Хүрэлсүх Жак Дерридагийн текстийг яаж мэддэг байна аа?!
Яруу найрагч Л.Өлзийтөгст зориулав.
Философийн доктор Молор-Эрдэнэ нэгэн удаагийн ярилцлагадаа "Шударга ёс гэдэг үгийг монгол хэлний үгийн сангаас хасах хэрэгтэй" хэмээн хэлсэн. Түүний энэ "текст" тун гүн гүнзгий утгатай юм. Гэхдээ Молор-Эрдэнэ бээр энэ бичвэрийнхээ цаад санааг олигтой тодруулаагүй байсан санагдана. Өөрөө юу бодож хэлснийг таашгүй. Юу ч гэлээ, Хэлний асуудлыг хөндсөн нь тодорхой.
ХХ зуунд, өрнийн философид Людвиг Витгенштейн (Ludwig Wittgenstein), Мартин Хайдеггер (Martin Heidegger) гэдэг хоёр хүний манлайлсан "Хэлний хувьсгал" гээч болжээ. Витгенштейн, Хайдеггер нараас өмнө философичид хэлний тухай хэлэлцдэг байсан л даа. Гэхдээ Хэл бол бодол санаагаа илэрхийлэх хэрэгсэл төдий хэмээн үзжээ. Гэтэл мань хоёр эр, үнэндээ Хэл нь ухамсар, оюун ухаан, бодол санааг удирддаг зүйл болохыг илчилжээ.
Бодоод үз дээ! Философич зөндөө мундаг юм бодоод түүнийгээ Хэлний тусламжтай буулгаад илэрхийлээд буй гэсэн чинь, ашигласан Хэл нь эргээд өөрийнх нь эргэцүүлэл, бодлыг удирдан чиглүүлж шүү дээ! Компьютер буюу хиймэл оюуны үйлдлийг софтвер удирддаг шиг!
Людвиг Витгенштейн “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар" хэмээх алдарт айлдвараа буулгав. Мартин Хайдеггер дутсангүй, "Хэл бол Ахуйн (Байхуйн) гэр орон" гэж барьцав. Тэр хоёр философичид учраас жир хүн үг хэлийг нь ойлгохооргүй "нууцлаг утгатай" айлдана шүү дээ. Миний ойлгосноор хэн хэн нь, Ухамсарын хувьд Ертөнц биш, Хэл анхдагч гэдгийг л хэлээд байгаа юм. Хэл бол Ертөнц ба Ухамсарыг хооронд нь холбон зуучлагч. Нүд, Ертөнц хоёрыг гэрэл зуучилдагтай эгээ адилхан. Ухамсар, Хэлний цаана гарч Ертөнцийг шууд "харж" чадахгүй, зөвхөн Хэлээр дамжина. Тэгэхээр философидох гэдэг нь хэлийг судлах ажил болов.
Витгенштейн хэл судлал (философи)-аа цааш нь "хэлний тоглоом" гэдэг ойлголтоор үргэлжлүүлэв. Ухаан нь хөгжмийн ноот бүр тусдаа байхдаа ая болж чаддаггүй, тодорхой дүрмээр холбон нийлүүлэхэд өнгө өгч аялгууг бий болгодог. Ноотны энэ шинж чанарыг ашиглан хөгжимчид "тоглодог” байна. Хөгжим бол ноотоор тоглох тоглоом юм. Хэлний тоглоом үүнтэй төстэй, үгээр тоглох тоглоом аж.
Аливаа үг ба түүний цаана хөтлөгдсөн үзэгдэл нь тодорхой дүрэм бүхий хэлний тоглоомд орж чадвал "ноот" шиг утгаа олж авах, бас шинэ утгатай болдог аж. Жишээ нь, би нэг удаа Лүндээжанцанд "Бурхан, морь унаад явж байна лээ" гээд хэлээдэхсэн чинь "Тийм юм яаж байдгийм" хэмээн ундууцаж билээ. Уг нь Лүндээжанцан "бурхан байдаг" гэдэгт бат итгэдэг хүн сэн. Гэтэл, мөнөөх "бурхан" гээч нь ердийн хэлний тоглоомд орж чадахгүй байсан тул утгагүй сонсогдохуйд мань Лүндээ бурхан байдгийг өөрийн мэдэлгүй үгүйсгэж "нүгэл үйдсэн" нь тэр юм.
