2023 оны Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн талаар иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа билээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр багагүй маргаан дагуулсан нь эрх баригч нам хүч түрэн баталсан Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлмэгцээ эздээ Цэцэд  дуудав. УИХ-ын дарга Г.Занданшатар ч хэд хоногийн өмнө Сангийн яамныхантай уулзахдаа “Хүүхдийн мөнгө бол халамж биш, Үндсэн хуулийн зөрчил үүсгэлээ” хэмээн бангадсан байсан.

Харин Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр эсрэг мэдэгдэл хийжээ. Ингэхдээ “Засгийн газар, Сангийн яам хүүхдийн мөнгийг 91 хувьд олгохоор хууль боловсруулж батлуулсан нь хууль зөрчөөгүй. Цар тахлын жилд хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих үүргээ гүйцэтгэсэн учраас 2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон өөрчилж, халамж гэж тодорхойлсон. Халамжийг  зорилтот бүлэг рүү чиглүүлэх учиртай. Энэ зарчмыг баримтлан нийт хүүхдийн 91 хувь гэж тодорхойлсон. Үндсэн хуулийн Цэц улс төржсөн шийдвэр гаргахгүй бол Засгийн газар Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн байна. Нэг ёсондоо "Улс төржсөн шийдвэр гаргах гээд байна шүү" гэж айлгаж байгаа юм.

Ер нь бол Хүүхдийн мөнгө гэдэг зүйлийг анх АН санаачилж, МАН-ын Засгийн газрын үеэс хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Ингэхдээ “Уул уурхайн баялгаас орж ирсэн мөнгөний тодорхой хувийг Хүний хөгжил санд байршуулж, тэндэээсээ иргэддээ хувь хүртээнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмж бол халамж биш, хүн амынхаа өсөлтийг дэмжих төрийн бодлого юмаа” гэж шийдвэрлэсэн. Анх 10 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг АН засгийн эрхэнд гарсныхаа дараа нэг удаа 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Ханшийн уналт энэ тэр ярьж байгаад...

Харин хүүхдийн мөнгийг халамжийн мөнгө болгосон нь МАН өөрөө. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Цар тахлын үед иргэдийнхэээ амьжиргааг дэмжиж байгаа нь энэ” гээд 20 мянган төгрөгийг шууд тав дахин өсгөөд 100 мянган төгрөг болгосон. Долоо хүүхэдтэй айл сарын 700 мянган төгрөгөөр подхийтэл амьдарч байгаа тухай нулимс дуслуулсан бичлэг сонгуулийн пиар болон цацагдаж байлаа. Энэ мөнгөөр МАН гурван ч сонгуулийн “нүүр тахалсан” байдаг юм.

За тэгээд цар тахлын “тансаглал” дуусаад хормой хотоо сэгсрээд үзсэн чинь хүүхдийн мөнгө шиг “хэрэггүй юм” алга болсон байв. Бүхэл бүтэн 1,4 их наяд шүү дээ хэмээн дарга нар толгой сэгсэрч, “ерөөсөө цалинтай аав, ээжийн хүүхдүүдийг хасья” гэсэн чинь цалин авдаг нь хүн амын ердөө 9 хүрэхгүй хувь болж таарав. Бусад өлөн зэлмүүрээр амьдардаг болж таарлаа. (Энэ ангилалд хамгийн түрүүнд төрийн албан хаагчид багтаж байгаа. Сонгуулийн үеэр санал цуглуулдаг гол сүлжээ нь шүү дээ) “Зорилтот бүлэг” гэдэг зүйл ингэж гарч ирсэн юм.

Тухайн үед, төсвийн хэлэлцүүлгийг хийж байхад “Энэ чинь Үндсэн хуулийн зөрчил болно шүү. Иргэдээ орлогоор нь ялгаварлаж болохгүй ээ. Хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлого байсан шүү” гэж мөн ч их “хуцсан” даа. Харин МАН “хуцсан нохой бүрийн өмнөөс чулуу шидэх албагүй” гээд цааш явсан нь ийм болов. Үнэхээр цар тахал дуусаад, иргэдийн амьжиргаа, эдийн засаг сэргэсэн нь үнэн юм бол буцаагаад 20 мянга дээр нь буулгахад л зардлыг 5 дахин хэмнэх боломж байв. Даанч МАН-ын өмнө үр дүн нь тодорхойгүй гурван ч сонгууль байсан учраас ийм ухралтыг хийж чадаагүй юм. Тэгээд эцэст нь “Хүүхдийн мөнгө бол халамж мөн” гэж хэлээд Хүний хөгжлийн сан, Сангийн сайдын багцад байсан хүүхдийн мөнгийг Халамжийн сан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц руу шилжүүлчихсэн.

Гэвч ард түмэн “цэцэн мэргэн” юм болохоор юу гэж ийм зүйлийг хүлээж авах вэ дээ. Төсөв боловсруулсан Засгийн газар, Сангийн яам, түүнийг нь баталсан УИХ ташраараа Үндсэн хуулийн цэц дээр дуудагдаад явж байна. Энэ тохиолдолд Сангийн сайд ганцаараа юу ч гэж "цэцэн хурга" царайлаад нэмэргүй болж байгаа юм. УИХ-ын дарга нь хүртэл “Буруу бодлого, ялгаварлал болсон” гээд хэлчихлээ. “Есхөн хувь штээ” гээд цааш зүтгэх амаргүй л болов уу.

Ядаж байхад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “шүгэл үлээсэн” 40 их наядын нүүрсний хулгай, нүүрс тээвэрлэдэггүй мухар төмөр замд булсан мөнгөний хажууд хүүхдэд өгдөг 1,4 их наяд төгрөг “нохойн жогорхой” болж харагдаж байгаа юм чинь. Эцэст нь иргэд “Яагаад бид дангаараа хэмнэх ёстой юм, хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл” хэмээн заргалдаж байна. Явж явж иргэдийн л зөв болж дуусдаг даа. Сонгууль ч хаяанд ирчихлээ.

inews.mn