Бунхант индэр дээр заларч, хөдөлмөрчдийн баярын жагсаалд гар даллаж байсан удирдагч, Хүндэт харуулын өмнүүр сүрлэг алхалж, Төрийнхөө далбааг мандуулж, Төрийнхөө сүлд дууллыг эгшиглүүлж явсан Төрийн эрхэм түшээ хэдхэн жилийн дараа тээврийн тэрэгний жолоо мушгиж, хээрээр гэр хэцээр дэр хийж явлаа гэвэл одоо цагт итгэх хүн гарах уу даа? Адаг сүүлд нь эрүүлээрээ эрүүлжигдэж, цагдаад зодуулж, тэр зодуур нь үхэлд хүргэсэн гэвэл итгэх хүн бүр ч байхгүй.

“Эр хүний замын хүзүү урт”, “Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг” гэх онч үгсийг чухам зохиолын баатартаа өгмөөр санагддаг. Намтар түүхийг нь судлах тусам хүндэтгэх, хайрлах, өрөвдөх, элэг эмтрэх, бас бахархах, огших сэтгэлийн хөдлөлөө барьж үл чаднам. Алтай нутгийнх нь аугаа их зохиолчийн нэгэн алдарт туужаас эшлээд зохиолынхоо гарчийг авсандаа хүлцэл өчье, бас тэгсэндээ ч буруугүй хэмээн өөрийгөө зөвтгөе.

Тэрхүү туужийн баатар халагдсан офицер замчин Доржийн тамын амьдрал миний алдаршуулж байгаа Аварзэд гуай хоёрын туулсан зам хоёрыг адилтгачихад буруутах юм бараг алга. Тийм ч ураас “Хугараагүй ноён нуруу” хэмээн гарчиглалаа. Нэг нь цайлган сэтгэлээсээ болж өөрөө өөрийгөө тамлаж байгаа түүх, нөгөө нь төр-засаг, энхрий хайрт намаас нь хэргээр тамлаж байгаа түүх.  


Намтар судлалын шинжлэх ухаанд Аварзэд гуай өөрийн гэсэн маш өвөрмөц орон зайг үлдээжээ. Хүний хувь заяа гэж яасан ч хэврэг, эмзэг, бас бул хар чулуу шиг юм бэ хэмээн бичих сэтгэх тусам бодмоор. Энэ олон эрээн цоохор төмрөн энгэртэй, элдэв шагнал алдар цолны эздийн дэргэд Ардын хувьсгалын 40, 50 жилийн ойн хоёрхон медаль ёлтойж харагдана. Ганц ч одон төр нь өгчихөөгүйд эргэж харуусмаар. ГХЯ нь Сайд, Элчин сайд асан энэ эрхэмдээ тэрхүү чухал хүндэт цолнуудаасаа дээдхийг нь тодорхойлоод өгүүлчих санаа сэдэл гарч байгаагүй л юм байх даа хэмээн дипломат албаны нөхөддөө харуусч сууна.

Хэрэв одоогийн Д.Цогтбаатар сайд дипломат албаны түүхэнд нэрээ мөнхлөе гэвэл энэ 2018 оны зун Ардын хувьсгалын 97 жилийн ойгоор Содномын Аварзэд агсанд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” тэр цолыг нь нэхэж олгуулаад (оройтоогүй дээр нь) гэргий Л.Дугармаа гуайд нь Ерөнхийлөгчөөр гардуулуулчихвал өөрөөр ариун үйлс гэж юуг хэлэх билээ? Лав Ерөнхийлөгч Х.Баттулга огтхон ч цааргалахгүйгээр үл барам Асгатын орд бүхий нутаг дэвсгэрийг СССР-т өгүүлчихээгүйнх л төлөө алдаршуулж нийтлэлчийн хувиар нийтлэл бичиж байсныг дашрамд дурдсу. 

Аварзэд гуайн хөдөлмөрийн дэвтрийг сөхөж үзээд харуусах харамсах, бахдаж бахархах яг хосолно. 1960 онд Улсын Прокурорын газраас олгосон 058580 тоот дэвтэр байна. МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийнх нь дугаар юм байна. Эхлээд овог нэрний тухай эргэлзээг тайлъя. Овог нь хоёр өөрөөр бичигдсэн явдал олон тааралдлаа. Өөрийнх нь гараараа бичсэн намтар, хөдөлмөрийн дэвтэрт нь овог нь яах аргагүй “Содномын” гэж байна. Харин албан тушаалын томилгоо нь “Сономын”, АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигт “Сономын”, “Содномын” гэж хоёр өөр овогтой, “Үнэн” сонины хуудсуудад “Сономын” гэсэн байх юм.



