ШХАБ дахь Хятадын байр суурийг үнэлж дүгнэхдээ ШХАБ-ын локомотив нь яг үнэндээ одоо БНХАУ болж байгааг олж харах, тэмдэглэх хэрэгтэй болов уу. Тиймдээ ч программын чанартай үгийг Хятадын удирдагч хэлдэг уламжлал тогтож байх бололтой. Ерөөсөө ШХАБ-ыг ямар л бол ямраар төлөвшүүлэх хөгжүүлэхэд Хятад бэлэн байх ба олон хувилбараар боловсруулсан төлөвлөгөө, цогц бодлого, бэл бэнчин, боловсон хүчин хангалттай бэлтгэж авсан болов уу.

ШХАБ дотроо хоёр гол оролцогч–жин дарагч Орос ба Хятадын хувьд ялихгүй зөрчил байсаар ирcэн, ялангуяа энэ байгууллагын бүтцийн ирээдүйг хэрхэн харж байгаа, гишүүнчлэлийн өргөтгөл дээрээ зөрчилтэй хэмээн өмнө би бичсэн. 

Ямар зөрчил вэ? Хоёр асуудлаар зөрчилтэй: 1) ШХАБ-ыг ОХУ шат ахиулж аюулгүй байдал, стратегийн чухал эвсэл байлгах, болгохыг хүсдэг бол ШХАБ-ыг олон талт их бүрэн хамтын ажиллагааны үйл явц, тавцан болгохыг Хятад хүсдэг; 2) Гишүүн нэмж элсүүлэх асуудалд Хятад нь маш хянамгай болгоомжтой хандаж буй. 

Зарим асуудлаар Хятад ШХАБ-д ганцаардах байдалтай, хуучин СССР-ийн “стан”-ууд цагаа тулахаар Оросыг дагачихдаг, Пакистан нь Хятадад тэр бүр хань болохгүй, тийм учраас Оросоос лоббидон шинэ гишүүн элсүүлэх дээр Хятад чагт тавих нь аргагүй ч юм шиг. 

Үнэндээ яг одоо Монголоос өөр улсаар эгнээгээ тэлэхийг Хятад хүсэхгүй байна. Харин ОХУ ШХАБ-д аль болох олон улс орныг (цаанаа ямар асуудалтай, ямар санаа зорилгоор элсэх нь Орост падгүй) татан оруулж эгнээгээ бэхжүүлэхийг зорьдог. Жинхэнэ гишүүнээр Ираныг 2017, 2018 онд, ажиглагч гишүүнээр Азербайжаныг 2018 онд элсүүлэхийг лоббидоод Хятадыг барсангүй. 

Монголоос өөр улсаар эгнээгээ тэлэхийг Хятад хүсэхгүй гэснийг нотлох нэг баримт байна. Чиндаогийн саммитын үеэр Монгол, Хятадын болон гурван улсын Төр тэргүүн нар уулзаж хэлэлцээ хийхэд ноён Си Жинпин ингэж хэлжээ.

  • Монгол бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Монголын тал ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг Хятадын тал дэмжинэ.
  • ШХАБ-ын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа өргөтгөн, Монголын тал болон ШХАБ-ын харилцааны түвшинг дээшлүүлж, ШХАБ-ын хамтын ажиллагаанд Монголын тал гүнзгий оролцохыг сайшаана гэжээ.

«Шанхайн үзэл санаа» гэдгээ ч Хятад түрүүлэн дэвшүүлсэн, түүнийгээ тал бүрээр сурталчилж байна. «Шанхайн үзэл санаа» гэдэг нь салбарлавал “ШХАБ-ын эв нэгдэл”, “ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц”, “ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээний ирэх 5 жил”, “Олон улсын дэг журмыг шударга, зохистой чиглэлээр хөгжүүлэх”, “Энх тайвныг хамгаалах хүчний ялалт”, “Дэлхий ертөнц–Нэг гэр бүл”, “Дуу нэгтэй байх”, “Инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй хөгжлийн үзэл баримтлал” гэхчлэн олон шинэ заалтаар баяжжээ.

