Хэдэн нөхдөө шоронд хийчээд төрийн ноёлох оргилоос хөмсөг зангидан хөмхий зууж асан Х.Баттулга мөрдөгчийн өмнө дээлээ нөмрөөд байцагдаж сууна. Баттулга саяхан хэрхэн даналзаж байлаа. Чойбалсан хагалгааны ширээн дээр, Цэдэнбал гэрийн хорионд амьсгал хураасан. Ядуу буурай эх орноо бодохоор үхэх дөхсөн өвгөний нулимс хураад байх юм. Хүүхэд минь хэнийг ч бүү гүжирдэж зовоо. Нүгэл. Х.Баттулга, З.Энхболд хоёрын өнгөнд хилсдүүлэл хүч түрж муу ёрлосон.

Таван толгойн коксоо хаяа нийлсэн хэрэглэгч БНХАУ руу төмөр замаар зөөвөл Монгол руу доллар урсахыг Х.Баттулга хааж дөнгөснөөр нүүрсний орос магнатууд хожсон явдал Путинд таалагдсан. Харин манай парламентад тэр дургүй. Парламентын 76, кокс зэсийн хоёр ордоо хэрхэн ашиглахаа өөрсдөө бие дааж шийднэ гэж том толгойлов. Азийн мал-монголчууд ардчилал хэмээн хийрхэж, хэмжээгээ мэдэхгүй гурав дахь хөршид сэвсэн нь Путины зэвүүг хүргээд байлаа. 

Эгзэгтэй энэ үед манайхан Оюутолгойг Рио Тинтотой хамтарч хөдөлгөсөн С.Баяр, Таван толгойг Хятад Японтой нийлж ашиглах төсөл ноорголсон М.Энхсайхан хоёрыг элчингээр Оросыг давуулаад барууныг манлайлагч Англи Шведэд илгээв. Путины тэвчээр бүлтрээ биз. Англи Шведээс элчин сайдуудаа татаж шоронд хорих санааг Баттулга сэдээгүй гэж би таадаг. 

Сталин Молотов нар Чойбалсан Цэдэнбалыг олсон бол Путин Женког дэгээджээ. Путины хормойд шургасан орос эхнэртэй Х.Баттулгын хувь заяа-анхдагч бус Ю.Цэдэнбалаар туршигдсан жор. Үхсэн хойноо ясаа тоншуулахыг Чойбалсан Цэдэнбал мэдээгүй ч үр удам нь үзлээ. Хойшид Х.Баттулгын намтрыг уран зохиол, урлагаас мэдэх болно гэж зохиолч хүний хувьд зөгнөж сууна. “Гэр хорооллын халтар жаал ямар сийлээгээр ерөнхийлөгчийн сэнтийд заларч, нөхдөө намнах хүч хаанаас олов” сэдвээр ХХI зууныхан ном, кино туурвих магадлалтай. Бүхнийг өөртөө мөргүүлсний нэхэлд хааны мөр бүхэн судлагддаг. Үүнийг буруутгах аргагүй. Учир нь хаан-ерөнхийлөгч бол ард түмнийхээ үлгэр дууриал. 

Эмзэглэсэн минь гүйцэд аниагүй шархны хөндүүр. Гучин хэдэн оны баривчилгааны загвараар саяхан ХХI зуунд ерөнхий сайдууд, сайд нараа хорлон сүйтгэгч-эсэргүү хэмээн яллахаар хорив. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Баривчилгаа ингэж ноцтой хүндрэв. Гадны гар хөл болж журмын анд нөхөддөө улстөрийн хэрэг хилсээр тулгаж хөнөөхөөс ч сийхгүй чарлавааг төрийн өндөрлөгт залбал иргэд олноороо нэрвэгдэж, буурай улс сүйрдэг. Сөрсөн болгон хэлмэгдэнэ. Энэ бол монголчуудын эдлээд ирсэн эмгэнэл. 

Гэмгүй хүмүүсээ хилсээр яргалсан нь цагийн урсгалд үнэнд гүйцэгдэж, бултах гарцгүй ял нэхэгдмэгц тэвдэхдээ булш ухаж, ил гаргасан хэнийх нь тодорхойгүй бүрлээчдийн араг яснуудад цагаатгасан зарлигаа уншин сонсгож байв даа бид. Сонсголдоо “Цагаатгал бол энхрий хайрт МАХН-д л байдаг өршөөл” гэж өөрсдөөрөө бахархахаа голлоод, хилсээр үрэгдэгсдэд зүрхнээсээ гашуудалгүй хуурамч дүр эсгээд мартсан.

АТГ, УЕП, УДШ-ийн шинэ удирдлагыг ҮАБЗ ждү яранд татуулаад хөдөлж чадахаа больсон 50 гаруй гишүүний 950 саяын кнопоор томилсон. Хууль үнэгүйдүүлсэн зөвлөмж гэгч лүндэн буулгадаг-хүзүү сээрээрээ тэврэлдсэн гурав онцгой комисс арай болчоогүй биз гэж айсан. Засаглалаа хянах эрхийнхээ дагуу иргэн бүр тэмц. Ардчиллын ачаар хүн ам-сүрэг мал биш болсныг дураараа дургигчдад мэдүүл. Тэгж чадваас хууль засаглана.

УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюутолгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жил зааж, бүх хөрөнгийг хураах ял сонсгосонд өвгөн би хирдхийв. Юм л бол 10 жилээр зааж, бүх хөрөнгө хурааж байсан харгислалыг амссан айлын хүү эмзэглэсэн нь тэр. “10 жил”, “хөрөнгө хураах”-зүрх зүссэн танил аймшигт хэллэг цочирдуулав. Кремлийн заавар Монголд аянга байсныг сэргээж, зовхи нь өөдөө нөхдөө намнаж, өөрсдөө Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын шийрийг хатаах гэв үү гэж балмагдсан.

Гүний уурхайн санхүүжилтэд хөрөнгө босголцсон Д.Ганболд, Б.Бямбасайхан хоёрт 4, Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгч, эх орноо хорлон сүйтгэхийг завдсан М.Энхсайханд 4,6, ядууст олгох зээлийг банкаар дамжуулж хүү төлж хороолгүйгээр шууд өгсөн Н.Номтойбаярт 4, С.Баярыг Оюу толгойн гэрээг том толгойлж барууныхантай байгуулсан гэх орос хяхуугаар 5 жил 5,5 тэрбумаар яллаж сүржигнэв. Арай ч цаазаар авъя гээгүй. Гэхдээ дайснуудыг буудъя гэж шаардагчид интернетээр дүүрсэн. Хийрхлийн энэ давалгаа яалт ч үгүй ХХI зууны Монголын оюуны үзүүлэлт-бидний ухамсрын хэмжээ. 

Гэвч хорлон сүйтгэгчид цөм суллагдав. Тэднийг ерөнхийлөгч Х.Баттулга өршөөв үү, эсвэл цагаадав уу? Энэ асуулт хариултгүй замхрав. Хариулахаас Төр-Засаг-Шүүх гурвуул бултсан. Гадны хатгаасаар намнах гэж хорьсон ерөнхий сайд, сайд асан нөхдөө Х.Баттулга, З.Энхболд хоёр суллаагүй. Ардчилал сулалсан.

Ерэн оны хэд нүдэнд орсон шороо болсонд ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг зохиолч харамснам. Алсыг үүрд зориход төрсөн нутгаа байн байн эргэж хардаг шиг насны хугацал ирэхэд хойч үедээ “биесээ бүү хэлмэгдүүл” гэж захисаар нүд аньдаг болтой. Эсэргүү Энхсайхан Элэгдорж Сайханбилэг Баяр Баярцогт Бат-Үүл Баабар Ганболд гээд өтөл би цээжилж дөнгөмөөргүй нэрс хөврөх янзтай. ХХ зууны нүгэлт жишгээр тэднийг хилсдүүлчхээд дараа нь өршөөлөөч өвгөн миний нас наана нь төгсөх тул цагаатгалын баярт мэдээг чинь би сонсохгүй. Тиймээс хэлмэгдүүлснээ цагаатгаж новшрохгүй зөв шүүгээрэй. Буруутныг би хэзээ ч өмөөрөхгүй. Ардын дайсан японы тагнуул гэж хилс цаазлаад хөсрий ясыг нь цагаатгасан өршөөл миний балчир тархинд тод үлджээ. Үзэл санааны хэрэгтнээр ялалснаа-үйлдсэн нүглээр нь хөдөлшгүй нотол. Бас дахин нотол гэж гуйя.

Яргалснаа хэлмэгдүүлсэн гэдэг. Тоост хорвоод би 80 гаруй жил шороо хөдөлгөхдөө эхний 50 жилд ардын дайсан, хар шар феодал, нударган, японы тагнуул, залгуулаад сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гэх мэт эсэргүү нарыг нам засаг даран сөнөөснөөр жаргаж явна гэж хүмүүжив. Ардын дайсны нэрс балчир насанд маани мэгзэм шиг цээжлэгджээ. Одоо ч цээжинд бэлэн. Бодоо Данзан Лосол Догсом Гэндэн Дэмид Лхүмбэ Амар гээд хөвөрнө. 80 насныхаа сүүлийн 30-д гэмгүй хөөрхийсийг хилсдүүлжээ гэж гэгээрэв. “Хэлмэгдүүлжээ” гэх нь “яргалжээ” гэснээс айдас арай бага хүргэнэ.

Ухсан нүхний ирмэг дээр бөөнөөр нь бохируулаад араас нь дагз руу нь буудаж онхолдуулаад булахад дутуу үхсэн зарим шороон дор тийчилдэг байжээ. Дороосоо пөмбөлзсөн шороо болгон руу нэг бүрчлэн буудаж гүйцээдэг байсныгаа амрааж буй коммунист өрөвч зан гэж бахдангуй ярихыг сонсоод би “хэлмэгдэл” гэх аймшгийг дутуу ухаарч явснаа мэдэж тэнэг духаа шаав. Орос Долгор гэгч хөөрхөн бүсгүй цусаа татаад үхэж өгөхгүй зовоов гэх хууч 90-ээд оны салхиар сонсогдож өр өмлөлөө. “Зовоов” гэдэг нь цусаа татаад гол нь тасрахгүй Долгорын зовлон бус түүнийг гүйцээх гэж “зовсон”-оо илэрхийлж буй царайгаар хувьсгалч ахмад зүтгэлтэн гуай хөөрсөн шүү. Орос хэл гаргууд сурсан тул орос Долгор нэр авчээ. Алуулахдаа орилж чарлаагүй сайн бүсгүй байсан гэж ногоон малгайт явсан өвгөн намч-зарчимчаар үнэлж харагдсан. 

