ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД
ЭРХЭТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР ОРШВОЙ.

Тэргүүлэн өгүүлэхүй хэмээх нэгдүгээр бүлэг.

Нэг:

Үүнийг намайг сонсох тэр нэгэн цагт Бурхан багш гүн номын ариун орон Тас цогцолсон хэмээх ариун ууланд олон мянган бурхад бодьсадва махасадва нар. Газар тэнгэр лусын эзэд хаад нартай цуг хамтдаан заларсан билээ. Тэд бүгдээрээ цог жавхлан, сүр хүчээрээ олонд алдаршсан, хичээнгүйг эрхэм болгогсод билээ. Нисваанис[1] бүгдийг ялан дийлэх арга ухаанд тэд мэргэшсэн. Тэд бүгдээрээ тэрсүүдийн омгийг даран номхотгогч. Амьтан бүхэнд дээдийн дээд тусыг олгогч тэвчээр төгс, асрахуй төгс билээ. Тэд их нигүүсэхүй сэтгэлд баттай оршсон, хязгааргүй их нигүүсэлд[2] тангаргийг өргөгсөд байлаа. Тэд бүгдээрээ ариун шагшаабадад[3] сайтар гэгээрсэн. Бурханы номын чанадын хязгаарт хүрэгсэд байлаа. 

Тэд БИ-гийн үзэл бодол, бардамнал, ихэрхэл, хийрхэл, атаа хорсол болоод бусад олон муу явдлыг машид хэтэрсэн хоосон чанарыг[4] илтэд таньж мэдсэн бөлгөө. 

Тэд нар бүгдээрээ Бурхан багшийн өлмий доор сөгдөн мөргөв. Бурхан багшийг гурвантаа тойроод нэгэн зүгт сууцгаав. Тэд алга хавсран сууж Ялж төгс нөгчсөн Бурхан багш Шагжамунигийн нигуурыг үзэж дээдийн номын зарлигийг болгоон залбирав.


Хоёр: Тэгээд ялж төгс нөгчсөн Бурхан багш чуулсан олон нөхдийг болгоон зарлиглав. 

Судрын аймгийн дээд эрхэт хаан Алтангэрэлт судар. Энэ номын учир нь ариун. Утга нь ариун. Хамаг олон нүглийг арилгах ханьцашгүй дээд номлол билээ. Аливаа амьтны зовлонг нимгэлж жаргалыг би өгүүлсүгэй. Хатуу хэцүү зовлонд нэрвэгдсэн, амьдрах нас нь богиноссон барагдсан хийгээд аюул үгүйрэл хоосрол, хараал зүхэл болон хилэнц ихт муу үйлийн зовлонд унасан тэд бүгдээрээ судрын дээд энэ номыг судалж уншиж, сонсож түгээгтүн. Машид угаагдан ариусах болно. Судрын дээд алтан гэрэлт ном үүнийг сонсож үйлд. Тэвчээр төгс баттай хүсэж, буянт сайн сэтгэлийг санаж үйлд. Авралт судар үүний сүр хүчээр хорлол, зовлон гачаал аюул түйтгэр. Энэ мэт тэдгээр муу үйл явдлууд ашид амирлах болно. Энэ судрыг уншиж, сонсож, түгээсэн хураасан буянд тоо үгүй. Хязгаар үгүй. Түүнийг хэмжиж жишиж чадахгүй. Хоёр биш. Гурав биш. Тав биш. Арав биш. Найман түм найман мянган бурхадын таалалд нийцүүлэн буян үйлдсэнтэй тэнцэнэ хэмээн зарлиглав. Бурхад, бодьсадва, махасадва нар болоод эрх дархат эзэд ноёд, газар уул ус, лусын хаад тэд бүгд энд цуглаж өдөр шөнө алгасан үгүй олдохуяа бэрх энэ номлолыг сонсож цааш цааш нь түгээж номлосугай хэмээн Бурхан багш зарлиглав. 

Өнгөрсөн одоо цагт заларсан хамаг олон бурхад бодьсадва нар хийгээд лусын хаад, газар тэнгэрийн эзэд, тэнгэрийн хөвгүүд, бурханы олон шавь нараа гээд ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш шүлэг үүнийг зарлиглав. 



Судрын аймгийн эрхэт хаан 

Сонсвоос машид нарийн хийгээд 

Сайтар шинжвээс гүнзгий утгат 

дээд Алтангэрэлт үүнийг номлосугай! 

Дөрвөн зүгийн бурхад бээр 

Дээд адистэдээр[5] адисласан.

Дорно зүгт Акшобяа 

Өмнө зүгт Ратнакету 

Өрнө зүгт Амитаба 

Умар зүгт Дундубисвара 

Хамаг хилэнцийг арилгах учир 

Ханьцашгүй дээд өлзийт номлол буюу 

Хилэнцэт үйлийг баран үйлдэгч

Хамаг жаргаланг өгөн үйлдэгч

Хамаг зовлонг эвдэн үйлдэгч

Хамгийг болгоогч ямагтын суурийг 

Хамаг цогоор сайтар чимээд 

Хамаг адистэдийг оршоож өгүүлсүгэй! 


