Хуульч, доктор П.Баяртай Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Корнелийн их сургуульд доктор хамгаалсан хуульч юм.

-Өнгөрсөн өдрүүдэд Үндсэн хуулийн цэцийн сүүлчийн шийдвэртэй холбоотой ил далд хэлэлцүүлэг ордны дотор гаднагүй өрнөлөө. Цэцийн шийдвэрийг яагаад алдаатай болсон гэж үндсэн хууль судлаачид үзээд байгаа вэ?

-Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд нийцээгүй байх тул хүчингүй болгож, тогтоол гаргасан. 

Хэлэлцсэн асуудлыг харахад харин тухайн тогтоолыг гаргах болсон үндэслэл нь шийдвэртэйгээ зөрчилдөөд байгаад учир байна. Учир нь цэц шийдвэртээ давхар дээлийг хязгаарласан заалт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшилсан гэсэн байгаа юм. Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал гэдэг нь 1992 онд батлагдсан Үндсэн хууль өөрөө юм. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалаар давхар дээлийг хориглосон. Ийм ч учраас 1999 онд оруулсан давхар дээлийг зөвшөөрсөн заалтыг процесс зөрчсөн гээд Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон байдаг. Гэтэл 2019 онд Үндсэн хуулийн үндсэн бүтцэд бүрэн нийцүүлж, давхар дээлийг хязгаарлаж баталсан ҮХНӨ-ийг Үндсэн хуулийн үндсэн бүтцэд харш гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэсэн нь учир зүйн холбоогүй, гүжир шийдвэр болоод байна. Ялангуяа, 2019 оны ҮХНӨ-үүд нь ард нийтээр хэлэлцүүлж, эрдэмтэд судлаачдыг оролцуулж, олноороо хэлэлцэж хийсэн нийгмийн захиалга байсан гэдэг утгаараа онолын хувьд Үндсэн хуулийн цэцээс өөрчлөх, хүчингүй болгох ямар ч боломжгүй. 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр ч үндсэн бүтцийн онолын талаар бичихдээ Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд халдах аливаа оролдлогоос Үндсэн хуулийн цэц хамгаалж байх ёстой гэснийг Үндсэн хуулийн цэцийн цахим хуудаснаас та бүхэн харж болно. Гэтэл цэц өөрөө тогтоол гаргах замаар тэрхүү Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримталдаа халдчихлаа. Ам, ажил зөрнө гэдэг энэ болов уу.

-Үндсэн хуулийн цэц ҮХНӨ-ийг хүчингүйд тооцсон нь анх удаагийнх уу?

-Анхны тохиолдол биш. Цэц нь УИХ-аас Үндсэн хуульд 1999 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг хүчингүй болгох шийдвэр гаргаж байсан. Гэхдээ үндэслэл нь хууль тогтоогч ҮХНӨ-ийг хийхдээ холбогдох процессын хуульд заасныг зөрчсөн, тэр дундаа ард түмнээс, ерөнхийлөгчөөс, цэцээс санал аваагүй 1 өдрийн дотор баталсан болохыг дурьдсан байдаг. Улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг тодорхой болгох үүднээс 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Уг журам хоёр чухал зүйлийг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх багтсан болохыг баталгаажуулж, хэрхэн хэлэлцэж батлах үе шат бүрийг журамласан; хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулж үл болох заалтуудыг дурьдсан. Судлаачид эдгээр заалтуудыг үндсэн бүтэц эсхүл үл өөрчилж болох мөнхийн заалтууд гэх зэргээр судлаачид өөр өөрөөр тодорхойлдог. Ялангуяа цэцийн гишүүн Д.Одбаяр өөрөө илтгэлдээ бичсэн байдаг. Саяны хүчингүй болдог 39.1 нь үндсэн бүтцэд нь байхгүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч өөрөө засч болох зүйл.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүхээс хүчингүй болгосон нь зөвхөн Монгол Улсад тохиолдов уу?