Ногоон малгайт явсан өөр нэг өвгөн, лам нарыг хүлж байсан хүвэрхий уран уяа сэтгэснээ бахархал болгон телевизээр үзүүлж гайхуулсныг юу гэх вэ. Хүлээтэй лам нарыг буудчаад хүлээснийхээ үзүүрээс татахад хүлээ хөвөрч сулраад үхсэн лам нарт гараа хүргэлгүй цэвэрхан зайлдаг уяа гэнэ. Энэ аймшгийг яагаад дурсав гэвэл өдөрт олонтаа сонсдог “хэлмэгдэл” гэх үгийг би яргалал гэж төсөөлж яваагүй балай аж. Алснаа алсан гэлгүй “хэлмэгдүүлсэн” гэж миний дүнхүү тархиар нам засаг тогложээ. 80 хүрч байж л ухаарав. Цаазлуулах уу, хэлмэгдэх үү гэвэл би хэлмэгдье л гэнэ. Гэтэл хэлмэгдсэн 40-50 мянга маань бүгд буудуулсан.

Улаан оросын дохиогоор цаазалж байв. Энэ бол нотлогдсон баримт. Өдгөө энэ үнэнийг бичихэд эр зориг хэрэггүй болж. Гадны тулгалт холдсон үед хэлмэгдэл сэргэвэл монголчууд биесээ нухдаг “амьтад” болохоо батална. Яргаллын нүглийг улаан оростой хуваалцах өөдгүй монгол бишгүй байсан, одоо ч бий. Тэнэг мунхгаа хүн төрөлхтөн засах чадвартай төрсөн тул ухаалаг гүрнүүд жаргал зовлон хоёрт хүмүүжжээ. Монголчууд яах бол?

Хорлон сүйтгэгч. Монголын түүхэнд хорлон сүйтгэгч гэж сонсогдоогүй. Тэгтэл М.Энхсайхан гэгч Бин Ладен тодров. Энхсайханыг эх орноо хорлон сүйтгэгч гэж аль нэг иргэний хөдөлгөөний шизо сүржигнээгүй. Түүнийг хорлон сүйтгэгч гэж АТГ, УЕП зарласан. АТГ, УЕП-т итгэх ёстой. Гэлээ ч ерөнхий сайд явсан лидерийг хорлон сүйтгэгч гэхэд санаанд багтаагүй. Ерөнхий сайд байтугай Жастын Батхүүг эх орноо хорлон сүйтгэгч гэхэд монголчууд өмөөрнө. Бид нэгнийгээ элдвээр хэлдэг ч хаа очиж хорлон сүйтгэгч гэж байсангүй. З.Энхболд М.Энхсайханыг хорлон сүтгэгч гэснээр шинэ нээлт гаргасан анхдагч болов. 

Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд хоёр М.Энхсайханыг Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгсөн гэж шалгуулаад Шүүх түүнийг эх орноо хорлон сүйтгэхийг завдсан гэх зүйл ангиар шоронд хорьсон. “Хорлон сүйтгэгч” гэдэг мөн хуцаж байгаа зүйл анги шүү. Монголоо хорлон сүйтгэх аюулаас З.Энхболд авраад зогссонгүй, харьд үүрд оргүй алдах аварга орд-Таван толгойгоо тэр бээр ард түмэндээ авч үлджээ. Мөн мунадаг гавъяа шүү. Гавъяандаа Энхболд хариу нэхдэг ч түүнийг мандуулахаа маанаг маниус сэтгэлгүй хөөрхийг гомдоожээ.

М.Энхсайханы эсэргүү гэрээний нооргийг УИХ-аар шууд хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн хөдлөшгүй илчлэхээс З.Энхболд яагаад бултуулав? (УИХ-аар хэлэлцэхийг З.Энхболд хаачихсан). Тэр бээр хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу? Эсвэл “Аварга ордоо харьд зүгээр өгсөн-хорлон сүйтгэх ажиллагаа” гэгчээ УИХ-аар хэлэлцвэл оргүй гүтгэснээ илэрнэ гээд чуулганд оруулалгүй тас хорьсноор олны анхаарлыг сарьнуулж, өөрөө бултав уу. Ерөнхийлөгч тэр хоёр нүүрс зөөх уурхайн мухар төмөр зам тавилгүй Хятадын танк их буунаас аварч 80 ихнаядын орлого хаасанд баярласан хүн байгаа юм уу? Байна аа. Хөөрсөн троллуудын сэтгэгдлийг унш! 

