ХЭРВЭЭ ХОТЫН ДАРГА БОЛБОЛ

-фельетон-

Манайхан хотын даргаа сонгож томилж чадахгүй байгаа нь дараахь дүгнэлтэд хүргэлээ. Нэгдүгээрт, хэн ч дэвшсэн хотын дарга болж чадахгүй байх магадлал байна. Хоёрдугаарт, хэн ч дэвшсэн хотын дарга болчихож мэдэх найдвар бас байна.

          Ингээд Улаанбаатарчууддаа туслах зорилгоор бие даан судалгаа хийж үзэв. Гол зорилго нь хотын даргыг хурдхан томилоход туслах. Гэтэл маш сонин үр дүн гарав. Иргэд намайг дэмжиж, миний удирдлагаар хөгжихийг мөрөөддөг болж таарав. Гайхсандаа болоод гурван өөр асуултаар гурван өөр газар судалгаа хийтэл ижил үр дүн гарч ирэх юм.

      Эхний ээлжинд ойр дотныхныхоо дунд “ Би хотын дарга болчихвол та нарт л хэрэгтэй биз дээ” гэсэн асуулга явуултал 99 хувь дэмжлээ. ( Би өөрөө “Чи биш, харин би болвол дээр” гэж санал өгч тэнэгтээд 1 хувийн сөрөг саналтай болсон. Энэ математик чинь балиар эд юм билээ)

     Дараа нь ажилтнуудынхаа дунд “Хотын дарга болох хүн хэн бэ? Яагаад намайг гэж бодож байна” гэсэн санал асуулга явуулж жинхнээсээ 100 хувийн дэмжлэг хүлээлээ. (Энэ удаад өөрийгээ “та” гэж нэрлэн санал өгөхөд эхэндээ сонин байсан боловч үр дүн нь гайхалтай болов)

         Сайн юманд садаа мундахгүй гэж үнэн байна. Хотын даргад биеэ хэрхэн бэлдэж байгааг харсан дарга маань атаархаж эхэлсэн дээ. Тэгэнгүүт нь би уухайн тас шүүрч аваад санал асуулгыг нь зохион байгуулж өгөөд, мад тавив шүү дээ. Яасан гэхээр судалгааныхаа асуултыг “ Даргыгаа хотын захиргаа руу яваад өгөөсэй гэжбодож байгаа хүн байгаа юм биш биз” гэж тавиад 99 хувийн саналаар үгүйсгүүлээд үзүүлсэн дээ. (Уг нь 100 хувийн үгүйсгэл байх байтал би бас л тэнэгтээд “тийм” гэж бөглөсөн байсан. Энэ логик чинь ёстой балиар эд юм билээ.) Сониноос, өчигдөр манайхан ажлаараа түүнийг эргэсэн.

          Энэ бүхэнд урамшсандаа болоод танихгүй иргэдийн дунд судалгаа явуулахаар зориглолоо. Зориглосондоо ч болж, “Би хотын дарга болох нь зөв, Тиймээ” гэсэн асуултад бүгдээрээ “тиймээ” хэмээн хариулжээ. Яасан гэхээр, “сугалаатай санал асуулга” явуулсан. Судалгааны асуултад “Тийм” гэж хариулсан хүмүүсийг сугалаанд оролцох эрхээр шагнахаа зарласан. Нийт 10 хүнд тусгай хонжвор ногдоно. Тусгай хонжвор нь “Цагаан сарын ул боов үнэгүй авах” эрхийн төлөө “сугалаанд оролцох эрх” хожих байдлаар зохион байгуулсан. Ингээд цаашаа, ямар нэг сугалаанд оролцох эрх л хожоод байхаас биш юу ч олж долоохгүй байхаар зохицуулсан, мундаг уу? Хотын дарга болбол ч болчихоор хүний ухаан гарч байгаа биз? 

     Хотын иргэдийн гурван бүс болгон хуваагаад санал асуулга явуулж, өөрийгээ бататгасан учраас мөрийн хөтөлбөрөө гаргах хэрэгтэй боллоо.

  Улаанбаатарын иргэд “Замын түгжрэлийг л бууруулаад өгвөл хэнч дарга болсон яахав” гэсэн бодолтой байгаа нь санал асуулгын дундаас харагдлаа.