Харин, яруу найрагч Өлзийтөгс:
Эвхрэн, эвхрэн
Бурханы өмнө сөгдсөн
Эмээгийн эрхи! хэмээн шүлэглэхүйд "бурхан" гэдэг үг өөрийнхөө төгс утгыг олж авах аж.
Витгенштейн; олон янзын хэлний тоглоом дотроос танин мэдэхүйн хувьд ач холбогдолтой нь шинжлэх ухааны хэл, филосифи бол хэлний будилааныг цэгцлэх судалгааг эрхлэх үйл ажиллагаа, метафизик бол хэлний будилаанаас үүдэлтэй гажуудал гэх зэргээр лүндэгнэжээ.
Мэдээж, аугаа метафизикч Хайдеггер боож үхээд хүрэлсүх мэт "битгий шаа!" хэмээн хариу барилгүй яахав.
Хайдеггер; Хэл бол Байхуй (Ахуй)-г нээгч "цонх", европчууд энэ "цонх"-ыг шинжлэх ухаанжуулснаараа явцуурч, иргэншлийнхээ хувьд эргэлтгүй уналт руугаа явсан, Витгенштейний "хорон санаа" бүтэх аваас хүн бол шинжлэх ухааны хэлээр л ярьдаг яг робот шиг болно. Тийм учраас шинжлэх ухаан бус яруу найраг хүн төрөлхтнийг аварна, яагаад гэвэл яруу найрагчид л Ахуй (Байхуй)-тай ярьж чаддаг гэх зэргээр хариу "гал нээсэн" юм.
Хайдеггерийн философийг Өлзийтөгс:
Би шүлэг бичдэг учраас л
Би ариун
Би амьд
Би цэвэр хэмээн тунхаглаж байна.
Яг ч үнэндээ Хайдеггер; Витгенштейний нэрийг ч, бүтээлийг нь ч, нэг ч удаа "хэлэндээ ойртуулж" байгаагүй. Витгенштейний тухай огт дуулаагүй юм шиг байдаг. Би л уншигч та бүхэндээ өөрийн ойлгосноо зохиомжлон хүргэж байгаа юм шүү!
Нээрээ "дурлал" гэдэг үгийг шинжлэх ухаанчаар хэлэх гээд үз л дээ! Шинжлэх ухааны хэлэнд яагаад ч утгатай болж чадахгүй. Боллоо гэхэд роботын л "дурлал" болно. Энэ үгэнд яруу найрагчид л утга өгч чадна. Жишээ нь, Б.Явуухулан:
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана гэж шүлэглээд дурлалыг утга төгөлдөр болгож байна.
Бертран Рассел (Bertrand Russel) "Өрнийн философийн түүх" номыг бичиж байх үед философи нь шашин ба шинжлэх ухаан хоёрын дунд "зогсож" байсан бол Витгенштейн, Хайдеггер нараас хойш философи нь шинжлэх ухаан ба яруу найргийн дунд "зогсох" болсон юм даа.
Витгенштейн, Хайдеггер нарын эхлүүлсэн хэлний хувьсгалыг цааш нь тултал явуулсан хүн бол Жак Деррида (Jacques Derrida) гэгч еврей гаралтай франц хүн. 1981 онд, тэр үедээ социалист орон байсан Чехословакийн нууц цагдаагийн алба, нутагт нь лекц уншиж явсан Жак Дерридаг марихуан авч явсан хэмээн гүжирдэн Прагийн шоронд цагдан хорьжээ. Манай Баабар бас тэнд хоригдож байсан юм.
