Сүүлийн үед намайг шүүх хурал хойшлогдсонтой холбогдуулан зарим хэвлэл мэдээллийнхэрэгслээр олон түмний тархийг угаах зорилготой гүжир гүтгэлгийн мэдээллийг эрчимтэй тараах боллоо. Жишээ нь, Eagle TV-ийн 2-р сарын 2-ны оройн мэдээний цагаар шүүх хуралд яллагчаар оролцож байгаа прокурор А.Золзаяагийн хэлсэн “шүүх хурал хойшилж буйг хардаж байна” гэснийг үндэслэн, “Бат-Үүлд холбогдсон шүүх хурал 12 удаа хойшилж байгаа нь МАН-ын 100 жилийн ойн өршөөлд хамрагдах гэсэн санаатай үйлдэл” мэт олон түмэнд буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл цацсан. Тэгээд энэ худал мэдээллээ интернэт сувгаар маш эрчимтэй тараасан байна. Намайг илтэд маш муухайгаар гүтгэн гүжирдсэн эдгээр үйлдлүүдтэй холбогдуулан миний бие доорх таван зүйлийг мэдэгдэж байна.

Үүнд: 

Нэг: Тухайн өдрийн шүүх хурлыг хойшлуулах болсон нэг шалтгаан нь шүүх хурал цар тахлын эсрэг авсан хорио цээрийн дэглэмийг зөрчсөн нөхцөлд болох гэж байгаа тухайд А.Золзаяа прокурорын өөрийнх нь гаргасан гомдол; мөн бусад шүүгдэгчдийн хоёр өмгөөлөгч цар тахлын хорио цээрт орсон, нэг өмгөөлөгчийн ар гэрт гэнэтийн гачигдал гарсан зэргээс шалтгаалан шүүх хуралд оролцох боломжгүй болсон явдал нь шүүх хурлыг хойшлоход хүргэсэн гэж би хувьдаа ойлгосон.

Хоёр: Дэлхий даяараа болон манай улс сүүлийн нэг жилийн турш цар тахлын хорио цээрийн дэглэмд амьдарч буй. Ковид гэх өвчин гарна гэж манай улсад хэн ч бодож байгаагүй, тэр тусмаа шүүгдэгч надад лав шүүх хурал хойшлуулах зорилгоор корона гэдэг вирусийг бий болгож тараах төлөвлөгөө байгаагүй.

Бас өнгөрсөн намар миний нуруу хугарч хэвтрийн дэглэм нэг хэсэг барих шаардлага үүссэн юм. Миний бие төлөвлөгөөтэйгөөр нуруугаа хугалаагүй. Харин ч шүүх хурал хойшлох явдлыг сунжруулахгүйн тулд эмчилгээний горимыг зөрчин шүүх хуралдаа ирж оролцож байсан.

Гурав: Намайг бүлэглэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулах зорилго анхнаасаа гэм зэмгүй олон хүнийг яллагдагчаар татсан. Энэ олон хүний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хорио цээрийн дэглэмийн шаардлагад нийцүүлэн шүүх зэрэг нь амаргүй байдаг. Гэхдээ шүүгдэгч бид аль болох цаг алдалгүй шударга ёсыг тогтоолгохыг хүсэн, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулаагүй ирсэн. Одоо ч шүүх хурлыг хурдан хийлгэх хүсэлтэй байгаа.

Дөрөв: Хэрэг хянан шийдвэрлэх явцын туршид намайг гэм буруутай мэтээр олон түмний тархийг угаах үйл ажиллагааг АТГ, прокурорын зүгээс байнга явуулж ирсэн. Ийм үйл ажиллагааны үргэлжлэл нь А.Золзаяа прокурорын “хардлага” гэж миний бие үзэж байна!

АТГ, прокурор олон түмний тархи угаах үйл ажиллагаа явуулахдаа хуулиар хориглосоор атал хавтаст хэрэг дэх баримтуудыг мушгин гуйвуулсан мэдээлэл удаа дараа тарааж байв. Гэтэл шүүгдэгчид биднээс хавтаст хэргийг чандлан нууцлахыг шаардаж, эс тэгвэл цагдан хорихоор “сүрдүүлдэг” жишигтэй.

АТГ, прокурорын зүгээс олон түмний тархийг угаах эл үйл ажиллагаанаас өөрийгөө хамгаалан өмгөөлөх эрх бидэнд байгаагүй. Ийм тэнцвэргүй байдлын улмаас намайг болон бусад гэм зэмгүй хүмүүсийг шүүхээс өмнө гэм буруутай мэтээр ойлгосон байдал олон түмний дунд газар авсан юм.

Тав: Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн үйл явц дөхөх бүрийд намайг элдэв хэрэгт холбогдуулан 30 жилийн турш гүтгэн гүжирдэж ирсэн. Айл ухдаг хулгайч, гадаадад авлигын олон хаустай, найз нөхдөө хөнөөдөг алуурчин, оффшорт нуусан хөрөнгөтэй гэх мэтээр гүтгэн, холбогдуулаагүй муу хэрэг гэж байгаагүй. Энэ байдал одоо ч үргэлжлэн сүүлийн үед улам эрч хүчээ авч байна.

Би монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцсэнээс өөр хийсэн гэм байхгүй. Авлига гэх муухай хэргээс хэзээд хол явж байсан хүн. Яагаад гэвэл авлига улс орныг маань сүйдлэх учраас!

Миний бие прокурор А.Золзаяаг шүүхэд өгөх болно. Олон түмний тархийг угаадаг АТГ, прокурорын үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгааг тэвчиж чадахгүй. Шүүхээс өмнө хүн гэм буруутай мэт ойлголт олон түмэнд өгдөг тэдний хууль бус үйл ажиллагааг хэн зохион байгуулаад байгааг шалгуулахаар УИХ-д хандах болно.

АТГ, прокурорынхон, гадны туршлага технологиор хийж байгаа энэ бусармаг үйл ажиллагаанд гэм зэмгүй олон эх орончид хэлмэгдээд байгаа!

Анхаарал тавьсанд баярлалаа!