З.Энхболдын батлуулсан сонгуулийн хуулиар АН дөрвөн сонгуульд ялагдлаа гэсэн чинь нэг “хэрсүү” нөхөр “манай нутагт тэрийг чинь хохь чинь гэдгиймаа” гэж коммент үлдээсэн байсан. АН ганцаараа ч хохирчихоод байгаа юм биш л дээ. Үр дагаврыг нь нийтээрээ хүртэж байгаад л гол учир байгаа юм.

Гэснээс ялагдсан намаас түрүүлээд ялсан нам дотор бужигнаан үүсэх төлөвтэй. МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Ялагдсан намуудын дарга нарт хариуцлага тооцно” гэжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх орон нутгийн сонгуулиар 20 аймаг ялалт байгуулсан МАН-д энэ удаа ялсан 13 аймаг чамлалтгүй санагдсан юм байна. Тэгээд ялагдсан найман аймгийнхаа намыг "цэвэрлэхээр" болсон байна. Гэхдээ нийслэлд нэмж авсан гурван дүүрэг яагаад хоолойд нь тээглэхгүй байгаа нь сонин. Тус бүрдээ гурван аймгийн дайтай хүн амтай, том дүүргүүд. Гэвч МАН-ын дарга нарт ямар хүн нь харагдах биш, сандал суудал, албан тушаал нь л харагддагаас хойш...

Өчигдөр МАХН-аас нэр дэвшиж Баянгол дүүргийн ИТХ-д сонгогчдсон нэг нэр дэвшигч МАН-д элсэж батлахаа авчээ. Тус дүүрэгт МАН, АН хоёрын санал тэнцээд, аль аль нь дангаар засаглах боломжгүй болсон билээ. Харин МАН-ын энэ “хагсааг” тайлах хүн нь МАХН-ын нэр дэвшигч Э.Магнайбаяр гэдэг “будаг нь ханхалсан” залуу байж таарах.

Уг нь бол МАХН, ШИНЭН хоёр сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-тэй хамтарч сонгуульд оролцсон юм. Нэг нь нөгөөтэйгээ өрсөлдөхгүй, саналаа хуваахгүй, эв нэгтэй, хүч нэгтэй, болж өгвөл бодлого ч нэгтэй сонгуульд оролцохоор болж тойргоо хуваагаад бие биенээ дэмжсэн хэрэг. Хэрвээ Н.Энхбаяр гэдэг хүн ийм үр дүн хүссэн бол АН-аар яах юм. МАН-тай хамтраад, МАН-ыг дэмжээд сонгуульд ороход л болох байсан. Ашиг хонжоо харсан бол сонгуулийн дүн гарсны дараа ч гэсэн сонгогдсон ганц төлөөлөгчөө МАН-ын бүлэгт оруулаад “эвсэл” байгуулж болох байлаа. Гэтэл Н.Энхбаярын ч хийгээгүй зүйлийг хэн ч биш нэг нөхөр хийчихдэг гэнэ. Шинэ үе нь хөгшчүүлээсээ ч илүү увайгүй болж байгаа юм байна. МАХН-ыг дэмжсэн АН-ын гишүүд л хөөрхий.

Шударгаар хэлэхэд, МАН-ын хувьд саяны сонгуулиар авсан 13 аймаг, нийслэлийн найман дүүрэг олдсон уу гэхээс өлдөөгүй. Нийслэлд сонгогчдын жагсаалтад бичигдсэн 900 мянган хүний ердөө 400 мянга нь санал өгсөн. Үүнээс ердөө 22 хувийнх нь саналыг МАН авсан. Нийслэлийн нийт сонгогчидтой нь харьцуулбал 10 гаруйхан хувь гэсэн үг. Намаараа хөдөлж, төрийн бүх алба, төсвийн мөнгийг дайчилж, сонгогчдын ирцийг хүртэл унаган байж цэвэр өөрсдийнхөө сүлжээгээр авсан санал нь 10-хан хувь. Цаана нь сонгогчдын 90 шахам хувь МАН-ыг дэмжээгүй үр дүн гарлаа. 

Энэ л эрх барьж байгаа намын хувьд айх ёстой үр дүн мөн. Илүү үр дүн гаргасангүй гэж нэгийгээ зодох нь "илүү их хулгайлсангүй" гэсэнтэй л агаар нэг.

www.inews.mn