Хэдэн жилийн өмнө Нью Йорк хотын НҮБ-ын төв байрны хүндтэй индэр дээр Дөөлөө хүү англиар илтгэл тавьж, даунтай Монгол иргэний эрхийн асуудлыг дэлхийн тавцанд хөндөж байв. Нэг жилийн өмнө яг энэ өдөр буюу Дэлхийн дауны өдөр (Хүний 21 дэх хос хромосом гурвалсан байдаг тул Дэлхий даяар 3 сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгосон түүхтэй) Швейцарийн Женев хотноо байрлах НҮБ дээр уригдан илтгэл тавих хүндтэй боломж надад гарсан.

Муухай өвчин гарч Монголын Дауны Холбооны жил болгоны энэ өдөр хийдэг арга хэмжээг хойшлуулсан ч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран олон нийтэд мэдээлэл өгөх, хандлагыг нь өөрчлөх, соён гэгээрүүлэх зорилгоор хэвлэл мэдээлэл, сошиал медигаар цөөн биш контент бэлтгэн цацаж байна.

НҮБ-ын индэр дээр тавьсан илтгэлээ та бүхэнтэй өнөөдөр дахин хуваалцахыг хүслээ.

Энд зочилж буй эрхэм хүндэт та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье! Та бүхэнд дэлхийн дауны өдрийн мэндийг хүргэж байна. Дэлхийн Дауны өдрөөр Монголын дауны холбооны дуу хоолойг сонсохоор Женев хот дахь НҮБ-ын индэр дээр намайг урьсан Ази, номхон далайн бүсийн дауны холбоо болон БНЭУ-аас Женев дэх НҮБ-ын төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газарт баярлалаа.

АНЭУ-д зохиогдож буй оюуны хөгжлийн ялгаатай найман мянган тамирчин оролцож байгаа Тусгай олимпын зуны наадмаас би шууд ирлээ. Энэ дунд хэдэн зуун даунтай тамирчид байсан. Монгол Улсаас 28 тамирчин ирсний дотор гурван даунтай хүүхэд амжилттай оролцож, усанд сэлэлтээр нэг алт, ширээний теннисээр хоёр мөнгөн медаль хүртсэн. Тэд мөрөөдлөө биелүүлж чадсан. Энэ бол бид эдгээр хүүхдүүдэд тэгш боломжийг нь гаргаж өгч чадвал энгийн хүмүүстэй адилхан амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг баталж байгаа юм.

Нэлээд хэдэн жилийн өмнө хүн төрөлхтөн бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэн ялж чадсан. Удалгүй жендерийн асуудал босч ирсэн. Харин одоо миний бодлоор та бид оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн нийгэм дэх тэгш оролцооны талаар хүчтэй ярилцах цаг нь болжээ. Дэлхий дээр 200 сая гаруй оюуны ялгаатай хүн бий. Ерөнхий статистикаар дунджаар 700 төрөлт тутамд нэг даунтай хүүхэд мэндэлдэг. Үүгээр тооцвол та бидний эргэн тойронд сая сая даунтай иргэд байх ёстой. Гэвч тэд нар хаана байна? Эрүүл мэндийн халамж, үйлчилгээгээ авч чадахгүйн улмаас эрт нас бараад байна уу, эсвэл тэднийг гэрээс нь гаргахгүй тас хориод нийгмээс хүчээр тусгаарлаад байна уу? Тэд яаж амьдарч байна? Ажил хийж байна уу? Ямар ажил хийх боломжтой бол? Эдгээр асуултууд бол Монголын дауны холбооны суурь ажил, зорилгууд юм.

Монголын дауны холбоо 11 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд Монгол Улсын даунтай иргэн бүрийг үнэ цэнэтэй татвар төлөгч болгох эрхэм зорилготой. Энэ зорилгын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлт гэсэн гурван зүйл дээр төвлөрч ажиллахыг эрмэлздэг. Эдгээрээс ажил эрхлэлт хамгийн том сорилт болоод байна. Учир нь даунтай иргэд сургуулиа дүүргэсний дараа очих газар үндсэндээ байдаггүй. Хүүхдүүд насанд хүрэхийн хэрээр аав, ээжүүд нь хөгширч тэтгэвэрт гарна. Өөрөөр хэлбэл, ирэх жилүүдэд зуу зуун даунтай иргэд хүссэн хүсээгүй бие даан амьдрах, өөрөө өөрсдийгээ тэжээн авч явахаас өөр сонголтгүй болно. Монголд эдгээр хүмүүст зориулсан нийгмийн үйлчилгээ байхгүй. Иймээс даунтай хүмүүсийн ажил эрхлэлт цорын ганц шийдэл. Бид даунтай иргэдэд ажлын байрны тэгш бөгөөд шударга боломжийг олгох ёстой. Ингэж байж тэд эдийн засгийн хувьд бусдаас хамааралгүй амьдрах боломжтой билээ.

