...Орчин үеийн Европт хүмүүстэй зэрэгцэн хар, цагаан шидтэнүүд нууцлагхан амьдарч, хоорондоо үхэх, сэхэхийн аюумшигт тэмцэл явуулсаар иржээ. Хүүхэд наснаасаа өнчрөл, хагацал, бусдад гадуурхагдахын зовлонг ханатал амссан Натан хүүгийн эх нь өөрийгөө эмчилдэг шидтэй цагаан шулам, харин эцэг нь бүх цагаан шулмын зүрхэнд шар ус хуруулсан хамгийн хүчирхэг хар шулам ажээ. Тэрээр 17 нас хүрэхээсээ өмнө эцгээ олж уулзан,гурван шид увидасыг нь өвлөн авахгүй аваас үхэгсдийн орон руу илгээгдэх тавилантай. Зохиолын өрнөл тун сэтгэл хөдлөм...

Өнөө цагийн өсвөр, залуу үеийнхэнд зориулсан уран зохиолын шилдэг охь дээж бол Английн зохиолч Салли Грийний Хар цагаан хэмээх гурамсан роман юм. Харри Поттэр, Өлсгөлөн тоглоом, Луун шивээст охин, Бүрэнхий зэрэг номуудын араас шил даран гарч ирж олон орны уншигчдыг байлдан дагуулж буй онц сонирхолтой, адал явдалт Хар Цагаан цувралын эхний дэвтэр 2016 онд монгол хэлнээ анх удаа хөрвүүлэгдэн танд хүрсэн билээ. Английн зохиолч Салли Грийний энэхүү роман 50 орны хэлнээ орчуулагдаж Гиннесийн нэгэн дээд амжил тогтоожээ. Хар Цагаан романы дараагийн дэвтэр-Хүн Адгуус роман эхний дэвтрээсээ дутахгүй дуулиан дэгдээж, зохиолчийнхоо нэрийг улам алдаршуулсан юм. Тус романд хар, цагаан Шидтэний эрлийз Натаны адал сонин явдал үргэлжилж, тэрээр эцгээсээ өөрөө ч захирч чадахааргүй хүчирхэг шинэ шид увдис өвлөн авах болно. Гэвч түүний араасАнгууч хэмээх эцэж, цуцашгүй хүчирхэг цагаан шидтэнүүд хөөцөлдөж, өөрийнх нь болон эцгийнх нь амь насанд заналхийлэх ажээ. Тэр хэнд ч итгэх аргагүй, алхам тутамд аюул отно... Бичлэгийн сонирхолтой хэлбэр, сэтгэлд хоногшим тод томруун дүрүүд, та бидний амьдран буй одоо цаг хийгээд эртний шидэт үлгэрийн орчин хослосон өвөрмөц ертөнц, зүрх донсолгом тулааны хэсгүүд нь таныг адал явдалт уран зохиолын шинэ төвшинд аваачих болно. Салли Грийн бээр энэхүү гурамсан романдаа сайн, муугийн тэмцлийг бясалган, гэр бүл, нөхөрлөл, итгэлцэл, өш хонзон, үзэн ядалтыг үндсэн өгүүлэгдэхүүнээ болгожээ. Хүн бусдаас сайн, буюу муу гэж хэлэгдэх гол үндэслэл юу вэ? Ер нь сайн эсвэл муу хүн гэж хэлэгдэх нь харьцангуй ойлголт уу? Сайн үйл бүтээгдэхээр “заяагдсан” мэт боловч бодит байдалд баримжаагаа алдаж хөөрхийлөлтэй байдалд орж болох уу?Зохиолч тус романаараа дотоод сэтгэлийн их зөрчилтэй гол баатраараа дамжуулан хүний ёс суртахууны эрхэм нандин чанар, эрх тэгш ёс, эв найрамдал, ах дүүгийн барилдлага, эрх чөлөө, нандин хайр сэтгэлийг алдаршуулан дуулсан нь зохиолыг өсвөр, залуу үеийнхэнд уншихад өгөөжтэй, хүмүүжлийн ач холбогдолтой бүтээл болгосон гэж уран зохиол шүүмжлэгчид үздэг. Өдгөө Холливүүдийн ХХ зуун-Фокс студи Хар Цагаан гурамсан романаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж буй. Тэр кино нь ч Harry Potter, Hunger Games, Twilight зэрэг кинонуудын адилаар үзэгчдийн таалалд нийцэх биз ээ...


Д.ХҮРЭЛХҮҮ