ЗХУ-ын колончлолд социализмын материал техникийн баазыг байгуулж ядан сор болсон хөвгүүдээ КГБ-ээр нядлуулахдаа “Ишиг шиг орилолгүй, хурга шиг дуугүй” нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө золиосоор амь амьдралаа зэрэмдэглүүлж, 70-н жил коммунистуудын сүрдүүлэг дор байсаар...

1990 оны цагаан морин жил С.Цогтсайханы “Хонхны дуу”-ны үүрсээнээр сэрж, колончлолын гинжийг тасласан бөлгөө. 

Ийнхүү Монгол үндэстэн өөрийнхөө лайг өөрөө үүрэх, эрсдлийг давж, хариуцлагаа хүлээж, “хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовох” гэж эргэлт буцалтгүй шийдсэн болой. 

Урд өмнө нь байгаагүй эрх чөлөө оллоо. – Одоо яах вэ? 

  • Амьдрах? Эс амьдрах?, Хөгжих? Үл хөгжих? 

Бүх хариуцлагатай нүүр туллаа...

Монгол хүн бүр энэ шалгуурт дасан зохицож үйл явц хөвөрсөөр хоосролыг харьцангуй зүдрэл багатай туулж 30-н жилийн сонирхолтой түүхэн амьдрал ард үлджээ. 

1992 онд шинэ Үндсэн хуулиараа парламентын засаглалтай орон боллоо. Цаашдаа яах вэ? 

- Асар их боломжийг ашиглах, тохиолдох ямарч бэрхшээлийг гэтлэх цоо шинэ нөхцөл нээлттэй болвой. 

Орос ах баяртай! – Одоо хэний ч дэм хэрэггүй...!? 

Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг цогцлоохын тулд хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийн дархлааг яаж бөхлөх вэ? 

  • Малыг малчдад нь, орон сууцыг айлд нь, гадаад паспортыг (гэрэгэ) хувь хүн бүрт, суурь үнэ чөлөөлж, гаалийн татварыг тэглэж, зөв шийдвэрт хүрсэн нь эдийн засгаа өндийлгөсөн МоАХ эвслийн засгийн газрын гавьяа юм. 

Харамсалтай нь 2000 оноос хойш улс төрийн үйл явцад ямар ч сөрөг хүчингүй байх сонголтыг сонгогчид худалдагдах замаар хийж, далимд нь улс төрчид эрх мэдлийн дон тусч, төрийг данхайлгаж хонхны дууны цуурай бүдгэрч, шивээ хиагт, магнаг үсэгтэй туг сэргэн маршлав. 

Миний л мэдэх энэ жилийн сонгуультай нийлээд найман удаагийн Их Хурлын сонгуулиар сонгогчид таримал сонгино үнэртэн нулимсаа асгарууллаа...

Социализм халамжийн төр хоёр нь нэг эмээлийн хоёр дөрөө гэсэн үг. 

Лазагнал, залхуурал, завхайрлын ор дэр нь халамж болой. 

2020 оны сонгуульд 3-н сая, 5-н саяын цалин, үнэгүй орон сууц, зээлийн хүүг нэг хувь хүртэл буулгах, сургууль эмнэлгийг үнэгүй болгох мэт хайр халамж ар араасаа хөвөрлөө. Бас хүний өмчийг дээрэмдэн авч, ард түмэндээ өгнө гэсэн сүрлэг популизмд сонгогчид эзлэгдэхгүй байх л үлдлээ. 

Хэрхэхээ хэн бүхэн өөрсдөө мэдтүгэй!

Эрүүл бус улс төр л улс орныг хүний хөгжилтэй нь сүйрүүлж буйг бэлхнээ харж байгаа байлтай. Халамжийн торонд далайгаас уутлагдсан загас мэт бөөнөөрөө богтлогдохоос хүн бүр зэмзийрхэх хэрэгтэй юм даа. 

Хүний эрхийг дээдлэгч эрх чөлөөт нийгэмд хувь хүн бүхэн өөрийнхөө төлөө, өөрийнхөө бүтээсэн эд баялгаа хүссэнээрээ зарцуулж, аз жаргалаа ундрааж амьдрах бүрэн эрхтэй. 

Гэтэл хүмүүс чиний эд хөрөнгөөс авах эрхтэй, тэдний амьдралыг чи харж хандах нийгмийн хариуцлагатай гэдгийг халамжийн төр чамд тулгана. 

Бусдын төлөө өөрийгөө золиослох ёстой гэдэг үзлийн шавхруу бол ийм төр...

Энэ төр ухаалаг тооцоотой, бүтээлч ур чадварын ундаргыг бөглөчихдөг. Эрх чөлөө нь хариуцлага. Энэ нь хүн сэтгэлгээ чиг зорилгоороо рационал байх нээлттэй аян юм. 

Хүн сайхан бүхнийг харж таашаахын тулд аялалд гардаг. Хэний ч хараанд биш зоргоороо аялсан аялал гоё дурсамж үлдээнэ шүү дээ. Санаа бодол үл нийцэх, сүрхий дэг жаяг ярьсан хүнтэй цуг аялвал там биздээ? Тэгвэл хэт их халамж нь тамын тогоо гэсэн үг. 