Чиндаод чуулсан ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII саммитын өргөтгөсөн хуралдаан дээр ноён Си Жинпин ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц байгуулж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтоох хэрэгтэй гээд 4 чухал зорилт дэвшүүлжээ. Үүнд: 

  1. Эв санаагаа нэгтгэе. Харилцан итгэлцлээ бэхжүүлье.  Чиндаогийн тунхаг, урт хугацааны найрсаг хөршийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт зэрэг баримт бичгийг бүрэн хэрэгжүүлье. Адил талаа нэгтгэж, ялгаатай талаа хойш  тавих замаар ШХАБ-ын эв нэгдлийг улам бэхжүүлье; 
  2. Террорист, хэт даврагч, хагалан бутаргагчдад цохилт өгөх 2019-2021 оны хамтын ажиллагааны хөтөлбөрөө идэвхтэй хэрэгжүүлье. Урьдчилан сэргийлэх, хууль хэрэгжүүлэх, мэдээлэл холбооны аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлье. Ингэснээрээ энх тайван, аюулгүй байдлын нийтлэг үндэс суурийг тавих хэрэгтэй; 
  3. Хөгжлийн стратегиа идэвхтэй холбож, хамтдаа хөгжин дэвших хүчирхэг хөдөлгүүр бий болгоё. Хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааны хэлхээ холбоог улам нягтруулая; 
  4. Олон улсын хамтын ажиллагааны түншийн цар хүрээг хамтдаа тэлэх хэрэгтэй гэжээ.  

Олон улсын өнөөгийн байдлыг ноён Си дүгнэж ярьсан хэсэг нь анхаарал татахаар юм. Үүнд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлоготой зөрчилдөхөөр заалтууд оржээ. Тэр талаар дор бүр нь тайлбар дагалдуулан Монголын байр суурийг тодруулах нь зөв болов уу. 

БНХАУ-ын дарга хэлэхдээ “Дэлхийн гол хандлага, цаг үеийн урсгалыг зөв ойлгох хэрэгтэй” гээд “Одоо дэлхий ертөнцөд жанжлах үзэл, хүчирхийллийн улс төр оршсоор байгаа” гэжээ. Олон улсын харилцаанд жанжлал, хүчирхийлэл явагдаж буй тухай Монгол Улс албан ёсоор дурдаагүй олон жилийг үдэж байна. Жанжлал гэдгээр хэнийг нэрлэж байгааг (мэдээж АНУ ба өрнөдийнхөн) бид мэдэхийн хэрээр тэр талаар дуугүй байх, аль ч талд нь орохгүй де-факто төвийг сахихыг хичээж ирсэн.

“Олон улсын дэг журмыг шударга, зохистой чиглэлээр хөгжүүлэх тухай уриа дуу хоолой цууриатаж байна, олон улсын харилцаа ардчилсан зарчмаар хөгжих нь цаг үеийн хориглогдошгүй урсгал мөн” хэмээн Си дарга тэмдэглэснийг Монгол Улс шууд дэмжинэ гэж бодохгүй байна. Учир нь энд “шударга”, “ардчилсан” гэдгээр хөгжиж буй орнууд хөгжингүй орнуудынхаа эсрэг гаргаж ирдэг байнгын үг хэллэг, түүнийг “ганц туйлт дэлхийн эсрэг” ОХУ, БНХАУ хоёр 1996 онд “Шанхайн тав” байгуулагдсан цагаас эхлэн 20 гаран жил сурталдаж байгааг Монгол Улс ойлгож болно, гэхдээ шууд дэмжиж байгаагүй.

ШХАБ-ын хөгжлийг бүх талаар төлөвлөх, тодорхой чиглэл, замын зураг төлөвлөгөө гаргаж мөрдөхийг Хятад мөн томъёолдог. Энэ нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийнсайд Ван И-гийн нэгэн мэдэгдэлд тусгалаа олжээ. Үүнд:

