Монгол хүний нандин бүхнийг дээдлэн эгшиглэсэн
Морин хуурын саарах үгүй сайхан аялгуу...
гэж “Харанга” дуулахыг сонсох, Морин хуурын чуулга бүтэн бүрэлдэхүүнээрээ дэлхийн тайзан дээр Н.Жанцанноровын “Цагаан суварга”-ыг эгшиглүүлэхийг харах үнэхээр сайхан. Монгол хүн, саруул сайхан нутагтаа эзэн болж суугаадаа эрдэх сэтгэл төрдөг. Морин хуурын чуулгын тоглолтыг алгасалгүй үздэг монгол хүн бүр үүнийг мэдэрнэ. Тоглолтын үеийн тайвшрал, бодрол бясалгал, сэтгэл догодлол, нулимстай нүд... Хүнд цаг үеийг туулан, яаж нэг Морин хуурын чуулгаа аваад ирсэн юм, энэ чуулгагүй бол монголчууд юугаараа сэтгэлээ зөөллөх юм, ер нь Монгол улс гадна ертөнцөд юугаараа нүүр тахлах, тусгаар тогтносон улсаа тунхаглах байв. Би ингэж л боддог. Бусад монголчууд ч мөн адил байх. Үүнтэй зэрэгцэн ерэн оны эхэн үеийн Засгийн газрын Тэргүүн Шадар сайд Да.Ганболдод баярладаг. Морин хуурын чуулгыг байгуулж, Монголын үнэт зүйлийгөнөөдөрт авчирсаных нь төлөө.

Энэ одоо юу болоод морин хуурын чуулга ярьж байснаа гэнэт Да.Ганболдыг яриад эхлэв гэж гайхах байх. Тэгвэл Монголд анх удаа Морин хуурын чуулгыг албан ёсоор байгуулж, төсвөөс санхүүжүүлэх ажлыг Да.Ганболд гардан хийсэн юм. Түүний гарын үсэгтэй 1992 оны долдугаар сарын 09-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 123 дугаар тогтоол бий. Морин хуурын улсын чуулга байгуулах тухай тогтоол. Төсөв нь 500 000 төгрөг. Өнөөдрийнхөөр бол 50 тэрбум төгрөг. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн, дэлгүүрийн лангуу хоосорчихсон тэр үед Да.Ганболд юу бодож, өчүүхэн жижиг улсын төсвөөсөө үндэсний энэхүү урлаг руу мөнгө хийв. Үүнийг түүнээс одоо асуумаар байдаг ч тэр дандаа эдийн засаг, банк санхүү, улс төр ярьж явдаг болохоор боломж олддоггүй. Гучин жилийн өмнөх энэхүү гайхамшигт үйлсийнх нь талаар хүмүүс байтугай одоо бараг тэр өөрөө ч мартчихсан явж магадгүй. Гэхдээ бас худлаа, түүн шиг морин хуур, уртын дуунд дурладаг, монгол ахуй дунд сууж байдаг улс төрч цөөхөн.

Да. Ганболдын талаар нэгэнт дуугарсан бол дуугарсан шиг дуугарч, бичсэн шиг бичих хэрэгтэй. Тэгэхээс өөр аргагүй тод дүр. Коммунист өмчийг хуулиар нь, ном дүрмээр нь хувьчилсан анхны бөгөөд эцсийн хүн. Дэлхий дээр коммунист өмчийг гурван аргаар л хувьчилсан байдаг юм. Нэгдүгээрт хувьсгал хийж. Хоёрдугаарт хулгай хийж, гуравдугаарт дарангуйлал тогтоож хувьчилсан байдаг. Харин Монголд бол Да.Ганболд хууль гаргаж ард түмэндээ хувьчилсан юм. Ерэн онд юу ч үгүй хоосон явсан Дорж өнөөдөр мянгат малчин болсон нь, Бат гэж залуу Азийн хэмжээний саятан болчихсон яваа нь Да.Ганболдын хуулиар нь хийсэн өмч хувьчлалын буян. Ерэн оны эхэн үед тэрбээр “Бидэнд нөөц их байна. Бид ядаж толгой шийрээ боловсруулаад идэхэд л өлсөхгүй шүү дээ” гэж хэлж байлаа. Одоо ч хэлэх, монголчууд сонсох ёстой үг. Тэрбээр 1991 онд Монголд анх удаа зохион байгуулсан Эдийн засагчдийн зөвлөгөөн дээр зах зээлийн эдийн засгийн талаар зогсолтгүй гурван цаг лекц уншсан нь Монголд анхных. Яагаад гэвэл зах зээл, чөлөөт нийгмийн талаар тухайн үед түүн шиг онол практикийн баримжаатай гурван цаг бүү хэл 30 минут ярих хүн байгаагүй нь бодит үнэн. Үүнийг нь эсэргүүцэж чуулганд оролцсон Хэнтий аймгийн нэгэн нэгдлийн дарга машины тэвш дүүрэн толгой шийр ачуулж, Да.Ганболдын хаягаар явуулсныг нөхөр дуртайяа хүлээн авч, тэр үеийн түүхий эдийн анхан шатны боловсруулах үйлдвэрт өгч борлуулан мөнгө болгож байсан түүх ч бий. 

