“Хаантан” номын өмнөх үг.

Уншигч таны өмнө,одоогоос 492 жилийн өмнө бичигдсэн бүтээл нээгдэж байна.Та уншаад эхлэнгүүт өнөөгийн манай монголын,мораль нь шалдаа унасан улстөрийн амьдралын дүр зураг,кино мэт нүдний өмнө асгараад л ирнэ.

“Хаантан” бүтээл нь хэвлэгдэн гарсан мөчөөс өдийг хүртэл сайн,муу хэл амыг тасрахгүй дагуулсаар байгаа ном. Энэ номыг уншсан хүн бүр өөрийнхөөрөө утгачилдаг.Зарим нь “улстөрчдийг ад зэтгэр мэт байхад уриалсан”гэж ундууцана,гэтэл нэг хэсэг нь “дарангуйлагчийн аюулыг хүмүүст далдуур сэрэмжлүүлэх” далд зорилготой хэмээн өмөөрнө,тэр бүү хэл “улстөрийг ёс суртахууны асуудлаас тусгаарлан шинжлэх ухаанчаарсудалж харуулсан бүтээл” гэж өөгшүүлэх ч эрдэмтэд цөөнгүй бий.Тийм болохоор,уншигч та ч бас өөрийнхөөрөө утгачлан уншиж таарах биз.

Мадаггүй тэгэж таараа.Угаасаа л бид хэн нэгний номыг уншихдаа өөрийнхөөрөө утгачилж буулгадаг.Постмодернистууд “зохиогч үхсэн” гэж мэдэмхийрээд байдаг учир ийм шүү дээ.

Уншигч та “Монте Кристо гүн” номыг уншсан бол Чезаре Боржиа хэмээх нэртэй тааралдсан буйзаа.Эдмон Дантесийн олсон асар их эрдэнэс бол,Чезаре Боржиод дээрэмдүүлэхээс айсан золгүй ламтны нуусан эрдэнэс.Ингэж А.Дюма уг зохиолдоо бичсэн байдгийг та санах биз. 

“Монте Кристо гүн” бүтээл бол уран зохиол.Харин,Чезаре Боржио нь түүхэн бодит хүн.Ромын пап лам Александр VI-ийн хүү аж.Макиавеллитэй нэг үед амьдарч,түүнтэй учирч явсан үе тэнгийхэн.

Эрх мэдлийн төлөө зүтгэхдээ ахаасаа эхлүүлээд олон хүнийг алсан,төрсөн эцэг,эхээ ч алахаас буцахгүй гэдгээ харуулсан.Өөрийн хайртай дүү бүсгүй үзэсгэлэнт Лукрецийнхээ биеийг нь үнэлэн улстөрд ашигладаг байсан гэлцдэг. Ер нь хүний биеэр амилсан “ад зэтгэр” байсан бололтой,ямартаа ч Ром хотын эхчүүд“Боржиа ирж байна шүү” хэмээн хүүхдүүдээ айлгадаг гэх цуу түүхэнд үлдсэн аж.

Гэтэл Макиавелли,хүн төрөлхтний мөнхийн номын санд том байр суурь эзэлдэг “Хаантан” бүтээлдээ,ад зэтгэр мэт Боржиаг,харин ч хувь заяаны гэнэтийн цохилтоос болоод аз нь дутсан үлгэр жишээч улстөрч хэмээн өргөмжилсөн юм.

Тэр бээр “Гүнгийн (Боржиагийн) үйлдлийг эргэцүүлэн бодоод,түүнийг буруушааж болох ямар нэг юм би олж харахгүй байгаа юм. Түүгээр ч барахгүй тэрээр эрх мэдэл нь бусдын зэвсгээр эсвэл хувь заяаны эрхээр олдсон бүх хүнд үлгэр жишээ байж болох юм гэж бодогдоод байна” гэж номондоо хээв нэг бичсэн байгааг та унших болно. 

Жигшил төрүүлэм Боржиаг ингэтэл зөвтгөн дөвийлгөсөн ном нь бөөн хэл амыг өдий хүртэл дагуулсаар ирснийг гайхалтгүй.Энэ бүтээлийг уншихад танд ч гэсэн,тэдгээр хэл амст хувь оруулах сонирхол өөрийн эрхгүй төрөх бий вий.

