Энэ гурван холбоо үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 2022 оныг угтах шинэ жилийн үгэн дээрээ тус бүртээ онцолжээ. Харин 2020 оныг үдэж, 2021 оныг угтаж байсан мөчид төрийн гурван өндөрлөг Шударга ёс, Хувьсгал, Ард түмэн гэдэг үгсийг дор бүрнээ онцолж байв. Тэр тухай ЭНДЭЭС дэлгэрүүлж уншаарай.

Хэрвээ би багш байсан бол Ерөнхийлөгчийн илтгэлд дунд, УИХ-ын даргад сайн, Ерөнхий сайдад дунд дүн тавих байлаа.

Ерөнхийлөгчийн үг:

Хэвлэл, сошиалаар хамгийн их явсан хэсэг нь өөрийнх нь хэлсэн үгээр “...ойрын 30 жилд нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлэх орны нэг болох боломж бүрдэнэ” гэдэг агуулга байлаа. Модон жорлон, утаанаасаа салаагүй байж гээд олон хүний эгдүүцэл, бухимдал бас хөх инээдийг нь зэрэг хүргэчих шиг болсон. Шавар, угаадсаар дүүрэн ядуу тосгоны гудамжинд байдгаараа гангалж зогссон хоёр Африк залуугийн зураг миний нүдэнд ч гэсэн харагдсан.

Дараагийн чухал агуулга нь Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх, Монголын ард түмэн хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй тухай байв. Хууль бусаар бусдад алдагдсан улсын үйлдвэрийн газар, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлж авахын төлөө хийсэн тэмцэл бодитой үр дүнд хүрч байгаа гэдгийг зарлаад жишээгээр нь Оюу толгой төслийг дурджээ. Үүнийгээ Монголын ард түмэн, төр, засгийн нэгдмэл байдал, тууштай бодлогын үр дүн гэж онцолсон байна. 

Үүнтэй залгаад Эдийн засгийн аюулгүй байдлын талаар дурдангаа эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлжээ. Гэхдээ тоон үзүүлэлт байхгүй. Эдийн засаг дахь хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ нэмэгдэхээр аюулгүй байдал алдагдах гээд байгаа юм уу, эсвэл төрийн хулгай, авлига, хууль бус үйлдэл “хэрээс хэтрэх”-ээр эдийн засгийн тусгаар тогтнолд аюул нүүрлээд байна уу гэдэг ойлгомжгүй үлдлээ миний хувьд. 

“Монгол Улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах” ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, хүчирхэг Монгол Улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе” гэдэг үгэн дотроо манай улсын иргэн бүр гэхийн оронд төрийн бүх шатны албан хаагчид, улстөрчид, нам, улс төрийн байгууллагын гишүүд гэж хэлсэн сэн бүр хүчтэй болох байсан мэт.

Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар “Үндэсний язгуур эрх ашгийн төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм” хэмээн онцолжээ. Улмаар энэхүү оюун санааны эв нэгдэл, үндэсний үнэт зүйлийн цөм нь 2022 онд 860 жилийн ой нь тохиож буй Эзэн Богд Чингис хаан байх ёстой гэж тунхаглажээ. Нөгөө л нэг National Identity-гаа хайсаар л байгаа нь энэ буюу. Нэг хувилбар нь энэ байж болох ч 21 дүгээр зуунд, удахгүй шинэ эгэл болох мета ертөнцийн иргэдэд 700, 800 жилийн өмнөх түүхийг түрий барьж хэр удаан явах нь том асуултын тэмдэг бөлгөө! Дэлхийгээс ялгарахаас гадна дэлхийн нэг хэсэг байж гэмээнэ бид бусдад тоогдох учиртай. Монгол, монгол гэж цээжээ дэлдэхээс илүүтэйгээр дэлхий, олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутагт оруулж буй Монгол Улсын хувь нэмрийн талаар Ерөнхийлөгч дурдсан бол гэж бодогдож суув. Тухайлбал, энхийг сахиулагчид ба тэрбум мод.

