“Хэнхэг” хэмээх үгийг бид далан жил сонсож, далан жил хэлж, далан жил бичиж ирлээ. Энэ үг өнгөрсөн 70 жилд монголчуудын ярианд онцгой хэрэглэгдэх болсон нь ямар шалтгаантайг сонирхъё. Яльгүй юмнаас ноцтой учир ургах нь бий. Яльгүйгээс ноцтой юмны сэжим олж чангаах илүү зан хүнд байдаг. Анзаарагдаагүй нуугдмал бунгууны үзүүрээс чимхэх аятайхан ч гэх үү дээ. Танин мэдэхүйн дон биз. Хэнхэг хэмээх үгний үйлдэх хэв нь хэнхэглэх. Хүн өтлөхийн далай туулахдаа янз бүрийн доройтолд унадаг. Зарим нь хурц шаналгаатай, зарим нь зовиур бага гээд ялгаатай нь хувь заяа биз. Настангууд заяаны үхлээ хавагнах бадганатах хоёр гэж үздэг агаад хэнхэглэж үхэхээс маш их айж сэжиглэдэг байв. Зовлонгүй гэнэт үхсэнээс хавагнах бадганатах өвчнөөр эдлэх ёстой ланчгаа эдлээд өнгөрөхийг буянтай хүний номоороо тонилж буй төгсгөл гэдэг монгол үзлээс би айдаг ч биширдэг. Өөрөө мэдэлгүй гэнэт мажийх үйлдсэн гэм буруу, нүглээ шүүж, гэмшиж чадалгүй дуусдаг тул эртний монгол ухаан тийм үхлийг “хөндлөнгийн үхэл” гэж цэрвэж, насны хугацал болсон буурай нар хавагнах бадганатах өвчнөөр оногдсон лайгаа хоног сараар эдэлж өнгөрвөл хорвоог ухаарч нүглээ гүйцэд наминчилж ариуссанаар хойт төрлөө амархан олдог хэмээж байв. Тийм хэмжээнд хүрсэн агуу гэгээрэл бахархмаар авч үнэндээ аймаар. Тэгж шаналж үхэхээс над шиг айна гэдэг боловсроогүй түүхий хүний шинж гэх нь. Хатуу авч агуу яа. Өөр өнцгөөс харвал төөрөгдөл мухар сүсэг ч юм шиг. 

Хуучны хүмүүс хэнхэглэх өвчнөөс “муу ёрын өвчин” гэж их сэжиглэнэ. Хэнхэглэх өвчин гэдэг хүний ходоод гэдэс идсэн хоолоо шимж шингээх чадвараа бүрмөсөн алдаад нэг үгээр ходоод гэдэс хоол ундыг зүгээр л урсгаж өнгөрөөдөг эзэндээ ямар ч ашиггүй гуурсан хоолой болдог аж. Ам цангаж, гэдэс өлсөж тарчлавч уусан идсэн нь эзэндээ ямар ч шим тэжээл өгөхгүй урсаад өтгөн шингэнтэйгээ байнга холилдоно. Үхэж байгаа, өргөж байгаа хоёуланд асар зовлонтой. Хэнхэг тусна гэдэг идэж уугаад цадаж ханадаггүй ямагт хоол унд нэхсээр өлсөж цангаж үхдэг өвчин. Үргэлж идэж ууж гоожуулсаар өлбөрч үхнэ гэдэг гачлантай там.

Одоо би зорьсон яриандаа оръё. Хэнхэглэх өвчний нэр хувьсгалын 70 жилд монголчуудын хүсэл сонирхлоор бус учирсан лай ланчиг цөвүүн цагийн эрхээр шал ондоо утгаар маш эрчимтэй тархжээ. Хэнхэглэх гэдэг үгийг өөрийн нь утгаас ангид өөр утгаар амны уншлага болтол хэрэглэснээс үүдэж, дээр өгүүлсэн хэнхэглэх өвчин заадаг утгыг бараг мартжээ. “Хэнхэглэх” гэхэд урьдын хүмүүс голдуу настай хүнд учирдаг өвчний тухай ярилаа гэж ойлгодог байсан бол сүүлийн 70 жилд “хэнхэглэх” гэвэл албархаг этгээдийн сүржин зан авирын тухай ярилаа гэж ойлгоно. “Хэнхэг хүн” гэвэл ходоод гэдэсний өвчтэй хүн байдаг байж. “Хэнхэг дарга” гэвэл аймаар хувьсгалч дарга байж таарна.