Макиавелли бол цаг үеийнхээ л хүн.Тэр цагт:хүнийг бурхан бүтээсэн,бурхан хориглосоор байтал,хүн нүгэлийн алим идэж “нүгэлтэн” байхаар үйлийн үртэй болсон гэх мэтээр номлосон христийн сургаалд европын ямар ч боловсролтой иргэн итгэдэг байв.Макиавелли ч мөн ялгаагүй.

Түүний “Хаантан” бүтээлд “Хүмүүсийг бүхэлд нь авч үзвэл ач мэддэггүй, тогтворгүй, хуурч мэхлэхээс буцдаггүй,аюулаас айдаг,баяжих дуртай байдаг гэж хэлж болно…хүмүүс муухай учраас хэлсэн амандаа хүрдэггүй,тийм учраас чи ч тэдэнтэй тэгж харьцах хэрэгтэй…” гэх зэргээр хүмүүнийг дорд үзсэн байдалтай мөрүүд цөөнгүй таарна.Ерөөсөө л;хүмүүс бол муухай,тэгсэн атлаа гэнэн мунхаг учраас тэднийг манипуляци хийх замаар эрх мэдэлд хүрэх нь зүйтэй хэмээх зөвлөмж “Хаантан” номын үндсэн санаа.“Хүмүүс маш гэнэн цайлган, ойр зуурынхаа хэрэгцээний юманд новширч байдаг болохоор мэхлэгч этгээдэд мангартан хууртах хүн хэзээ ч олдоно” хэмээсэн нь олон хаадад гойд таалагдсаар иржээ.

“Хаантан” бүтээл нь орчин цагийн дарангуйлагчид,мафийн боссууд,популист улстөрчдийн гарын авлага болж үлдсэн.Гэхдээ л,улстөрчдийн булайг илчлэхдээ гаргуун нээлттэй нийгэмд ч мөн нэр дэвшигчид сонгочидтойгоо харьцахдаа тодорхой хэмжээнд макиавеллист байсаар байдгийг миний бие гуч гаруй жил улстөрд зүтгэсэн туршлагаараа мэднэ.

Наад зах нь сонгочдынхоо “ойр зуурынхаа хэрэгцээнд новширч мангартан хууртах”-ыг байнга ашигладаг.Сонгогчид;улстөрчид саналыг нь худалдаж авсан мөнгөө,дараа нь хэдэн зуу мянга дахин нугалан төрийн мөнгөнөөс нь хулгайлж авдагийг мэдсээр байж саналаа зардаг юм.Энэ тухайд Макиавелли алдаагүй үнэн хэлсэн болохыг “Хаантан” номноос та олж харна.

Макиавелли шашны үзэлт нэгэн тул хүмүүний тухайд сайнгүй үзэлтэй байсан.Тухайн үеийн Италийн ард олны мораль гэж авах юмгүй болсон байдал нь энэ үзлийг нь улам дэврээсэн.Тийм болоод л тэр,муу хүмүүсийг муу аргаар удирдах ёстой гэх итгэл үнэмшилтэй,түүнийгээ “Хаантан” бүтээлээрээ илэрхийлсэн бөлгөө.

Ер нь;байгалаасаа хүмүүс муу гарвалтай тул тэднийг хууран мэхлэж,хүчирхийлэн дарангуйлаад ч гэсэн хамаагүй сайн тал руу нь өөрчлөн иргэншүүлж хүний нийгэмийг цогцлоох нь зүйтэй гэсэн утопи үзэл Платоноос эхтэй.Платоны утопи үзэл христийн шашин,коммунизм,фашизм зэрэг зэргээр хувиран эволюцид орсоор өнөөг хүрсэн.

Макиавелли,түүний залгамжлагч Хоббс нар болбоос;нийгэмлэгтээ хурьцал,хувийн өмчийг хориглосон журамтай философичдийн дарангуйлал дор улсыг байгуулах ёстой гэх платонч утопи үзэлтэнүүд байгаагүй.Гэхдээ,Чезари Боржиа шиг ад зэтгэрийн төрөөр ард түмнийг захируулснаар улсыг энх амгалан байлгана хэмээн номлосон хүнийг дорд үзэгсэд буюу нэг төрлийн утопистууд байв.

