Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийх үеэрээ ийм нэгэн агуулгыг цухас дурдаад өнгөрөв. Бүтэн өгүүлбэрээрээ “ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр” гэж. Араас нь нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт, нэн түрүүнд шалгагдах ёстой хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдгийг зориуд онцлов. Жирийн нэгэн тэмцэгч, жагсагч, хэн нэгэн улстөрч бус бүхэл бүтэн Засгийн газрын гишүүн, тэгэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд нь бүрэн эрхээсээ буугаад жил гаруйн хугацаа өнгөрсөн Ерөнхийлөгч асныг хэвлэлийнхний өмнө нэр цохон буруутгасан нь яав ч зүгээр сонсоод өнгөрөөх зүйл биш. Эсрэгээрээ нүүрсний хулгайтай тэмцэл өрнүүлсэн Засгийн газрын, тэргүүн шугаманд яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гол “Бай” нь Х.Баттулга гэдгийг төвөггүйхэн ойлгохоор.

Гагцхүү хамгийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа Хуулийн сайдын амнаас экс Ерөнхийлөгчийг буруутгасан үг, өгүүлбэр хөвөрсний цаад учиг нь хэд хэдэн шалтгаантай байж мэдэх нь. Нэгдүгээрт, Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн есөн гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэснээс үүдэлтэй. Хоёрдугаарт, нууцаас гаргасан есөн гэрээний хамгийн анхаарал татах хоёр нь Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам. Хоёулаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хамаарах асуудал. Нэг нь салбарын сайд байхдаа нөгөөх нь Төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд хэрэгжүүлсэн төсөл. Онцлог нь хоёулаа “Эрдэнэс Тавантолгой”-д хамаарч буй ч одоогоор нууцаас гаргасан мэдээлэлд багтаагүй байна. Гэдэг нь албан ёсоор ил болоогүй байгаа юм.

Тиймээс л ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад оруулсан дээрх хоёр гэрээг олон нийтэд эцсийн байдлаар гэрэл цохиулах эсэхийг хариултыг Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярт “үлдээж” буйгаа Хуулийн сайд дурдсан хэрэг. Нэг ёсондоо Төрийн болон Албаны нууцын тухай хуулийн 19.1, Төрийн болон Албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 3.5-д зааснаар Засгийн газар шийдвэрээ гаргаж “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүжилттэй есөн гэрээг нууцаас гаргасан ч хоёр нь хараахан ил болоогүй гэсэн үг. Эдгээр нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгад хамгийн хамааралтай хэсэг нь учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тэр дундаа Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяраас шалтгаалах болчихоод буйг Х.Нямбаатар сайд сануулсан байж болно. Үндсэндээ Х.Баттулгыг салбарын сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа авторлож ирсэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд холбогдох санхүүжилтийн гэрээг ил болгох эсэхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр шийдэх нь. ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тэр гэж Хуулийн сайд Х.Нямбаатарын хэлсэн үнэн л юм бол шүү дээ!

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа буюу 2020 оны зургадугаар сарын 23-нд 87 дугаар тоот зарлиг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын дэгийг шинэчлэн тогтоосон түүхтэй. Уг дэгийн дагуу Зөвлөлийн бүтэц, Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгийн чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлж, уялдаа холбоог зохицуулахаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, А.Гансүхийн халааг авсан Ж.Энхбаяр өдгөө Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд гаргасан зарлигаар хэд хэдэн эрх ямбыг эдэлж байна. Үүнд төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, хангамж, нөхцөлөөр хангагдаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хүлээгдэлгүй уулзах дархан эрхтэй болсон юм.

Сануулахад, З.Энхболд өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаас бууж, АН-ын даргын ахлах зөвлөх болсныхоо дараа Тавантолгойг хувьчлах талаарх асуудлыг хөндөж байв. Хариуд нь тухайн үеийн Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаар бүхий зөвлөмжийг нууцаас гаргах саналыг Нарийн бичгийн дарга А.Гансүхэд хүргүүлж байлаа. Уг зөвлөмж нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, түүнийг тойрсон санхүүжилтэд хамаарч байсан юм. Гэвч уг асуудал 2020 оны УИХ-ын сонгуулийн чимээтэй айлсаж, сураг алдарсаар өнөөдөр ийн сэдэрлээ.

Бодит үнэн гэвэл Л.Оюун-Эрдэнэ Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа гаргаж байсан саналаа хоёр жилийн дараа Ерөнхий сайдын хувиар дахин хүргүүллээ. Төдийгөөс өдий хүртэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нэрийн дор нууцалж, хав дарснаас харахад Нарийн бичгийн даргаас шууд хамаарч ирсэн мэт. Тэгэхээр "Эрдэнэ Тавантолгой"-гоос санхүүжилттэй төмөр замын бүтээн байгуулалтад холбогдох гэрээг эцсийн байдлаар ил болгох хүн нь Ж.Энхбаяр гэдэг нь бас нэгэн үнэн болж таарах гээд байна.

UZEG.INFO