Авилгаа бус ардчиллаа онилов. Төрийн бүх эрхийг ганц гарт атгаж, хуучин руугаа буцах замд 90 оны архаг ардчилагчид тээглэв. Тээглээг зайлуулдаг гаршсан аргаа хэрэглэлээ. Тэр арга нь “авилгачдыг арчих” нэрээр ардчиллынхаа лидерүүдийг “авилгачид” хэмээн түүж шоронд хориод, троллуудаа цэнэглэн авилгад бухимдсан давалгааг сэвэх. Ингэж шоронд хоригдсон ардчиллын хэд рүү хотлыг турхирлаа. Эцсийн зорилго-авилгаа бус ардчиллаа арчихаар довтолсон нь энэ. 90 оны тэсгим жаварт эрх чөлөөгүй ядуу дорой олныхоо дундаас зориглон босож, 70 жилийн харгис системийн өөдөөс ардчилалд уриалсан хэдэн бөөдгөр дүү нарыгаа хэдий алдаж эндлээч би ясандаа тултал өширхөж чаддаггүй өвгөн. 

Цаг цөвүүрвэл өөдгүй хүмүүс оодорч хэлмэгдэл идэвхждэг. Хэлмэгдлийн нэг тал хэлмэгдэгч нөгөө тал хэлмэгдүүлэгч. Хэлмэгдэгч хөөрхийсөө бид хайхрахгүй явснаа олон жилийн хойно ардчиллын буянд цагаадахаар нь гэнэт их харамссан. Улирч баларсанд асгартал уйлах-хуурамч санагдсаныг зориуд хэлье. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөөрхүү юм нь гомдмоор. Хэлмэгдүүлэгч нараа бид амьдад нь тахин шүтээд үхэхээр нь хараадаг. Бид дийлсний талд орж дэлдийснээ элбэж барьдаг ноход. Мунхаг тэгээд цэвдэг этгээд нөхдөө хилсдүүлдэг. Атаа хорсол голлодог. Хэлмэгдүүлэгч нийтлэг шинж тийм. 

Бууны ноход. Хэлмэгдлийн үед ногоон малгайт бууны ноход мөн ч олон гэмгүй хүн тамлаж хөнөөсөн дөө. Мангаа До, Жамбалдоржтны залгамж халаа-бууны ноход эдүгээ прокурор, дээд шүүхэд орогнох тухай зүүдэнд ч багтамгүй. Гэтэл тийм новшнууд тангараг өргөсөн хуулиа нулимаад томилсон хулгайчийнхаа дохио зангаагаар гэмгүй хүмүүс хилсдүүлэх өргөн боломжтой өндөр сэнтий уже эзэлчхэж. Бууны ноход ерөнхийлөгчийн зангаагаар гэмгүй нөхдөө (М.Энхсайхан, Э.Бат-Үүл, С.Баяр, Да.Ганболд, С.Баярцогт) хилсдүүлээд эцэст нь ардчиллын шахалтаар шоронгоос арга буюу суллав. 

Бууны ноход болсон прокурор шүүгчдийг заавал олж, хариугаа заавал ав. Хариугаа заавал авдаг болбол шүүх прокурор цэвэршинэ. Гэмгүй нөхдөө хөнөөвөл хариу ирдгийг зовлогоороо эдлэг. Шийтгэлээ эдэлж буй бууны нохдыг нийтэд ил харуулснаар тэднийг шигших олны мэдрэмжийг хурцална. Хууль, ёс зүй ариусч хүчтэй журамлаг масс бойжно. 

Хууль бол шинжлэх ухаан. Шүүх прокурорын шийдвэр хөдлөшгүй баримтаар нотлогдсон байх учиртай. Алив шинжлэх ухааны гаргалгаа нэмэх хасах (дээд тал нь 0,3 хүртэл) хэлбэлзлийг зөвшөөрдөг ч нэг бол 10 жилээр яллах, эсвэл суллах-тийм хол зөрөх ёсгүй. Бүдүүлэг цагийн ноёны шийтгэл ч тийм хол (ерөнхийлөгч Х.Баттулгын хаанчлалын үеийнх шиг) зөрж байсан ч юм уу. Хуулийн мэдлэггүй харанхуй бүдүүлэг манай эрх баригчид чаддаг нь Шүүх, Прокурор, АТГ-ын тавиул нартаа амныхаа багтаамжаар ялын захиалга буулгаад тэр нь үнэнд гүйцэгдвэл өршөөл ч биш цагаатгал ч бишээр замхардаг болжээ. Өршөөл, цагаатгал уг нь-хоёр туйл. Гэмээ бүрэн ухамсарласан нэгнийг өвчин зовлонд учирвал өршөөдөг. Гэмгүй нь нотлогдвол цагаадах хуультай. М.Энхсайхан, Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар өршөөгдсөн юм уу цагаадсан юм уу? Аль нь болохыг тайлалгүй бүрхэгдүүлж, олны анхаарлаас холдуулаад мартуулав. Уг нь нийгэм бурхан чөтгөрөө ялгаж сурах-дэвшил сэн.