Төр халамж, тусламж үзүүлдгээс болоод ядуус ядуу байх дуртай болж, ажил хийх ч хүсэлгүй болно. Санамсаргүй мэт харагдуулах санаатай халамжийн мөрийн хөтөлбөртэй зүүний намууд Монгол хүнийг эзлэн түрэмгийлж, золиослож байгаа шүү! 

Халамж дэмжлэгээр биш, өөрөө өсөх, дэвжих, амьдрах, хараат бус байх бодгал бол хүн болой. 

Боодол мөнгө, халамж амласан, хайр зарласан намууд улс төрчидтэй үгсэн хуйвалдаж, Монгол хүн бүрийн амьдралд заналхийлж байгааг дуулгая. 

Даатгалд хамруулж, хамгаалж байгаа нэрээр халамжийн үйлс болгон залилна. Хувь хүн тэтгэлэг авахдаа өөрөө сонгох эрхийг нь боогдуулж, харилцан тохиролцсон гэрээрхүү юм ч даатгуулагчтай хийхгүй...

Хүний авах тэтгэмжийг дуртай үедээ өөрчилж, үгүй хийх чадал төрийн гарт байгааг мэдэж л баймаар...

Халамжийн төр ядуурлаас гарах гэсэн олон хүний мөрөөдлийг хаачихдаг. Бүтээлч сэтгэлгээтэй, зорилготой, үр дүнтэй, ашигтай ажилладаг хүмүүст садаа болдог шимэгч төр шинээр нээгдэх ажил үйлсийг цөөрүүлж, аяндаа буй болох байсан ажлын байрыг багасгаж, эдийн засгийн өсөлтийг үгүй хийж, эрчимтэй үүсэх байсан бүхий л талын боломжуудыг устгачихдаг.Үүнээс болоод ялангуяа ядуурлаас гарах гэж зүтгэсэн хүмүүс шантарч, халамжийн намагт шигдэнэ. 

Ингээд ихэнх хүн зорилгогүй үлбэгэр, олхиогүй, ирээдүйгүй болдог нь халамжийн уршиг. Энэ уршиг үгээгүй ядуус эвсэн нэгдэж, баялаг бүтээгчдийн бүтээснийг дээрэмдэн, хулгайлах зам руу орж, гэмт хэрэгтэн нэмэгдэх гай руу аваачна. 

Гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал нь “ХАЛАМЖ” гэдэг хойд эцгийн үр хөврөл буюу хоноцын хаягдал гэлтэй. 

Хувь хүний өөрөөрөө бахархах үзэл, өөрийгөө олсон, үнэлсэн, бардам зан өөрийгөө бодсон ариун үйлсийг сайн явдал биш солиорол галзуурал гэж зүхэж, тохуурхдаг нь халамжийн тогтцод шигсэн ярдаглал. 

Хэт халамжийн ослоос үүдэн улс төрчид харалган болсноо мэдэхээ байж, төр данхайж, эрх чөлөө авчиж, хүний эрх сульдаж, хувийн өмчийн баталгаа амьсгаа хураах бий вий!

Амьд байж, амьдарч, хөлжиж, дэвжихэд нь хүмүүст эрх чөлөө л хэрэгтэй. Элдэв халамж, тусламж, зохицуулалт, дэмжлэг хүний хөгжил сэтгэлгээнд нядлуур болно. 

Хязгааргүй эрх мэдэлтэй өөртөө өмчтэй төр бол учиргүй их халамж амлаж, хэмжээгүй авилгадах нь захгүй далайд хөвөх залуургүй хөлөг онгоц...

Хүн халамжлуулан тэжээлгэх унхиагүй, нялзрай, эргүү мунхаглалаас ангид байж, баялгаа бүтээж, зориг эрмэлзлэлээрээ хүсэл тэмүүлэлдээ хүрэх учиртай...

Хүнд хэцүү шалгуурыг дийлж, холыг харж, бүтээн цогцлоож, бүтэлгүйтэж, алдаж, онож, ололтод хүрэх боломж зөвхөн хүмүүнд өөрт нь л бий. 

Эрч хүчээрээ өндийлгөсөн үнэ цэнээ хүн өргөл барьц болгон золих ёсгүй. 

Хүн хэнбугайн ч өмнө бөхийж, ямар ч бэрхшээлийн өмнө сөгдөж үл болно. Цэх бардам, хэний ч хараат бус байх нь хүн байхын утга учир хүний жинхэнэ мөн чанар болой. 

Оюун санаа нь шинэ сэтгэмжээр цэнэглэгдэж, чиглэл зорилго нь ур чадвараар жавхаажиж, өөрийгөө хүндэлсэн үнэлгээ нь бахархал болох чөлөөт үйлдэл нь хүний тусгаар тогтнол юм. Хүмүүст сайн хүн байхыг нь, ядууст амьдрах боломж байгааг нь зааж чиглүүлэхээс гадна ухаан бодлоо тэлж, тооцоотой байж, мөнгө хийж, ашигтай ажиллаж, өөрсдийн хувийн жаргал амжилтаараа бахархах, алдах, онох, эрхийг зөнд нь орхиж халамжаас хагацья. 

Төрийн халамж хүнд нэмэр болохгүй нэрмээс л болно.


2020 оны 4-р сарын 7