Зах зээлийн эдийн засгийн бүх учир начрыг гадарладаг, бас Тэргүүн шадар сайдын албатай байсан энэ хүн Монголын бүх үйлдвэр, баялагыг сорчлон авчих боломжтой байсан. Одоо тэгвэлтүүнд юу байна... Да.Ганболд “Улс нийгэмд 10 мянган хонь өсгөж өгчихөөд 10 хонь хувьдаа байхгүй Намхайнямбуу баатар байрны жижүүр хийгээд сууж байна. Сайхан нийгэм мөн үү” гэж жишээ татан коммунизмыг ойлгуулахыг хичээж явсан нь анхны мянгат малчид төрж, анхны хувийн дэлгүүртнүүд бий болж байж сая нэг ойлгож эхэлсэн. Одооны залуус бол аав ээж нь анхнаасаа хөрөнгө чинээтэй төрсөн юм шиг л бодож явдаг байх.Да.Ганболдын түүхэн хоёр гавьяа бий. Гучин жилийн өмнө хувийн өмчтэй болохыг соц нийгмийнхэнд онолын хувьд ойлгуулж чадсан. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлж чадсан. Гол үнэ цэн нь түүний тэр үед ярьсан нь өнөөдөр яг л биелэлээ олоод явж байгаа. Маш товчхондоо халимагтай байсан Ганболд халзан болтлоо зүтгэсэн монголын ардчиллын 30 жилийн түүх ердөө л энэ. Энэ тухай их бичигдсэндээ, өнгөрсөн он жилүүдэд. Ганцхан тэр “Үнээн, би хийсэн юм” гэж баталгаажуулдаггүй болохоос биш.

1996 оны УИХ-ын сонгуулиар Да.Ганболд Хэнтийгээс сонгогдон гарч ирж Хэнтий аймгийг төвийн эрчим хүчний системтэй холбож өгсөн юм. Өнөөдөр Хөвсгөлд томоохон ямар бүтээн байгуулалт хийгдэхгүй байна түүнийг Да.Ганболд очиж байж хийх нь тодорхой. Тэр сонгогдсон тойрог бүртээ ингэж л ажилладаг хүн. Хөвсгөлд ялалт байгуулж гэмээнэ хөвсгөлчүүд хожно. Хөвсгөл бол ардчиллыг өлгийдөн авсан анхны аймаг. Тэнд үргэлж ардчиллын цурам уугиж баагиж байдаг гоё газар, сайхан ард түмэн. Гэвч өнөөдөр тэнд амьдрал муу байна. Нам дагасан хэдэн хүн, тэдгээрийг тойрон хүрээлсэн цөөн хэдэн өрхийн амьдрал өнгөтэй өөдтэй. Бусдынх нь амьдрал өрөөс өр, зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг өнгөрөөж, өвчний үзүүлэлтээр бусад аймгийг тэргүүлж байгаа нь эмгэнэл. Тийм сайхан нутагт, сайхан сэтгэлтэй ард түмэн нь муухан амьдарч болохгүй. МАН-ыг сонгосон тэдний буруу биш. Харин хөвсгөлчүүдийн итгэл рүү ус цацсан, бэртэгчин хандсан нөхдийн буруу. 