Одоо цаг үед бид шинжлэх ухааны ачаар,хүнийг бурхан бус,биологийн болон нийгмийн эволюци бүтээдэг болохыг ойлгосон.Эволюци хүнийг,байгаль ба нийгмийн шалгуурт дасан зохицож,үр төлөө хувилан үлдээж байхаар бүтээсэн аж.Тийм болохоор хүмүүн нь:шунал,өглөгийн хооронд;айдас,зүрх зоригийн хооронд;хулхи худалч,шудрага үнэнчийн хооронд; мунхаглал,ухаалагийн хооронд;үзэн ядах,хайрлахын хооронд;худал,үнэний хооронд;эгоизм, альтруизмын хооронд; дарангуйлал,эрх чөлөөний хооронд байнга савлаж байдаг экзистенциалууд(байхын мэдрэмжүүд)-тай бөлгөө!

Орчлон ертөнц биднийг “гэгээнтэн” байхаар,эсхүл “ад зэтгэр” байхаар бүтээгээгүй,үр төлийнхөө төлөө л амьдрахаар бүтээсэн.Ийм атал,санаанаас зохиосон идеалтай утопистууд хүнийг “гэгээн” болгох гэж маш их хүчирхийлсэн,хууран мэхэлсэн билээ.

Макиавелли өнөөдөр амьдарч байсан бол “Хаантан” бүтээлээ илүү их шинжлэх ухааны үндэстэй бичиж магад.Тэр бээр;эрх мэдэл,эд баялаг,алдар нэрийг хүчирхийлэлгүйгээр олж болно,хүмүүн байхын экзистенциалуудаар зөв манипуляци хийх хэрэгтэй,хэдийгээр хүн бүрийн мэдлэгийн хэмжээ харилцан адилгүй хэдий ч; бодьгал,нийгэм,хүн төрөлхтний оршихуйн үндэс нь “Мэдлэг” болсон тул бие биеэ хулхидаж төөрөлдүүлвээс улсын оршихуйн үндэс устах аюулд орно хэмээн сургах асан.Хүмүүн гэгээнтэн болоогүй ч,ад зэтгэр байх шаардлагагүй болсныг тэр андахгүй байх байлаа.

Дэлхийд Путин шиг макиавеллист удирдагч цөөнгүй бий. Сайн харвал,тийм удирдагчтай улсууд “Мэдлэг” хэмээх оршихуйн үндэсээ алдан уруудан доройтох зам руугаа хальтирдаг жамтай.Хачирхалтай нь Путин үүнийг маш сайн мэддэг цөөхөн удирдагчийн нэг байсан юм шүү дээ!

Та бүхний өмнө толилуулан буй “Хаантан” бүтээл бол,нэгэн үе Монгол Улсын гадаад хэргийг хариуцан эрхэлж асан сайд Гомбосүрэн гуайн орчуулгаар монгол хэлнээ буусан хувилбар.

Гомбосүрэн гуайн тухай боловсролтой монгол хүн бүр сайн мэдэх тул миний бие танилцуулга хийх нь илүүц.Түүнтэй “тэмцэж” явсан хүний хувьд би, “Улсаа улс шиг Улс” болгох гэж “шар махаа хатаан” зүтгэсэн төрийн зүтгэлтэн мөнийг хэлж чадна.

Өдгөө цагт Гомбосүрэн гуай нар шиг төрийн харчуул “Улаан номонд” орсон билээ!

Макиавелли “Хаантан” бүтээлийг орчуулан буулгасан гурван ч хувилбар бий санагдана.Миний бие Гомбосүрэн гуайн орчуулгын хувилбарыг илүүд үзнэ.Учир нь номын амьд сүнс,хөг аязыг гарган орчуулахдаа Гомбосүрэн гуай лут байв.Уншигч та өөрөө мэдрэх буйзаа.

Гомбосүрэн гуай “Хаантан” бүтээлийн орчуулгыг арав гаруй жилийн өмнө хийж дуусгасан.Миний буруугаас болоод дөнгөж одоо таны номын ширээн дээр очиж байна.Хэдий тийм ч уг бүтээл маань хоцрогдох гэж үгүй бүтээл.Макиавеллийн “Хаантан” бүтээл мөнхийн сэдэв хөндсөн тул хэзээд моодонд байх бөлгөө!

Жич: НЭПКО компани энэхүү номыг удахгүй хэвлэнэ гаргана.

Э.Бат-Үүл 2024.03.20