Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ:–Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартай холбоотой болон тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйж байна–2021.08.17


Ганц үүгээр л өнгөрөөсөөдэй! Дараагийн эсвэл, дараагийн дараагийн Ерөнхий сайд нь ингэж бүү гонгиноосой!

Гонгинох гэдгийг би доромжилж хэлээгүй, бүр цөхрөлийн үг гэж ойлгож, тэгж нэрлэлээ. Төрийн гурван өндөрлөгөө гонгинуулахаар юм их хийсэн дээ, бидний монголчууд. Ялангуяа гадаад худалдаан дээр. Нийслэлээ лангуугаар бив битүү дүүргэчихээд нэмж авчраад л. Зах зээл, лангуунд дарагдсан хот нь ачааллаа даахгүй.

Гадаад худалдаа, хамтын ажиллагаан дээр ерөөсөө дан билэг танхай авирласан байдаг юм. Өөрөө юу гэж үзнэв, түүнийгээ л гадаад түншдээ тулгачихна. Одоо ч, хойшдоо ч тэгэх байх.

Үндсэн сэдэв. Бид гэж Орос-Хятадын дунд хийгдэх хийн худалдааг нутаг дээгүүрээ өнгөрүүлж, завсраас нь зөв ашиг хүртэх санаатай нэг үндэстэн байнаа. Энэ тухай шинэ Ерөнхийлөгч хоёр хөршийн Төрийн тэргүүнтэй ил шууд ярилцсан. Бүтэх ч байх, бүтэх болтугай!

Бүр сүүлд нь транзит улс болъё гэдгээ ч ярилаа. Хөзрөө дэлгэлээ. Ноён У.Хүрэлсүхийн уриа үгс:–“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна.

Энэ тухай би хариулт өгч дор бичих гээгүй. Хөөрхий бид чадлаараа л хүсэх юм. Буруу юм ер байхгүй. Гэвч биднээс шалтгаалах биш гэдгийг дор цухуйлгана. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллерт үүрэг болгоод жил тойрч байна. Тэр нь “Сила Сибири -2” (“Сибирийн хүч”) гэх төсөл аж. Хайгуул-судалгааны Монголоор дайрах хэсгийн ажил, манай нутгаар өнгөрөх хийн хоолойн трасс, ТЭЗҮ боловсруулах ажлын дүн энэ 2021 ондоо багтаж сайн мэдээ дуулгаасай хэмээн бид хүлээж байгаа.

Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлд Монголыг багтаасан болохоос бидэндзориулж тусад нь нэг том төсөл хийх гэж байгаа юм биш.

Манай нутаг дээгүүр хий дамжуулах хоолой дайран өнгөрөх зохистой чиглэл, түүний урт, диаметр, шахагч станцуудын тоо зэргийг боловсруулна гэсэн үг. Хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоо ч энд бас багтана. 

Урьдчилсан баримжаагаар Монголын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хийн хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлэхээр төлөвлөсөн.

Оросын нутагт тавих хийн хоолойн шугам нь 2000 гаруй километр үргэлжлэх бөгөөд үнэ өртөг, бүтээн байгуулалтын хувьд эцэслэгдээгүйг бид бас бодолцох ёстой.

Ер нь тэр хоолой манай нутгаар ороод ирвэл Орост өөрт нь ашиг өгөх нь мэдээж. Монголын маршрутын давуу талыг орос нөхөд ингэж үздэг аж. 

  1. Xэрэв хийг Бээжин хавийн бүс нутаг хүртэл нийлүүлнэ гэвэл 1000 гаран километр дөт; 
  2. Оросын талдаа хүн ам харьцангуй ихээр суурьшсан нутгаар, мөн Монголын хэсэгт байгалийн элдэв саадгүй тал нутгаар өнгөрөх учраас хямд тусна; 
  3. Оросын нутагт Ямалын орд газраас Томск, Красноярск, Эрхүү зэрэг Сибирийн том хотууд, мөн Монголын нийслэл, төмөр дагуухи хотуудыг нь хийгээр хангах боломж бий болно гэнэ. 