Хэнхэг, хэнхэглэх гэх үгний “шинэ” утгыг хүн бүр мэдэж буй. “Албаны хэнхэг” гэхээр бүр ч сайн ойлгоно. Албаны хэнхэг хүн янз бүр ч ерөнхийдөө албандаа ухаангүй зүтгэдэг хүмүүсийг нэрлэжээ. “Алба” хэмээх амь зуулга нь аминых бус албаных. Албадан хийлгэх гэсэн утгаас угшилтай байх. Цаашлаад дарангуйлах, зарцлах утга руу орно. Ямар ч атугай чиний амин хувийн ашиг сонирхолд нийцэхээсээ нийцэхгүй талдаа, чамд түвэг, гай тарина уу гэхээс тус болохгүй, үүсдэг цэг нь багаас, сумаас, аймгаас, хотоос, бүр Москвагаас нисэн ирдэг даалгавар байв. Дор дороо мөр мөрөө хөөж амар жимэр аж төрж асан монгол хүмүүсийн толгой дээр алба гэдэг айхтар лантуу ХХ зуунд буужээ. Анх зэвүү хүргэсэн хэт хувьсгалчдын хэнээрхлийг, хожим нь бүтэшгүй социализмыг бүтээх гэж яарч адгасан коммунист дарга нарыг ард олон нууцаар “хэнхэг” амьтан гэж үзэн ядах болжээ. Хэнхэглэх нь ходоодны өвчин, хэнээрхэх нь араншингийн өвчин. Хэнхэг хэмээх ходоод гэдэсний өвчний нэрээр хэнээтнүүдийг нэрлэсэн нь сонин. Ингэж настай хүний айдаг өвчин намын хүний гоншин болжээ.

Хэнхгүүд албандаа үнэхээр хайртай, албандаа үнэхээр зүтгэдэг нь үнэн үү? Эсвэл хуурамч жүжиглэл, заль мэх үү? Түс тас хариулах боломжгүй түвэгтэй асуудал агаад жинхэнэ хэнхэг, хуурамч хэнхэг гээд юу ч гэсэн хоёр хуваачихъя. Үнэнч хуурамч хэнхэг нь уг хүнийхээ төрөлх чанараас болох нь мэдээж. Хүн бүрийн онцлог шинжээр нарийн ялгавал олон төрлийн хэнхэгт задрах биз. Харин тэр зүтгээд буй алба нь олон янз уу, эсвэл ерөнхийдөө бидэнд нэг л алба үйлчлээд байж уу гэдгийг мөшгөе. Алба гэдгийг юу гэж ойлгох вэ? Хүн бүр ажил албатай. Ажил алба нь янз бүр бөгөөд янз бүрийн мэргэжил шаардах авч оргилдоо очоод ганцхан нам засгийн бодлогоор программчилсан коммунизм байгуулах хэнээрхэл байв. Малаа олноор өсгөх, уурын зуухаа сайн галлах, тариагаа ургуулах зэрэг нь бүгд коммунизм байгуулах-заавал биелүүлэх алба. Дураа хүрвэл хүссэн хэмжээндээ ажиллаад (залхуугаа хүрвэл ажиллахгүй ч байж болох) тэгсэн атлаа хэрэгцээнийхээ дээд хэмжээгээр тансаглаж болох тийм баян коммунизм хэзээ ч бүтэшгүйг хүн бүр гадарлаж байв. Коммунизм байгуулах гэж хэнхэглэж буй маань ч худал жүжиг гэдгийг цөм мэдэж байлаа. 

Хэнхэг хүмүүст ард түмэн дургүй байсан. Одоо ч дургүй. Хуурамч занд дургүйцах зөв шүү дээ. Империализмыг устгах гэж хэнхэглэсэн инээдэмтэй хүн угтаа очоод коммунизмыг хамгаалсан баатарлаг хэнхэглэгчээр тодорч, итгэгдэхийг хичээсэн зальтай моньд байв. Худлаа хэнхэглэж байж өндөр цалинтай албанд дэвших гэж байгаа нь тэр. Итгэл олж, амиа хоохойлсон тэрхүү увайгүй заль нь амьдрах ядарсан арга мэт авч тэдний дунд эх орончдыг минь “хувьсгалын эсэргүү” гээд буудсан мунхгууд цөөнгүй байсан. Хэнхэг хэмээх аймшигт өвчний нэр хувьсгалын жилүүдэд тэс өөр утга заадаг улс төржсөн үг болсныг хөндлөө. Коммунизм байгуулах синдромоо бид хаяж буй юм чинь коммунизм байгуулах гэж зүтгэсэн хэнхгүүд эдүгээ ямар ч гэсэн номхорсон байх учиртай. 

