Коронавирусийн халдвараар анх тусгаарлагдсан иргэдийн төлөөлөл нэгэн иргэн нийтлэлч надад хандан тусгаарлагдах явцад нөхцөл байдал ямар байсан талаар ярьж өгснийг түүний зөвшөөрлийн дагуу олон нийтэд хүргэж байна. Түүний албан ёсны хаяг надад байгаа ч эх сурвалжийнхаа нэрийг нууцлахыг хүссэн юм. Мөн ярьсан зүйлийнхээ баримт нотолгоог ч хангалттай үзүүлсэн тул түүнийг баттай эх сурвалж олон нийтэд үнэнийг мэдээлж байна гэдэг талаас нь хүлээн авахыг уншигчдаасаа хүсье.

Усгүй 00, ариутгалын пункергүй, огт ус буцалгагчгүй боловч “Халуун ус уу” гэх зөвлөмж, өвчтөнд шинжилгээний хариу өгдөггүй зэрэг олон нөхцөл байдал ХӨСҮТ-ийн тусгаарлах байрыг онцгой анхаарах ёстойг сануулж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК юу хийж байв. Нөхцөл байдал маш тодорхой байсан ч ХӨСҮТ л гэхэд ийм байдалтай байгаа нь туйлын харамсалтай. Ингээд түүний яриаг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэе.

Иргэн Д-ийн дараа бараг би Улаанбаатар хотоос тусгаарлагдсан юм билээ. Би 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд коронавирусийн халдвар туссан байж магадгүй гээд өөрөө сайн дураараа шинжилгээ өгсөн. Энэ тухай урьд нь уншиж байсан гол шинж тэмдгүүд илэрч амт үнэр огт мэдрэхгүй, архи уугаад ч, кимчи идээд ч мэдрэгдэхгүй, үнэрлэх амтлах мэдрэмжийг 100 хувь дарангуйлсан. Ингээд ХӨСҮТ-ийн лавлах руу яриад “Би амт, үнэр мэдрэх чадвараа 100 хувь алдчихлаа. Надад ийм шинж тэмдгүүд илэрч байна. Би ирэх даваа гаригт /2020.11.17/ ажилдаа очиж болох уу гэж /2020.11.16/ ярьсан. Гэтэл 100 дугаарын дуудлагыг авсан хүн “Сайн дураараа шинжилгээ өгч болно. Таныг коронавирусийн халдвар авсан эсэхийг би хэлж мэдэхгүй” гэсэн. Лавлах 19001950 руу залган гэрийнхээ ойролцоо шинжилгээ авч байгаа төвийг асуухад “Эм Жи ЖИ” төв дээр очиж сайн дураараа шинжилгээ өгч болно гэсэн хариу авсан. Энэ хооронд би нэг ч хүнтэй харилцаагүй, амны хаалт, бээлийгээ байн байн солиод яваад байсан. Тэр өдөр тус эмнэлэгт маш их ачаалалтай байсан тул шинжилгээ өгөлгүй гэртээ ирээд унтсан, өглөө ажилдаа явахдаа архиар амаа зайлаад, хамар руугаа үнэртэй ус цацаад байхад алийг нь ч мэдрэхгүй байсан. Ажил дээрээ очоод өөрөөсөө сэжиглээд хэнтэй ч харьцаагүй. Ингээд ажлынхаа эмчид үзүүлэхэд ханиад хүрсэн бололтой, эм бичиж өгье гэсэн. Би “Үгүй ээ, ханиадны вирус биш. Амт үнэрлэх мэдрэх чадвараа 100 хувь алдчихаад байна. Тиймээс цадаад байгаагаа ч, өлсөөд байгаагаа ч мэдэхгүй болчихлоо” гэхэд “та сэжигтэй байна хамгаалалтын хувцас” гээд шууд тусгаарлах байранд оруулсан. Ингээд сэжигтэй гэж үзээд байгууллагын эмнэлгээс тусгаарлах хувцас өмссөн эмч нар ирээд түргэвчилсэн шинжилгээ авсан. Хариу нь эерэг гарчихлаа гээд ХӨСҮТ-ээс зааварчилгаа авсан хүлээж байна гэсэн. 

