Өнөөдөр Монголд эзэнгүй, зохион байгуулалтгүй юм гэж өчүүхэн ч байхгүй. Яс юман дээрээ наад С.Жавхлан чинь хүртэл учир шалтгаантай. Хэн нь хэнтэйгээ сөргөлдөсний илрэл болохыг тайлахад жаахан цаг л орох байх. Тэрнээс өчигдөрхөн УИХ-ын гишүүн байсан, олны танил дуучин галзуурсан юм шиг гэнэт талбай дээр сууж өөрийгөө юу гэж зовоохов дээ. 

Үүнтэй нэг адил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорно, сайдуудаас нь сугална гэсэн яриа ч бас учир дутагдалтай. Лав л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй. Ингэж бичих олон шалтгаан байна. Тэр эхнээсээ өөрийн оршин тогтнох хууль эрх зүйн орчноо сайн бүрдүүлсэн юм. Өнгөрсөн жилийн Цар тахалд зориулсан түр хуулиар их олон зүйлийг эмхэлж цэгцэлж эхэлсэн. Нэмээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн. Хууль өөрчлөх ажиллагаа өнөөдөр ч дуусаагүй, нэмэлтээр улам чангалж, чамбайруулсаар байгаа. Удахгүй Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль... гээд 2024 оны сонгуульд дахин 60 суудал авах суурь хөрсөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр энэ удаагийн парламентын гишүүд дахин нэр дэвших эрхээ зөвхөн МАН-ын дарга, Ерөнхий сайдын гараас авна. Хууль эрх зүйн энэ бүх өөрчлөлтүүд өнөөдрийн парламент энэ хүний гарт улам бат бөх байх шалтгаан болж байна. Шулуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнэтэй эвтэйхэн байгаа бүхэн цаашид оршин тогтноно нь, эс тэгвэл улс төрөөс арчигдана. Ирэх сонгуулийн дараа энэ тэнд консул, боомтын дарга, төрийн өмчит компанийн захирал мэтхэний суудал горилон суухыг хэн хүсэх юм бэ. Ийм хувь тавиланг хүсэх Их хурлын гишүүн байхгүй нь хэн бүхэнд тодорхой. 

Л.Оюун-Эрдэнэ бяртай байх шалтгаан дуусахгүй, улам үргэлжилж байгаа. Монгол Улсын хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч, нэг найруулагч түүний гурван талд сууж байна. Түүний өөдөөс босох хүн бол М.Энхболд. Тэр сэрчихсэн, эргэн тойрноо хараад сууж байгаа. Тэднийхэнд Оюукийн зүгээс өгсөн том сануулга бол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг баривчилсан явдал, бас бусдад өгч байгаа аймаар сануулга. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд намын даргатайгаа мөчөөрхөлцөж байгаа. Эрх нь түүнд бий, энэ бол улс төр. Гэвч энэ улсыг захирах эрх мэдлийн эцсийн гарын үсэг генсект биш Ерөнхий сайдад байна. Ийм тохиолдолд МАН-аас хамааралтай даага, шүдлэнгүүд хэний үгийг яс тас дагахаа мэднэ. Бодит байдал дээрээ Д.Амарбаясгалангийн өөдөөс халаасан дотроо салаавч өгөөд зогсож байгаа Сайд, Төрийн нарийн, Агентлагын дарга нар хэдэн арваараа байгааг мань мэт нь хараад, инээгээд сууж байна. Дараагийн нийтлэлүүдээрээ тэдний заримаас нэрлэсэн ч болно. Ийнхүү эрх мэдлийн хувиарлалт Л.Оюун-эрдэнийн талд гарсан эхний суурь шалтгаан улс төрд өөдөөс нь сөрвөлзөж мэдэх бүхнийг айлгаж эхэлснийх юм. Одоо улс төрийн хүрээнийхэн түүнд болгоомжтой ханд. Эсрэг талд нь зогсож мэдэх ганц хүн болох намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн талаарх өчнөөн сөрөг баримт түүний гарт орчихоод байна. Энэ талаар генсек гадарлаж эхэлж байгаа байх. МАН-ын цагаан байранд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд... нарын хүмүүс ийм бизнес, тийм тендерүүдийг ингэж зохицуулдаг юм байна шүү, эд нарын мэдээлэл дамжуулах, пиар хийдэг сүлжээ ингэж хийгддэг шүү, энийг нь намын дарга нь ингэж хууль хүчнийхнээр дамжуулан баримтжуулаад байна шүү... гэхчлэн түмэн янзын мэдээлэл, баримтууд ирсээр байхад, АТГ, ЦЕГ-аа атгаад суучихсан Ерөнхий сайдын чихэнд хүрэхгүй яахав дээ.