Манайхан болсон хойно бэлэн юм их хүсдэг тул энэ хэдэн тоо баримтыг харчихаад хөнөглөөд давхичихгүй байгаасай. Бид өөрсдөө санаачилга гаргая л даа.

Ноён У.Хүрэлсүх хэлчихлээ. Төв коридор, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох зүүн коридор, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох баруун коридор гээд стратегийн бүтээн байгуулалтыг нэрлэчихсэн.

Энэ гурван коридорыг түшиглээд, холбоод ОХУ-аас БНХАУ руу хийн хоолойг Монголоор дамжуулан гаргах хэд хэдэн хонгил байж болно гэж үзэж байна. Үүнд:

  1. Хий дамжуулах хоолой Оросоос Хятад руу Ковыкта хэмээх ордоос “Сила Сибири” гэх хоолойгоор явна гэж үзвэл, Ковыкта нь нэгэнтээ Эрхүү мужид, Байгаль нуурын баруун эрэгт байдаг гэж тооцвол, Эрхүү, Улаан-Үдээр дайраад Монгол руу орж ирэн Хиагт-Алтанбулагаар дайрч, төмөр зам дагаад байгалийн саадгүй урагшилсаар Замын-Үүдээр урагшаа гараад явчих нэг хувилбар байна. 
  2. Бас нэг чиглэлийг би Монголд хамаатуулах санаатай. Оросоос манай баруун талаар Хятадын Шинжаан руу нэвтрэх хоолойАлтайн өндөр уулсыг чанх араас нь нэвтлэх байгаль газар зүйн бэрхшээлтэй (өмнө нь яригдаж байсан Орос-Хятадын хий нийлүүлэлтийн “Алтай” хувилбар цуцлагдаж буй) байгаа бол Барнаулаас Бийск, тэндээсээ Тува, Тувагаас манай Баян-Өлгийн Цагааннуурын хөндийгөөр оруулаад ирэх боломж буй. Цагааннуураар орж ирээд манай нутгаар ердөө 216 км яваад Шинжаан руу гарчих нэгдүгээр суваг байж болно. Эсвэл Баян-Өлгийгөөс Ховдоор дайруулаад Шинжаан руу гаргах хоёрдугаар хувилбар, эсвэлбаруун гурван аймгаар дамжин “Алтайн хязгаар–Тува–Баян-Өлгий –Ховд–Говь-Алтай–Ганьсу” буюу Говь-Алтайгаар урагшаа гаргах гурав дахь хувилбар. 
  3. “Сила Сибири”-ээс чанх урагш салбарлаад Чита-Эрээнцав-Чойбалсан гээд Хятадын хил хүргэх бас нэг хоолой байж болно. 
  4. Эцсийн нэг хувилбар. Хий шахаж талст болгодог үйлдвэрийг бид Оросоос худалдан авч нутагтаа байрлуулаад шоо дөрвөлжин хий өөрсдөө үйлдвэрлэх. 

Хоёр хөрш хүсвэл эдгээрийг өлхөн бүтээчихнэ. Бид судлан үзээд, угтуулаад хөөцөлдвөл болох юм биш үү?Харин олон санаа бүү оргож босоосой, хэлсэн ярилцсан, тохиролцсоноо бүү мартчихаарай гэдгийг монголчууддаа дахин ятган уриалъя.

Оросоос Хятад руу хий нийлүүлэх нь саатчихгүй нь мэдээж боловч урт настай биш бол (хий нэг л өдөр дуусна!) яах вэ гэдэгт бид өөр хувилбараа бодож боловсруулж байхад бас буруутахгүй. “Сила Сибири” хийн хоолойн нийлүүлэлт хааяа тасалддаг ч гэх шиг, Оросын Сибирьт ундарч байдаг хий дундарсанч гэх шиг. Тэгж тэгж Хятад нь Оросын хийнээс татгалзлаа ч гэх шиг таагүй мэдээлэл мэр сэр сайтуудад гараад ирдэг. Ийм мэдээ олныг уншихгүй л юмсан.

Орос-Хятадын хийн худалдаа тэгсгээд цуцлагдвал яанаа гэх айдас төрүүлэх мэдээ хятад, оросын хэвлэлүүдэд мэр сэр явсаар байна. Оросын шинжээчид цухалдсан байдалтай ярилцлага өгсөн байсан, нэлээд дээхнэ. 

