ГОЛ АГУУЛГА


Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бодьсадва нар. Тэд урьд цагт үйлдсэн үйлийнхээ буяныхаа үр шимээр бодь-д хүрэх тэр зам мөрийг олдог. Түүнийг үгээр хэлэх боломж үгүй хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бодьсадва нар. Тэд бодь-ийг олох тэр их газар арав байдаг. Тэрбээр тэр арван их газарт. Арван их сэтгэлийг хэрхэн яаж гүйцээж олон арга билигийг зарлигласан. Арван их сэтгэл нь энэ мэт байдаг хэмээн зарлигласан. 

Хутагтын нэн их анхны сэтгэл бол өглөг буяны сэтгэл байдаг. Удаах нь. Тэвчээрийн сэтгэл, итгэл, ёс зүйн хийгээд шунал үгүй, айдас үгүйн сэтгэл. Оюун ухааны, билиг билгүүний болон өрөвч номхон, энэрч хайрлах өршөөж уучлаж өнгөрөөх их сэтгэл. Бурханы ном номлолыг дээдэд барьж үл буцах сэтгэл хэмээх арван их сэтгэл билээ. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бодьсадва нар. Тэд нар бодь-д хүрэхээр хичээх тэр цагт. Тэдэнд төрөх арга билиг, сэтгэлд төрөх тэмдэг. Үүссэн тогтоол тарни. Түүнийг адистидлах, уншиж, сонсох, санах ач тусыг тус тусад нь зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Бодьсадва нар. Тэд чанадад хүрэхийн өмнө одуулах ном арав байдаг хэмээн зарлигласан. Тэр арав нь алин билээ хэмээвээс. Энэ мэт байдаг хэмээн Бурхан багш зарлигласан. Бие, хэл, сэтгэл гурав ариун байх хэрэгтэй. Ариуссан байх ёстой хэмээн зарлигласан. Чөлөө үгүй арван хар муу үйлийн нүгэл хилэнц. Түүний муу үйлийн үрийн алгасал үгүйг таньж мэдсэн байх ёстой хэмээн зарлигласан. ... Сайн сэтгэл, сайхан бодлын ерөөлөөр төрсөн бүгдийг сайтар хичээж барьж үйлдэх хэрэгтэй. Билиг билгүүн, төгс төгөлдөр, оюун ухаан, энэрэл хайрын ёс зүйн ухаанд нэн ихээр суралцаж үйлдэх хэрэгтэй. Ном номлол, чанадад хүрэхийн өмнө одуулах ёс зүйн ухаанд суралцаж, түүнийг төгс сайн эзэмших хэрэгтэй. Энэ мэт арав байдаг. Үүнд суралцаж эзэмших арга ухааныг Бурхан багш зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Дээдийн дээд Хутагт Алтангэрэлт. Энэ ном номлол. Жишихэд бэрх машид ховор нандин номлол билээ. ... Утга сайн. Үг сайн. Анхандаа буян. Завсарт нь буян. Эцэст нь бас буян байдаг. Тийм учраас. Эл ном номлолыг болгоон үйлдсэн бодьсадва нар. Тэд нар бүгдээрээ бурханы оронд очих болно. Тэд бүгдээр бурханы лагшинг олох билээ. ... Гэлэн, гэлэнмаа нар. Тэд нар тэвчээрийг олох болно. Тэд арга билиг сайжрах болно. Тэд номын мөрийг олно. Цаглашгүй олон амьтан бүгдэд тэнцэшгүй их бодь сэтгэлийг тэд барих болно хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Ертөнцийн үргэлжлэлийг таслагч хэмээх Алтангэрэлт судар ном, үүнийг үзэж, судлах хэрэгтэй. Судар номыг бүтээх үйлд хичээгтүн. ... Судар номоршиж байгаа тэр газар оронд бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйлийн түйтгэр арилах билээ. ... Энэ мэт. Элдэв олон өвчин үгүй болох болно. Аюул хөнөөл, саад тотгор бүгд арилах болно. ... Их үйлс үтэр түргэн бүтэж, оршил бүгд арвижих болно. ... Дээдийн ном орчлонд өнө удаан орших болно хэмээн зарлигласан.