Ардчилал зах зээлийн хэнхгүүд гэж байна уу? Чөлөөт зах зээл иргэдийг гагцхүү хувийн амьдралаа өөд татах тэмүүлэлд хошууруулж байна. Эх орноо баяжуулж, ард олноо жаргуулах бадрангуй уриа голдуу хуурамч байдаг. Нэг үгээр хувь хүний баяжих хүслийг зах зээл өгдөөдөг аж. Баяжих шуналд донтож, хувийн бизнестээ алд биеэ умартан чармайхыг өөрөө өөртөө хэнхэглэж байна гэж адлаж боломгүй. “Хэнхэглэх” гэдэг хувьсгалч утгатай албан үг хувийн өмчгүй, нийтийн өмчтэй үед дэлгэрчээ. Худлаа жүжиглэж аль болохоор хөлс бага гаргаад нийтийн тогооноос ахиухан халбагадахын тулд монгол хүн хэнхэглэх жүжигт өнгөрсөн зуунд сүрхий суралцав. Хэнхгүүд нийгмийн өмчөөс үүсдэг жоомнууд аж. 

Чөлөөт зах зээлд өөрийнхөө амьдралыг өөд татах гэж чардайхаас ондоон юунд хэнхэглэх билээ. Боссынхоо төлөө хэнхэглээд үзье. Эзэн босс гэгч “хулгайч” чинь үнэхээр хэнхэглэхгүй худал хэнхэглэвэл чамд хууртаж зальдуулахгүй. Тэр чамд хувийнхаа компаний ажлыг оромцоглуулж монжуулаад их цалин өгнө гэдэг гонж. Яагаад гэвэл мөнгө нь түүний аминых юм чинь. Тэгвэл үнэнчээр хэнхэглэж зүтгээд их цалин авъя л даа. Үнэнчээр зүтгэж үр бүтээл гаргавал цаад босс чинь тэртэй тэргүй чамд их цалин өгнө. Тэгэхээр ийм нийгэмд хэнхэглэх жүжиг утгаа алдаж байна. Нийтийн өмчөөс төрсөн хэнхэглэх жүжгийг зах зээл устгаж буй юм биш үү? Үүнд харамсах хүмүүс ч бий дээ. Тэд худал хэнхэглэх авъяасаараа монжиж, дээд зэрэглэлд амьдарсан хувалзнууд юм чинь. 

Гэвч худал хэнхэглэх тоглолт зах зээлд явахаа больсон. Тушаал дэвшиж, цалингаа ахиулахын тулд эзэн боссдоо хамт ажилладаг гэмгүй нөхрөө хилс матъя л даа. Цаад босс нохой чинь, өөрийнхөө компанид ажилладаг хэдэн ажилтнаа хэн нь хэн бэ гэдгийг арван хуруу шигээ андахгүй. За яахав эзэн чинь тэнэг бол нэг удаа амжилт олж болох авч энэ тоглоом осолтой. Эзэн чинь чиний худал матсан хуудууг ялгаж салгаад, чи өөрөө ажлаасаа хөөгдөх аюул тун ойрхон. Хувийн компанид худал хэнхэглэх, социализмын үеийнх шиг ашгаа өгөхгүй бол хэнхгүүд яаж монжиж амьдрах билээ? Хувийн компаниасаа хулгай хийх гээд үзэх үү? Танай эзэн хулгайд юмаа алдвал өөрөө хохирох тул чамайг дор нь барина. Улсын үйлдвэрээс хулгай хийхэд дарга чинь хулгай хийж буй чамайг хурууныхаа салаагаар хараад өнгөрнө. Яагаад гэвэл дарга чинь өөрөө хулгай хийдэг бөгөөд ихэнх тохиолдолд чи түүний хулгай хийж буйг харсан буюу эсвэл сонссон байдаг. Чи социалист нийгэмд хулгай хийж байгаад газар дээрээ чихдүүлбэл даргадаа “Адилхан хулгайч байж чи муу юу гэж хэнхэглээд байгаа юм. Чиний юмыг хулгайлаагүй, улсын юмыг хулгайлж байна. Миний хулгайг гаргавал чиний хулгайг бас адилхан сөхнө” гэхэд цаадахь чинь дуугарч чадахгүй. 