Хятадад байгалийн хийн асар том орд олджээ. Хятадын China National Petroleum Corporation буюу товчилсон нэрээр нь манайхан CNPC гэж андахгүй болсон. Үндэсний нефть-хийн энэ том корпорац Сычуань мужид хийн ордыг нээжээ. Нөөц нь эхний судалгаагаар нэг триллион куб метр (шоо дөрвөлжин метр), нийт 30 триллион гэсэн тооцоо гарчээ. Сычуаний хөндийн яг голд олборлоод эхэлжээ. CNPC-ийх охин компани болох Petro China Southwest Oil & Gasfield Company гэсэн урт нэр дуулдаж байна. Ганц өдөрт “Пэнтань-1” цооногоос 6376 метрийн гүнээс 1.22 сая куб метр хий оргилон гарсан аж. Ингээд олборлосон хийгээрээ 1000 гаруй том дунд үйлдвэр, 20 сая гэрийн аж ахуй, 10 000 орон сууцыг хангана гэсэн мэдээлэл байна. Энэ бол хятадын албан ёсны мэдээ.

Энэ тухайд эхлээд Оросын үндэсний эрчим хүчний фондын дэд дарга Алексей Гривач анхааруулж ярилцлага өгчээ. Хятадууд тэр их оргилсон хийгээ учрыг нь олж байгаа юм байх. Хятадад байгалийн хийн ордны район дөрөв байдаг ба хүнд хийн нөөц нь өөрийн өртөг өндөр боловч хятадууд ажрахгүй олборлоод гаргаад хэрэглээнд өлхөөн нийлүүлчихнэ гэж ярьжээ. Үйл явц тасралтгүй, удаан хугацаанд үргэлжилнэ. Нээх, тооцох, олборлох, түүнийгээ аж үйлдвэрт ашиглах хүртэл дор хаяж 3-5 жил байдаг, энэ хугацаанд бүх дэд бүтцээ байгуулж босгодог. Хятад яг тэр замыг туулна хэмээн шинжээч Оксана Лукичева ярьжээ. 

Гэхдээ Оросоос Хятад руу хий нийлүүлэхэд таатай нэг нөхцөл бол Хятадын хийн нөөц хязгаартай, хэрэглээ нь барагдашгүй, Оросоос нийлүүлэлт зогсоно гэж байхгүй хэмээн оросууд үзэж буй. Стратегийн байр сууринаас үзвэл гэж байгаад ноён Гривач– Юу гэвэл Хятадын байгалийн хийн зах зээл бүрэн цэгцрээгүй, тиймдээ ч оросын хий чухал шаардлагатай, Хятадын эрчим хүчний балансыг барьж байх, дотоодынх нь өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад Орос одоогоор байгалийн хийн гол нийлүүлэгч байх болно гэжээ. 

Доцент Сергей Кукушкины тооцоо байна. Хятадад одоо 149.2 тэрбум куб метр хий олборлож байгаа нь тэдний хэрэглээнд хүрэхгүй, Сычуань мужид нэмж илрүүлэн олборлоод ч энэ асуудал шийдэгдэхгүй, гэхдээ хаа нэгтэйгээс тэр дефицитээ нөхнө, тэр нь оросынх байж таарна хэмээн ярьжээ. Шинжээч Александр Сидоров “Сила Сибири”-г магтсан ярилцлагадаа Хятадад нээгээд олборлоод байгаа нь Оросын байгалийн хийн экспортод нөлөөлөхгүй, ирээдүйн контрактад аюул учрахгүй, харьцуулаад үз, Хятадад одоо илрүүлээд тооцоолоод байгаа ордуудын нөөц нь 1.1 триллион куб метр, тэгвэл “Сила Сибири” гол нөөц баазаа гэж тооцдог Чаяндинскийн ордны нөөц 1.4 трилллион куб метр гэсэн байх юм.

Энэ мэт мэдээллийг анхааралдаа авч, боловсруулж нягтлах болов уу хэмээн мэргэжлийн бус хүн бичиж түгээлээ. Тааллаараа авна уу.