Ерөнхийлөгчийн үгнээс миний хамгийн их хүлээж байсан хоёр зүйл байсан хэдий ч эдгээрийн талаар ганц ч үг ган хийсэнгүй. Тэр нь шударга шүүхийн тогтолцоо, нөгөө хонгил нь байсаар л байгаа эсэх, байхгүй болгох тал дээр төрийн тэргүүний хувиар хийж буй ажил, харин нөгөө нь ОХУ-д хийсэн албан айлчлалын тайлан, бодит үр дүн байв. “2022 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно” гэсэн хэдий ч энэ үгэндээ алдаа дутагдал, түүнийгээ шинэ онд хэрхэн засах тухай хэлсэнгүй нь үнэхээр тиймэрхүү байлаа.

УИХ-ын даргын үг:

Нөгөө хоёртойгоо харьцуулбал өнгөрсөн жилийн адил хамгийн их тоо баримт дурдсан илтгэл болов. УИХ-ын дарга өмнөх жил Хувьсгал гэдэг үгийг онцолж байсан бол энэ жил Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг агуулгыг урдаа барьжээ. 

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын илтгэлүүдийг хамтад нь базаад Халамжаас хөдөлмөрт гэдэг нь нийгмийн хувьсгал, Олборлолтоос боловсруулалтад гэдэг нь эрх зүйн хувьсгал, Импортоос экспортод гэдэг бол эдийн засгийн хувьсгал шүү гэж орчуулж хэлж буй мэт санагдав. Тэр ч утгаараа аль хэдийнэ эхэлсэн эрх зүйн хувьсгал амжилттай өрнөж байна, одоо эдийн засгийн хувьсгалаа Шинэ сэргэлтийн бодлогоор өдөөн эхлүүлж, улмаар халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна гэж онцолжээ. Нэлээд хэдэн жилийн өмнө ярьж эхэлсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо тууштай авч явж буйн илрэл гэж дүгнэж болохоор санагдав.

Эдийн засгийн хөгжлөөрөө Ази тивдээ тэргүүлнэ гэж хэлээд хүүхэд, нохойн доог болоод байсан Ерөнхийлөгчийн тэрхүү мэдэгдлээс дутахгүй ранктай зүйл УИХ-ын дарга хэлсэн ч тэр нь тэгтлээ олны анхаарлыг татаагүй мэт санагдав. Тэр нь “Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа. Иргэдийнхээ эрхийг хангаж чадах эсэх нь ардчилсан ёс, ардчилсан Монгол Улс оршин тогтнох, эсэхтэй эн тэнцүү амин чухал асуудал юм” гэдэг мэдэгдэл байлаа.

Эцэст нь мөн л байгалийн баялгаа Монголчууд бид л мэдэж, удирдана гэдэг нөгөө агуулга давтагджээ. Гэхдээ боломжтой бүхнээ өөрсдөө үйлдвэрлэснээр эдийн засгийн тусгаар тогтнолд хүрч чадна гэдэг агуулгыг нь ойлгосонгүй. Юу ч хамаагүй чадаж л байвал үйлдвэрлэх нэг хэрэг, гэвч үйлдвэрлэснээ зарж борлуулах нь түүнээс шал өмнөө бизнес гэдгийг хэдүүлээ өдийд ойлгочихсон сууж байх ёстой буй заа. Түүнчлэн “...ийм баян тансаг орны иргэд бусдаас дор амьдарч болохгүй” гэдэг өгүүлбэр бүрэн утга заахгүй төдийгүй нөгөө яриад байсан Халамжаас хөдөлмөрт гэдэг логикийн эсрэг туугаад явчих шиг санагдаад, гоё эхэлсэн илтгэл нь ююююююю гээд дуусчих шиг боллоо миний хувьд. 

Ерөнхий сайдын үг:

Саяхан зарласан Шинэ сэргэлтийн бодлогоос илүүтэйгээр Ерөнхий сайдын 2021 оны легаси яах аргагүй бүх нийтийг вакцинжуулах үйлс байсан болов уу. Гэхдээс вакцин дээрээ аль улс, ямар олон улсын байгууллагууд спонсор болон бусад байдлаар тусалсан гэдгийг дурдаад, тэд нарт хандаад Баярлалаа гээд хэлсэн бол бүр күүл болох байлаа.

Нөгөө хоёр нь Ази тивд гээд нэг нь амлалт өгч, нөгөө нь үр дүнгээ мэдэгдсэн бол залуу Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг 2 дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна” гээд бас нэлээд том амлалтыг ард түмэндээ өгөв. 