Бурхан багш зарлигласан. Бурхан багш зарлигласан байдаг билээ.



БОДЬ ӨГҮҮЛЭШГҮЙ ИХ БАЙДАГ. ТҮҮНИЙГ ҮГЭЭР ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Заларсан бурхад, бодьсадва нар. Тэд нар урьд үйлдсэн буяныхаа үр шимээр бодь-ийг олсон гэсэн үг. ... Бие, хэл, сэтгэл гурав ариун байх хэрэгтэй. Ариуссан байх хэрэгтэй. Сайн ерөөл, сайхан санаа. Энэ мэт. Сэтгэл бодлоос ургаж гарч ирсэн бүгдийг бурханы номын хүчинд гүйцэд төгс хийж чадах хүч чадал, арга ухаан ухамсарт нэн ихээр суралцах хэрэгтэй гэсэн үг. ... Амьтаныг хөнөөх, худал үг хэлж амьтаныг арсалдуулах, хулгай тонуул үйлдэх. Энэ мэт. Найман хар нүглээс үүсэх муу үйлийн үрийг таньж мэдэх хэрэгтэй. Тэр мэт. Муу заяанд хүргэх муу үйлээс нэн их тэвчих арга ухааныг олсон байх хэрэгтэй гэсэн үг. ... Тэр мэт. Бусдын гэмийг санагалзах хэрэггүй. Эхлээд чи өөрөө өөрийн гэмээс салж хагацах хэрэгтэй. Тийм учраас. Нүгэл бүү үйлд. Нүглийг нүглээр угаадаггүй юм. Эргэж буцах сэтгэл үгүй, мятрашгүй их хичээл зүтгэлээр буян номын үйлсэд чармайн зүтгэх хэрэгтэй гэсэн үг. ... Дурьдал, сэтгэлийг дотоод сэтгэлдээ агуул. ... Тэсвэр тэвчээрт суралц. Сайн мууг ижил төгс нүдээр харж, бодож, сэтгэж үйлдэх ухаанд суралц. Энэ мэт үйлд гэсэн үг. ... Муу хар нисваанисыг номхтгож үйлд гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Бурхад, бодьсадва нар. Тэд сүшиг бишрэл, энэрч хайрлах сэтгэл болоод бясалган бодож үйлийг үйлдэх хэмээх билиг оюун, ухаан бодлын ид шидийг төгс сайн эзэмшсэн. Тийм учраас. Тэд нар аврал их. Ач тус их ... Тэд арга билиг төгс. Тэвчээр төгс ... Тэд гэгээрсэн гэгээлэг их хүсэлтэй байдаг. ... Үлгэрлэн хэлвээс. Тэд нар алт адил байдаг. Энэ мэт. Алтаар юуг ч хийсэн. Юу ч эс хийсэн. Тэр алга болохгүй. Тэр алт. Алт хэвээр байдаг. Энэ адил бурхад, бодьсадва нарт оршил гэж үгүй байдаг гэсэн үг. ...

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Сэтгэлтэй бай гэсэн үг. ... Хүнийг аз жаргалтай байлгахыг хичээж бай. Хүмүүсийг хайр энэрэлтэй болгохыг хичээ гэсэн үг. ... Хайраар зугаацах хэрэггүй. ... Хайрлаж чаддаг бай гэсэн үг. Бодлоороо, сэтгэлээсээ зүрхнээсээ хайрлаж чаддаг бай гэсэн үг. ...Яагаад гэвэл. Тэр хайрын эзэн нь үгүй болсон ч хайрласан хайр нь үлддэг. ... Тэр хайр ердийн нэгэн юмнаас ер бусын тэр их хэмжээс рүү явдаг. ... Тэр хайр орчлонгоос тэнгэрт. Оршихуйгаас сүнслэг чанарт очдог гэсэн үг. ... Тийм учраас. Тэр хайрын сураг чимээ нь тэнгэрт, газарт, тэнгис далайн гүн их ёроолд ч сонсогддог юм. Тийм учраас. Хайрлаж бай гэсэн үг. Чин үнэн зүрх сэтгэлээрээ хайрлаж чаддаг бай гэсэн үг. ... 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь Юу гэсэн үг вэ? гэвэл.