Хөдөлмөрийн дэвтэрт бичсэнээр 1922 онд төрсөн, хууль цаазны мэргэжилтэй гэсэн байх юм. Уг нь Москвагийн ОУХДС-ийг (МГИМО) олон улсын эрх зүйч (олон улсын хуульч) мэргэжлээр төгсгөсөн хүнсэн. “Олон улсын” гэх тодотголыг хэрэглэж болохгүй гэж арай дээрээс үүрэгдээгүй байгаа.  

Түүний хань нь одоо үр хүүхэд ач зээ нараа тойруулан суугаа Ламжмаагийн Дугармаа гэж буянтай буурал бий. Нөхрөөсөө 12 насаар дүү, УБДС-ийн (одоогийн МУБИС) монгол хэл-уран зохиолын багшийн 2-р курсын оюутан байхдаа Улсын прокурорын орлогч нөхөртэйгээ ханилан суусан, дараахан нь миний төгсгөсөн нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуульд монгол хэл-уран зохиолын багшаар ажиллаж байсан тухайгаа надад дурсан ярилаа (Төрөлх сургуулийн маань 95 жилийн ой 2018 онд тохиож буй, азай буурал энэ багшдаа ойн баяр хүргэхээ мартаагүй гэдэгт итгэе!)


Тэднийх Алимаа (1956), Цогт (1958), Шихихутаг (1962), Мичидмаа (1965) гэсэн 4 хүүхэдтэй. Алимаа бид хоёр чацуу тэрээр надаас хэд хоногийн дараахан төрсөн. Алимаа, Цогт нартай багадаа тоглож байсан. Тэднийх 1-р 40 мянгатын69-р байр, манайх 63-р байр, хөрш байрных байсных би багынхаа явдлыг санадаг юм. Аварзэд гэж шатахууны цистерний жолооч хижээлдүү ах 40-р цэцэрлэгийн зүүн өмнө 7-р гуанзны архан талд машинаа тавьчихаад гэр рүүгээ орж байсныг мөн ч олон удаа харсан даа. Тэрээр 77-р байранд амьдардаг хувийн тэрэгтэй Сандагдорж гэж ахмад чекист бууралд конистр авчраад дүүргээд ав хэмээн өгөөмөр загнадаг байсныг Сандагдорж гуайн хүү нададхуучилдагсан.


Аварзэд гуай маш өвөрмөц намтар түүхтэй нэгэн. Санаанд үл багтам. Одоо цагт хэн ч итгэхгүй.  Бунхант индэр дээр заларч, хөдөлмөрчдийн баярын жагсаалд гар даллаж байсан  удирдагч, Хүндэт харуулын өмнүүр сүрлэг алхалж, Төрийнхөө далбааг мандуулж, Төрийнхөө сүлд дууллыг эгшиглүүлж явсан төрийн эрхэм түшээ хэдхэн жилийн дараа тээврийн тэрэгний жолоо мушгиж, хээрээр гэр хэцээр дэр хийж явлаа гэвэл одоо цагт итгэх хүн гарах уу даа? Адаг сүүлд нь эрүүлээрээ эрүүлжигдэж, цагдаад зодуулж, тэр зодуур нь үхэлд хүргэсэн гэвэл итгэх хүн бүр ч байхгүй.

Дээд сургуулиа төгсгөөд гуравхан жил ажиллаад С.Аварзэд төр-засгийн өндөрлөгт хүрчихсэн байгаа юм.1952 онд Москвад МГИМО (ОУХДС) 30-тай залуу төгсгөөд 1955 онд 33-тайдаа Ерөнхий сайдын орлогчоор (1956 оны 4 дүгээр сараас Сайд нарын Зөвлөлийн соёл гэгээрэл эрхэлсэн орлогч дарга хэмээн нэрлэх болсон) томилогдсон, 1957 оны 7 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаар намын хамгийн дээд эрх барих байгууллага–Улс төрийн Товчоонд нь орлогч гишүүнээр сонгогдсон, энэ үедээ Гадаад хэргийн сайдыг хавсарсан (мөн 1957 оны хавраас), нэг жил гарангийн дараа 1958 оны зун нь сайдаасаа, өвөл нь Ерөнхий сайдын орлогчийн  албан тушаалаасаа 36-тайдаа гэнэт авахуулаад (бие нь өвчтэй, өвчний учраас чөлөөлөв гэжээ) Унгар улсад Элчин сайдаар томилогдоод хоёр жил орчим ажиллаад элдвээр матуулаад 38-тайдаа эгүүлэн татагдаж ирсэн ба 38 настай идэр залуухан түүнийг тамын амьдралын эргүүлэгт оруулжээ. Албан тушаал ба аз жаргалынх нь оргил үе 33-38 насанд нь яг дайраад (шуураад) өнгөрчээ. 