Хаа очиж нөгөө хоёр шигээ уул уурхайн салбар руу “шууд дайрсангүй”. Гэхдээ Оюу толгойн хэлэлцээр анхных шигээ ТЭГ гараан дээрээ ирсэн гэдгийг онцолжээ. Түүнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийн хамтдаа даван туулах ёстой, үүнд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч бүрийн хувь нэмэр чухал, идэвхтэй ажиллаж, оролц гэж уриалсан хэдий ч тодорхой шийдэл санал болгож, илэрхий үйлдэл рүү түлхэж, хувийн хэвшлийг бодитой сорилтод дуудаж чадаагүйгээр илтгэлээ дуусгасан нь “байдаг л нэг даргын илтгэл”-ийн хоосон төгсгөл шиг санагдав.

Дүгнэлт:

Өнгөрсөн жилтэй яг адилхан төрийн гурван өндөрлөгийг нэгтгэж буй зүйл нь яах аргагүй уул уурхайн салбар, түүнд баримтлах бодлого нь байна. Үүнийгээ ч Ерөнхий сайд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх болно” гэж тодоос тод мэдэгдэв. 

Гурван эрхмийн илтгэл дээр давхардсан агуулгууд нь цар тахлын улмаас хатуу үнэнтэй нүүр туллаа, энэ бодит сорилтыг давахын тулд эв нэгдэл, хамтын ажиллагаа, зориг тэвчээр хэрэгтэй байна. Үүний үр дүнд эдийн засгаа сэргээж чадна гэж удаа дараа дурдагджээ. Үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн намын хувьд ийм цаг үед ард түмнээс “эв нэгдэл” хүсэх нь нэг бодлын утгагүй мэт. Бүх шатны шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй улс төрийн хүчний хувьд ард түмнээс хамтын ажиллагаа хүсэх нь ойлгомжгүй юм. Хаа хаанаа олонхи болсон багийн хувьд сонгогчдоосоо зориг тэвчээр асуух нь утгагүй биз ээ.

Дотроо хоосон эморч, өөрсдийгөө хамгийн муутайгаа харьцуулан хуурч, байшингаа цэвэрлэх нэрийдлээр биесээ вакуумд оруулалгүйгээр аль болох дэлхийн хөгжил дэвшил рүү тэмүүлж, олон улстай өөрсдийгөө харьцуулж, дэлхийн хамтын нийгэмлэгт бодит хувь нэмэр оруулж, тэр хэрээр хариуцлага хүлээж байж эдийн засгийн тусгаар тогтнолоо бөмбөрцөг дээр утгаар нь батжуулах буй заа. 

Манай гурав “Эв нэгдэл” гэж бүгд дурдаж, онцолж буй хэдий ч юугаар, яаж энэ эв нэгдэл гэдэг зүйлийг бүрдүүлэх юм, тэр бүрдэлд орох “юмнууд” нь юу юм гэдгийг хэн нь ч олигтой хэлсэнгүй. Ерөнхийлөгч Чингис хаан байх ёстой гэсэн бол нөгөө хоёрын хувьд Ковид гэдэг айдсыг хэлээд байх шиг байна. Энэ бол дундуур дүүрэн гаргалгаа шүү. Гадаадад яаж ялгарах (National Identity) тухай ярихаас илүүтэйгээр яг энэ цаг мөчид уриа тунхаг, лоозонгийн шинж чанартай биш харин нийтээр хүлээн зөвшөөрсөн “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” буюу National Shared Value гэдэг юмаа уг нь раманд хийгээд зангидчих юмсан даа хэдүүлээ. 

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч мөнх тэнгэрийн хүч, УИХ-ын дарга эцэг дээдсийн ариун сүнс, харин Ерөнхий сайд Бурхан Халдундаа залбираад үгээ дуусгаж байсан бол энэ жил ганцхан Ерөнхийлөгч л Мөнх хөх тэнгэрээ дурдлаа. Манай нөгөө хоёрын эмо нь буурч, илүү рационал тал руугаа хэлбийж буй юм уу даа...