Х.Баттулгын зөвлөх Б.Баасанцогтын булай дэлгэгдсэн. Яаж төгссөн бэ Х.Нямбаатар сайдаа? Яагаав нөгөө телевизээр таны үзүүлсэн схем гэгч баримт. Оцогноог орхиё. Ордны гурван давхраас буулгадаг даалгавраар гэмгүй хүмүүс хилсдүүлж, гэмт хэрэгтэнд ял завшуулдаг прокурор шүүгчдэд ял сонсгохгүй бол шинэчлэл хичнээн ч яриад хол харайхгүй. Хойд хилээр орж ирсэн жийпнээс илэрсэн 20 сая ам. доллар, 17 чингэлэг спиртийн замаар замхрав. Эцэст нь хэлэхэд 90 оны тэсгим жаварт эрх чөлөөгүй ядуу дорой олныхоо дундаас зориглон босож, 70 жилийн харгис системийн өөдөөс ардчилалд уриалсан хэдэн бөөдгөр дүү нарыгаа хэдий алдаж эндлээч би ясандаа тултал өширхөж чаддаггүй өвгөн.

Тоглоомын этгээдийн дархлаа. Экспортын 80 ихнаядын ашиг хаасан экс ерөнхийлөгчөө шалгуулж, хохирлоо барагдуулах гэтэл орос магнатууд Женкогоо ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөн дээр сууж чихэнд нь шивнэдэг орон тооны бус зөвлөгчөөр тулгачхав. Бяр амтагдсан орон тооны бус зөвлөгч АН-ын дүрмийг нулимаад сэнтийг булаахдаа өнгөрөгч 4 жилд ҮАБЗ хулгай луйварт хутгалдсаныг дэлгэж гурвуул хамт уная гэж нээтэглэжээ. Бас дээр нь тавиулууд гэх нөөц дархлаа одоо ч шүүх засаглалд бүгж буй.

Төмөр замаа гацааж, нурмаг малтмалаа машинаар зөөдөг замбараагүй тээвэр манаргаснаас үүдэж хулгай даамжирсан. Хулгайлагдсан нүүрсний үнэ хэдэн ихнаядаар яригдаж буй. Нүүрсний том хулгайгаа “төрийн нууц” болгосон этгээд бол Х.Баттулга. Тиймээс нүүрсний хулгайн нууц ноёноор Х.Баттулга түүхэнд бичигдэх ёстой. Ерөнхийлөгчийнхөө хулгайг дагаад томчуудын нүүрсний хулгай гаарсан. Энэ бол түүний тарьсан балгуудын нэг.

Мөнх юм гэж байх биш. Ерөнхийлөгчийн хугацаа дууслаа. Ковидоор экспорт тасарч, гацсан төмөр зам ял нэхэв. 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга бажигдаж, нууц гэрээгээр коксоо сул өгч төмөр замаа яаруу сандруу хэдэн зуун км сунайлгасан ч гайхалтай нь төмөр зам хилээс 10-20 км-ийн наана зогсов. Яагаад хил хүргэсэнгүйв? Танк их буунаас айв уу? Нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар хямд хил давуулж валют уутлахад дургүй оросууд сүрдүүлэв үү? 

Эдүгээ ерөнхийлөгч биш гэрч болсон Х.Баттулгаас орос магнатууд алсарч, өмгөөлөгчөөс өөр хамгаалагчгүй ганцаардсан тэр бээр ард түмэндээ телевизээр бас ч гэж томорч “Төмөр замыг чинь би барьчлаа. Намайг одоо шоронд хийх гээд байгаа юм уу” гэж тунихад зарим нь түүнийг ядуу олноо баяжуулахын төлөө амь биеэ зольсон жолоодогч гэж өмөөрөөд уйлах шахав. Х.Баттулгын “барьчлаа” гэсэн өргөн төмөр зам хил хүрээгүй тул “төмөр зам ашиглалтад орлоо” гэж хөөрсөн маанаг монголчууд малтмалаа урьдын адил машинаар тээх аж. Баттулгын орос магнатуудтай хамжиж ядуу олноо холгосон хар санааны уршиг-мөд арилахгүйн илрэл энэ. Хэнэггүй данагар монголчууд Х.Баттулгын балагт эмзэглэхгүйд өвгөн зохиолч бухимдана. Түүнийг ерөнхийлөгчөөр хэдэн ч удаа сонгоход бэлэн малууд Монголоор дүүрэн. 

Их яргалал 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө-баривчилгаагаар эхэлсэн түүхтэй. 14 дарга баригдаж 12 нь буудуулж хоёр нь 10 жилээр таслагдсан. Тэднийг “анхны 14” гэдэг. Энэ дайчилгаанаас 83 жилийн дараа 2020 онд ерөнхийлөгч Х.Баттулгын үед мөн 14-ийг улс төрийн ялтнаар баривчилсан бөгөөд тэдний араас УИХ-ын гишүүн, ерөнхий сайд асан Сү.Батболд 15 дахиар ачигдах учир ургав. Өнгөрөгч зууны боловсронгуй сургагчдын өдгөөх залгамжлагчид энэ баривчилгааг нууцаар удирдаж байна уу гэх сэжиг аймхай өвгөнд төрөв. Кремль буруутгаж буй этгээдийг яаж ч хилсдүүлэх эрсдэлгүй гэж ногоон малгайтнууд онгирч явсан гэдэг.