Гэхдээ эдүгээ төрийн алба, төрийн компани гээд худлаа хэнхэглэж байгаад завшиж болох сайхан сайхан орчин ардчилалд үлджээ. Төрийн алба, төрийн компани хувийнх биш юм чинь тэнд хуучин нийгмээрээ жаалж болно гэж мэд. Хуучнаа мөрөөдөгчийн нүдэнд төрийн компани социализм л харагдаж байгаа. “Эрдэнэт”-ийг 100 хувь улсад авч шахаа хийхээр бачимдаж буй Ц.Нямдорж Ш.Раднаасэд нарыг хар. Төрийн өндөр алба, төрийн өмчийн том том компаниудад заль мэхээр хөлжсөн хүчирхэг хулгайчууд төр засгийн толгойд асаад бүлэглэл нь дийлдэхээ больжээ. Худлаа хэнхэглэх социалист овсгоо, олигархи мафийд шилжээд газрын баялаг татвар төлөгчдийн мөнгийг өм цөм тууж эхлэв. Хувийн бус олны нэр төдий эзэнгүй хөрөнгө хаана бөөгнөрөв, хулгай тэнд л үүрлэдэг. Ямар ч нийгэм сүүдэртэй ажээ. Нар мандаж буй цагт сүүдэргүй юм хорвоод яаж байв гэж. Сүүдэртэйгээ уралдаад түрүүлэхгүй, сүүдрээсээ ямар ч залиар бултаж чадахгүй. Үд дунд сүүдэр багасаж, өглөө орой томордог. Аливаа тогтолцооны эхлэл нь трагеди, адаг нь комед гэдэг байх аа.

Маний үед зүрх сэтгэлээсээ зүтгэж асан хөөрхийлөлтэй үнэнч “хэнхэг”-үүд цөөнгүй байсан юм шүү. Яагаад хөөрхийлөөд байна вэ гэвэл байгуулах гэж хэнхэглэн зүтгэсэн коммунизм нь зэрэглээ байсанд тэдний эмгэнэл оршдог. Социалист хөдөлмөрийн баатрууд гэх тэр агуу хөдөлмөрч хүмүүст мөргөх ёстой. Хөөрхий тэднийг мэхлэгч товарищ нарынх нь загалмайлсан эцэг хэн бэ гэвэл коммунизм гэгч чулуу хөөлгөсөн Ленин багш байв. Олон оймс элээсний хувьд харгис хуурамч геополитикийн талаар ухаарснаа хойч үедээ захья гэхээр чи орос ахыг минь мууллаа гээд өширхөх хүн бишгүй гарах юм. Коммунист гүн хордлого нь бүрэн тайлагдаагүйн гэрч энэ мөн. Би орос хүнийг муулдаггүй, улаантны онолыг шүүмжилдэг хүн. Улаан Оросын колончлох алсын хорон санааг ухааралгүй, биелүүлэх гэж хэнхэглэж, ахан дүүсийнхээ цусаар гараа угааж, нулимсаар цалинжсан хэнхгүүдийн нүглийг сануулахад дургүйцэх этгээд байх юм гээч. Дахин ийм эмгэнэлт түүх бүү давтагдаасай. Бүү хуурт. Сохроор бүү хэнхэглэ.

Өөрийнхөө хувийн ашиг орлогыг арвижуулахын төлөө тэмцэх нь хоосон коммунизмын төлөө хэнхэглэж буй жүжиг огт биш агаад мөн хувиа борлуулах гэж чармайгч эдүгээ “хувиа хичээгч” гэж адлагдахаа больжээ. Нийгэм ингэж солигдов. Өөрийнхөө компанийн төлөө ухаангүй зүтгэх “хэнхэглэл” биштэй адил, эзнийхээ өгсөн үүрэг даалгаврыг чанартай сайн биелүүлж өндөр цалин авч баяжих нь “хэнхэглэл” бас биш боллоо. Яагаад гэвэл хувийн компаний эзэн худал хэнхэглэгч нарт илүү мөнгө өгөхгүй. Чанартай брэнд бүтээсэн хүнд л өгнө. Чи өөрийнхөө төлөө зүтгэсний ачаар чанартай брэнд бүтээж сураад, хар аминдаа баян чинээлэг сайхан амьдарвал, энэ чинь чиний эх орондоо өгч буй бэлэг. Иргэн бүр чиний замаар баяжвал нийлээд баян Монголын баян хүн ам болно гээд хүн бүр өөрийнхөө төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө зүтгэ. Унац нь зөвхөн чамд л тусна. Үл бүтэх коммунизм байгуулах гэж хоосон сүржигнэхийг идэж ууж цадахгүй гоожуур болж, өлбөрч үхдэг хэнхэг өвчнөөр хочилсон нь хоржоонтой.