С.Аварзэдийн тухай намын баримт бичиг сөхөж үзэхэд 1957 онд ГЯЯ-ны сайдыг хавсруулсан тэр оныхоо хавар нь МАХН-ын Төв Хорооны V бүгд хурлаас байгуулагдсан Албан аппаратыг хямдруулан ажлыг нь сайжруулах арга хэмжээ боловсруулах комисс гэдэгт сонгоод хоёр сарын дараа Улс төрийн Товчоонд дэвшүүлэн оруулсан байгаа юм.

Гадаад яамыг толгойлохдоо С.Аварзэд шиг ингэж өндөр оргилд хүрсэн, тэр хэрээрээ шатгүй уруудаж хэлмэгдэж хохирсон сайд өмнө нь ч (1937-1938 оныг эс тооцов), хойно ч тайван цагт  нэг ч төрөөгүй юм. ГЯЯ-ыг Чойбалсан удтал(1930-1931, 1939-1950 он) толгойлж байгаад Н.Лхамсүрэнд албаа (1950-1953 он) шилжүүлсэн, тэрээр Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалтайгаа хавсарсан, дараагийн сайд нар – Б.Жаргалсайхан (1953-1955 он), ГЯЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Равдан (1955-1956 он), Д.Адилбиш (1956-1957 он)  нар тэгж хавсраагүй, харин С.Аварзэдэд хавсруулсан, түүнээс хойшхи 20 сайдын хэн нь ч (М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа ГХЯ-ны тамгыг гардан авч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хавсарсан тушаалтайгаа нэг удаа оролцсон) Шадар сайдаар хавсран томилогдоогүй байгаа нь сонин учрал гэх үү, онцлог үйл явдал гэх үү? 

 

1957 оны 7 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын шийдвэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд шинэлэн байгуулагдсан Цагаатгах ажлыг эрхлэх комисс 1937-1947 онд Дотоод яамны үйл ажиллагаанд гарсан завхралын асуудлыг нарийвчлан шалгаж, 1930-аад онд хилс хэрэгт ял шийтгүүлсэн 294 хүнийг цагаатгаж байх үест тэрээр намын эрх барих дээд байгууллагад дэвшигдэн очсон нь Сталины ялт хэргийг илчилсэн ЗХУКН-ын ХХ их хурлын бүлээн дулаан уур амьсгалын шууд нөлөө тусгал байсан болов уу. Түүнийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгуулсан Төв Хорооны бүгд хурлын 1957.07.06-ны өдрийн протоколоос үзвэл хурлыг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дашийн Дамба удирдан явуулжээ. Эхлээд Б.Ширэндэвийг эрүүл мэндийн шалтгаанаар Зөвлөлт улсад удаан хугацаагаар эмчлүүлэх, тэгэх явцдаа суралцах өргөдөл өгcнийг хэлэлцээд түүнийг Улс төрийн Товчооны жинхэнэ гишүүнээс чөлөөлжээ. Дараа нь ийм асуудал хэлэлцжээ. Үүнд  намын удирдах үүрэг өссөн, намд хамтын удирдлагыг бэхжүүлэх гэдэг үндэслэлээр Улс төрийн Товчооны гишүүн 7 байгааг 8 болгох, үүнд Ц.Дүгэрсүрэнг засралыг олсон тул (жинхэнэ гишүүн байж байх үедээ архи хэтэрхий ууж агсам тавьсан, зөвлөлтийн нөхдийг доромжилсон, Монгол-Зөвлөлтийн найрамдалд хортой яриа гаргасан хэргээр 1956 оны 4 дүгээр сард Төв Хорооны IV бүгд хурлаар нэг шат буулгаж шийтгэсэн байв) орлогч гишүүнээс нь эргэж жинхлүүлэх, Улс төрийн Товчооны орлогч гишүүн Л.Цэндийг жинхлүүлэх, Улс төрийн Товчооны орлогч гишүүн гурав байгааг 5 болгож өргөжүүлэх, үүнд Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Самдан, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга нар С.Аварзэд (соёл), Д.Моломжамц (худалдаа-санхүү), Н.Жагварал (хөдөө аж ахуй) нарын залуу дайчин кадруудыг нэмж сонголоо гэсэн байх юм.