ХӨСҮТ-ээс пургон машин ирж зөөвөрлөдөг юм бна лээ. ХӨСҮТ дээр ирэхэд гурван удаа хамрын арчдас, гурван удаа цусны шинжилгээ авсан. Тэр өдөртөө нийт 5 удаа хамрийн арчдас өгсөн. Хамгийн аймшигтай нь тэр өрөөний 00-д ерөөсөө ус ирдэггүй, хажууд нь байсан угаалтуураас шанагаар бүлээн ус тосч почкиг нь дүүргэж, таггүй почкин доторх кнопыг нь нэг удаагийн бээлийгээр дарж усаа гоожуулж байж бие засч байсан. 13 хоногийн дараа хүйтэн устай болж шанагаар ус хийхээ больсон.

Тусгаарлахаар авч явсан нь гэнэтийн зүйл байсан учраас би ажлын өрөөнөөсөө цүнх, нөгөө гар утас хоёроо авч чадаагүй, дараа нь эргэлтээр авчихна биз,. Хэвлэл мэдээллээр мэдээлсэн хоёр гурав хоног халуурч явсан гэдэг бол худлаа. Би нэг ч удаа халуураагүй. Миний тусгаарлагдсан ХӨСҮТ-ийн ор дэр огт ариутгал хийгдээгүй байсан, гэрээс эргэлт иртэл хувцастайгаа сууж удахгүй гарах байх гээд хүлээж байсан. Эмч үзлэг хийгээд халуун юм сайн ууж байгаарай гэсэн боловч тэнд ус буцалгагч байхгүй халуун ус зөөх халуун савгүй. Цонх нь модон маш их сийгдэг, хүйтэн өрөөтэй. Өрөөнөөс гарч болохгүй гэх боловч коридортоо халуун, хүйтэн ус нь байдаг. Эмнэлгийн сувилагч орж ирээд хувцсаа тайлаад амар, орчинтойгоо зохицож амьдар, эмнэлзүйн шинж тэмдэг нь ковид мөн гэсэн. Тийм онцгой нөхцөлд ХӨСҮТ-ийн 00 усгүй байна гээд төсөөл дөө. Үнэр мэдрэхгүй байсан тулдаа л ус хутгаж хийж бие засч байхдаа тэр нөхцөл байдалд маш их гутарсан. Эмчид нь хэлэхэд “зүгээр байсан гэсэн, дараа нь харин тийм ээ, засах гэж байсан юм”гэсэн. Хоолны ширээ нь бас бохир, өрөөнд байдаг цэнхэр спиртээр арчихад алчуур тас хар гарч байсан. 