Монголыг бодвол Франц оюуны томчуулдаа нөхцөлгүй хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэдэнд нь хүрвэл маш их эмзэглэдэг. Тэр ёсоор болж Францын ерөнхийлөгч Франсуа Миттеран (Francois Mitterrand) "Вольтерийг маань сулла!" хэмээн Чехословакийн удирдагч нарт шүд зуусан тулган шаардалт явуулсан гэдэг. Сандарч ичсэн коммунист удирдагчид мань эрийг шоронгоос тавьж явуулав. Коммунист варваруудаас суллагдсан Деррида Парист баатрын ёсоор эргэж ирсэн билээ. Харин, Баабарыг Прагаас авчраад Ганц худгийн шоронд чандлан хорьсон. Түүнийг Александр Солженицыний "Худал хуурмаггүй амьдрах нь" гэдэг захидлыг монгол хэл рүү орчууллаа гэж тэгсэн юм шүү дээ!
Деррида хэлний хувьсгалыг "тэмдэгтийн хувьсгал" болгон цаашлуулав. Деррида, Хэлийг тэр чигт нь бичвэр (текст) гэж үзэв. Яриа ч гэсэн "чихээр сонсож буй бичвэр" гэнэ. Бичвэр (текст) бол үгнээс бүрдэх тэмдэгтийн тогтолцоо. Үг нь тэмдэглэгч болохынхоо хувьд бусад тэмдэглэгчээс ялгарч байгаагаараа л утгатай болдог. "Улаан" гэдэг үг "ногоон" гэх зэрэг бусад үгнээс ялгарч байгаа учраас л утгатай болж байна. Түүнээс биш цаана нь утга өгдөг ямар нэгэн "улаан" гэгч оршихуй байгаа учраас утгатай болоод байгаа юм биш.
Бас, үг нь өөрийнхөө үгүйсгэл болон саармаг утгаа "нөөцлөн" өөртөө авч явдаг гэнэ. Тийм учраас үг өөрөөсөө шинэ шинэ утга төрүүлэх чадвартай аж. "Улаан ногоон" гээд л завсрын үг хэрэг болоход гараад л ирнэ.
"Үнэн" гэдэг бол зүгээр тэмдэглэгч үг л юм. Түүнээс биш "Үнэн" гэдэг оршихуй байгаа юм биш. Тийм оршихуй байх ч бололцоогүй. Барууны сэтгэлгээний гол алдаа "үнэн" гэдэг үгний цаана Үнэн гэдэг оршихуй байгаа мэт ойлгож түүнийг хайсан явдал гэнэ. Тэгэхээр, Ухамсарын хувьд тэмдэглэгчийн тогтолцоо болох "бичвэрээс гадна юу ч үгүй" ажээ. Ухамсарт, тэмдэглэгчийн цаана байгаа Ертөнц хүртээлгүй болой. Деррида ингэж философидсон байна.
Деррида, мань мэт ойлгоход маш түвэгтэйгээр философиддог. Миний ойлгож буйгаар, хүний ухамсар компьютераас нэг их ялгарахгүй, тэмдэгтийн командаар ажиллаж "зөвхөн тэмдэгтээр л сэтгэдэг" байгалийн компьютер гэж хэлээд байгаа бололтой. Тэгээд, тэмдэгтээс бүрдсэн "софтвер"-ийн гадна юу ч байхгүй, тэр тусмаа Үнэн гэж байхгүй гэчихлээ.
Ийнхүү Жак Деррида философийг 2500 жилийн тэртээ эхэлсэн тэр цэгт нь буцаагаад "шидчихсэн"! Үнэнг үгүйсгэгч софизм эргэж ирэв. Философичид ёстой паникдсан. Дерридагийнхаар бол софистуудын зөв болж, сократчууд буруудсан мэт. Тэгэхээр, философичид 2500 жилийн турш сократч ёсоор Үнэнийг хайлаа гээдэхсэн чинь тэр Үнэн гээч нь ерөөсөө байдаггүй болж таараад, үг хэмээх тэмдэгтээр тоглуулж суусан гэхээр гомдолтой байлгүй яахав! Ямар сайндаа постмодерн философийг Дерридатай нэгэн зэрэг үндэслэж явсан Ричард Рорти (Richard Rorty) философийн тэнхимээ орхиж урлаг судлалын тэнхим руу шилжиж байхав.
