“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “ЖДҮ-чид бол хулгайч, гэмт хэрэгтнүүд мөн” гэж ярилцлага өгсөн чинь доорх сэтгэгдэл нь “Чамд ямар хамаатай юм” гэнээ. Зарим нь “том хулгайчдаа чадахгүй байж ЖДҮ гэж жижиг юм ярилаа” гэнэ. Үгүй тэгээд ЖДҮ-г жижиг гарууд нь ярихгүй бол өөр хэн ярих юм? Х.Баттулга ярих уу? У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ ярих уу? Том хулгайчид нь бол илүү том хулгайлахаа л бодно шүү дээ. Төмөр зам, Эрдэнэт, Майдар хот гэх мэтчилэн.

Майдар хотын эхний ээлжийг 2030 онд ашиглалтад оруулж 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх юм гэнэ лээ. Тэнд нь мань мэт шиг жижиг хүмүүс багтана аа гэж бодож байна уу? Улаанбаатарыг утаатай нь, үмхий самхайтай нь, түгжрэлтэй нь хаячихаад өөрсдөө сэрүүн дэнжид ханаа хатгасан шиг, 100 тохой майдартаа нүглээ даатгасан шиг биднийгээ элэглэж суух байлгүй. Аз таарвал шүү дээ. Аз нь таарахгүй бол 40 тэрбум доллар нь (ШХАБ-аас орж ирэх юм гэсэн) төмөр замын 280 сая долларын (760 тэрбум төгрөг) араас шороонд булагдаад өнгөрнө.

Тийм байхад л “Монгол ялаад байна” гээд хөөрөөд байгаа “жижиг гар”-уудыг ойлгохгүй юм. Энэ бол бидний л сэтгэлгээний хэт “авангардист” байдал юм даа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн 2018 онд бичиж нийтлүүлсэн “Манайд мартагдсан ёс зүй” гэж мундаг нийтлэл бий. Нийтлэлч Баабар тэгэхээс тэгэх гэсэн шиг одоо болтол baabar.mn сайтын баруун буланд өнжүүлдэг юм. Нөгөө “Өмнө зүгт Тангуд улс бий гэдгийг өдөр бүр надад сануулж бай” гэдэг шиг.

Тэнд нь“Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө огцорчээ. Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэв. Манайхан тэднийг хараад шүүрс алддаг. Энэ бол улс төрийн ёс зүй юм” гэх мэтчилэн бичсэн байдаг юм.

Атал нөгөө хүн маань ердөө зургаа сарын дараа сайд болоод нөгөө ёс зүйгээ мартсан. Одоо нэгэнт ЖДҮ мэтийн жижиг юмаар хөөцөлдөх “жижиг гар” биш болжээ. Эрдэнэт энэ тэр гэсэн унац ихтэй том асуудлаар занималддаг болсон байна. Хэрвээ тийм биш байсан бол өнөөдөр хуралдаж байгаа ээлжит бус чуулганаар АТГ-ын даргын (хугацаа дууссан) томилгоо ярихын оронд тэнд шалгагдаад байгаа 49 гишүүний бүрэн эрхийн асуудлыг оруулж ирээч ээ гээд Ерөнхий прокурорыг шалж суух ёстой хүн шүү дээ. Ёс зүйгээ бодвол.

Яг үнэндээ УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас авсан тэрбум төгрөг чинь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн мэдүүлээгүй хандивын дэргэд 150 дахин их мөнгө байхгүй юу. Бүр гишүүн тус бүр шүү дээ.

Гэтэл манайхан ёс зүйтэй гишүүд “жижиг хулгай ярихгүй ээ” л гэж байна. Одоо тэгээд ЖДҮ-г шалгаж байгаа АТГ-ын удирдлагыг өөрчилөхөөр дараачийн дарга нь ЖДҮ-г шалгахгүй гэсэн үг үү?

inews.mn