Харин эмч сувилагч нарын үйлчилгээ, ур чадвар их сайн юм билээ тариа тарихдаа өвтгөхгүй тарьдаг, хамрын арчидас авахдаа өвтгөхгүй байсан. Дараа нь над дээр нэг хүн нэмж оруулахад “Над дээр шинэ өвчтөн оруулчихлаа. Би мөд эндээс гарахгүй юм байна” гэдгээ шууд мэдэрсэн. Тэр оруулсан хүн нь ХӨСҮТ-ийн ариутгагч байсан. Тэнд би 23 хоносон. Эмчилгээ нь гэвэл арбидол гэдэг эмийг өдөрт гурван удаа, нэг удаа уухдаа хоёрыг давхарлаж уулгаж байсан. Ирсний маргааш нь рентген зураг хүн бүрээс авч Тэр эмийг google-ээр хайгаад үзэхэд Оросод бол хайрцгаараа 244 рублийн үнэтэй байдаг юм билээ. Lanavir өдөрт гурван удаа, витамин C өдөрт хоёр, витамин D-г өдөр 11 цагт уугаарай гэдэг. Ингээд л боллоо. Арав гаруй хоногийн дараа дархлаа дэмждэг лааг шулуун гэдсээр хэрэглээрэй гэдэг. Хоол ундны хувьд бусад эмнэлгийн адил өдөрт таван удаа өгнө. “Сайн” гэдэг нэртэй тараг эхний гурав хоногт өгсөн, содын уусмал хамар амаа зайл гээд өгдөг. Тараг, үзэм, чацарганы шүүс дархлаа дэмжинэ гээд өгдөг. Нэг асрагч, нэг сувилагч, нэг эмч, нэг ариутгагч өдөр бүр, өдөрт нэг чагнаж үзээд, даралт, пульс хэмжээд гардаг. Дахиад тэр өдөр орж ирэхгүй. Сувилагч таван удаа хоолоо тараана, эмээ хоёр өдрийнхөөр хайчлаад өгчихдөг, асрагч нэг удаа цэвэрлэгээ хийнэ, ариутгагч өдөр бүр 00 ариутгана, хүний гар хүрдэг газар уусмалаа цацана. Ийм л үйлчилгээтэй байсан. Хамгийн сонирхолтой нь энэ хооронд нэг ч удаа “Таны хариу эерэг гарлаа, сөрөг гарлаа” гэж хэлээгүй. Уг нь надаас авсан шинжилгээний хариуг надад хэлэх ёстой биз дээ? Ээлжээ солихдоо эмч нь “сүүлд авсан шинжилгээ чинь сөрөг гарсан” гэж утсаар хэлсэн. Надаас 20-30 удаа шинжилгээ авсан сүүлдээ тоолохоо больсон. Гэхдээ нэг ч хариу хэлж байгаагүй. Би хариугаа анх эерэг гарсныг хэнээс сонссон гээч. Цагдаагаас “чиний хариу эерэг гарсан юм шиг байна шүү” гэж хэлсэн. Нэг шөнө миний бие 02-03 цагийн орчимд гэнэт муудаж бөөлжиж толгой эргээд байсан. Ногоон бүсээс өвчтнүүд рүү очихын тулд баахан хамгаалалтын хувцас өмсдөг болохоор төвөг удаад яахав гээд тэсэх гэсэн боловч тэсч чадалгүй утсаар эмч дуудсан. Даралт эрс буурч эмнээс харшилсан байж магадгүй гэж эмч хэлж байсан. Маргааш нь томографд харж цээжний зураг авахуулсан. Томограф руу явахад цагдаагийн хамгаалалтаар бүсэлж хүргэдэг. Цагдаа, тагнуул, эрүүгийн цагдаа, төмөр замын цагдаа, онцгой комиссынхон гээд гурван өдөр намайг шөнийн 23 цаг хүртэл байцааж хаагуур явсан, хэнтэй уулзсаныг асуусан. Иргэн Д-тэй холбогдуулчих асуулт тавьж, “Хар хархан” ч билүү тэр тоглолтыг үзсэн үү, караокед орсон уу гэхчлэн асуусан. Гэтэл тэр тоглолт нь болсон орой би 21 цаг хүртэл ажил дээрээ жилийн эцсийн тайлан гаргаж суусныг ажлынхан нотолж байсан. Би караокед огт ороогүй. Энэ мэтчлэн хэвлэлүүд худлаа мэдээлэл их тараасан. 

Таньд гэж хэлэхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийг нууцлаарай гэж ямар нэг гарын үсэг зуруулаагүй, харин гараад ийм дэглэм барина шүү гэсэн зөвлөгөөтэй танилцуулж гарын үсэг зуруулсан. Надтай хамт хэвтэж эмчлүүлсэн ХӨСҮТ-ийн ариутгагч хэлэхдээ “Хэзээ ч бидний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулагдахгүй. Дээр нь эмнэлгээс өгч байгаа эмэнд хоолны өмнө, хойно гэсэн ямар ч зааварчилгаа хэлэх ч үгүй, үзүүлэх ч үгүй байсан. Эмч нар нь 2,5-4 сая гаруй төгрөгийн цалин авдаг, дээр нь ХӨСҮТ-ийн дөрвөн давхар тэр чигтээ тагнуулын, цагдаагийн алба хаагчид, тархвар судлаач эмч нар ажиллаж байгаа гэж сонссон. Мөн биднийг тусгаарлах байр руу зөөсөн тээвэрлэлтийн зардал, автомашины шатахуун гэхчлэн ихэнх зардал нь үйл ажиллагааныхаа зардалд яваад байгаа болохоос өвчтний хувьд томографт харахад хамгийн үнэтэйдээ 250 мянган төгрөг, эмүүдийн үнийг өндрөөр бодоход 100 гаруй мянган төгрөг, ерөнхийдөө ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээгээр нэг удаа хэлсэнчлэн нэг өвчтөнд 1 сая 900 мянган төгрөг зарцуулж байна гэсэн нь нийгмийн даатгалаас өгч байгаа нөхөн олговор зэргийг оруулбал дөхөж магадгүй. 