Намын дээд удирдах байгууллагад сонгогдсон Аварзэдээр үг хэлүүлэхэд, тэрээр “Надад их хариуцлага хүлээлгэсэнд их баярлаж байна. Би намын ач гавьяагаар өсч хүмүүжсэний хувьд надад хүлээлгэж байгаа энэ их найдварыг биелүүлэхийн тулд бүх хүчээрээ чармайн ажиллана” гэж хэлж байжээ. Тэрээр Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүнээр хэдхэн сар (9 сар орчим) ажиллажээ. 1957.07.06-нд сонгогдсон нь нэг талаасаа намын дээд удирдлагаас итгэл гэнэт хүлээлгэснийх, нөгөө талаасаа тэр итгэлийг удахгүй хуралдах МАХН-ын XIII их хурлаар батлан харуулах ёстой байжээ. Тэр их хурал нь 1958.03.17-22-нд хуралдаж 23-ндаа Төв Хороогоо сонгож, Төв Хороо нь анхдугаар бүгд хурлаа хийхэд С.Аварзэдийг Улс төрийн Товчоонд эргүүлж сонгоогүй байна.

Гэхдээ л Гадаад хэргийн сайдыг ингэж намын дээд удирдлагад гаргаж ирсэн цорын ганц тохиолдол энэ байж болно. Бүр хожуу 1990 оны хавар сайд Ц.Гомбосүрэнг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн даргаар хэсэгхэн хугацаанд хавсруулсан нь өөр нэг, ганц удаа тохиох онцгой тохиолдол байсан болов уу.  

Энд сонирхуулахад, Аварзэд гуайн хөгшин Л.Дугармаа гуайн хуучилснаас бүр ч сонин түүх дэлгэгддэг. Ханилсан хань нь хадам эцгээсээ Сайд нарын Зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн даргын албыг хүлээн авч байсан байх юм. Олон түмэнд ил болоогүй нэгэн баримт гэж үзэхээр. Хадам эцэг Ламжмаа нь тэр хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, хожуухан Намын шинэ хүчний дээд сургууль дүүргээд ажилдаа түүртээд албаа өгөх хүсэлтэй  байдаг, гэтэл хүргэн нь Улсын Прокурорын газраас дэвшин ирж ажлыг нь авдаг. Хүргэн нь Улсын прокукор нөгөө хатуу чанга, догшин ширүүн Б.Жамбалдоржийн (Чойбалсангийн хэлмэгдүүлэлтийн нэг гэмтэн, тэр үедээ Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны opлoгч гишүүн) нэг орлогч байжээ.

Б.Жамбалдорж руу дипломатч, олон улсын эрх зүйч цэл залуу С.Аварзэдийг яагаад явуулав гэдэг адармаатай асуулт байдаг. Энэ чинь 1953 он. Их багш Сталин нас барсан, түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж БНМАУ-аа СССР-т нэгтгэе гэх санал дэвшигдэн, тэр тухай Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо нь нууц тогтоол төсөлчихсөн, түүнд Монголын говийн малчин түмний үүсгэл санаачилга маягтай эхлүүлээд, адаг сүүлд нь ард түмэн ингэж хүсээд байгаа учраас манай нам ингэж шийдлээ гэсэншүү байдлаар хийхээр тусгажээ. Энэ тухай Москвад Сталины оршуулгад оролцонгоо уг асуудлыг урьдчилан  тавьж, зөвлөлдөх зөвшөөрөл авахаар Ю.Цэдэнбал оролджээ. Хариуд нь Зөвлөлтийн ГЯЯ-ны сайд, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга В.М.Молотов амыг нь таглаад загнаад Цэдэнбалын сүр сүлдийг үхүүлээд бээвийлгээд буцаажээ. Загнуулахдаа барьц алдаж буруугаа Улсын прокурор Б.Жамбалдорж руу бухчихсан байгаа юм. Б.Жамбалдорж нь СССР-т нийлэх тухай удаа дараа ярьж, СССР-т нийлсэн Зөвлөлт Тувад мөчөөрхөж, “Манайх шиг жижиг улс тусгаар байх утгагүй юм байна” хэмээн уйлж дуулж явсан нэгэн байдаг. Тэгэхлээр Аварзэдийг түүний орлогчоор аваачсан явдал тэрхэн үедээ СССР-т нэгдэж нийлэх асуудлыг олон улсын хуульч, эрх зүйчээр зохион байгуулуулах гэсэн Цэдэнбалын далдын холын санаархал байсан байхыг үгүйсгэхгүй.