Бид Монголд анх удаа дауны иргэдэд зориулсан хөдөлмөр сургалтын төв нээж, даунтай иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэж эхэлсэн. Ажил бол тэдний хувьд амьдрал, аз жаргал, эрч хүч, баяр баясгалан гэдгийг улам бүр мэдэрч байна. Ажиллаж байхдаа тэд өдөр бүр шинэ зүйлд суралцан нийгэмшиж, олон найз нөхөдтэй болдог. Үнэндээ тэд цалин авахын төлөө биш бусдаас “Баярлалаа” гэдэг үг сонсож, хүмүүст аз жаргал өгөхийн тулд ажилладаг юм. Энэ талаар бэлдсэн товч видеог би та бүхэнд илтгэлийнхээ төгсгөлд үзүүлье.

Улаанбаатар хот дахь Шангри-Ла зочид буудал бидний хамгийн анхны ажил олгогч болсон. Эцэг эх, багш, нийгэмд манай үйл ажиллагааг багагүй дэмждэг боловч зарим нэг ажил олгогч нарыг соён гэгээрүүлэх хэрэгтэй хэвээр л байгаа. Даунтай хүнээс дөлдөг, эсвэл тэднийг хэт өрөвдөж ялгаварлан гадуурхдаг хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, ажил ба амьдралын баяр баясгаланг даунтай иргэд эдлэх эрхтэй. Энэ бол тэдний эдлэх ёстой хүний суурь эрх.

Би Монголынхоо нэгэн компанийн захиралтай уулзсанаа ер мартдаггүй юм. Тэрбээр хэлэхдээ манай компанийн нэр хүнд сайн, бүтээгдэхүүн, үйлчилгээний брэнд хүчтэй. Иймээс энэ нэр хүндээ даунтай хүмүүстэй нийлүүлэн унагах сонирхолгүй байна гэж билээ. Эндээс би даунтай иргэд асуудал биш харин энгийн гэгддэг та бид өөрсдөө энэ нийгмийнхээ хамгийн том асуудал нь болчихжээ гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр байгаа 200 сая оюуны хөгжлийн ялгаатай иргэд асуудал биш. Харин та, би нийлсэн долоон тэрбум хүн өөрсдөө асуудлын цөм болжээ. Энэ асуудлын шийдэл нь дахиад л та, би, бид юм аа. Нийгмээ өөрчлөхийн тулд, эерэг хандлагыг бий болгохын тулд та бид улам бүр нягтрах, ялангуяа хэвлэл мэдээллийн салбартай хамтран ажиллах замаар олон нийтийг соён гэгээрүүлэх, өөрсдийнхөө “нийгмийн синдром”-ыг эмнэх шаардлагатай байна.

Ази, номхон далайн бүсийн дауны холбоо нь манай бүс нутгийн чухал институци. Монголын дауны холбоонд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, манай гишүүдийг үнэ цэнэтэй татвар төлөгч болоход асар чухал нөлөө үзүүлж буй байгууллага. Зарим хүмүүс татвараас зугтаж байхад манай гишүүд татвар төлмөөр байна, бидэнд боломжийг нь олгооч гэж гуйж байна. Асуудал дүүрэн дэлхий ертөнц, ярвигтай орчин цагийн хүн төрөлхтний аз жаргалын томъёог би даунтай хүний зүрхнээс олж хардаг. Бид даунтай иргэний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч чадвал тэд бидэнд амьдралын утга учрыг мэдрүүлж чаддаг.

Загас усгүйгээр амьдарч чадахгүй. Харин “тэдний” хувьд бид цэнгэг ус нь билээ. Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд дундын ганц л хэл байдаг. Энэ бол хайр. Ихэнх хүмүүс бурханд итгэдэг. Харин миний хувьд хүн төрөлхтний цорын ганц шашин, бурхан бол бусдыг үл ялгаварлан гадуурхах сэтгэлгээ байх ёстой гэж боддог. Бид хэнийг ч үлдээх ёсгүй.

Одоо та бүхнийг Монголын дауны холбооны хөдөлмөр сургалтын төвийн богино видеог үзэхийг урьж байна. Энэхүү контентийг сэтгэл зүрх гарган хийж өгсөн БСП продакшнийн хамт олонд талархаж байна.