Тань руу ярих болсон шалтгаан гэвэл дээрх байдлаас гадна орон нутгаас илэрсэн анхны тохиолдол хоёр хүүхэдтэй эмэгтэйн тухай мэдээлэл юм. Нэг нь хоёр настай, нөгөө нь долоон настай хоёр хүүхдийнхээ хамт ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Дараа нь Яармагийн 300 ортой эмнэлэгт мөн л надтай хамт тусгаарлагдсан юм. Ээж нь коронавирустай гэх боловч хоёр хүүхдийнх нь шинжилгээний хариу нэг ч удаа эерэг гараагүй байсаар тусгаарлалтаас гарсан. Ингэхдээ “Миний хоёр хүүхдийг ХӨСҮТ гэдэг коронавирусийн голомтод 23 хонуулсан. Үнэхээр коронавирусийн халдвар хавьтсан ойртсон бүхнээс тусдаг бол надтай хамт нэг оронд унтаж, нэг аяганаас шахам хооллож байгаа миний хоёр хүүхдээс яагаад илрэхгүй байгаа юм бэ. Миний хоёр хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна” гэж өргөдөл гаргасан. Эмнэлгээс гармагцаа өмгөөлөгч аваад шүүхэд хандана гэсэн. Ээжийг нь авчрахдаа л хоёр хүүхдээс нь шинжилгээ аваагүй хамт тусгаарлачихсан. Ээж нь эмчээс өөр хүнийг өрөөндөө оруулахгүй өөрөө резинэн бээлий өмсөөд шалаа, 00 өрөөгөө угаадаг байсан гэсэн. Тэр ээж өөрийгөө коронавирусээр халдварлаагүй гэж ярьдаг байсан. Гомдол гаргасных нь дараа Нямхүү эмч “Бид чамайг эмчилж байхад чи яагаад хэл ам хийгээд байгаа юм бэ. Эмч нартаа ач буян санаж явах ёстой” гэсэн. Тэр ээж “Үнэхээр коронавирус туссан юм бол яагаад шинжилгээний хариуг бидэнд хэлэхгүй, харуулахгүй байгаа юм бэ? Бүр 14 хоногийн дараа ээлж солилцоход л эмчээс “танай хоёр хүүхдийн хариу огт эерэг гарч байгаагүй шүү” гэж хэлсэн. Яагаад би туссан, миний хоёр хүүхэд тусахгүй байгааг хэлээд аль. Миний хүүхдүүдийн шинжилгээ эерэг гарсан бол би өөрийгөө коронавиурусийн халдвар туссан гэдгийг хүлээн зөвшөөрье. Би итгэхгүй байна” гэж ярьсан. Тиймээс тэр эмэгтэй оон нутгийнхаа Онцгой комисст өргөдөл гаргаж шүүхэд хандана гээд өмгөөлөгч авсан байсан. Тэр эмэгтэй нь эмчдээ хэлэнгүүт эмч нь уурлаж байсан ч “яг өнөөдөр л хариугаа авна, би хуулиар олгосон эрхээ эдлэх ёстой” гэж шаардахад 10 минутын дотор цахимаар бүх хариуг нь явуулсан. Эмнэлгээс гарахад нь томографт харахгүй гээд байхаар нь “Би ямар ирээд ямар болж гарснаа харах ёстой. Заавал томографаар харуулна” гэсээр байгаад харуулсан. Энэ хариуг ихэнх хүнд өгдөггүй. Эмчилгээний стори, бичиг цаас үзүүлэхгүй. Халдвар хамгааллын дэглэм талаасаа болдоггүй байх. Гялгар уутанд гар утас бариад ороод ирнэ. Тиймээс одоо надаас ямар эм ууж эмчилсэн бэ гэж асуухад интернэтээр хайж байсан болохоор л нэрийг нь мэдээд байгаа болохоос уусан эмийнхээнэрийг мэдэхгүй байна.