Итгэлтэй бай гэсэн үг. ... Итгэл бол сайхан сэтгэл, мэргэн ухаан. Итгэл бол сэрж сэргээх оюун ухаан. Итгэл бол зэр зэвсэг, арга хэрэгсэл, хүч чадал. Итгэл бол зовлон бэрхшээлийг даван туулах шат гишгүүр. Итгэл бол зориг зүрх үгүй сул дорой байдлаасаа хагацаж салах боломж. Тийм учраас итгэлтэй бай гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь Юу гэсэн үг вэ? гэвэл.

Тэвчээртэй бай гэсэн үг. ... Аливаа сайн муу аль алиныг нь тэвчээд тэсээд, тэгээд өнгөрөөж сур гэсэн үг. ... Хүн нэг л юмыг сайн сурвал бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол ТЭВЧЭЭР. ... Тийм учраас. Чи түүнд суралц гэсэн үг. ... Тэвчээр бол сайн сайхан юмны эхлэл. Тэвчээр бол муу мунхагийн төгсгөл. Тийм учраас. Тэвчээртэй бай гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Хэн нэгнийг биш. Эхлээд чи өөрөө өөрийгөө ялах хэрэгтэй гэсэн үг. ... Зовлонг сөрж ял. Жаргалыг ухаарч ял. Хайрыг хайрлаж ял. Өвдөх өлсөх хоёрыг тэсэж ял, гүрийж ял. Унтах, идэх, уурлах гурвыг сэрж барьж дарж ял. Атаархал, хорсол, баярхал, бахархал дөрвийг аргадаж ял гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Сэтгэл зүрхээ нээ. Нээлттэй байлга гэсэн үг. ... Худал хуурмаг юмстай хэзээ ч бүү зууралд. Бүх амьдрал чинь худлаа хуурмаг болдог юм гэсэн үг. ... Юунаас ч битгий ай. Хаашаа очихыгоо мэддэг бай. Бодсон бодолдоо бат бэх зогсож чаддаг бай гэсэн үг. ... Байгаа боломжоо түлхүү их ашигла. Хийх ажилтай бай. Хүсэх юмтай болдог юм гэсэн үг. ... Тэгээд чи өөрөө өөрийгөө “Би аз жаргалтай” гэж бод. Тэр хэмжээгээрээ хүн аз жаргалтай байдаг юм гэсэн үг. ....

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Юм бүхэн мөнх бус гэсэн үг. ... Амьдрал бол цэцэг. Хялбар хэврэг, гоё өнгөтэй гоё цэцэг. Эрт орой хэзээг би мэдэхгүй. Хагдарч унах цэцэг гэсэн үг. ... Товчлоод хэлбэл. Би цэцэг. Чи цэцэг. Амьдрал цэцэг. Орчлон ертөнц тэр өөрөө бас цэцэг гэсэн үг. ... Тийм учраас. Хүү минь. Охин минь цэцгэнд чи яаж хандах ёстой билээ. Амьдралд тийм л ханд гэсэн үг. ... Харин чи хааяа нэг амьдрал мөнх гэж бас бодож бай. Амьдралд, асуудалд хандахдаа чи “Амьдрал мөнх” гэж бодож бай гэсэн үг. ... 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Инээж бай. Инээмсэглэж яв гэсэн үг. ... Яагаад гэвэл. Хэрвээ чи инээхгүй бол. Ад чөтгөр, айдас хүйдэс өндийн босож ирдэг. Хэрвээ чи инээхгүй бол. Аз жаргал, хайр халамж үргээд холдож зайлдаг юм. ... Тийм учраас. Инээ. Инээмсэглэж яв гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь.Юу гэсэн үг вэ? гэвэл.

