Нэгэн цагт Монгол төрийн №2 буюу Улсын Бага хурлын дарга асан Р.Гончигдорж өчигдөр “Үндсэн хуулийн бус сонгуульд би цагаан сонголтоор оролцоно” хэмээн мэдэгджээ. Үүний өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цагаан сонголт”-ын талаар бараг л хичээл заасан. Товчхондоо энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр битүүхэн зэхсэн буюу хэн нэгнийг сойхоор бэлдээд байсан хүмүүс одоогийн гурван нэр дэвшигчийг хармагцаа “цагаан сонголт”-д уриалж эхэлснийг олон нийтийн сүлжээнээс анзаарсан байх. Гэвч ард түмэн тэнэг байхаа больсон, сонгогчдын боловсрол дутмагийг ашиглаж “лидер” гэж өөрийгөө андууртлаа “босоо ялдаг” өдрүүд ард хоцорчээ, ах нар аа!

Сонгогчид өнөөдөр “Би биш бол хэн ч ялах ёсгүй” гэсэн атгаг санаа агуулаад байна шүү дээ” гээд шууд уншиж байна. “Цагаан сонголт хийх нь эрх баригч намын даргыг ялуулж дарангуйллын замыг засахад хамгийн том тус хүргэнэ. Ийм зүйлийг ардчиллын буянд төрийн хойморт олон жил заларсан, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд биеэ бэлдэж байсан “ардчилагчид” уриалж байгаа нь харамсалтай” гэж үзэж байна.

Р.Гончигдоржийн тухайд л гэхэд парламентад таван удаа сонгогдож байсан,1990-1992 онд Монгол Улсын Дэд ерөнхийлөгч гэдэг эрхэм хүндтэй албыг одоогоор ганцаархнаа хашиж үзсэн, хамгийн анхны парламент буюу Улсын Бага хурлыг удирдаж явсан, Ардчиллын түүхэнд ч, Монголын улс төрд ч ховор нандин кадр юм шүү дээ. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хүн бүрт заяадаггүй тэр тохиол одоогоос 20 жилийн өмнө тохиож байв. Тухайн үед МАХН-ын дарангуйллын үнэрийг авсан ардчиллыг гэсэн хүн бүр сайн, мууг нь сайтар мэдэхгүй ч “Р.Гончигдорждоо л саналаа өгнө” гэсээр эрвийх, дэрвийхээрээ зүтгэсээр МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди 58.13 хувь, АН-аас нэр дэвшсэн Р.Гончигдорж 36.53 хувь, ИЗН-аас нэр дэвшсэн Л.Дашням 3.54 хувийн санал авч байв. 

Өмнөх жилд нь буюу УИХ-ын 2000 оны сонгуулиар МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 1, ИЗН-НН 1, Эх орон-МАШСН 1, бие даан нэр дэвшигч 1 суудал тус тус авч МАХН парламентад үнэмлэхүй олонх болчихсон, “алдарт” Намбарын Энхбаяр Засгийн газрыг тэргүүлж, төсвөөс 462.5 сая төгрөг л зарцуулах лимиттэй хүч тэнцвэргүй сонгууль. 

Тэр үеийн талаар нэгэн ахмад улстөрч дурсахдаа “Хангай говиор нь ялгадаггүй, харц баянаар нь эрэмбэлдэггүй, төрийн ноён нуруу, ардчиллын үнэ цэнийг мэддэг хүн парламентыг тэргүүлж байсан тулдаа дөрвөн жилийг барсан даа” хэмээн дурссан байдаг. Тухайн цаг үед УИХ-ын даргаар ажиллаж байсан Л.Энэбиш агсныг хэлсэн нь тэр.  Энэ нь ч сонгуулийн уур амьсгал, хэт ноёрхож ааглахгүй байхад хазаар болж байсан гэдэг. Үүнийг дурсахын учир нь олонхоор хүч түрэх хандлагатай, ялалтын ааг орчихсон ийм цаг үед УИХ-ын дарга хүн эв эеийг тэнцвэржүүлэх, ялангуяа цөөнхөө энэрсэн мэдрэмжтэй байх чухал гэдэг. Тэр хүнд өдрүүдэд хурц ялгарал л байхаас “цагаан сонголт”-ын талаар монголчууд төдийлөн мэддэггүй байсан биз. Хэрэв мэддэг байж гэмээнэ цагаан сонголт хийсэн бол Н.Багабандийн л хувь нэмэгдэхээс Р.Гончигдорж нэр дэвшигчид харин ч хохиролтой байсныг математикийн хүнд, тэр тусмаа төрийн бараг бүх албыг хашсан хүнд сануулбал илүүдэх биз ээ. Тэр үед ямар автоматаар тоолдог хар машин зэрэг хардаж сэрдчихээр гадны оролцоо байсан биш. Чадлаараа дэмжээд л тэр. Тухайн үед цагаан сонголт гэгчийг хийсэн бол өнөөх ядарсан эдийн засгаас нь дахиад хагас тэрбум төгрөг салхинд хийсч, Р.Гончигдоржийн санал ч багасах байсан. 

Харин өнөөдөр бол өөр. Мөнгөөр хахсан сонгууль болдог болсон, гэхдээ сөрөг хүчнийхний хувьд “төсөв муутай” гэдэг нь бараг л сурталчилгаа шахах болжээ. Сонгогчид ардчиллыг дэмжсэндээ саналаа өгөх гэж байгаа болохоос нэр дэвшигч С.Эрдэнийн түүх намтар, имиж таалагдаад дэмжээд байгаа хэрэг биш гэдгийг Ардчилсан намын нэрийн өмнөөс төрийн өндөр албанд тухалсан Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нарын аль аль нь маш сайн мэдэж байгаа. Н.Алтанхуягийн тухайд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхийн тулд Төв талбайд намын нөхөд нь эрүүл мэндээрээ дэнчин тавьж өлсгөлөн зарлаж эсэргүүцсэн, намын тамга тэмдгийн шившигт хэрүүл, Улсын Дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо гэхчлэн төрийн байгууллагуудыг хямраахаараа нэг болсон ч нэр дэвшиж чадсангүй. Үүнд Ардчилсан нам, түүнээс нэр дэвшигчийн буруу огт байхгүй. Тиймээс цагаан сонголтод уриалах нь “Би биш бол чи биш” гэсэн дохиог л өгч байна. Энэ мөчид цагаан сонголт хийх нь “Улс төрийн өс хонзонг улсын төсвөөс санхүүжүүлсэн”, “Сонгогчдын сонгох эрхийг хулгайлсан, хүчгүйдүүлсэн” хэрэг болно.

Сонгуульд хэн нэрээ дэвшүүлэв гэдгээс илүү аль насныхан идэвхтэй оролцох вэ гэдэг чухал.Өнөөдөр сонгогчдын дунд залуусын идэвх хэрхэн сэргэснийг та бүхэн бахархалтайгаар харж байгаа байх. Энэ бол тун үнэ цэнтэй, хүчээр бий болгоход амаргүй хүчин зүйл. Үүнийг хүндэтгэж “толгойг нь эргүүлж, хувийн ашиг сонирхол, атаа хорсолдоо ашиглахгүйгээ сонголтыг нь хийлгэх нь хамгаас чухал билээ. Яаж ч толгой эргүүлсэн өнөөдрийн хувьд “Цагаан сонголт” сонгогч танд бус “өөр” ашиг сонирхолтой хэсэг хүмүүст хүссэн үр дүнг нь авчирч өгнө гэсэн үг. Тиймээс гоё сонгууль болоосой. Үнэ цэнтэй сонголт хийгээрэй гэж уриалъя.