Ард түмний амьдрал доройтойж, ардчилал, хүний эрх мухардалд орох аюул нүүрлэсэн газар руу ардчиллын удирдагчид очдог. Үнэндээ “халзан” Ганболдыг улс төрийн зорилгоор хичнээн их нухчин дарлаа ч тэрбээр гурван Их хурлын гишүүний дайтай байлгүй яахав. Нийгмийг огт өөр нийгмээр, эдийн засгийг огт өөр эдийн засгаар сольж өөрчилж явсан хүн шүү дээ. Ерэн оны эхэн үед ямарч мөнгөгүй Монгол улсад гадны хөрөнгө оруулалт татах шинэ, амаргүй ажлыг Тэргүүн шадар сайд Да.Ганболд л нуруундаа үүрч дүүрч гарсан. Тэрбээр 1991 онд анх удаа Япон улсад гадаадын хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлүүдийг хийсэн нь өнөөдөр ч үргэлжилж байна. Монголын ганц найдвартай түншлэгч, хөрөнгө оруулагч Япон орон байсаар байгаа. Түүнийг гадны хөрөнгө оруулагчидтай хамгийн сайн ойлголцож ажилладаг эдийн засагч гэдгийг МАН-ын дарга нар ч хүлээн зөвшөөрдөг. 

Гадаадын хөрөнгө оруулалтын орчинд хамгийн сайн ажилладаг энэ хүнийгхөвсгөлчүүд одоо л ашиглах ёстой. Хөвсгөлд хөрөнгө оруулалт татаж, хөвсгөлчүүдийн амьдралыг өөд татах нь, Гадны хөрөнгө оруулагчдтай ажиллаж сурсан, тэдний орчин дунд үргэлж явж байдаг түүнд нэг жилийн л асуудал байх. 

“Улс төр бол өөрийн толгойтой хүн л урт удаан амьдардаг орчин” гэж тэрээр Лу.Гантөмөрт хэлсэн байдаг юм. Саяхан түүний нэг ярилцлагыг уншаад инээд хүрлээ. Тэр ярьжээ,“Уг нь би дотроо хүнд магтуулах их дуртай ш тээ. Даана ч...” гээд хаячихсан байгаа юм. Даана ч түүнийг магтах хүн олддоггүй бололтой. Үхэхээс бусдыг үзэж туулж яваа эр. Улс төрийн хатуу ширүүн орчноос огт сонсогддоггүй маш гоё, цагаан үг. Магадгүй маазарч хэлсэн байх. Гэхдээ дотуур тамиртай хүнээс хэзээ ч ийм үг гардаггүй юм.

...Хүмүүст зүхүүлдэг, хатуу үг өнгөрөөгөөд сурчихсан, өнөөдөр ч элдвээр хэлүүлсээр яваа түүнийг “Энэ ерөөсөө бүтэхгүй нөхөр юм байна” гэхээр ямарч цаг үед нүүрний эгнээнд явж байдаг нь хүмүүсийн сонирхолыг маш их татдаг. “Ард түмэн жинхэнэ үнэнийг мэдвэл Да.Ганболдын зөвийг мэднэ” гэж саяхан МАН-ын гишүүн, нэр төртэй нэгэн ахмад дипломатч хэлсэн байна лээ. Өнөөдөр бол түүний тухай үнэнийг худал болгох ажлыг өрсөлдөгчид нь гаргуун сайн хийж байх шиг байна. Да.Ганболд нарын хүмүүсийг дэмжлэггүй болгох гэсэн зарим нэг хүний хүсэл мөрөөдөл Монголд ардчилалыг мохоох гэсэн заналхийлэл биш юм уу. Ийм л эмзэг, ээдрээтэй цаг үед ардчиллын өлгий болсон Хөвсгөлчүүд рүү ардчиллын удирдагчдын нэгийг явуулж байгаа нь учиртай. Хоймор сайхан нутаг, Хотгойдын цэнхэр хязгаар бол цаг үргэлж ардчиллын итгэл найдвар болж ирсэн сайхан газар орон, хүн ард юм. Хөвсгөлд “халзан” Ганболд очиж байна гэж бодохоор урамтай байнаа...