С.Эрдэнэ өнөөдөр хэргийг нь шууд хааж өгсөн тухай үйл явдлыг гаргаж тавьлаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас хаажээ. Хаангуутаа атгаж авах гэж оролджээ. Манай нийгэм иймэрхүү цүл пал мэдээнд учиргүй догдлон баярладаг. Учир нь нэг иймэрхүү юм болоод байдаг гэж бүгдээрээ мэддэг хэрнээ хэзээ ч, хэн ч гаргаж тавьдаггүй, шүүх цагдаагаар нотлогддоггүйд байгаа юм. Тиймээс ч өнөөдрийн хүн бүрийн хайрыг татсан хүн бол С.Эрдэнэ гуай байлаа.

Сунгаа

Ардчилсан нам даргаа сонгох санаатай нэр дэвшигчдээ сунгаад л байна. Улс орноороо л анхаарах асуудал. Улсын хэмжээний намын явдал гэдэг улсын дарга, сайд нарын л явдал гэсэн үг шүү дээ. Мөнхүү ардчилсан гэдэг нэртэйг ч хэлэх үү, анх дарангуйллыг нураасан улсууд байдаг нь ч үнэн тул энэ намд ардчиллын үзэл санааг тээгч туг хиур байдаг. Гэтэл одоо болж байгаа хөл хөсөөнөөс болоод Жавхлан мэт нь “тээр хэлээгүй юу” гэж ам асуухаар байна. Түүний хэлсэн олон үгэн дунд “ардчилал гэдэг чинь ардыг чилээж ал гэсэн үг” гэсэн домогт элий балай үг бий. Ардчилсан намын ганхалттай хамт, “анхнаасаа хэрэггүй байсан юм” гэх үзэл золбирон тэнүүчлэх хөрс хаашдаа бэлэн байж байдаг.

Урхи

Эхлээд “Тувааны тал” нь 3-р сарын 28-нд цахим сонгуулиа хийнэ гээд сунгаа зарласан. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэсэн зар, сэдэл өгөх шторк, рекламууд нь яваад л байна. Тэгж байтал “Эрдэнийн тал”-аас хамтарвал яасан юм бэ? гэсэн санал тавиад эхэлсэн. Гаднаас нь харахад эвээ олох гээд ч байгаа юм шиг. Гэтэл нөгөө тал үүнийг урхи гэж үзэн татгалзсанаар “талууд” хэвээрээ үлдэв.

Нөгөө тал урхийг тойроод явчихангуут Эрдэнэ “өөрийн” сонгуулиа яг нэг өдөр зарлачихав. Намыг, тэнд байгаа хүмүүсийг бид мундаг л гэж боддог. Гэтэл ингээд нэг хэзээ ч хоорондоо таардаггүй арваад насны эгч дүүс шиг яахаас ч буцахгүй, бүр сонгуулиа давхцуулан барин нэгнээ чадаж үзүүлнэ гэж хүмүүс зүүдлээгүй байх.

С.Эрдэнэ бол АН доторх хоорондоо хэзээ ч арилахгүй зангидсан өстнүүдийн дундах нэлээн том тоглогч. Сонгуульд унаснаар “ван”-гийн суудал нь суларсан. Улмаар улстөрийн хариуцлага хүлээж намын даргын суудлаа шилжүүлэн хэргэмээсээ бүрэн чөлөөлөгдөх шиг болсон. Гэвч тэрний дараах үйл явдлууд мань хүнийг дотроос нь хатган хохь ван болон эргэж ирээд “тамгаа буцааж авна” гэхдээ тулав. Тэгээд авав. Нам нь дорхноо л сагсан бөмбөгийн холбоо шиг хоёр салчихлаа. Цагтаа төрийн хоёр багана гэж даналзаж явсны нэг болох энэ нам өнөөдөр өөрөө хоёр “багана" шүү юмтай болчихов. 

Хоёр талын хэрүүл аль хэдийнэ тогооноосоо хальсан. Тогооноосоо гартлаа хагарсан олгой нь бол чухам С.Эрдэнэ. Хэн нэг нь АН-ын тогооноос даваад унахад ихэнхдээ л МАН-ын шалан дээр буучихдаг зүй тогтолтой. 28-наас өмнө хатуу хөл хорио зарлачихвал би лав гайхахгүй байсан. Учир нь Туваан тал нь биеэр, Эрдэнэ тал нь цахимаар санал өгнө. Гэхдээ хөл хорихгүй, учир нь Эрдэнийн талын зорилго ялах огт биш.