Үндсэн сэдвийн хүрээнд ярьвал С.Аварзэд нь ГЯЯ-ны сайдыг Сайд нарын Зөвлөлийн орлогчтой хавсарсан, хавсраагүй гэх эргэлзээ байдаг. Энд би залруулга хийе. Сайд нарын Зөвлөлийн соёл гэгээрлийн асуудал эрхэлсэн орлогч даргын үүрэг ажлыг ГЯЯ-ны сайдтай хавсруулан ажиллуулсугай гэсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлын № 180 тогтоол, АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг 1957.06.06-ны өдөр гарч байжээ. Гэр бүлийнх нь хүн хавсарсан гэх, хөдөлмөрийн дэвтэр дээр нь хавсарсан гэж биччихсэн, би тэр үеийн нам-засгийн “Үнэн” сонин шүүж үзээд хавсарч байжээ гэдгийг нь дахин нотлож байна.

Анхаарал татах өөр нэг асуудал байна. 1950-иад онд ГЯЯ-ны сайд яагаад ч юм тогтдоггүй байжээ. МАХН-ын Төв Хорооны 1956 оны 4 дүгээр сарын IV бүгд хурал дээр “Манай Гадаад яам сайдгүйгээр удаж байна”, “Одоогийн байдлаар манай Гадаад яамны хүч бололцоо нь тус орны гадаад харилцааны өргөн шаардлагыг хангаж чадахааргүй сул дорой байна” хэмээн БНХАУ-д суугаа Элчин сайд Б.Очирбат шүүмжилж байсан баримт хурлын тэмдэглэлд байна. Б.Жаргалсайхан өвчний учир 1954 онд чөлөө мэдүүлж байсан ба ажлаа генерал С.Равданд шилжүүлж, тэр нь үүрэг гүйцэтгэгчээр 1956 оны хавар хүртэл бараг бүтэн жил хагас ажиллажээ. 1956 оны хавар гэхэд сайдгүй удаж байна гэсэн тэр шүүмж тавигдаж байсныг бодохул дараагийн сайд Д.Адилбиш яаманд хараахан томилогдож очоогүй байсан бололтой. Д.Адилбиш гэж сайд байсан ч яагаад юм 1956 оны намар сайдын үүрэг гүйцэтгэгч М.Дүгэрсүрэн албан ёсны арга хэмжээнүүдэд оролцож байжээ.  Тэгснээ хэсэг хугацааны дараа Д.Адилбиш нь сайдаараа ажиллажээ.  1957 онд түүний ажлыг Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Аварзэдэд хавсруулжээ. Тэгснээ 1958 онд Сайдын үүрэг гүйцэтгэгчээр Б.Очирбат гэх дээрхи эрхэм давхар томилогдож, дараа нь Сайдын үүрэг гүйцэтгэгч П.Шагдарсүрэн залгасан байх юм. Тэр үед жинхлүүлчихэж яагаад болдоггүй байсан нь оньсого таавар хэвээрээ үлдэнэ. Тэр дундаа бүтэн жил гаран ГЯЯ-ыг удирдсан С.Равданг ГХЯ-ны сайд нарын хөрөг дотор оруулж, ГХЯ-ны төв байр, Дипломат албаны музейд ёс төртэй залах нь зүйтэй мэт санагдах юм.