-Үндсэн хуулийг сахин хамгаалах, хяналт тавих эрх мэдлийг анхдагч болон үүсмэл гэсэн хоёр төрөлд хуваадаг. Үндсэн хууль нь ард түмний хүсэл зоригоос урган гарч, нийгмийн зөвшилцлийн нотолгоо болдгоороо Үндсэн хуулийн анхдагч хяналтыг ард түмэн өөрсдөө хэрэгжүүлдэг. Мэдээж ард түмний гол төлөөлөл гэж нэрлэдэг хууль тогтоогчоор дамжуулан Үндсэн хуулиа боловсронгүй болгох эрх эдэлдэг. Нөгөө талаас, анхдагч хяналт болох ард түмний араар хууль тогтоогч хууль зөрчин Үндсэн хуульд халдах оролдлогоос хамгаалах зорилгоор Үндсэн хуулийн шүүхийг байгуулж, Үндсэн хуулийн үүсмэл хяналтын эрхийг ард түмнээс олгосон юм. 

Үндсэн хуулийн шүүх, эсхүл дээд шүүх нь хууль тогтоогчоос баталсан ҮХНӨ-ийг хянаж, хүчингүй болгодог олон улсын практик бий. Хамгийн анх 1814 онд Норвегийн Үндсэн хуульд хууль тогтоогч нь ҮХНӨ-ийг хийхдээ Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санааг хөндөж үл болно гэсэн заалт орсон байдаг. Австри, ХБНГУ, Норвеги, Турк, Унгар, Энэтхэг зэрэг улсуудад үндсэн хуулийн шүүхээс Үндсэн хуульдаа орсон нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, эсхүл үл өөрчилж болох мөнхийн заалтуудтайгаа нийцэж байгаа эсэхийг маш тодорхой хязгаарлагдмал хүрээнд хянадаг. Тухайлбал, Үндсэн хуульд тусгайлан заасан өөрчилж үл болох мөнхийн гэгдэх заалтуудыг хөндөж байгаа эсэх, ҮХНӨ-ийг батлахдаа хууль тогтоогч процессын алдаа гаргасан эсэх, эсхүл хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хянахыг Үндсэн хуульд нь зөвшөөрсөн байна. Эдгээр орнуудын хувьд Дэлхийн I болон II дайн, дотоодын үймээн самуун, улс төрийн тогтворгүй байдал зэрэг олон хүчин зүйлс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэрсүү хандахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг.

Энд нэг зүйл анхаарахад эдгээр улсуудын хувьд ҮХНӨ-ийг хянах эрхийг Үндсэн хуулийн шүүх, эсхүл дээд шүүхэд Үндсэн хуульд нь тодорхой зааж олгосон байдаг.

Нөгөө талаас, ҮХНӨ-ийг Үндсэн хуулийн шүүхээс хянаж, хүчингүй болгох нь ард түмний нийтлэг хүсэл зоригт харш зүйл гэж үзэн Үндсэн хуулийн шүүхдээ тийм эрхийг олгоогүй орнууд ч олон бий. Хоёр талтай гэсэн үг. Учиргүй нацизм, фашизм, боолчлолыг тунхаглаагүй бол ҮХНӨ-ийн шүүх хүчингүй болгохгүй шүү дээ.

-Тэгвэл манай Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц нь ҮХНӨ-ийг хянах, хүчингүй болгох эрх бий юу?