Зэрэгцээ сунгаа

Эрдэнэ талаас бас л нийгэмд муугүй нэр хүндтэй хүмүүс нэр дэвшээд ороод ирлээ. Гээд юу билээ гэхийн зуургүй манай улсын томоохон компотнуудын нэг Л.Гүндалай гуай гарч ирээд “Ардчилал Монголд зохихгүй” гээд зогсохгүй нөгөө нэр дэвшигчдээ нэг нэгээр нь шонд өлгөж эхэлсэн. Уг нь тэр “Ард түмний төлөө” гэдэг намын дарга хүн. 

Уг нь намууд жигдхэн хүч чадалтай байвал монголчуудад л ашигтай. Зах зээлийн өрсөлдөөн их байх тусам хэрэглэгч хождог. Ардчилсан нам “том” байвал бидэнд л сайн. Гэтэл манай жижиг намууд сонгуулийг мөнгө гэж харахаас цаашгүй бүлэглэлүүд. Зарим нь зүгээр л ганц хүн. Нэг намын дарга нь өөр намын даргын сонгуульд үзнэ, эсвэл өөр намын ИХ гишүүний туслах болчихно хаха. Уг нь нэртэй төртэй тогтмол үйл ажиллагаа явуулаад байвал юу чадахыг ХҮН нам яруу тодоор харуулж, хийморь цог нь гялалзаж байна даа.

Эрдэнэ гуай нэр дэвшигч нарынхаа дунд нэг ийм эвгүй хүн оруулахгүй бол эвтэйхэн харагдчих гээд байх шиг байгаан. Эвтэйхэн харагдаад зогсохгүй, хоёр тал гар барьчихвал яана. Нэгдэн нийлэх тухай яриа гараад бүр нийлчихвэл яана! 

Эсрэг тэсрэг сонирхолууд

Ерөнхийлөгч сонгууль болох гэж байхад, ялангуяа намаасаа нэр дэвших гэж байгаа хүнд намын нэгдэл ус агаар шиг хэрэгтэй. 

Харин хэзээ ч үл тайлагдах өс зангидсан бүлэгт бол нам нь аль болох дахин ялагдах ёстой. Ялагдлын дараах, сүйрсэн намын доторх эрх мэдлийн дахин хуваарилалтаар нөгөө талаа намаасаа эгнэгт салган хөөнө. Ер нь Ардчилсан нам ингэж үхсэн амьдын хооронд үүлгэртэж явахаар нэг мөр үхэж “авгалдай” болоод ирэх хавар “эрвээхэй” болон нисэн гарч ирэхийг шинэ боломж гэж харагсад ч бас байгаа. Хэрвээ энэндээ тулбал Эрдэнэ ч бас өөрөө “зайлуулагдана”. 

Ер нь Ардчилсан намыг хар цагаан зурагтын үеээс эхлээ л нааш цааш нь болгосон улсууд өнөөдөр ч тэгсээр. Өнөөдөр даргынх нь сонгуульд наяад оны шижигнэсэн сайхан залуус нэр дэвшчихлээ. Одоо л өвөө нараа таягдан хаях цаг уг нь.

Гээд хараад байхнээ, Эрдэнэ гуай “намайг амьд дээр та нар нийлнэ байгаа!” гэчихсэн. Хэрэвзээ цаанаасаа Оюунгэрэл ялаад, наанаасаа Амартүвшин гардым гэхэд эрэгтэй эмэгтэйгээр нь ч болов хувааж хэрэлдүүлсээр сонгууль хүргэж чадахаар харагдаж байна. Эсвэл арай өнгөтэйгээрээ Тулгат ялаад, за яахав таамаг тавиад нөгөө талаасаа Цогтгэрэл гардымаа гэхэд Увс, Халхын хэрүүлийг талын нэг тариад ч болов..., за энэ хэрүүл ч бараг өөрөө гарах шинжийн болоод явчихав уу яав. Манай яруу алдарт монголчууд шүү дээ.

Товчхондоо, Ардчилсан намын “хөгшин залуус”-аа, та нар ах нарынхаа хэрүүлээс сүрдэж, горьдож суусан хэвээрээ байх юм уу? Дарамтыг нь сөрөөд гар барьчихаж чадахгүй юу? гэж асуумаар санагдаад. Эрвээхэй чинь яг баталгаагүй шүү дээ гэх гээд.