Оюу толгойн гэрээ батлагдсанаас хойш Сү.Батболд ерөнхий сайд болж, тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах-суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсныг мушгин буруутгаж, гадаадын шүүхэд Х.Баттулгын заавраар нэхэмжлэл гаргажээ. Энэ бүх гүтгэлэг дайралтад төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад мөрдүүлэхээр захиалж, гадна дотны хэвлэлд зохион байгуулалттай гүжирдэж, эх орныхоо төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглажээ. "Эрдэнэт" УБҮ, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тэр бүү хэл Монголын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хууль бус ашиглаж, маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргажээ.

Ардчиллын анхдагч хэдийг шоронд хорьж чадсандаа омогшсон Х.Баттулга дараагийн дугаарт Кремль манай лидерүүдээс хэнийг сэрдэнэ түүнийг намнахад аюулгүй гэж бардамнав. Кремлийн хорхойтой араанд зуугдана гэдэг Х.Баттулгад халгүй зөөлөн хоол болж буй нь тэр. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индрээс телевизээр “Сү.Батболд төрийн эргэлт хийв” гэж мэдэгдлээ. Энэ бичлэг теле-санд хадаглагдаж буй. Эргүүлээд үз. Гэвч ганзагын наймаачны хэт болхи энэ улстөр орос ноёдоо гонсойлгосон байх. Сэнтийдээ мөнхрөх Х.Баттулгын тороогүй давшилт энд бүдэрсэн бөгөөд Путины алдар суу Украйнд довтолсноор навс унасантай ч давхцсан. Гэлээ ч Баттулга давхар жаандаа хожигдоогүй байна. Орос дархлаа суларсан ч хулгайд хамт орооцолдсон ҮАБЗ-ийн гурав Х.Баттулгатай цуг унахгүйн тулд зүгээр суухгүй нь мэдээж. Гурван оргилын зангараг ямар билээ. 

Араандаа зуусан занал. Ардчиллыг дэмжигчид С.Зоригийг алаагүй. Араандаа зуугчид түүнийг хөнөөсөн гэх магадлал өндөр. М.Энхсайхан нарыг сулласны дараа баривчилгаа намжив уу гэтэл Э.Бат-Үүлийг шоронд хийчхэв. Олон жил араандаа зуусан занал даа уг нь. Өө хайгаад л явсан. Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн нь нотлогдоосой гэж байж яддаг этгээдтэй би таарч явлаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буриад хөвүүн Бат-Үүлийг буриад оросын эрлийз ардчиллын анд Зоригийнхоо эхнэртэй садарладаг учраас хөнөөсөн болгох гэж шоронд хориод, нотолж чадалгүй суллаж байв даа. Ю.Цэдэнбалын үед бол муу Үүл Д.Төмөр-Очир шиг “өөдгүй хүн алуулах нь зөв” гэсэн нууц хаягтай дурсагдахгүй мартагдах байсан биз. Д.Төмөр-Очирт нам засаг харамсаагүй. Д.Төмөр-Очир устгалд өртсөн золбин нохой мэт өнгөрөх хэнд ашигтайв? Ю.Цэдэнбалд! 

Хотын дарга байхдаа хүүдээ боломж олгосон гэж Э.Бат-Үүлийг 4 жилээр ялласан ч М.Энхсайханд тулгасан хорлон сүйтгэгч гэх зүйл анги шигээ нотолж бас л чадаагүй. Женкогийн тавиулууд албаны машины үнийн зөрүүгээр Энхсайханыг ялалсан. Ц.Нямдорж хүүдээ тэрбумаар Эрдэнэтэд шахаа хийх боломж олгосноо телевизээр нийтэд гайхуулж сайрхахад алга ташсан бол, ЖДҮ сангаас У.Хүрэлсүх төрсөн дүүдээ 1,3 тэрбумын зээл авч өгснийг шударга ёс гэж үнэлсэн сонгогчид түүнийг ерөнхийлөгчөөр залсан бол, “боломж олголтоор” Бат-Үүлийг ялалсанд зөнөг би сүхдүүлсэн үхэр шиг хялайгаад балайрчхав. 

Эцэст нь Үүлийг хүүдээ боломж олгосныг нотолж чадалгүй арга буюу суллаад “өршөөл” үзүүллээ гэж нэрээ цэвэрлэснээр “энэрэнгүй төр” гэх үнэлгээ өөрсөддөө наалаа. Шоронд хоригдсон М.Энхсайхан нар өөрсдийгөө гэмгүй учраас бүү өршөө, харин цагаатга гэсэн. Юутай ч бүгд суллагдсан. Өршөөл үү цагаатгал уу? Цагаатгасан бол хилсдүүлэгчдийг ядаж зарлаач. Сургамжтай. 

Ялын захиалгыг ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүгчдэд тушаадаг гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэл мэдээллээр цацсан. Х.Нямбаатарыг гүтгэлээ гэж Баттулга түүнийг шүүхэд өгснөө зарласан. Тэгтэл өнөө Баттулга нь ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөх эрхтэй томорчээ. Ерөнхий сайдын зөвлөх салбар яамны сайд Х.Нямбаатарт зөвлөхдөө томордог биз. Үүлийн шоронд орсныг эндээс хай. 