ЗХУ задарлаа. Орос болон Европын ах дүү социалист орнууд коммунист дэглэмээс эгнэгт татгалзаж, Коммунист намаа татан буулгаж хөрөнгийг хураав. Дэлхийн нүдийг орой дээр нь гаргасан энэ туршлагыг үнэнч шавь нь яг даган дуурайх атал гайхалтай нь Хувьсгалт намаа манай хэнхгүүд авч үлдлээ. Яагаад үүн дээр хайрт ахыгаа дуурайлгүй том толгой гаргав? Хэн ингэж зүрхлэв? Хариулт тун энгийн: Олон намын тогтолцоо ба зах зээлд гал ус шиг харш онолтой МАХН-ыг тойрон хүрээлэгч паразит хэнхэг бүлгийн давуу эрх ашиг балрахад тулсан учир тэдэнд ингэхээс өөр гарц олдсонгүй. Тусгай хангамжаар амьдрагч хэнхгүүд ширээнээс ширдэг дээр унавал жирийн иргэд шиг чөлөөт зах зээлд “тэг”-ээс гараагаа эхлэхэд хүрсэн юм. Хоосон хэнхэглэгч бүгд бүтээх чадвар мөхөс тул нэг зураанаас бүх хүнтэй эрх тэгш өрсөлдөхөөс үхэтлээ айв. Биеийн амраар цус сорж амьдарсан хэнхгүүдэд зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бол аюул.

Азаар хэнхгүүдэд мэхлэгдэх масс нийгэмд хангалттай үлджээ. Тэднийгээ ч оллоо. Тэд гэдэг хэн байв? Зах зээлд бие дааж өрсөлдөх шалгуураас хулчийсан, чадваргүй, овсгоогүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй, коммунизмыг сохроор шүтсэн голдуу албан хаагчдын доод дунд давхрага, тэдний гэр бүл үр хүүхэд байсан бөгөөд залжин хэнхгүүд тэдний хуучнаа санагалзан биеэ зовоохгүй амьдрах мөрөөдөлд дөрөөлж, Хувьсгалт намаар бизнес хийсэн нь гялалзсан амжилтад хүрсэн билээ. 2000-гаад оноос зүүдэнд багтахын аргагүй эрх мэдэл мөнгөтэй болсон Хувьсгалт намын зүг залуус баяжихаар, хөгшид өвдөл цөвдөл горьдож ёстой хошуурч билээ. Орос ахаасаа дуурайхгүй юмаа дуурайгаад, дуурайх юмаа дуурайсангүй юу даа.

Гайхмаар нь коммунизмыг таягдан хаясан оросууд марксист-ленинист хувьсгалт намтайгаа үлдсэн том толгойт монгол барлагаа зэмлэсэнгүй. Уг нь юм болгон дээр 70 жил загнаж сүрдүүлж айлгаж ирсэн хатуу харгис багш сан. Бид ч 70 жил даган дуурайсан үнэнч дагалдан явлаа. Орос болъщевикуудын бүтээл МАХН-ыг монголчууд хөндөөгүйг шинэ Орос тоогоогүй. Орос харин юунд эмзэглэв? Бөглүү харанхуй Монголыг барууны хөрөнгө оруулалт, засаглал, менежментээс хол байлгахыг Орос чармайж ирсэн гүрэн. Бид ч болгоомжгүйдээ дайран дээр нь давс үрж Америк, гуравдагч хөрш, энэ тэр хэмээн ангалзаж их хөршийнхөө ясны хардлагыг сэдрээв. Тиймээс Монголыг нөлөөнийхөө бүсэд “нутгийн хорионд” цагдахад улаан оросод ховсдуулсан Намыг нөөцөлсөн байж магад. Яваандаа оросууд манай гуравдагч хөршийн бодлогод улам эмзэглэх нигуртэй. Америк Японтой дипломат харилцаа тогтоох гэж Монгол 20-30 жил ямар зам тууллаа. Барууны кино Москвад гардаг ч Улаанбаатарт хориотой. Монголчууд барууны кино үзэх хэмжээнд хүрээгүй гэнэ. Яаж ийгээд жийнс олж өмсвөл адлагдана. Нутгийн хорио ч гэрийн хорионоос дээргүй дээ.

