньпин нар Вуханд уулзан Докламд үүссэн хилийн маргаанаас хурцадсан харилцааг хэвийн болгох, Гадаад хэргийн сайд Ван И Шинэ Делид айлчилж “Иргэд хоорондын харилцаа”–г идэвхжүүлэх алхам хийгдсэн боловч  тэд цөөнгүй асуудлаар санал зөрөлддөг.

БНХАУ-тай 1962 оны хилийн маргаанаас үүдсэн дайнаас хойш харилцаа зогсонги байдалд байсан. Хоёр орны хоорондын хилийн маргаантай асуудлаар хамтарсан комисс байгуулан ажилладаг. БНЭУ Хятадтай харилцах харилцаагаа цаашид стратегийн түншлэлийн төвшинд өргөжүүлж, энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмыг харилцааны үндэс болгоно гэсэн байр суурьтай.
 
ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагчийн статустай оролцдог. Байнгын гишүүнээр 2016 онд элсээд байгаа.
 
Сүүлийн жилүүдэд АНУ, Герман, Франц, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харилцаа эрс эрчимжиж байна. АНУ болон ЕХ-ны орнуудтай стратегийн түншлэлийн хэмжээнд харилцаагаа өргөжүүлж, цэрэг стратегийн төдийгүй, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна.

АНУ–тай “Худалдааны дайн” үргэлжлэх тохиолдолд Хятад улс эдийн засгийн өсөлт удааширч бүс нутгийн хэмжээнд харилцаагаа сайжруулахыг хичээж болзошгүй гэж үзэх тал ч  ажиглагдаж байна.

Яг ийм эгзэгтэй үед Нарендра Моди Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай айлчлалын хоёр дахь өдөр албан ёсоор хүлээн авч  уулзсаны дараа  АНУ д очиж Доналд Трампыг дэмжиж 50 000 Америкийн энэтхэгчүүдэд төдийгүй дэлхий дахинд өөрийн улс орныг сурталчилсан энэ түүхэн уулзалтын өмнө Монгол улсын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаад ирсэн, мөн  одоо Энэтхэгт  төрийн хэмжээний уулзалт хийдэг ч тохиолдлын зүйл биш бололтой.

Яагаад гэвэл  Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхий сайд болсноосоо хойш түлхүү Азийн Бурханы шашинтай орнуудад айлчлал хийж байгаа бөгөөд үүнийгээ “Будда дипломаси” гэж нэрэлдэг. Хятад улс нэг бүс нэг зам хэмээх нэртэй торгоны замыг дагасан төсөл хэрэгжүүлж буй бол Энэтхэг улс азийн бараг бүх оронд таран дэлгэрсэн Буддын гүн ухааныг тэргүүндээ барьж гадаад бодлогоо явуулдаг ажээ.

Учир иймээс Монгол улсын төрийн тэргүүн төрийн айлчлалаа эхлэхдээ Монгол улсад барьж байгуулсан Батцагаан хийдийн голд орших Бурхан багшийн сэрэг дүрийг  бүтээсэн Энэтхэгийн уран барималч Рам Сутар, Анит Сутар нарт алтан гадас одонгоор шагнаж эхэлсэн бөгөөд дараа өдөр нь Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны уулзалт хийж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар БНЭУ-ын Засгийн газраас Гандантэгчэнлин хийдэд бэлэглэсэн Бурхан багшийн сэрэг дүрийг нээх ёслолын ажиллагааг Улаанбаатар хотоос шууд дамжуулан үзсэн юм.

Энэтхэг улсын тухай ярихад нэгэн нийтлэлийн хэсэг биш нэлээд хэдэн ном бичих хэрэгтэй болохын учраа энэхүү айллалын үеэр биеэр үзсэн гадруудын тухай тоймлон бичие. Үүний нэг бол Чингис хааны үр сад Цагайдайн удмын Могол хааны хатандаа зориулж бариулсан Таж Махалын бунхан бөлгөө.
 


Таж Махал бунхан

2019 оны 9 р сарын 21 бямба гараг
 
Зохиолч яруу найрагчид “Цагаан гантигт шингэсэн хайрын дуулал”, “Цаг хугацааны хацар дээрх нулимсан дусал”  гэх зэргээр нэрлэдэг Таж Махал бунхан  нь Шинэ Дели хотоос зүүн урагш 200 гаруй километр зайд, хойд Энэтхэгийн Уттар прадеш мужийн Агра хотод оршдог агаад Таж Махал бунхан “Ертөнцийн 7 гайхамшиг”-ийн нэг гэлцдэг.

Жирийн үед бол Шинэ Дели хотоос 5 цаг гаруйтай явж хүрдэг энэ газарт Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч Х.Баттулга айлчилж буй учир бүх замыг хааж замын дагуу буутай цэргүүдээр хамгаалуулсан учир бидний цуваа торолгүй давхисаар хоёр цаг орчим болоод хүрч очиход намуухан бороо зөөлөн шивэрч  угтлаа.
Энэтхэгийн төрийг 1526-1858 онд барьж асан их Моголын эзэнт гүрний түүхтэй холбоотой энэхүү бунханыг Чингис хааны угсаа залгамжилсан V хаан Шах Жахан монголчуудын нэрлэж заншсанаар Шагжхаан өөрийн хатан Мумтаз Махалын дурсгалд зориулж “Ахмед Лахаури”-ын зураг төслөөр 22 жилийн турш газар газрын урчуудын  хөлс хүчээр босгосон аж.

