“У.Хүрэлсүхийн Засгийн газрыг арваннэгдүгээр сард огцруулна” гэх эзэн биегүй боловч хэрэгжих магадлал өндөр “золбин” төлөвлөгөө амь орж эхэлжээ. Гэхдээ хугацаа нь наашилж ард нийтийн санал асуулгатай хамтатгаж мэдэхээр товлож буй бололтой. МАН-ын “дээд түвшинд” Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж ард нийтийн санал асуулгыг дэмжих талаар хэлцэл “амжилттай” үргэлжилж байна. Үүн дээр УИХ-ын сонгуулийг энэхүү “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих эсэх талаар ард нийтээс асуух”-тай хамтатгах гээд байгаа нь наанаа “жонхууруулах” мэт боловч цаанаа давхар хожил агуулах тодорхой зорилготой аж. Ингэснээр олон нийтэд тайлагнах гүйцэтгэл багатай, төмөр зам, авто замаас эхлээд бүтэл бүтээл багатай У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох бус олны дүйвээнээр УИХ тарахад “гулсан одох” заль сэджээ. Өөрөөр хэлбэл МАНын дарга, Ерөнхий сайд зөвхөн өөрийнхөө Засгийн газрын нэр хүндийн төлөө “автогоол” хийхээр шийдчихэж. Олонхийг бүрдүүлсэн МАН-ын ялалт хамаагүй, “У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроогүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж бүрэн эрхийн хугацаа нь “гэнэт зогсчихсон” мэтээр түүхэнд бичигдэхийг хүсчээ. 

Ийнхүү дараагийн сонгуулийн санал хураалтыг явуулах “зураг” хэдийнэ зурагджээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “тактик” эртнээс анзаарагдаж байсанчлан намын доторх “цэвэрлэгээ”-нд тулгаруулах нь. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 19-нд Төрийн ордонд Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэх үеэр намынхнаа “Хулгай хийнэ, хүн амь, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-дэнэ. Ер нь бүх юмыг хийж байна” гэж хатуу шүүмжилсэн. Өргөтгөсөн хуралдаан болж улс орон даяар шууд дамжуулж байсан болохоор бухимдсандаа тэгж хэлэв үү гэтэл үгүй бололтой. Товчхондоо “цэвэрлэгээ”-нд хэн өртөж, хэн үлдэхийг зарласан хэрэг байж. Олон нийт ч түүний хүсэж байсанчлан талархалтай хүлээж авсан. Харин одоо “ЖДҮ-чдийн” гэх хэргийг бараг л УИХ-ын гишүүн ХХАА-н сайд асан Б.Батзориг ганцаараа үүрч гарах дээрээ тулаад байна. Түүнд холбогдох хэрэг хэдийнэ шүүхэд шилжсэн болохыг эх сурвалж баталлаа. Харин “ЖДҮ-чин” хочтой болсон бусад гишүүн шүүхэд очихгүй ч “намын шүүлтүүрт” орж, ирэх сонгуульд оролцохгүй байхаар “цэвэрлэгдэж” таарах нь.

Энд нэг сонирхолтой факт бий. УИХ-ын гишүүн А.Сүхбат тэр үед МАН-ын бүлгийн хурал дээр гүйж ороод хэлсэн үгэндээ “Я.Содбаатар, Ж.Энхбаяр та хоёр л ЖДҮХС-аас зээл ав ав гэж байгаад авахуулсан. Өөрсдөө олон жил парламентад суусан туршлагатай хүмүүс байж хэлэхгүй яасан юм бэ. Одоо биднийг хэрэгт хийчихлээ” гэж бухимдан хэлснийг олон хүн гэрчилнэ.

Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болохдоо намын нөхдөдөө ЖДҮХС-аас зээл өгч хахуульдчихаад одоо тэднийгээ адалж намаа “цэвэрлэх” шоубиз хийж байгаа бололтой. Түүний цэвэрлэгээнд “60 тэрбумынхан” зайлшгүй орно. Тэнд бас “золиос” бий. Тэр нь Ц.Сандуй. “Албан тушаалыг мөнгөжүүлэх” хорхой хүрэм төлөвлөгөө танилцуулсан гэх боловч М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн үр шимийг нь хүртээд өөрөө шүүхэд 16-20 жилийн ял төлөвлүүлчихээд толгойгоо салаавчлан бодлогоширч буй түүнийг тус намын Хяналтын хорооны даргын шийдвэрээр “намын гадна” гаргасан. Гэхдээ “цэвэрлэгээ хийсэн” гэх популист тайланд “гол дүр”. М.Энхболд, түүний дагалдагчид МАНАН бүлэглэл гэсэн шошготойгоор “цэвэрлэгдэнэ”. Ингээд хэн үлдэх вэ? 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд “Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томъёоллыг оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ам цагаан цаасан дээр “сийлж” гишүүдээс гарын үсэг нэхэж, заримдаа “Энэ санал дэмжигдэхгүй бол гудамжинд гарч жагсана шүү” гэхчлэн сүрдүүлж явсаар 20 гишүүн хүртэл цуглуулсан. Энэ нь Ерөнхийлөгчийн ҮХНӨ-д оруулах саналтай агаар нэг байгаа тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжиж “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд оногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж найруулж өөрчилсөн байна. Энэ бол МАН-ын даргад ч, Т.Аюурсайханд ч, Ж.Батзанданд ч амаа цангатал ярих популист сэдэв. Дээр нь А.Сүхбат, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав нарын гишүүд гол дүрийг бүтээхээр ихэд хичээсэн.

Ирэх сард Нефть боловсруулах үйлдвэрийн нээлтийг хүчит бөх барилдууланхан сүр дуулиантай хийнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс эхлээд Засгийн газрын гишүүдийн хэн нь ч дээрх шийдвэрүүдээр популизм хийж болно. Нэгэнт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт тааруу, ОУВС-ийн хөтөлбөр гацсан, “хар жагсаалт”-д орох гэж байгаагаа нууж ядан байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчдыг популист шийдвэрээрээр амжилттай үргээсэн, нефтийн үйлдвэр зогссон, авто зам, шинэ төмөр зам, Төв цэвэрлэх байгууламжийг барихаас эхлээд хугацаандаа амжих бүтэлтэй ажил цөөн тул дахин есөн сар иргэд сонгогчдод загнуулж, ташуурдуулж намын нэр хүндийг унагааснаас Ерөнхийлөгчийн засаглалын талаарх санал асуулгыг, УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулж хугацаанаасаа эрт “арилаад өгье” гэсэн төлөвлөгөөг намын удирдлагуудын зүгээс гишүүддээ хүчтэй шахаж эхлэх нь. 

У.Хүрэлсүхийн намаа удирдан залах арга барил ч, Засгийн газраа залуурдах тактик ч урьд хожид харагдаагүй сюрприз ихтэй, “Стандарт бус” байгаагаас хамгийн оргил хэсэг нь одоо л өрнөх бололтой. Өөрөөр хэлбэл хугацаанаас нь өмнө УИХ-ын сонгууль зарлаж ИХ-д олонхийг бүрдүүлж буй намаа, гүйцэтгэл муутай Засгийн газраа задалж нэр цэвэр, “Огцроогүй Засгийн газрын Ерөнхий сайд” болж үлдэхийг магадгүй У.Хүрэлсүхээс өөр хэн ч бодож олохгүй, зориглож хийхгүй. Хамгийн ноцтой нь ЖДҮХС-ийн зээл “ав, ав” гэсэн нь үнэн бол одоо тэднийгээ цэвэрлэгээний бай болгож, үндэсний баатар болж байгаа нь увайгүй заль гэмээр юм уу даа. Энэ тохиолдолд Намын даргын санал болгосон “ЖДҮХС-ийн зээлийг авсан бүхэн буруутаж, тэдгээрээс Б.Батзориг шүүхэд шилжиж, бусад нь зээл авсан гэх шалтгаанаар ирэх сонгуульд нэр дэвших эрхээ алдаж, зөвхөн У.Хүрэлсүх хожих бололтой.

Нэгэн цагт нэг банкийг дампууруулж нөгөө банкийг аврахдаа цэвэр, “бохир” активыг ялгасан шиг У.Хүрэлсүх намаа дампууруулахдаа намын гишүүдээ яг тэгж ялгаж байна. Одоо МАН-ын дарга У.Хүрэлсүхэд таалагдах, бараалхах жагсаал үргэлжилнэ. Мөн эсрэг талд түүний мэхэнд унагсад зүгээр суухгүй нь ойлгомжтой. Үүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга “тавих ёстой” шаардлагаа “топор” хочит У.Хүрэлсүхээр гүйцэлдүүлж ашгаа тэнцүү хуваах үзэгдэл дуусах болоогүй бололтой. Гэхдээ тэдний ашгийн хуваарилалт мөн л 51:49 байх биз ээ.