ГХЯ-наас Дипломат албаны 100 жилийн ойгоор (2011 он) гаргасан “Дипломат албаны нэрт зүтгэлтнүүд” номд С.Аварзэд нь Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаасаа чөлөөлөгдөн ГЯЯ-ны сайд болсон, тэгснээ хавсран ажилласан гэх мэт зөрүүтэй бичээд (зохиогч нь ахмад дипломатч хатагтай Д.Лхамсүрэн) МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын ГЯЯ-ны сайд байсан гэдгийг дурдах нь дурджээ. Хожим миний хянан тохиолдуулсан “Монгол Улсын Гадаад харилцаа” – британника нэвтэрхий тольд (2014 oн) Гадаад харилцааны төв архиваас шүүж ирсэн мэдээлэлд бүр утгагүй зүйл бичигдсэнийг (зохиогч нь ахмад дипломатч хатагтай Д.Лхамсүрэн)гэм нь би хэвлэгдсэн хойно нь олж үзсэн. Тэнд бичсэнээр тэрээр Унгар, Болгарт Элчин сайдаар сууж байгаад эргэж ирээд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүнээр дэвшжээ гэсэн байх юм. Би бүрэн гүйцэт хянаж нягтлаагүйдээ одоо үнэхээр харамсаж байна.

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд Содномын Аварзэд Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд буулт хийлгүй гөжүүдлэн Зөвлөлтийн Элчин сайд В.М.Молотовтой (Цэдэнбалыг 1953 онд загнаад буцааж байсан нөгөө хатаагдсан большевик) халз тулж, ана мана үзэлцэн, олон улсын эрх зүйн үүднээс Молотовын элдэв өнгөлзлөгийг няцааж, түүнээсээ болж буруутжээ. Аварзэдийн няцаагаад байсан нутаг дэвсгэрийн буулт нь хожмоо Л.Цэндийн гарын үсэг зурсан “БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртлэх хэсэгт байгаа Монгол-Зөвлөлтийн хоорондох хилийн тухай гэрээ”-нд тусгагджээ. Уг гэрээг Аварзэдийг дээд албан тушаалд нь байх үед буюу 1958.03.26-нд байгуулсан байна. Гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг шууд алгасуулж, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын даргаар гарын үсэг зуруулсан нь ч эрх зүйн хувьд тайлбар шаардахаар үйл явдал болжээ.   

Аварзэд нь тэр үеэс хойш (ерөөсөө 1990-ээд он хүртэл) Монгол-Зөвлөлтийн найрамдалд сэв суулгагч, эсэргүү хэмээгдэж яваад хожим нь эх оронч болж үнэлэгдсэн билээ. Энэ түүхт хүний тухай нийтлэлч Х.Баттулга (одоогийн Ерөнхийлөгч), Д.Заяабат (“Өнөөдөр” сонины 2018 оны гурван дугаар) нар дэлгэрэнгүй бичсэнээс, мөн надад бүх талаар туслаж түүхийн нэн ховор баримт үзүүлсэн доктор, номын садан Д.Хоролдамба, зохиолч Л.Пүрэвдорж (хошууч генерал) нараас би бүтээлдээ эшлэнэ.   

Үнэндээ би одоо ч гайхдаг юм. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоогоор Аварзэдийг 1958.07.17-нд авч хэлэлцжээ. Тэгээд шийтгэх тухай № 230 тогтоолд нь “Ажил нь дутагдалтай байгаагийн дээр бие нь тааруу” гэж бичсэн нь анхаарал татна. Гучин хэдхэн настай цэл залуу ямар ужиг өвчинтэй болоод тэгснийг бүү мэд? Ажил нь тааруу гэсэн нь Молотовтой халж үзэлцэж зөрснийг нь хэлсэн байх. Тэр тогтоолыг  гаргахад Намын Төв Хороог толгойлж байсан Дашийн Дамба өөрөө гарын үсгээ зураагүй, гишүүдээс Д.Балжинням, орлогч гишүүдээс Д.Моломжамц, Н.Жагварал нар гарын үсгээ зураагүй, С.Балган “үзлээ” гэж бичсэн ба намын нэгдүгээр нарийн бичгийн дарга нь гарын үсэг зураагүй тогтоол хүчин төгөлдөр эрх зүйн акт яг мөн үү гэдэг асуудлыг МАН-ын одоогийн удирдлага (эрхэм дарга У.Хүрэлсүх) авч хэлэлцээд тэр тогтоолыг даруй хүчингүй болговол шударга ёсонд нийцэх нь гарцаагүйгээс гадна МАН-ын өөрийнх нь нэр хүндэд нэмэх оноо авчрах болов уу. 

                                                               

Үргэлжлэл бий. 3/2-нд нийтэлнэ