Софистууд бол Афины мэргэдүүд. Тэд; хүн л бүхний хэмжүүр, Үнэн гэж байхгүй, үгээр зөв тоглож чадвал юуг ч Үнэн мэт ойлгуулж болно гэх зэргээр номлодог байв. Тэдний энэ номлолыг л Деррида хэл шинжлэлийн аргаар нотолсон мэт санагддаг юм. Афин ардчилсан хот-улс байсан. Хурлын гишүүн, шүүхийн шүүгч зэрэг төрийн өндөр албанд сонгуулиар очдог байж. Тийм учраас мөнгөтэй олигархиуд нь төрийн албанд сонгогдохын тулд софистуудад мөнгө төлөн шавь орно. Софистууд олигархиудад риторик буюу хэлээр "ховсдох" аргыг зааж өгнө.
Хэл бол маш мэхтэй, шидтэй эд гэдгийг анх софистууд ухаарсан байдаг. Хэлний ачаар л бид төсөөлдөг, фантаазалдаг, зохиодог, худлаа ярьдаг, эмоцоо "нисгэж" чаддаг юм. Жишээ нь, "Уур хүрээд боож үхлээ, талбай дээр цуглаанд очъё!" гэдэг коммент интернэтээр шидчихээд, цаг нь болохоор цуглаанд очдоггүй нь хэлний л ач юм. Хэрэвзээ хэл байгаагүй бол "цуглаанд очъё!" гэдгийг заавал биеэр очиж илэрхийлэх байлаа шүү дээ!
Хэлний мэх, шидийг зөв ашиглаж чадвал хүнийг ховсдож болно. Өөрөөр хэлбэл хүн бол хэлээр тоглуулдаг амьтан. Түүнийг улс төрд ашиглах урлагийг софистууд риторик хэмээсэн юм.
Өнөөгийн Монгол, афинчуудын нэгэн адил төрийн өндөр албан тушаалаа нэр дэвшигчид дундаас сонгож ажиллуулдаг. Сонгуульд оролцдог улстөрчдөд нь сонгогчдоо ховсдох риторик бас хэрэгтэй. Гэтэл Монголд, үгээр ховсдохыг заадаг софистууд байхгүй. Байлаа ч, хэдийгээр улстөрчдийн ихэнх нь боловсрол муутай боловч, тэд мөнгө төлж үгээр ховсдох урлагт системтэй суралцах гэж үгүй.
Гэхдээ гайхалтай нь манай популистууд мэдлэггүй, харанхуй хэрнээ хэлээр тоглож ховсдохдоо гарамгай. Риторикийн онолыг ямар ч софистоос дутахгүй зөнгөөрөө мэднэ. Жишээ нь, Жавхлан гишүүн! Дуучин хүн байсан тул боловсрол гэхээр юм байхгүй л дээ. Улс орныхоо түүхийн талаар мэдлэг тун чиг нимгэн дээ. Ямар сайндаа, Коминтерний даалгавраар Монголын эх орончдыг гэмгүй олон мянган иргэнтэй нь хамт устгаж, эх орноо Зөвлөлтийн колоничлолд оруулж байсан ногоон малгайтнуудыг "эх орончид" хэмээн "шааж" хувцас формоор нь гангаран дөвчигнөж байхав.
Ер нь мань эр "эх орон", "тусгаар тогтнол" гэдэг ойлголтуудын утгыг үнэндээ огт мэдэхгүй юм билээ. Тэгээд, Зөвлөлтийн колони байсан БНМАУ-ыг жинхэнээсээ тусгаар тогтносон улс байсан хэмээн мунхаглана. Хэдий тийм ч "тусгаар тогтнол", "эх орон" гэдэг үгээр ямар лут бөгөөд ичгүүргүй тоглодог гэж санана! Сонгогчдоо ёстой "аваад халина даа". Жавхланг, худлыг үнэн болгох шидтэй софист Горгий ч шүтэж үхмээр!