Путинд дулдуйдсан Х.Баттулга З.Энхболд хоёрын далд явуулгаар шоронд хорьсон “хорлон сүйтгэгчийн” гэм бурууг нотолж чадалгүй сулласан уурандаа Бат-Үүлийг шүүрсэн. Яаж ганзага хоосон хоцрох вэ гээд. Адгийн Монголд ардчилал өрнүүлсэн Бат-Үүлийг намнах хяхуу бий. Сөнөж асан бүдүүлэг Монгол парламент, ардчилал, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, гурав дахь хөрш хэмээн сэвж буй нь ардчиллагчдын анхны хэдээс үүсэлтэй гэх улаантны танил хардлага үнэртдэг. Бат-Үүлийг түргэн түүхий ялласан нь дургүй этгээдийг нь дарж өгснөөр ахаасаа аврал хүссэн гуйлт. 

Сонс Бат-Үүлээ. Бичих сэдэв надад ганц хоёр үлдсэн. Нэг нь чиний тухай. Чамайг дэмждэг минь ах чинь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан алхам. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогч сайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн бөгөөд үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр тууштай нь. Энэ үгийг минь зөнөг өвгөний хувийн үнэлгээ гэж голохгүй чамд атаархагчдын хор буцална. Сонгууль бүрээр МАН-даа ялалт өгдөг харанхуй масс олонх байгаа цагт Бат-Үүл, Баабар, М.Энхсайхан, Д.Ганболд та нар өндийхгүй.

ХХI зууны аясыг сөрөлгүй дагаж-ардчилал чөлөөт зах зээлээр замнаж, гадны эрхшээлээс ангижирч, хөршүүдтэйгээ тэгш, хэн хэндээ ашигтай харилцах гэсэн Бат-Үүл чиний тэмцлийг зохиолч би ажиглахын ялдамд чам руу хэн хэн яаж довтолсныг мэднэ. Баривчлагдан ачигдаж байгаа, аавынх шигээ цагаан халимгаа зулгаалгаж байгаа зэргийг чинь телевизээр хараад чамайг хайрладаг. Өрөвддөг. Зохиолч ааваас чинь болж би чамайг өмөөрөөгүй. 30 гаруй жил дүү минь чи өөрийгөө үзүүлсэн. Үүл хуралдвал хур бууж өн болдог. Аав чинь чамд Бат-Үүл нэр хайрлажээ. Хэцүү цагт аавын чинь хэлбэрэлтгүй баримталсан алсын хараа чамд бас надад нөлөөлсөн. 

Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг сонгосон. Гэвч тэднийг тоох хүн ховорджээ. Тэд алдаа гаргалаа ч зохиолч би ардчиллыг дэмждэг үзлээсээ гуйвахгүй. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг нэн хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл хулгайчид бус лидерүүд ялна. Сонгогчид харанхуй бол Будда ч дэвшээд нэмэргүй. Хоёр сонгуулиар нэг нам 65-62 суудлаар ялав. Буруутгах аргагүй-хүний эрх. АН-ыг Х.Баттулга Н.Алтанхуяг хоёр хувийн шуналаар самарчаад байхад бурууг МАН-д тохох нэр нүүрээ барахаас цаашгүй ядмаг сэтгэхүй. Харин сонгогчдоо яаж гэгээрүүлэх вэ. Энэ бол тулгарсан асуудал.

1990 онд сонгосон үзэлдээ тууштай, тэмцэх туршлагатай Бат-Үүлээс давуу лидер миний санаанд ордоггүй. Бат-Үүл үзэл бодлоор мэтгэлцэх зарчим сахьдаг. Зөвөө батлах тэмүүлэл нь Ц.Нямдоржийн довтолгооноос ондоо. АН-д хэрэгтэй улстөрч. МАН-аас угшилтай гурван өндөрлөг, 62-ын өөдөөс цагаан толгойтой ганц баавайн хуцах чимээг (сонсох мэдэх эрхээ алдаж буй иргэд) анирдаж суувал ардчилалтай улсад амьдарч байна гэж санагдах сан. Дангаар ноёрхож дураар дургисан хэт олонхийг хазаарлах ашигтай. МАН цэвэршихэд тустай. 

Бат-Үүл хашааныхаа газраар орон сууцанд орох төсөл зүтгүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр олон мянган өрх тохилог сууцтай болсон. Төслөөс бус хүнээс шалтгаалж орж чадаагүй нь ч бий. Улсын төсвөөр сантехникийн шугам тавиад өгье, айлууд хашаандаа өөрсдийн сонирхлоор тохилог сууцаа барьцгаа гэж уриалсан хотын дарга бол Бат-Үүл. Энэ төслийг үргэлжлүүлж хашааг орон сууц болгож утаа арилбал Бат-Үүл мандаж МАН хохирно гэх тэнэгүүд хашааны газраа сууц болох төслийг муулсаар унтраасан. Өнөөдрийн утааг хар.

Бат-Үүлийг “баатар”, “ардчиллын анхны хараацай” гэхэд тэчъядсан атаа хорсол дэлбэрдэг. Бат-Үүл мэтийн шинэлэг лидерт баатар гэх хоцрогдсон алдар хэрэггүй байсан юм. Зохиогүй. Өндөр албанд тавиагүйн төлбөр гэж би харддаг. Коммуны хуаранд доромжлогдсон хөөрхий олноо эрхтэй, өмчтэй болгосон зүтгэлд чинь ирээдүй мөргөнө. Баатартай баатаргүй Бат-Үүл миний бахархал. (Аавд чинь өргөж буй үг). 