“Бусдын асуудлыг харж сурахаас нааш таныг хэн ч тоохгүй” гэж нэг айхтар үг байдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үг:Манай гуравтай тун адилхан улсаараа эв нэгдэлтэй байх учиртай гэдгийг хэд хэдэн удаа дурджээ. Улмаар барууны ертөнцтэй хийж буй тэмцэл, тэд дундаа үндэсний аюулгүй байдлынхаа тухай онцолж үгээ хэлжээ. Дахиад л манайхтай тун төстэй буюу эдийн засаг (эдийн засгаа сэргээж, стратегийн хөгжлийн зорилтуудаа тодорхойлох) ба нийгмийн хувьсгалыг (иргэдийнхээ эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх тухай) эрчимжүүлэх тухай агуулга байгаа нь сонирхолтой хэдий ч 1999 оноос хойш Кремлийг удирдаж буй хүний өнцгөөс нь харвал багахан хоржоонтой санагдав. Том, жижиг гүрэн гэлтгүй асуудал бол асуудал л байдаг ажээ. Путин ерөнхийлөгчийн илтгэлд тоо баримт огт байсангүй нь томхон найрны хундаганы үг шиг л болгож орхижээ. 

БНХАУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үг:

100 жилийн түүхтэй Хятадын Коммунист Нам өнгөрсөн зуунаа дүгнэж, ирэх зууны хөгжлөө тодорхойлж, улмаар “Орчин цагийн социалист гүрэн”-г амжилттай урлаж буй тухай агуулгаар илтгэлээ эхэлжээ. Энэ ажлын үр дүн нь гарч, бараг л хөгжил дэвшлийн хазаараа татаж чадахгүй болчихоод байгаа буюу динамик бас ресилент буюу өөрчлөлтөд богино хугацаанд дасан зохицох чадвартай улсыг бүтээгээд байна гэдгээ энэ жилийн үгээрээ тунхаглав. 

Том зорилгоо биелүүлэхийн тулд анхны хүсэл, мөрөөдөлдөө бас өөрсөддөө үргэлж үнэнч байх ёстойг сануулсан нь миний хувьд хамгийн хүчтэй мессеж болж уншигдав. Үүний тулд богино хугацааны ажлууд биш аль болох урт хугацааны, стратегийн төсөл, бодлогууд дээрээ хамаг нөөцөө хаях ёстой гэж хэлсэн нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн илтгэлээс эрс ялгагдаж байв. 

Мөн ядууралтай тэмцэж, хэдэн сая ядуу хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсанаа амжилт төдийгүй дэлхийн хөгжилд оруулж буй Хятадын хувь нэмэр гэж дурдсан нь баавартай сонсогдож байлаа. Түүнчлэн байгаль орчноо хамгаалах тухай, сансар судлалын том төслүүдийнхээ тухай жинтэй үг хэлсэн нь таалагдлаа. 2021 онд 120 улсад 2 тэрбум тун ковидын вакцин нийлүүлсэн гэдгээрээ үнэхээр бахархаж бас омогшиж буйгаа Ши дарга нуусангүй. 

Хонг Конг, Макао үргэлж эх газрын Хятадын элэг зүрхэн уяатай байдаг гэдгээ хэлэхээ мартсангүй. Шинэ үе Нэг улс – Хоёр систем гэдэг загварыг ойлгож дэмжихээс хамаарч Хятадын ирээдүйн гялалзана гэж дурджээ. Удахгүй эхлэх Бээжингийн олимпт бүх зүйлээрээ бэлэн гэдэг үгээр илтгэлээ жаргаажээ.

Дүгнэлт:

Зүүний чиглэлийн бодлоготой хоёр том гүрний дунд байгаа улсын иргэний хувиар хоёр хөршийн төрийн тэргүүний шинэ жилий илтгэл үргэлж сонирхол татдаг. Энэ цаг мөчлөг МАН үнэмлэхүй эрх барьж буй тул бүр сонирхолтой байв. Энэ удаа хоёр том дарга уламжлал ёсоор зэвсэгт хүчин, цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлэхээ мартсангүй ээ. 

Оросын Ерөнхийлөгчийн илтгэлээс шинэ өнцөг бас эрч хүч мэдэрч чадсангүй. Хятадын Ерөнхийлөгчийн үг нэг тийм баавар уншигдах юм. Сүүлийн өгүүлбэр нь айхтар буюу “Let us all work together for a shared future”. Монголоор товчоор буулгавал Ардын Ганхуяг захирлын хэлдгээр Хүчтэй хамтдаа буюу арай дэлгэрэнгүй орчуулбал “Хамтарч ажиллая. Учир нь та бидний ирээдүй хэзээ ч дангаараа оршихгүй”.