МАН-ын Бага хурал товоо зарлалаа. Өмнөх хурал 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд болж Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хурлын үеэр “ЖДҮХС-аас зээл авсан асуудал байгаа бол хуулийн байгууллагад шалгуулаарай гэж дүүдээ хэлсэн” гэдэг тайлбарыг өгч байв. Харин энэ хугацаанд түүний дүү У.Давхарбаяр хуулийн байгууллагад шалгуулсан эсэх нь тодорхойгүй. Зээл бол төлсөн юм билээ. Зээлээ төлөхөөс өөрөөр ЖДҮХС-аас зээл авснаа яаж нотлох вэ. Гэхдээ зээлээ төлнө гэдэгг гавьяа биш. Тэгээд ч тийм богино хугацаанд зээлээ төлнө гэдэг “Баригдвал хулгай, баригдахгүй бол боломж” гэсэн үг биз. 

Баримтыг анх УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Бага хурлын өмнөх өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд Төрийн ордонд сэтгүүлчдэд дэлгэсэн. Тэрбээр “2016 оны 12 дугаар сарын 13-нд өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэр дээр "Жаргалант мах импекс" компаниар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөг авсан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг би олж тогтоолоо” гэсэн. Гэтэл У.Давхарбаяр болон дээрх компанийг хамтран эзэмшдэг Чогсомын Батмагнай нарын нэр дээр “Жаргалант трейд” РД 2101122,“Жаргалант трейд групп” ХХК РД 4395344, “Уул уурхайн тээвэр эрхлэгчдийн холбоо” НҮТББ РД 8058886. Энд хувьцаа эзэмшигч У.Давхарбаярын овог “Ухнааа” гэж бичигдсэн байгааг бүртгэлээс харж болно. Мөн “Тэнгэр суудал” РД 4387562,“ТДЛЕД” ХХК РД 4388836 гэсэн компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн боловч тус компанийн Ерөнхий захирал У.Давхарбаяр гэсэн хаягаар УБЦТС” ТӨХК-д 2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр албан бичиг илгээсэн байдаг. Сонирхолтой нь эдгээрээс ЖДҮХС-аас зээл авсан гэгдэх “Жаргалант мах импекс” ХХК-ийг 2019 оны тавдугаар сарын 17-нд буюу зургаа хоногийн өмнө Жаргалын Анхбаяр гэдэг хүний нэр дээр болгож өөрчилжээ. 

Ухнаагийн Отгонбаяр. БХБЯ-нд ТӨБЗГ-ын даргаар нэр хүндтэй үр бүтээлтэй ажиллаж байсан энэ залуу нэг л өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Таамаглал нь хувиараа бизнес эрхлэхээр шийдсэнтэй холбоотой гэж бичигдэж байсан. Харин баримтаас үзэхэд нэлээд эртнээс бизнес эрхэлж байж. Одоогоор түүний нэр дээр “Мичид Эрхэс”, түүний захирал нь “Олон улсын Худалдаа логестик төв” ХХК-ийн захирал Оросбаатарын Мөнгөншагай, “Барчулуут”, “Нью вояж”, “Монголиа майнинг машинери”, “Алтай байдраг констракшн”, захирал нь СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал Очирбатын Гэрэлт-Од, “Хөгжлийн орц”, “Жижиг дунд үйлдвэрийн газар” ХХК бүртгэлтэй байх юм. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь 2009 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулагдсан “Жижиг дунд үйлдвэрийн газар” нэртэй ашгийн төлөө ХХК-ийг ТӨБЗГ-ын даргаар саяхан болтол ажиллаж байсан Цэвээндоржийн Ням-Осортой хамт эзэмшдэг, хоёулаа эн тэнцүү захирлаар бүртгэгджээ.

 Мөн “Хөгжлийн орц” гэгч ашгийн бус компани нь 13 хувь эзэмшигчтэй, тэдний ихэнх нь сэтгүүлч, торойж тодорсон нь МАН-ын дарга, Ерөнхий сайдын дүү У.Отгонбаяр болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан нар “цохиж” явна. Гэхдээ “Хөгжлийн орц” компанийн үйл ажиллагаа явуулах чиглэл нь “хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх, сургалт явуулах, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэж бүртгэгдсэн байгаа юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бас дажгүй бизнес эрхлэгч. Гэхдээ хамгийн сонирхолтой нь 2016 оны зургадугаар сарын 27-нд буюу УИХ-ын сонгуулийн санал хураалтын өмнөхөн татан буулгасан “Ди Ди Ай Ди” компанийн ямар үйл ажиллагаа явуулдаг байсан нь нууцлаг хэвээр. Харин “Агротехнологи шижирт”ХХК РД 5367042, “Тайшир өргөө” РД 5307651 компаниуд нь түүний ах Дашзэвэгийн Амгаланбаатарын нэр дээр байдаг бөгөөд 2017, 2018 онд 2 тэрбум 75 сая төгрөгийн зээл авсаныг хэвлэлүүд мэдээлсэн байдаг. Ахын компани дүүд хамаагүй гэж болох ч хамааралтай этгээд мөнийн дээр хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар нь Д.Амарбаясгалангийн “Соёмбопринтинг” хуулийн этгээдээр бүртгэгдсэн л дээ.

Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн “Ингэт толгой” компанийн “Зуун наст” эмийн үйлдвэр 2017 онд ЖДҮХС-аас 2 тэрбумын зээл авсан гэхчлэн зөвхөн УИХ-ын нэр бүхий гишүүд гэхээсээ Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эргэн тойрныхон“ЖДҮ-чид” болсон байхад ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдлээрээ олж авсан гэх гэмт хэрэгтэй тэмцэнэ, хариуцлага хүлээлгэнэ гэхэд яаж итгэх болж байна аа. 

Энд УИХ-ын нэр бүхий гишүүд болон улс төрийн томилгоогоор төрийн алба хашиж буй ЖДҮХС-аас авсан зээлийг дурьдсангүй. Зөвхөн хариуцлага тооцох учиртай МАН-ын удирдлага буюу “толгой нь бохирдчихоод” байгааг сануулах гэсэн юм. 

Энэ бүхний дараа, ирэх 28-нд болох намын Бага хурал дээр У.Хүрэлсүхийг одоогийн албан тушаалд нь цаашид ажиллуулах талаар итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавьж хэлэлцүүлэх болно гэсэн яриа ч байна. Өмнөх Бага хурал дээр “ЖДҮХС-аас зээл авсан бол хуулийн байгууллагаар шалгуулаарай” гэсэн чинь хоёр дүү нь иргэний бүртгэлд бүртгүүлсэн эцгийнхээ нэрээр “тоглож” өөрчлөөд юу хийгээд явааг хянаж чадахгүй байгаа хүн энэ намыг хянаж чадах уу гэдэгт эргэлзэх нь аргагүй л дээ. Ер нь МАН-ын Бага хурлын гишүүд бол Намын даргаа ч мэдээгүй байхад Хяналтын хорооны дарга нь хоёр гишүүнийг нь хөөж туучихаад, намын бүлгийн хурал дээр гишүүдийн асуултад хариулалгүй хаалга савж гарсан зэрэг олон асуудлыг цэгцлэх, Бага хурлаар хэлэлцэх асуудлаа өөрсдөө олонхоороо шийднэ гэдэг дээр санал нэгтэй байгаа юм байна. 

                                                                                                                                   /Үргэлжлэл бий/