  • «Шанхайн үзэл санаа»-г хөгжүүлэх, нэгдэл нягтрал, харилцан итгэлцээ бэхжүүлэх, нэгдсэн хүчээр элдэв эрсдэл, өдөөн хатгалгын эсрэг сөрөн зогсох, ШХАБ-ын нэгдмэл хувь заяаны хамтын нийгэмлэг (Си даргынхаар “хувь заяаны хамтын цогц”) төлөвшүүлэх;
  • Аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хүчирхийлэл, терроризмтой тэмцэх талаар эрс тэс радикал, тал бүрийн арга хэмжээ авах, бүс нутгийн аюулгүй ба тогтвортой байдлыг хангах;
  • ШХАБ нь бүс нутгийн хамтын ажиллагааны олон санаачилга, гишүүн орнуудын хөгжлийн стратегийг холбоход тус дөхөм болох талбар байх ёстой;
  • ШХАБ нь хүч чадал нөөцөө бүрэн илтгэн харуулах, бодит хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, харилцан ажиллагааны түвшинг ахиулахад тус дөхөм болох;
  • Хүмүүнлэгийн солилцоогоо бэхжүүлэх, гишүүн орнуудын ард түмнүүдийн хооронд харилцан ойлголцол, найрамдлаа гүнзгийрүүлэх; 
  • Шударга ёсыг хамгаалах, олон улсын нөлөөллөө өргөжүүлэх, тэгснээрээр олон улсын шинэ хэлбэрийн харилцаа хамтын хүчээрээ буй болгох гэжээ.

Сайд Ван И Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлыг даргалсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ бас ингэж ярьсан байв. 

  • Чиндаогийн хурлаар талууд «Шанхайн үзэл санаа»-ны дагуу түүхэн шинэ нөхцөлд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хөгжлийн стратегиа уялдуулах, бүтээлч хамтын ажиллагаагаа ахиулах сэдвээр ярилцана, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийг бүх талаар төлөвлөнө, тодорхой чиглэл, замын зураг төлөвлөгөө гаргана. Түүнийгээ “Чиндаогийн тунхаг”-т тусгана.
  • ШХАБ-ын 17 жилийн хөгжлийг дүгнэн, харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрх тэгш зөвшилцсөн, олон төрлийн соёлоо харилцан хүндэтгэсэн, өнөөгийн ээдрээтэй байдлыг хамтдаа даван туулах үзэл баримтлалын дагуу хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хамтран ажиллана. 
  • Хамтдаа ашиг хүртсэн шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоох зэрэг асуудлаар ярилцана. 
  • Гишүүн орнуудын эв нэгдэл, харилцан итгэлцлийг дээшлүүлэн, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн үндэс суурийг бэхжүүлнэ гэжээ.

Мөн түүний ярьснаар зарим нэг шинэлэг гэмээр мэдээлэл, заалт цухалзсан. Тухайлбал ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээний ирэх 5 жилийн хөтөлбөр, террорист, хагалан бутаргагч, хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх ирэх 3 жилийн хамтын ажиллагааны хөтөлбөр, гааль, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, аялал жуулчлалын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичиг, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлаар дуу нэгтэй байх, инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй хөгжлийн үзэл баримтлалыг санаачлах, гишүүн орнуудад хөгжлийн сайн сайхан гадаад орчин бий болгох,хөгжлийн үндэсний стратегиудаа уялдуулж, хамтын хөгжлийн хөдөлгөгч хүч бий болгох, ялангуяа “Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг бүхэлд нь дээшлүүлэх, ерөөсөө ШХАБ-ын хөгжлийг бүх талаар төлөвлөн, тодорхой чиглэл, замын зураг төлөвлөгөө гаргах тухай ярьж байжээ. 

Дэлхийн засаглалыг боловсронгуй болгох, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлаар дуу нэгтэй байх гэдэг нь Монголын хувьд шууд гар өргөн дэмжихээр заалт хараахан биш болов уу. Юу гэвэл олон улсын харилцааг ардчилах замаар АНУ ба түүний холбоотнуудын ганц туйлыг сөрөх, АНУ-тай хийх худалдааны дайнаа ШХАБ-ын хүрээндгишүүдээрээ дэмжүүлэх санаа энд явж буй тул манай гуравдагч хөршийн бодлоготой зөрчилдөж магадгүй юм.

ШХАБ-ын хүрээнд ялангуяа Афганистаны хямралыг зохицуулах дээр ШХАБ-ын хоёр шинэ гишүүд маань харилцан адилгүй байр суурьтай, аль алин нь тусдаа гурвалсан холбоонд орох сонирхолтой байх шиг. Лобби ч явж байна. Үүнд 1) Энэтхэг-Орос-Ираны гурвалсан холбоо; 2) Пакистан-Хятад-Оросын гурвалсан холбоо гэсэн хоёр формат үүсэх магадлалтай байна. Ийм нөхцөлд Хятад нь Орос ба Энэтхэг гэх хоёр өрсөлдөгчтэй болж хувирна.