Түүний бяр орсон хоёр дахь том шалтгаан. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дээшээ өгсөхийн хэрээр нэг хэсэг генерал, хурандаа нарын бяр орж байгаа. АТГ-ын дарга Хэнтийнх, ЦЕГ-ын дарга Хэнтийнх... гээд цааш нь Прокурор, Шүүх, ТЕГ... гээд тоочьё л доо. Хууль зүйн сайд хүртэл үеэл нь шүү дээ. Ийм байхад хэн Оюун-Эрдэнэтэй сөргөлдөж тэнэгтэх юм бэ. Мөрөөрөө байцгаа л даа. Шилээ маажих гээд байгаа юм уу. Тэд муусайнаас хэн айх юм гэж томрох хүмүүс байгаа байх. Тэгж томордог л юм, тэгэсгээд ойлгоцгоодог юмдаа. Өчигдөрхөн баривчлагдсан Д.Хаянхярваа дарга шиг эхнэр хүүхэд, худ ургаараа оролдуулаад үзэхгүй юу. Нэг шөнө хайртай охиныг чинь гэрээс нь баривчилаад явахад яах юм. Сошиалд нэг сүрхий хашгирах биз. Маргааш нь эхнэрийг чинь барьж аваачаад хаана ч юм хориход яах юм, бас сошиалд нэг орилно биз. Нөгөөдөр дүүг чинь аваад явна... Энэ тийм хол байгаа юм уу. Эцэстээ та дуугүй болж, хоригдож байгаа хар нүхнээс л шалавхан гарч ар гэрээ төвхнүүлэхээс өөр бодох юмгүй болно, болно ч биш болгоно. Цаг үе өөрөө ийм цөвүүн байна. 

Л.Оюун-Эрдэнийн бүгдийг санасанаараа хийх гурав дахь том шалтгаан бол мэдээж эдийн засаг. Өнөөдөр Монголыг улс төрийн аргаар захирахад гурван том компанийн эрх мэдлийг гартаа авах хамгийн чухал. Мэдээж нэгдүгээрт Эрдэнэт үйлдвэр. Тэр үүнийг хийж чадсан. Хоёрдугаарт “Эрдэнэс таван толгой” тэргүүнтэй “MGL” ХХК-ийн дээвэрт багтадаг эрдэс баялагын төрийн өмчит компаниуд юм. Сая бичсэн Д.Хаянхярваагийн баривчилгаагаар энэ чиглэлийн бизнесүүдийг эмхлүүлээд авчих шиг боллоо. Одоо түүнд Оюутолгой үлдсэн. Өнөөдөр хэлэлцээр нь явагдаж байна. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хэлэлцээрийн ард гарчих юм шиг байна. Их юм хэрэггүй дээ, ханган нийлүүлэлтийн 200 компанийн асуудал шүү дээ. 

Товчхондоо, маш товчхон­доо Монголын улс төрийн өнөөдрийн газрын зургийг эрх баригч намын дарга, Ерөнхий сайдтай холбон зурахад ийм байна. Мэдээж цааш бичвэл маш их юм дэлгэрүүлж болно. Өнөөдөртөө ингэсгээд болно биз. Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм. Засгийн газар огцрох тухай яриа бол бүх л цаг үед байдаг шүү дээ. Яг үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ийм нэг мэргэжлийн, дээр нь улс төрөө сайн мэдэхгүй, өмнө нь эл дол болтол улс төрийн хор хирэнд орж яваагүй, өөрийнх нь хэлсэнийг “Жа” гээд дагадаг салбарын сайд нар шиг нь хэрэгтэй хүмүүс байхгүй байна. УИХ-ын хэдэн гишүүн лоббидож байгаад юм уу, эсвэл нэг фракц нь оруулчихсан сайдтай бол тэднийхээ эрх ашгийг Засгийн газарт төлөөлөх гээд сүйд болдогыг өмнөх бүх Засгийн газрын уналт, босолтоос бид мэднэ, хангалттай харсан. Л.Оюун-Эрдэнэд тийм эрх ашигтай сайд алга. Энэ бас түүний огцрохгүй байх бас нэг том шалтгаан юм. 

За тэгээд Монголын ард түмэн өнөөдөр төр засаг донсолтол жагсаж цуглаж, тэмцэл хийнэ гэж байхгүй дээ. Нөгөө “Уяаг нь уртхан уяад, угаадсыг нь ахиухан өгчих” гэж муухай үг байдаг шиг тэмцэж босох магадлалтай нийгмийн хэсэг рүү халамж шахчихна. Мөн хийж байгаа ажил, хөдөлгөж байгаа бизнесээр нь төр барьцаалчихна. Тэгэсгээд юмны ард нуугдаж, могойд барих мод хайж суудаг аймхай хулчгар монголчуудын хувьд хүлцэнгүй амьдрах заяа нь тэр. Арай ил гарч ирж шүгэл үлээж байгаа Д.Мөнх-Эрдэнэ нарын ганц нэгхэн нөхдүүдийг удахгүй хууль хүчнийхэн мөрдөн байцаагчийнхаа үүдэнд уячихна даа.