Тэрээр Бабур, Хумъяан, Акбар, Жахангир хаадын дараах Моголын тав дахь хаан нь юм. Өвөө болох домогт Акбар түүнийг багад их хайрлаж өсгөжээ. Түүнийг мөн сүр жавхлантай Шах Жахан хэмээн дууддаг байв. Тэрээр Чингис хаан, Төмөр хааан нарын удам байсан төдийгүй түүний судсаар Франкийн хаан, Ломбардын хаан, Ариун Ромын эзэнт гүрний хаан Их Карлын цус гүйж байв. Жахангир хааныг өөд болсны дараа 1627 онд Шах Жахан бага насандаа хаан ширээг залгамжилсан. Тэрээр Моголын хамгийн агуу хаанд өргөмжлөгддөг бөгөөд түүний төр барьж байх үе нь Моголын алтан үе, Энэтхэгийн соёл иргэншлийн хөгжлийн үе байсан юм. Өвөө Акбарын адилаар хаант улсаа өргөн уудам болгох зорилготой байсан тэрээр 1658 онд өвчин туссанаас хойш түүнийг нас барах хүртэл хүү Аурангзеб (Монгол эх сурвалжид Ариунзэв хэмээн тэмдэглэгдсэн байдаг ) үйл хэргийг нь үргэлжлүүлж байв. 1666 онд өөд болохдоо тэрээр дэлхийн хамгийн хүчирхэг хүний нэгд тооцогдож байсан бөгөөд түүний эзэнт гүрэн 3,000,000км² газар нутагтай хамгийн хөгжингүй нийслэл хот болон дэлхийд архетиктурийн шилдэг бүтээлүүдээ үлдээсэн юм.

Шах Жахан хаантан 1612 онд гурав дахь гэргийгээ болгосон Мумтаз хатан  үзэсгэлэн төгс төдийгүй ухаалаг нэгэн байсан бөгөөд 19 жил хамт амьдарч 14 дэх хүүхдээ төрүүлэх үед 1631 оны 6 дугаар сарын 17-нд  39 насандаа бие барсан түүхтэй.
 
Аян дайнд явсан Шах Жахан хаан хатныхаа бие чилээрхсэнийг сонсоод хүлгийн жолоог нутгийн зүг залсан ч  амжиж  уулзаагүй дээ гашуудан  1632 онд Ямуна  мөрний эрэг дээр 20 мянга гаруй дархан, гар урчууд, нэг мянган гаруй зааныг дайчлан Таж Махал  бунханыг бариулсан. Бунханыг барьж босгох  ажил 1648 онд, бусад барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг таван жилийн дараа буюу 1653 онд  цогцлоосон гэдэг.

Бунханы их биеийн адил цагаан гантиг бөмбөгөр орой нарны гэрэлд өнгөлөг харагддаг бөгөөд бороо орох харанхуй болох зэрэгт тэрхүү цагаан өнгө цаг мөч бүр хувирч өөрчлөгддөг гэдэг.
 
Персийн зураач Чербахын зургаар байгуулсан Бунханы гаднах цэцэрлэгт 580 хавтгай дөрвөлжин метр талбайд газар газрын 400 төрлийн ургамлыг суулгасан нь анхилуун үнэртэй төдийгүй Таж Махалыг улам гоо сайхан харагдуулдаг.
 
Шах Жахан хаан Таж Махал бунхны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт хар гантиг чулуугаар өөртөө бунхан бариулахаар төлөвлөж байсан ч түүний хүү Аурангзеб хөрөнгө мөнгийг үргүй зарцуулав хэмээн эцгээ баривчилж, ойролцоох Улаан цайзад хорьсон. Хоригдож төд удалгүй хэвтэрт орсон хаан орныхоо толгойд бэхэлсэн толинд Таж Махалын дүрсийг харсаар нүд аньсан гэдэг. Түүнийг хайртай Мумтаз хатныхан дэргэд зайчлан бунхалсан гэдэг. Аурангзеб хожим Таж Махалыг дуурайлган өөрийн хатанд бунхан босгосон ч тэгш хэм алдагдан, Таж Махал шиг болоогүй гэлцдэг.
 
ЮНЕСКО 1983 онд Дэлхийн биет өвийн жагсаалтад бүртгэгдсэн Таж Махал бунхан  “Их Моголын үеийн урлагийн гайхамшиг, уран барилгын  үнэт өв төдийгүй  дэлхийд гайхагдах соёлын сод бүтээлийн нэг" хэмээн  үнэлэгддэг.
Таж Махалд ерөнхийлөгчийг дагалдан яваа цуваа хүрч очиход намуухан бороо гэнэт орж төрийн айлчлалын ёсоор мөн тэнд биднээс өөр нэг ч хүн үгүй хамгаалалтад авсан тул бид дотогш бунханд орж гэрэл зураг хүртэл авч амжсан билээ. Гэхдээ миний хувьд гаднаасаа харахад сүрлэг сайхан тэр бунхны дотор хэвтээ хаан хатан хоёрын бунхныг харж зогсоход сэтгэлд нэг л дарамттай гунигийн манан дарж байсныг нуугаад яахав. Хэдийгээр энэ бурхан Энэтхэг улсын нэрийн хуудас хайр дурлалын билэгдэл гэгддэг ч Муслимын домогт бунханбөгөөд ислам шашны   гол бэлэгдэл учир энэ  бунхны тухай маш цөөн кино байдаг юм билээ.

Үүний дараа бид өнгөрсөн, одоо ирээдүйн 3 цагийн бүх бурхдын гэгээрэх газар Бодьгаяагийн зүг нислээ.


2019 оны 9 сарын 26
 
Үргэлжлэл бий…