-Үндсэн хууль болон түүний аливаа нэмэлт, өөрчлөлт нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, нийгмийн гэрээ юм. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг сахин хамгаалагч байхаас бус Цэцийн 9 гишүүнд ҮХНӨ-ийг өөрчлөх эрх мэдэл хуулиар олгогдоогүй. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, 2000 онд Үндсэн хуульд оруулсан дордохын долоо гэж нэрлэдэг ҮХНӨ-үүдийг хянан хэлэлцэхдээ Үндсэн хуулийн цэц нь аливаа ҮХНӨ-ийн агуулгыг хэлэлцэх эрхгүй, гагцхүү тухайн нэмэлт, өөрчлөлтүүд хууль заасан процедурын дагуу хийгдсэн эсэхийг л хянах учиртай гэж өөрөө шийдэж байсан. Улмаар 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, түүндээ ХБНГУ-ын Үндсэн хуулийн үзэл санаатай адил байдлаар өөрчилж үл болох мөнхийн заалтуудыг тодорхойлон оруулсан. Гагцхүү тэдгээр заалтууд хөндөгдөх үед Үндсэн хуулийн цэц ҮХНӨ-ийг хянан хэлэлцэх эрх зүйн үндэслэлтэй. Гэхдээ энэ эрх нь Үндсэн хуульд тусгагдсан байх ёстой. Ердийн хуулиар ийм эрх авч болохгүй. Манай Үндсэн хууль цэцэд ийм эрх өгөөгүй. Гэтэл давхар дээлийг хязгаарласан заалт нь тэдгээр үл өөрчилж болох мөнхийн заалтуудтай огт хамааралгүй учраас цэцээс тухайн заалтыг хүчингүй болгосон тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болоод байна. 

-Тэгэхээр одоо яах вэ? Таны ярьснаас дүгнэхэд Үндсэн хуулийн цэц алдаатай шийдвэр гаргасан байж болзошгүй байна. Гэхдээ л цэцийн тогтоол эцсийнх байдаг учраас УИХ, Засгийн газар хэрэгжүүлж л таарах бус уу?

-Үндсэн хуулийн цэцээс давхар дээлийг хязгаарласан заалтыг хүчингүй болгосноороо хууль тогтоогчийн бүрэн эрхэнд халдсанаас гадна гүйцэтгэх засаглалын тэргүүний танхимаа бүрдүүлэх эрхэд ч сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал руу орчихлоо. Төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулан барьж буй ард түмний эрх, эрх чөлөөнд ч халдлаа.

Иймд засаглалын тэнцвэрийг хадгалах, хууль дээдлэх ёсны зарчмыг хангах үүднээс УИХ, Засгийн газраас асуудалд ултай суурьтай хандах нь зүйтэй. УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулж болно. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тайлбарыг ард түмэн асууж тодруулах эрхтэй. Харин УИХ цаашид шийдвэрээ гаргахдаа энэ Цэцийн гүжир шийдвэрийг нэг ч шийдвэртээ ишлэж болохгүй. Үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Зүгээр сонслоо. Тэгээд ишлэхгүйгээр шийдвэрээ гаргаад явах. Хэрэв ишлэх юм бол цааш цаашдын УИХ-аас батлах ҮХНӨ-ийг Цэц дураараа хүчингүй болгодог байдал үргэлжилнэ. Хүлээн зөвшөөрсөн болчихно. МАН дандаа засаг барихгүй. Дараа дараагийн улс төрийн хүчин гарч ирээд эргээд юу ч хийж мэдэх тогтворгүй байдал үүсчихлээ. 

Гишүүд ч давхар дээл өмсөх гэж яарах хэрэггүй байх. Давхар дээлтэй гишүүдийг томилох шийдвэр нь Үндсэн хуулийн үзэл санаа, үндсэн бүтцэд харш болох тул Үндсэн хуулийн цэцэд дахин очих нь дамжиггүй. Хэдэн сар сайд хийсэн ч яалаа, энийг явуулаад байгаа сонирхлын бүлэг. Тогтолцоогоо эрүүл авч үлдэх нь юу юунаас чухал байна. Уг нь Цэц яг одоо өөрөө энэ гүжир байдлаа засахгүй бол оройтно. Үндсэн хууль ирээдүйг харсан тогтвортой бичиг баримт шүү дээ.