    Ингээд сууж байтал “Замын түгжрэлийг шийдэх гурван тулгуурт бодлого” шууд л санаанд ороод ирэх жишээний. Ноднин, уржнанхан жолооч нарыг зүүн гар тийш эргэхийг хориглоод буруутав даа. Яагаад буруутсан гэхээр дутуудуулснаас болсон юм. Би бол зүүн ч эргүүлэхгүй, баруун ч эргүүлэхгүй байх байсан. Ер нь чигээрээ яваад л хүрэх газраа очихын оронд эргүүтсэн хонь шиг ийш тийшээ эргэж явдгийг болиулна. 

      Эргүү гэдэг үгийн язгуур нь “эрг” юм шүү. Зарим хонь баруун, эсвэл зүүн гар тийшээ замбараагүй эргэснээсээ эргүүтдэг гэж малын эмч нар хэлдэг юм. Манай зарим нөхөд ч эргүү эргүү юм ярьдаг болсон нь уулзвараар их эргэснээсээ болоод эргүүтснийх бололтой байдаг. Ялангуяа төрийн гурван өндөрлөгийн унаа машиныг баруун зүүн гар луу нь найгүй эргүүлснээс болоод төр засаг маань юу ч болчихов, бодох л хэрэгтэй. Ингээд зөвхөн чигээрээ явна. Хүмүүс зөвхөн чиглэсэн чиглэсэндээ л хүрдэг болно. Зарим нь явсан чигээрээ л яваад өгнө, сайн л биз дээ. Түгжрээ аяндаа байхгүй болно. 

    Хоёр дахь тулгуурт бодлого бол нуль шинжлэх ухаан, хавтгайдаа логик. Бодомж, ойлголт, оюун дүгнэлтээр бялхсан эд. Энэ бол Беретшнайдерийн арга юм. Шинжлэх ухааны арга учраас хариулт өгөхийн өмнө асуултаа гаргадаг. Ингээд “Юу түгжрээд байна”, “Хаана түгжрээд байна”, “хэзээ түгжрээд байна” гэсэн асуулт гарч ирнэ. 

 Мэдээж энд а.Машин түгжрээд байна. б.Зам дээр түгжрээд байна. В. Өдөр түгжрээд байна гэсэн гурван хариулт гарна. Бретшнейдерийн зарчмыг Гиппократын зарчимтай харьцуулж тайлбарлахад амар байдаг гэж Бретшнейдэр өөрөө хэлсэн.Жишээлэхэд, Морь ханиалгаад тэр нь шийдүүштэй асуудал боллоо гэхэд Гиппократынхан бол ханиалгыг эмчлэх гэж оролдоно. Харин Бретшнайдер багш бол ханиалга байгаа учраас ханиалгаад байгаа юм биш, харин уушиг байгаа учраас ханиалгаад байгаа болохыг олж дүгнэдэг. Ингээд морины уушгийг авч хаяснаар асуудлыг уг сурвалжаар нь шийддэг номтой. Иймээс, машиныг устгах замаар түгжрэлийн асуудлыг Гиппократын арга болно.Харин замыг устгана гэвэл яалт ч үгүй Бретшнайдерийн зарчимд тулна

  Харин миний бие машин, зам хоёрыг хамтад нь арилгах саналтай байгаа. Учир нь “машин байгаа учраас зам байгаа”, бас “Зам байгаа учраас машин яваад байгаа” гэдгийг олж харж чадсан. Түүнчлэн түгжрэлд тавьсан "хэзээ" хэмээх асуултын хариуд “өдөр” гэдэг хариулт гарч байгаа нь Улаанбаатарыг “шөнийн горимд шилжүүлэх” замаар хөгжүүлж болох гарц бас байгааг харууллаа л даа.

Сургуулийн хүүхдүүдийг амраах замаар замын ачааллын бууруулж байгаа нь арай дутуудуулсан санагддаг. Дээр нь төрийг бас амрааж болж байна. Хот даргагүй өчнөөн л хонолоо, УИХ хуралдахгүй зөндөөн л гацлаа. Болоод л байгаа биздээ. Иймээс оргил ачааллын үед эднийг хаагаад хаагаад, хөл сийрэхээр нээгээд явсан нь зүгээр байна.

  Яг эндээс уламжлаад утааг шийдэх сэдэл гарч байгаа юм. Замын бөглөрөл жилийн турш, харин утаа өвлийнх учраас ийм хойно эрэмблэгдэж байна. Сургуулийг хаах, хотын захиргаа, төрийн ордныг хаах замаар замын бөглөрлийг багасгаж болж байгаа юм чинь. Утааны улиралд Улаанбаатарыг хаачихаж байя...