Гэтэл, Засгийн газрыг огцоруулах асуудлыг тойрсон, саяны долоо хоногийн улс төрийн хэрүүл Жавхлан ч бас гавихгүй юм байна гэдгийг харууллаа. Нэн ялангуяа уг асуудлыг хэлэлцсэн 11-р сарын 30-ны УИХ-ын чуулган! Энэ чуулган "шударга ёс" гэдэг үгээр гишүүдийн хэн нь сайн тоглож, олон түмнийг ховсдож чадах вэ гэдэг "конкурс" боллоо. Конкурст Ерөнхий сайд Хүрэлсүх яллаа! Гишүүд бие биеэ хулгайч гэв. Хэлээд зогссонгүй "нотлох баримтууд"-ын захыг дор дороосоо харуулав. Тэгээд зогссонгүй "хулгайч" бүр шударга ёсыг нэхэн "бөөлөв". Ерөнхий сайд Хүрэлсүх ерөнхийлөн, бүгдийг нь хулгайчаар нь дуудав. Хулгайч нарыг устгаж, шударга ёс тогтоохоо зарлав!
Шударга ёс гэдэг үгээр Хүрэлсүх үнэхээр гайхалтай тоглосоон. Шударга ёс гэдэг үгийг үзэн ядалт, атаархал, уур хилэнгийн "индэр (философийн хэлээр контекст)" дээр гаргаж тавьж байгаа нь супер байв. Бас өөрийнхөө дүр төрх, нүүр царай, дуу хоолойгоор шударга ёс гээчийг хөглөж байгаа нь супер байв. Өөрийг нь бас хулгайч хэмээн харуулчих санаатай гишүүдийг, шударга ёсоор уйгагүй "шааж" байгаа нь супер байв. Хөөрхий муу, нэр хүндээ нэгэнт барсан М.Энхболдыг "бай" болгоод шударга ёсоор дайрч олны бахыг хангаж байгаа нь супер байв.
Ерөнхий сайд Хүрэлсүх шударга ёс гэдэг үгээр гаргуун тоглож олон түмнийг аймаар ховсдсон. Хүрэлсүхийг "шааж байгаа юм" гэх хүн хүртэл түүний төлөө огшиж, цохилж байлаа шүү дээ. Үг, хэлээр ховсдох конкурст маргаангүй ялсан!
Хүрэлсүх, хүн бол учир шалгааны үүднээс сэтгэдэггүй, тэмдэгтээр л сэтгэдэг гэсэн Жак Дерридагийн текстийг туршлагаар нотоллоо. Хачирхалтай нь, Дерридагийн текстийг мэддэг байхаар боловсролтой хүн биш сэн.
Хожмын түүхэнд "11-р сарын 30-ны хэрэг явдал" хэмээн нэрлэгдэх УИХ-ын чуулганыг харж суухдаа би, Молор-Эрдэнэ докторын "Монгол хэлний үгийн сангаас шударга ёс гэдэг үгийг хасах хэрэгтэй" хэмээн хэлсэн нь ямар гүн гүнзгий утгатай болохыг бодон бодон байлаа. Өнөөдөр манайд "шударга ёс" гэдэг үг харанхуй популистуудаас массыг ховсдоход зориулсан тэмдэгт болжээ! Угаасаа ч тийм юм болов уу яруу найрагч минь!
гана
Gan
Ай хө, зэ хө
Ahni
Ган
Зочин
би
Зочин
Танд философи зохихгүй, баатар аа
Bayaraa
Зочин
Зочин
Зочин
Зочин
shuvuu 2
shuvuu
зочин
зочин
Үүл баатар танаа
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Баярсайхан
Зочин
Huulich
Зочин
Gan
Өөгий
ERGUU JAVHAA
arhi
Zochin
Зочин
Зочин
Зочин
Hotiin zaluu
Зочин
ABCD-korea-gaas
Элэг барьж байна
Зочин
Шинжээч
Зочин
Зочин
ккккк хошин шогуууд
Муу
zochin
Харанхуй масс
Гомбо
Зочин
Зочин
Шударга бус
Ард
Алтаа
Алтаа
Зочин
Зочин
Tushig
2 нүүрт
Зочин
Зочин
Улс төр сонирхдоггүй
Зочин
Зоригто.
Өвгөн
Баабар
Улс төр сонирхдоггүй
Улс төр сонирхдоггүй
Улс төр сонирхдоггүй
ss
Зочин
Христ итгэгч
Зочин
Зочин
ads
Zorig
Иргэн
Huk