Эрх баригч намынхан УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бараг л “ордны эргэлтээр” шахуу унагахад, ээлжит Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн хувьд жаахнаар барахгүй жудаггүй явдал болоод өнгөрсөн. Яагаад вэ, гэвээс “Ямар ч бодлогогүй, шийдвэр гаргаж чаддаггүй”хэмээн шүүмжилж байгаад унагаасан Засгийн газарт мань хүн өөрөө Шадар сайдаар ажиллаж байсан юм л даа. Алдаа гаргавал кабинетаараа хариуцлагаа хүлээдэг зарчмаас мань хүн ганцаараа мултарч, мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхдөө “муриад” шууд Ерөнхий сайдын сэнтийд заларч, тамга атгасан нь жаахан худрагагүй харагдсан хэрэг. За тэр ч яахав. Тэгээдмань эр “Үхэхээс ч айхгүй байна” хэмээн тангараглан, Ардын засгийнхаа кабинетийг бүрдүүлэн шуударснаас нь хойш 100 хоног тохиож байна. Уламжлал ёсоор энэ 100 хоногийн дотор У. Хүрэлсүхийн тэргүүлсэн ард түмний төлөө Ардын засаг хэрхэн ажилласныг иргэд дор бүрийдээ үнэлж, цэгнэж байгаа нь лавтай.

Мэдээж бүгдийг зохицуулж, шийдэж чадах бурхан эс хойно, мань хүнийг ямар чалдаа эндэгдэл гаргалгүй, өө сэвгүйажиллах учиртай гэж нэхэл хатуу шахах аваас түүн шиг худал юм гэжүгүй. Гэхдээ У.Хүрэлсүх болон түүний кабинетийн гишүүдэдмонголчууд маш их итгэл найдвар хүлээлгэснийг мэднэ. Яг үнэндээ одоо л нэг ...гэж хүлээсэн ард түмний тэр их итгэл өнөө харин хааччихваа гэмээр сураггүй болж, эдүгээ Ардын засагцаашид орших уу, эс оршихуйн дэнсэн дээр дэнжигнэх болсныгхарахад “улаан хувьсгалч” “эрэмгий зоригт” сайдын багийнханөмнөх засгуудын “эмгэнэлт” хувь заяаг давтах магадлалтайгаас гадна их л баргар ирээдүй биднийг тосох шинжтэй. Тэрбээр маш ихийг, маш итгэлтэй, зоригтойгоор амлан гарч ирсэн. Төрийн албанд буглаад удаж буй хариуцлага, сахилга батгүй, дур зоргоороо байдалд цэг тавьж, чанд эмх, цэгцийг тогтооно. Ард түмний эрх ашигт харшлах бүхэнтэй хэзээ ч эвлэрэхгүй тэмцэнэ, баялаг бүтээгч бизнесийн хамт олныг жинхэнэ халамжлах Засгийн газар байна... энэ тэр гэсэн эрч хүчтэй, эрс шийдэмгий мэдэгдлүүд нь ард түмний сэтгэл зүрхийг үнэнхүү эзэмдсэн билээ л. Гэвч Ардын засгийн тэр их эрч хүч, эрчим энэ 100 хоногийн хугацаанд суларч сульдсаар бүр шалчийчих шиг боллоо. Тэрхүү амласан амлалтуудыг 100 хоногийн дотор хэрэгжүүлчих юм биш гэдэг нь ойлгомжтой ч, ядаж эхлэл тавих хангалттай цаг хугацаа байлаа. Ер нь ямар ч Засгийн газрын ажлыг 100 хоногт үнэлж дүгнэх боломжгүй ч, тухайн Засгийн газрын баримтлах бодлого, хэрэгжүүлэх зорилтууд бүгдэд тодорхой, ойлгомжтой болсон байх ёстой шүү дээ. Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн засгийн газрыг зорилт, бодлого нь тодорхой бус гэсэн шалтгаанаар унагасан. Тэгвэл У.Хүрэлсүхийн кабинетийн бодлого нь юу юм, хаашаа юуг чухалчлан зориод байгаа нь ч бүдэг бадаг, яг л Улаанбаатарын утаатай тэнгэр шиг саарал, саармаг байсаар 100 хоног өнгөрчээ. 

Харин уламжлал ёсоор энэ 100 хоногт ямар ажил хийснээ яамдын сайдууд сонины нүүр нүүрээр пялаатал нь тайлагнаж эхэлж. Яасан ч ихийг амжуулав гээд харахаар бүгд л ирээдүй цагт хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн байхаас бус өнгөрсөн цагт хамрагдсан,өөрөөр хэлбэл ийм ажлыг ингээд хийчихлээ гэсэн нэг ч зүйл алга. Ямар сонгуульд өрсөлдөж байгаа биш. Ахиад л баахан амлалт. Амлалтаар л Монгол Улсын Засгийн газрын ажил явагддаг болжээ гэж бодогдохоор.

Засгийн газрыг нь огцруулах асуудлыг энэ хугацаандЕрөнхийлөгч болон УИХ дахь тодорхой хэсэг бүлгийн зүгээс хүчтэй хөндөх болсноос үзэхүйдУ.Хүрэлсүхийн Ардын засгийн газар магадгүй“манцуйндаа ч өтөлж” мэдэх нь. Хамгийн гол нь Засгийн газарт итгэх ард түмний итгэл алдарсан байна гэж гарсан нөлөө бүхий хэд хэдэн судалгааны дүнгхэнээс, юунаас ч илүү энэ засгийн 100 хоногт өгсөн дүгнэлт гэж ойлгож болох юм. 

Ерөнхийд нь базаад хэлэхэд ОУВС-нд дөрлүүлж, нам болон парламент дахь журмын нөхдүүдийнхээ “шантааж”-ндшархалж, далд өс хонзонд зуугдан зануулж, чичлүүлсэн хүнд нөхцөлд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног өнгөрлөө. Гэрэлтүүлж, гийгүүлэхээс илүү нийгмийн бухимдлыг оволзуулж, цөхрөнг барсан шийдвэр, шийдлүүдээр элбэг 100 хоног байлаа. “Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй” гэдгийг чухамхүү энэ Засгийн газарт зориулан хэлчихмээр ч юм шиг. Та бүхэнд 100 хоногийн ой тохиож буйд тань зориулсан магтаал мундахгүй ирж байгаа нь лавтай гэж бодоод, басхүү бялдуу үгэнд бялуурчих вий гэж болгоомжлооджаахан шүүмжийн шилбүүрээр шилбүүрдчихлээ шүү Ерөнхий сайд аа!Урагшлахад тань ташуур болог. Ухрах аваас ивээс болог.