Аливаа амьтны эрхтэн доройтсон 

Амьдрах нас нь барагдсан бас доройтсон

Хотол төгс бус алин халдсан

Хамгаалах тэнгэрүүд араараа зүглэсэн 

Хайрт садан төрлүүд үзэн ядсан хийгээд 

Халамжлах боол, эхнэр тэргүүтэн хөнөөх 

Харилцан эсрэг тэсрэг үл зохилдох 

Хураасан эд хомсдож хөнөөгдөх 

Халуун зовлонгоор алжаах, нэрвэгдэх 

Хөнөөх аюул, үгүйрэл хоосрол болон 

Од гараг ба хараал зүхэл хийгээд 

Огоот дуусашгүй адаар энэлэн хохирсон

Хатуу гашуун зовлонд эвэршээж 

Хилэнцэт муу зүүдийг зүүдлэх болохноо ч 

Тэд бүгдээр машид угаагдан ариусах болъюу

Тиймээс судрын дээд үүнийг сонсож үйлд! хэмээвэй.


Аливаа буянт сайн сэтгэл төгс байж 

Ариун хувцас дээлээр сайтар гоёж 

Агуу гүн бурханы мэдлийн орон 

Авралт судар үүнийг сонсож үйлдвээс 

Авралт судар үүний сүр хүчээр 

Амьтан бүгдийн хорлол, зэтгэр

Асар дуусашгүй зовлон энэ адилууд 

Алин тэдгээр ашид амирлах болъюу.


Ертөнцийг сахигч эзэн хаад ба 

Эрх дархат түшмэдийн чуулган сэлт 

Олон голди тоот ягчисууд бээр 

Онцолж тэдгээр бүгдийг сахьюу. 


Их охин тэнгэр Сарасвати ба 

Ниранзана мөрд оршигч нар 

Ад шулам, булаагч эх ба 

Газрын охин тэнгэр Васудари

Эсрэн[6] хаад ба Хурмаст тэнгэр 

Их хүчит лусын хаадууд 

Эрхэт Миамжи[7] ба Асур[8]-ын эрхэт

Энэ мэтчилэн Гарьдын хаадууд

Өмөг садан, хүчин чадал, хүлэг морьтойгоо 

Үлдэлгүй тэд бүгдээр тэнд цуглаж 

Өдөр, шөнө бүгдэд алгасралгүй 

Өнөд тэднийг сахин үйлдюү.


Бурханы гүн явдлын орон 

Бурхан бүгдийн нууц нь болсон 

Голди тоот галвуудад ч олохуйяа бэрх 

Гол судрыг сайтар номлосугай.



Хэн нэгэн энэ судрыг сонсох ба 

Хэн нэгэн бусдадаа сонсгох ба 

Хэн нэгэн даган баясах[9] ба 

Хэн нэгэн тахиж үйлдэх 

Тэднийг тэнгэр хийгээд лусууд 

Түүнчлэн хүн ба миамжи нар 

Тэнгэр бус ба ягчис нар[10] бээр 

Тэднийг тоолшгүй олон галвуудад тахих болъюу.


Бас буян үйлдэгч амьтдын 

Бултаараа хураасан буяны цогц нь 

Буйн хязгаар үгүй, тоо үгүй хийгээд 

Бүхний сэтгэлд багташгүй болъюу.

Арван зүгийн туулсан бурхад[11] ба 

Алин түүнчлэн гүн нарийн явдалтан 

Хамаг бодисадва тэд бүгдээр ч 

Харилтгүй сайтар дэмжих болъюу.


Ариун дээлийг сайтар өмсөж 

Анхилуун үнэрт хувцсыг авч 

Асрахуй сэтгэлийг ойр агуулаад 

Алгасрал үгүйгээр тахиж үйлд.


Өөрийн сэтгэлийг хиргүй 

Агуу дэлгэр сайтар болгож 

Сэтгэлээ машид тунгалаг болгоод 

Судар аймгийн дээдийг сонсогтун.


Хэн нэгэн судар үүнийг сонсвоос 

Тэдгээр хүмүүний дотор сайтар ирнэ 

Хүмүүний төрлийг сайтар олно 

Амьжиргаа амгалангаар амьдрах болъюу.

Хэн нэгний чихний нүхэн дотор ч 

Энэхүү номлол дуурсах болбоос 

Буяны үндсийг тэд судалсан болно 

Бурхан бүгд бээр машид сайшаана.


Жич: Энэ бүлэгт номыг хэрхэн сонсох болон уншсан уншуулсан ач тусын тухай айлдсан байдаг.

[1] Бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл

[2] Их аврал

[3] Ёс зүй, сахил санваар

[4] Үнэмлэхүй үнэн мөн чанар. Юу ч мөнх бус. Хувирч өөрчлөгдөж алга болдог.

[5]Бурханы болгоомж, адислал

[6]Тэнгэрүүд. Эсрэнгийн язгуур, эсрэнгийн түшмэл. Энэ мэт тэнгэрүүдийг хэлжээ. 

[7]Хүмүүн буюу гэдэг. Бурхан багшийн үед тэнгэр ба чөтгөрүүд хүний биед хувилаад Бурханы газарт одон Бурханы ном сонссон тул ийн нэрлэсэн гэдэг. 

[8]Тэнгэрийн доод төрөл

[9]Буян номын үйлийг даган дэмжиж үйлд. Аливаа амьтны тусын тулд буян ном үйлдэх сэтгэлтэн нэгний буяныг дэмжиж хамт оролцох. 

[10]Тэнгэрүүд нь дотроо олон янз байдаг. 


[11]Бурханы хутгийг олж Бурхан бологсод.