Бүгдэд таалагдаж хэн ч чадахгүй. Бүгдэд ашигтай байлгахыг хичээж бай гэсэн үг. ... Өөрөөр хэлбэл. Ухаалаг бай. Уян хатан бай. Зөв үйлдэл хийхийг хичээж бай гэсэн үг. ... Энэ бол ЗАРЧИМ. ... Энэ ЗАРЧИМ цааш нь чамд бүгдийг хэлж өгнө гэсэн үг. ...

Хүү минь. Охин минь. Хэлэх үгээ нам дуугаар хэл. Зөв талаас нь бодож хэл гэсэн үг. ... Бусдыг буруутгаж битгий ярь. Буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. ... Дуугүй суу. Доошоогоо газар ширт гэсэн үг биш. Хэзээ чи ярьж эхлэх. Хэдүйд дуу үгүй суухыгаа мэддэг бай гэсэн үг. ... Юмыг битгий их тоо гэсэн үг. ... Юмс бүгдээрээ хоосон байдаг юм гэдгийг санаж яв гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Зам асуух хэрэггүй. Зовлон тоочих хэрэггүй гэсэн үг. ... Эхлээд сайн бод. Эхэлсэн бол дуусга. Замын дундаас бүү буц гэсэн үг. ... Алдаж болно. Алдсан алдаагаа бүү давт. Шат шатанд нь зас. Тэгээд урагшил гэсэн үг. ... Зорилготой бай. Зорьсон зорилгоо бүхний өмнө тавь гэсэн үг. ... Хүйтэн бороо. Халуун нар. Ширүүн салхи. Юуг ч битгий тоо. Юунаас ч битгий ай гэсэн үг. ... “Муу амьд явахаар сайн үх” гэдэг юм. Тэгж бодоод л алхаад бай. Урагшаа хараад алх гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Хүү минь. Охин минь.Юу гэсэн үг вэ? гэвэл.

Үхэл бол унтах байдал. Айх юм юу ч байхгүй шүү дээ. ...Бүх юмс хоосон байдаг юм гэсэн үг. ... Тийм учраас дотор сэтгэлээ номхтго. Үхлээс айх хэрэггүй гэсэн үг. ...

Хүү минь. Охин минь. Бид нар бүгдээрээ адилхан. Сайндаа л бид нэг зуун нас наслана. Эрт орой хэзээг хэлж би мэдэхгүй. ҮХЭХ л болно гэсэн үг. ... Эд хөрөнгө, эрх мэдэл юу ч биш. Хэрэг үгүй. Амьдралаас ганц хоног булааж авч чадахгүй. ҮХЭХ л болно гэсэн үг. ... Үзсэн мэдсэн, дуулсан, авсан өгсөн огт хамаагүй. Тус үгүй. ҮХЭХ л болно гэсэн үг. ... Үхэх цаг ирэх аваас. Цаст уулын цагаан барс адил байгаад ч нэмэр үгүй. ҮХЭХ л болно гэсэн үг. ... Өлгий авс хоёрыг бид нар бүгдээрээ дамждаг. ... Тийм учраас. Хэрвээ үхэл бид нарыг илүү их төгс төгөлдөр зүйлд хүргэх аваас. Үхлээс айх хэрэггүй гэсэн үг. ... 

Хүү минь. Охин минь.

Эрхэм бүхний үндэс бол. Итгэл, сэтгэл, зүтгэл зорилго байдаг. Эд баялагт хөл болгоод хүргэнэ. ... Буян заяаг гар болоод хураадаг. ... 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Жич. “Хутагт Алтангэрэлт” хэмээх энэ сударт айлдсан байдаг. Хутагт бодьсадва нар. Тэд нар бодь-д хүргэх арван их газарт арван их сэтгэлийг олох тухай. Тэд чанадад хүргэхийн өмнө одуулахарван их ёс зүй ном номлолын тухай айлдсан байдаг.