Өлсгөлөн зарлаж Улс Төрийн Товчоог огцруулсан, ардчилсан сонгууль, олон намын систем, өмч хувьчлал зэргийг анхны хэд эхлүүлсэн. Үнэн биз дээ. 200 000 түшмэл хуйгаараа МАН-ын татаас байхад ардчилагчид Төр засгийн ажилд яаж оролцох билээ. Энэ гажуудлыг залруулах лидерүүдийг сонгогч олон гаргах эрхтэй. Чанга гараар атгах нэг намын тогтолцоо-Орос Хятад шиг том гүрнүүдэд ашигтайг үгүйсгэхгүй ч Монгол шиг өчүүхэн эдийн засагтай 3-хан сая хүнтэй улс нэг намын ноёрхолд орвол нэгд-хүний эрх, эрх чөлөө хумигдах эрсдэлтэй, хоёрт-гадны нөлөөнд ганц нам, ганц хүн сөхрөх-хялбар. Тиймээс жижиг улсын Төрд хараа барааны хоёр нам зөвлөлдөж явбал ухаалаг шийд гарахаас гадна, гол нь олонх цөөнх-Чойбалсан Цэдэнбал хоёроос илүү дархлаатай. Мөн бодлогоо хамгаалахад хоёр нам ганцаардахгүй. Хоёр намын алиар МАХН-ыг орлуулж, олонх цөөнхөөс хэнийг Цэдэнбалын хойд дүрээр тодруулах-санасны зоргоор бүтэхгүй. Аль намыг, хэнийг тоглоомын этгээд болгохоо 76 гишүүнтэй парламент олонхоороо шийднэ гэхэд гадны дээрэнгүй ховдог хоншоор шогнойно.

Гэтэл ардчиллын энэ алтан боломж алдагдах ёр нүүрлэв. Нөлөөллийн үл үзэгдэгч бүслэлт гадна дотноос сэм хумьж эхэллээ. Сэхээнд орсон сөрөг хүчнийг сэргээх лидер АН-д ховорджээ. Бат-Үүлээс илүү хэлэх үгтэй хийсэн ажилтай, түүнээс ухаалаг, түүнээс туршлагатай тэмцэгч алга. 

Хэрэв ардчилал коммунизм шиг нурж, нэг намд атгуулбал Бат-Үүлийн хийсэн ажил Бат-Үүлдээ хаяглагдана. Ардчилал сүйрвэл ардчиллаар эхэлсэн бүх ажил буруудаж таарна. Бурууг санаачилсан этгээд хэн бэ гэнэ. Өмч хувьчлалыг санаачлагч нар хэн бэ? Бат-Үүлийн нэр дуун дээр гарна. Иргэддээ гадаад паспорт олгохыг хэн сэдсэн бэ? Бат-Үүл. Нэгдлийг хэн тарааж, малыг малчдад хэн өгсөн бэ? Орон сууцыг хувьд өгсөн шийдвэрийн мөрөөр яллах эздийг хайна. Буруудагч нарын эхэнд шоовдор Бат-Үүл ял сонсоод цагаан халимгаа хийсгэж зогсох бий. Тариачдыг газартай болгох-тракторчдын самууныг хэн турхирлаа. Бат-Үүл. Эх орноо хоосолж, иргэдээ ядуурлын балчиг руу түлхсэн хамгийн том гэмт хэрэгтэн бол Бат-Үүл гэж бичихэд сошиалаар уухайлж гарна. Ардчилал нурвал Бат-Үүлийн амжуулсныг хэн ч булаацалдахгүй. Энэ өнцгөөр харвал Бат-Үүл ардчиллын бүх өөрчлөлтийг сэдсэн этгээд мөн нь нотлогдоно. 

Бат-Үүлийн үзэл үйлдлийг дөвийлгөлгүй-бодит хэмжээгээр нь харуулахаас ч хулчийдаг. Тийм хүч идэвхжиж буй нь ардчилалд халтай. Үүлийг үнэлэх бүү хэл дурсахгүйг битүү хичээнэ. Ардчиллыг өмчлөх гэсэн бодолгүй байхад нь “Бат-Үүл ардчиллыг өмчлөх эрхгүй” гэж ноцдог. Бат-Үүл бол харьшгүй ясны ардчилагч. Тийм ардчилагч манайд бий нь бий-даанч цөөн. Цус урсгасан 70 жилээрээ монголчуудыг чичрүүлсэн коммунист араатны өөдөөс амиа анх дэнсэлсэн Зориг Бат-үүл нарыг мангар жаалууд гэж дотроо басамжилж, хумсаа нууж явсан мань мэт Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамалснаа нуугаад яах билээ. Аюул суларсанд зарим нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан. Ардчиллын тугийг булаасан тэд эргээд Бат-Үүл нарыгаа намнах гэж олон жил өмхийрлөө. Гэмгүй хүнийг хилсдүүлбэл өршөөгдөх бус цагаадах учиртай. Тиймээс цагаадсан лидерүүд хилсдүүлэгч шүүх прокуророос ял нэхэх ёстойг мэдтүгэй.