Хүмүүс яагаад эмчилгээний тухай ярихгүй байна вэ гэдгийг яг өөр дээрээ бодоход олон нийт цэрвэж сэжиглэх, мөн эмнүүдийнхээ нэрийг хэлчихээр хүмүүс дураараа аваад хэтрүүлэн хэрэглэхээс л болгоомжилдог байх гэж бодож байна.

Намайг ХӨСҮТ-өөс Яармагийн эмнэлэг рүү тусгаарлахад арав гаруй түргэний машинаар хүргэсэн. Яаралтай түргэн тусламжаар нийт 98 хүнийг ачаад авч явснаа Бөхийн өргөөний тэнд авчирснаа буцаагаад “Одоо та нар буу. УОК-ийн шийдвэр гараагүй байна” гээд буцаагаад ХӨСҮТ руу зөөсөн. УОК, ЭМЯ хоорондоо уялдаа муутай байгааг эндээс маш тод харсан. Маргааш нь дахиад нөгөө арав гаруй түргэний машин ирчихсэн биднийг суулгасан. Хаашаа зөөж байгааг ч мэдээгүй, түргэний тэргээр 120 мянгатаас өнгөрөхөд нь л Яармагийн эмнэлэг рүү явж байгааг мэдсэн. Яармагийн эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм, ариун цэвэр нь арай илүү боломжийн байсан. Ингээд гарах боллоо. Цагаан хоолойгоор эхлээд Дархан, Эрдэнэтийнхэн, тэгээд Дорноговийнхон, хамгийн сүүлдУлаанбаатарынхан гарна. Шинжилгээ авахгүйгээр гаргана гэсэн яг гаргах болоход шинжилгээ авна гэхчлэн ажлын уялдаа байхгүй, ойлгомжгүйбайдалтай. Тэнд байгаа хүмүүсээс юм асуухаар бүгд мэдэхгүй гэдэг. Ингээд ХӨСҮТ-д 23, Яармагийн эмнэлэгт долоо хоносон. ХӨСҮТ-ийн орон дээр хэвтсэнээс хойш миний арьс маш их гуужсан. Тэгээд ХӨСҮТ-ийн ариутгагчаар ажилладаг эгчээс “Намайг эмнэлгээс гарахад миний хэрэглэж байсан хөнжил, гудас, дэрийг ариутгах уу” гэж асуухад “Үгүй, манайд тийм ариутгалын пункер байдаггүй” гэсэн. Би маш их гайхсан. 

Хамгийн гол нь цар тахлын энэ үед манай ЭМЯ, УОК бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Би гэртээ гарсны дараа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс намайг долоо хоногийн дараа ажилдаа ороорой гэсэн. Гэтэл дүүргийн онцгой комиссийн шуурхай алба нь 14 хоногийн дараа ажилдаа орж болно гэх. Энэ цаг үед иргэн хүн хамгийн чухал нь дархлагаа дэмжих, эмнэлэг тэр тусмаа ХӨСҮТ-ийг засварлан тохижуулах, ЭМЯ, НОК уялдаа холбоотой, үйл ажиллагаа нь ойлгомжтой байх, эмнэлгийн ажилтан болон ковидоор өвдсөн өвчтөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болмоор санагдсан. Бас ус буцалгагч өрөө бүрт байдаг хөнжил, гудас, дэрээ ариутгадаг болмоор юм байна лээ. Намайг эмчилж байсан эмч сувилагч, асрагч нартаа баярлалаа гэж хэлж амжаагүй гарсан одоо таниар дамжуулж хэлмээр байна. Бас хүмүүсийн хардаад байгаа шиг өвдсөн хүмүүсийг ам нээж болохгүй гэж гарын үсэг зуруулж айлгадаг гэсэн юм байхгүй. Эрүүл мэндийн салбар ийм байдлаар цаашид ажиллаж болохгүй гэдэг үүднээс танд итгэж болсон явдлыг үнэн зөвөөр ярилаа.