Ардчилал чөлөөт зах зээлд хорвоогийн жамаар сайн муу холилдож байна. Бид муу руу нь сүрхий халтирлаа. Мууг сурахад түвэггүй сайныг дуурайхад хэцүү аж. Хувийн бизнесийг пости коммунист-хэнхгүүд элдвээр хавчсанаас болж бидний даргад донтох өвчин эртний хаадын зодоон шиг гаарлаа. Сэнтийн төлөөх ухаангүй уралцаанаас гайтаад бид өөдөлсөнгүй. Бидний удмын цусанд, магадгүй ясанд шингэсэн даргад шунах нянгаа томруулагч дуранбайгаар харвал ой гутах сан. Нэг хүний дарангуйллаас ангижраад олбог булаацалдсан “ардчилсан” хаадын хөлд иргэд чирэгдлээ. Сэнтийд хошууралгүй шударга бизнесээр үндэсний хөрөнгөтөн болж баялаг бүтээж буян хураах цаг чинь ирсэн шүү хүүхэд минь. Хууль хүрч үйлчлэхээ больсон ялзарсан сэнтий өөд уралцан тэмцэгч популист хэнхгүүдийг зогсоох хэцүү. Амархан баяжих, айлган сүрдүүлэх, дураар дургих мөрөөдөлтэй, балар эртнээс хаан ширээнд амь тавигчдын удмын дон яс, цус, маханд нь шүглэсэн орчин үеийн түшмэд дээшээ тэмүүлэх нь гарцаагүй. Тэднийг хазаарла! Гол арга нь хаадын ширээнд хууль хүрч үйлчлэх. Хаад хуулиа өчүүхэн төдий зөрчвөл ширээнээс нь ширдэг дээр албадан буулгадаг хүчирхэг хүн амтай болохоос нааш Төр Засаг хэзээ ч цэвэршихгүй. Улс орон хэзээ ч хөгжихгүй. Харин бидэнд хүчирхэг хүн амтай болох гарц бий. Хүчирхэг хүн амтай болсон цагт хөгжих ирээдүй тун ойрхон гэрэлтэж байна. Бүгдээрээ гэгээрцгээ. Гэгээрэх тусам хүчирхэг болно. Мэргэжлээрээ дэлхийд тэргүүлдэг атлаа даруу, журамлаг, хатуу сахилга соёлтой гадныхныг дуурайж гүйц залуусаа. Тэгсэн цагт лусаас заяасан баялгаараа цойлно. Онгон дагшин нутагт бэлчээрлэдэг 70 сая малынхаа эко мах арьс яс үсийг дэлхийн стандартаар боловсруулж панзалбал валют уутална. Химийн бус цэвэр экологийн аюулгүй хүнс, бүтээгдэхүүний эрэлт өссөж буй нь бидэнд бөөн завшаан. Харин монгол хүн биеэ боловсруулж эс чадваас хувхайлах шунал тал талаас зулгааж дуусгана. Эрсдэл мэдрэх сэрэмжээ хурцал. Ганзагачид ардчиллын хараацайнуудыг дийлсэн ч егзөр хэнхгүүдийг барсангүй.

Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн биднийг амдан отож байна. Монгол улсаа “аз”, “эз” хоёрын алинтай нь золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө залуус та нар баярла. Эрин зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Яг одоо бид алдаагүй байна. Хожигдоогүй байна. Бүх юм өнгөрчихөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж олдохгүй гэдгийг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч ядуурснаас алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэй вэ. Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүйг мэд. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцаардана. Хүн амын дийлэнх нэг хүн шиг нэгдсэн чармайлт гаргавал лусын агуу хишгээр баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад үр хүүхэд минь та нар алинаар нь морилох гээд байна? Элэнц хулинцаас цээртэй онгон догшин лус савдгийнхаа ордуудад гар хүрэх осолтой түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай.