МОНГОЛ, КАНАДЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 50 ЖИЛИЙН ОЙД


Өнгөрсөн бар жилийн аравдугаар сарын дундуур Канадын Сенатын дарга Жорж Фюри Монголын Оюу толгойн уурхайд зочилсон тухай Оросын зарим хэвлэл ялимгүй хачирхаж мэдээлэв. Хойд мөсөн далайн өврөөс Монголд төрийн айлчлал хийж яваа гэх мөртлөө говь цөл дэхь нэгэн уурхайд очсон гэх аястай. Энэ айлчлалын тухайд манай өмнөд хөршийн хэвлэлийн мэдээ ч жир биш.

Хоёр хөршийн хувьд ч, манайд ч мөнөөх их тахлын эрсдэл оршсон хэвээр асан тэр ахуйд Канадын Сенатын дарга Монголдайлчилсан нь анхаарал татсан гэж ойлгож болох. 

Нөгөөтэйгүүр Монгол, Канад хоёр улам ойртох, Канадын шууд хөрөнгө оруулалт, технологи болоод санхүүжилт нэмэгдэх төлөв, хандлага нь хоёр хөршийн чихийг соотойлгосон байж мэдэх. Үүнийг түр орхиж Канадын сенаторууд Оюу толгойн уурхайн цогцолборт зочилсон тухай товч сонирхуулъя. 

Нийслэл хотод манай төр, засгийн дээд удирдлагуудтай уулзаж, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа хөөрөө тухлан дэлгэж, лавшруулан хүүрнэлдсэн тухайд энд давтах нь илүүц биз. 

Спикер Фюри бээр нийслэлээс манай уурхайн ажилчидтай цугОюу Толгойн руу нисэж очив. Тэнд уурхайн цогцолборын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтайтанилцав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд сенатор Ларри Кампбел, сенатор Бернадет Клемент, сенатор Мишель Одетт, мөн хатагтай Карен Фюри нар ирсэн юм. Зочдыг манай Парламент дахь Монгол-Канадын бүлгийн дарга эрхэм гишүүн Г. Дамдинням дагалдаж дотно яриа өрнүүлж явав. 

Ажилчдын "Мазаалай" хоолны төвд үдийн цай уух зуур тэд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой залуу уурхайчидтай орчуулагчгүй хөөрөлдөж, тэнд ажиллаж буй канад мэргэжилтнүүдтэй тэврэлдэн уулзаж харагдсан нь содон байлаа. 

Мөн Ханбогд сумын Галбууд багийн тэмээчин Н. Бархас гуайнд зочлов. Галбын улаан ат унаж хөгжилдөн, ингэний амтат ааруул, шинэ хоормог шимтэн зооглож суухдаа хүүхдүүдийнх нь сургууль, орон нутгийн эмнэлэгийн тухай асууж сонсдов. Цэлгэр талын эзгүй толгод дунд ганц гэрээрээ намаржиж байсан нь сонирхууштай санагдсан буйзаа. 

Спикер Ж. Фюригийн “Галбын сэрээ хүрэн”


Ханбогдын удирдлагууд ч зочдод орон нутгийнхаа эрт, эдүгээ, ирээдүйн тухай танилцуулсан. Уг сум цаашид хот болж дэвжих замд Оюу Толгойтой түншлэн орж буй гэдгээ ч ярина лээ.

Ханбогд маань Өмнөговь аймгийн зүүн хязгаарын сум шүү дээ. Социализмын үед Даланзадгадаас машинаар бол бүтэн нэг өдөр, Улаанбаатараас бараг 3 өдөр явж очдог газар. Тийм алсад буйдхан оршдог байж билээ. Өдгөө ойр, холын гийчид бууж мордоход нүүр улайхгүй томоохон суурин болжээ. 

Канадын зочдын хувьд ажил, амьдрал буцалж, бүтээн байгуулалт өрнөж, сургууль, эмнэлэг, соёл, спортын барилга байгууламжууд өргөжиж, “wifi” өдөр шөнөгүй эдлэгдэж буйг үзсэн нь гойд сонин болж таарав. Тэд Канадынхаа алс хойд нутгийн инуйт иргэдийн амьдрал ахуй, тосгодыг Ханбогдтой харьцуулан ярьж суув. Зарим талаар Ханбогд илүү юм байна гэж сенатор Одетт ярьж билээ. Инуйт гаралтай энэ хатагтай уугуул нутгийнхаа аж амьдралын тухай сонин зүйлс хүүрнэж билээ. 

Спикер Фюри өөрөө Канадын хамгийн зүүн хязгаарын Ньюфаундлэнд- Лабрадор мужийн хүн л дээ. Уг муж нь манай орны гуравны нэгтэй тэнцэхүйц нутаг дэвсгэртэй, хагас сая хүн амтай, баруун талаараа эх газартай нийлж, зүүн эргээрээ Алтантын далай руу шургасан тогтоцтой “хоёр нутагтан” бөгөөд 7000 бичил арлын муж. Зундаа нойтон халуун, өвөлдөө хахир хүйтэн нутаг. Канад дотроо бол шатрын хүү шиг жижигхэн боловч бараг 30 тэрбум америк долларын эдийн засагтай, нэг хүнд ногдох ДНБ нь 60 мянга гаруй америк доллар аж. 

Зочид маань уурхайн төвд шинээр байгуулагдаж буй "Уурхайчин" цэцэрлэгт хүрээлэнд “жигд” хэмээх мод тарив. Энэ нь Оюу толгойнхон туршиж тарималжуулсан говь нутгийн унаган мод. Жигд болбоос урт настай, цайвардуу голтой, хүрэн дурстай бөгөөд анхилам цэцэг дэлгэрүүлж, амтлаг жимс өгдөг агаад тэсгим хүйтэн, гантай халуунд чтэсвэртэй нь онцлог гэж тодорхойлжээ. Гол нь хөрс хамгаалах, элсний нүүдэл тогтооход нэн их тохиромжтой учраас түүнийг зориуд тарималжуулсан байна. 

Монгол орон даяар өрнөж буй “Тэрбум модны санаачлага”-г хэрэгжүүлэх үйлсэд хувь нэмрээ биечлэн оруулах завшаан олгосонд талархалтай байна гэж Спикер Жорж Фюри, хатагтай Фюри хоёр ярьж билээ. Канадын сенаторуудын тарьсан 20 гаруй жигд гурван хаврын дараа жимслэнэ.

Таримал Жигд цэцэглэж жимслэнэ


Харин энэ дурсгалын мод тарьсан нь Оттава хот дахь тус улсын Амбан Захирагч, өөрөөр хэлбэл төрийн тэргүүнийх нь орд харшийг тойрч чимсэн аварга том цэцэрлэгт 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандийн тарьсан “Hackberry”(Celtis occidentalis), монголчилбоос “Жимсэн нүд” модыг санагдуулав. Канадад төрийн айлчлал хийсэн гадаад улсын төрийн тэргүүнээр энэ модыг тариулдаг уламжлалтай аж.

Оюу Толгой болбоос Канадын Ivanhoe Mines компанийн шууд хөрөнгө оруулалтаар эхэлсэн төсөл. Түүнд “Канадын санхүүжилт , техник, технологиос гадна мэрэгжилтэн, инженерүүдийн мэдлэг, хөдөлмөр, зүтгэл шингэсэн. Энэ бол Монгол, Канадын эдийн засгийнхамтын ажиллагааны нэг хөдөлшгүй жишээ” гэж Ларри Кампбел ярьж явсан. Сенатор Кампбелтэй 2002 онд Ванкувер хотын дарга ахуйд нь танилцсанаас хойш олон жил дотно нөхөрлөж яваа эрхэм бөгөөд Бритиш Колумби мужтай ЭСЯ-ныхаа ажил хэргийн холбоог идэвхжүүлэх, өргөтгөхөд минь чин сэтгэлээсээ тусалж дэмждэг байсанд нь талархалтай байдаг. 

Спикер Фюри энэхүү айлчлалаараа Канадын төр, засгийн зүгээс гуравдахь хөршийн хувьд Монгол орны ардчилал, бие даасан хөгжил дэвшил, эдийн засгийн чадал чинээ, аюулгүй байдлыг нь бэхжүүлэх чиглэлд үзүүлж буй нугаршгүй дэмжлэгээ нотлосон хэрэг үзэх боломжтой. 

Хоёр талын хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд энэхүү дээд хэмжээний айлчлал чухал ач холбогдолтой болсон нь дамжиггүй. 

Өндөр дээд хэмжээний айлчлалын үр дүн, ач холбогдлыг зоосны нүхээр харах нь өрөөсгөл гэж үздэг судлаачид, мэргэдтэй миний бие санал нийлдэг. Уг өнцөгнөөс үзэхүл энэ удаагийн айлчлал бол хагас зууны харилцаатай гуравдахь хөрш Канадын гадаад бодлогод Монгол улсын минь эзлэх орон зай тэлж бэхжсэнийг дэлхий дахинд харуулсан бөгөөд зоосоор хэмжих аргагүй нэгэн үнэт зүйл. 

Канад бээр 50 жилийн тэртээ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч албан ёсны дипломат харилцаа тогтоосон нь тухайн цаг үед манай хувьд ховор түүх. Тэгэхэд манайх гэдэг айл бол социалист орнуудтай л нөхөрлөж явсан цаг үе. Жижигхэн бөгөөд хараат эдийн засагтай, тэгээд коммунист үзэл сурталтай Монголыг хүндэтгэж үзсэн нь өвөрмөц. Улаанбаатар, Вашингтон хоёр тэр үед танил биш байсан шүү дээ.

Ардчиллын он жилүүдэд, ялангуяа манайх ЭСЯ-аа Оттавад 2001 онд нээснээс хойш хоёр талын харилцаа идэвхжин өргөжих замд баттай орсон гэж болно. Эл үйл явцад хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Зөвхөн дээд удирдлагын түвшиний харилцан айлчлалын он тооллын хуудсыг цухас сөхье. Манай талаас УИХ-ын дарга Д. Лүндээжанцан 2-007 онд, УИХ-ын дарга З. Энхболд 2013 онд тус тус Канадад, айлын талаас Сенатын дарга Д. Хэйз 2003 онд, Нийтийн танхимын дарга П.Милликен 2006 онд, Нийтийн танхимын дарга Ж.Рэган 2016 онд, Сенатын дарга Ж.Фюри 2022 онд тус тус манай оронд албан ёсны айлчлал хийсэн байна. 

Канадын Сенатын дарга Дан Хэйзийг 2003 онд манай оронд айлчуулах бэлтгэл ажил, мөн уг айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Канадын Парламентэд Канад-Монголын найрамдлын бүлэг, мөн ГХЯ-нд Монгол-Канадын дугуй ширээний уулзалтын бүтэц тус тус байгуулагдсанаас гадна манай хувьд Канадын “Импортын хөнгөлөлттэй ерөнхий тариф”-т нэгдэх эрх нээгдсэн юм. Хоёр талын харилцааны эдгээр суурь бүтцийг байгуулах, үйл ажиллагааг нь хэвшүүлэхэдСпикер Хэйзийн албан болоод хувийн дэмжлэг, туслалцаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг дурдахад таатай байна. Тухайн он жилүүдэд ЭСЯ-ны тогоонд хамт чанагдаж эдгээр чухал алхамыг хийхэд хамт зүтгэлцсэн Б. Ганбат, Т. Жанабазар, Ц. Чухалхүү нарт үргэлж талархаж явдагаа энэ ялдамд дурдъсу.

Дан Хэйз бээр Канадын Алберта мужийн уугуул. Тэрбээр удам дамжсан адуу, үхрийн аж ахуй эрхэлдэг эрхэм. Нутагтаа адууны наадам(Calgary Stampede Rodeo)-ыг зохион байгуулагчдын нэгэн бөгөөд Канадын Либерал намын тэр үеийн дарга,Ерөнхий сайд Жан Кретьен, түүнийг залгамжилсанЕрөнхий сайд Пол Мартин хоёрын дотны анд хүмүүн. 

Монгол Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг Канадад 2004 онд хийлгэх, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргуулах замыг шулуутгахад Спикер Хэйз, Сенат дахь Либерал намын бүлгийн дарга Жак Остин, Нийтийн танхимын дарга Питр Милликен, Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Бернард Патри нарын зүгээс харамгүй дэмжлэг үзүүлж билээ. Тэр зам нь Канадын Амбан Захирагчийн тамгын газар, Гадаад яамны удирдлагуудын түвшинд уг айлчлалтай холбогдох шийдвэр шуурхай гаргуулах үйл явц руу хөтөлсөн учиртай. 

Спикер Хэйз 2003 оны есдүгээр сарын эхээр Монголд хийсэн айлчлалынхаа албан ёсны хэсгийг дуусгаад Төв аймгийн Эрдэнэ сумын нэгэн адуучин айлд зочилсон юм.

Түүнийг УИХ-ын Дэд дарга Ж. Бямбадорж, Монгол-Канадын бүлгийн дарга Ч. Авдай, эрхэм гишүүн Б. Туяа, мөн эрхэм гишүүн, Хошууч генерал Д. Базарсад нар дагалдаж очсон санагдана. 

Спикерүүдийн түншлэл: С. Төмөр-Очир, Спикер Д. Хэйз


Спикер өөрөө “хонины бор” шиг номхон дөлгөөн морь унахгүй шүү гэж хэлсэн учраас түүнд бие хаа, алхаа гишээ сайтай сэргэлэн хээр морь эмээлсэн юм. Тэрбээр нөгөө ажнайд хээв нэг мордож Генерал, бид хоёртой цуг аядуухан хатирч явснаа жолоогоо тавьж, эмээл дээрээ өндөсхийн давхих нь тэр. Генерал, бид хоёр сандарч ухасхийн арайхийж гүйцэн очоод “та болгоомжтой…” гэх маягийн юм хэлсэн чинь өөдөөс “энэ морь удмын адуучин намайг шууд таньж байна шүү” гээд инээж билээ. Дан Хэйз гуай эдүгээ нутагтаа гавъяаны амралтаа эдэлж буй бөгөөд хааяа ярихад Монголын тухай чин сэтгэлээсээ сонирхож асуудаг хэвээрээ. 

Түүний дотны анд Сенатор Жозеф Дэй бол Монголын анд нөхөр. Энэ эрхэм бээр Канад-Монголын найрамдлын бүлгийг хамт байгуулалцаж, түүнийг 16 жил тасралтгүй удирдаж байгаад 2019 онд Сенатаас насны амралтандаа гарсан юм. Ж. Дэйг манай төр “Найрамдал” одонгоор урамшуулсан нь мэргэн шагнал болсон. Монгол, Канадын харилцаанд түүний үлдээсэн нэг чухаг өв бол 2005 оны 6 дугаар сарын 29-нд Канадын Парламентын Дээд танхимаас Монголыг дэмжих талаар гаргасан уриалга болой. Түүндээ “…Монгол улс нь өмнөд болоод хойд хоёр том хөршөөсөө ихээхэн хамааралтай. Энэ байдлыг тэнцвэржүүлэхийн тулд дэлхийн олон улс үндэстэнтэй улс төр, эдийн засгийн харилцаа тогтоох, чингэхдээ манай Канадад бодлогоор хэрэгжүүлдэг стратегийг загвар болгохыг зорьж байна. Монголчууд энэ зорилгоо ‘гуравдахь хөршийн бодлого’ гэж нэрлэдэг. Сенатын Эрхэм гишүүдээ, Монгол дахь ардчиллын эволюци нь чухал загвар бөгөөд түүнд манай тасралтгүй дэмжлэг онцгой ач холбогдолтой. Энэ үндэстэн бээр улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буй гэдгийг та бүхэн үргэлж анхаарч дэмжихийг уриалж байна” гэжээ. 

Уг уриалга нь Канадын Парламентын орчин цагийн түүхэнд анх удаа гаргасан манай хоёр талын харилцааны хувьд чухал ач холбогдолтой баримт бичиг бөгөөд айлын талын бодлогын үндсэн чиглэл гэж үзэх боломжтой. 

Сенатор Дэй 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаярын тангараг өргөх ёслолд Канадын төр, засгийг төлөөлж оролцоод ирснийх нь дараа ийм уриалга санаачилж зүтгүүлэх тухай санал “шивнэхэд” тэрбээр толгойгоо тохиж, баруун гарыг минь бараг бяцартал атгаж билээ. Канадын армийн угшилтай энэ эрхэм бол эрс шийдэмгий төрхтэй бөгөөд бахь шиг хатуу гартай нэгэн. Уг уриалгын төслийг бэлтгэх явцдаа Сенатор Дэй манай ЭСЯ-тай санаа оноогоо ярьж, зөвлөлдөж байсан нь бидний дотно харилцаа, итгэлцлийн түвшинг илэрхийлж байж дээ гэж бодоход одоо ч сэтгэлд өег санагдана. 

Канадын Амбан Захирагч А. Кларксон 2004 оны намар “Улаанбаатар, Оттава хоёрын хоорондын зай урьдын адил хол биш болжээ. Эдүгээ бид ойрхон хөршүүд болоод байна” гэж хэлсэн байдаг. Тэгэхэд манай хоёр орны дипломат харилцаа гучин нас хүрсэн байлаа. Өнөө Улаанбаатар, Оттавад найрамдал, хамтын ажиллагааны 50 жилийн ойгоо тэмдэглэхээр шамдангуй зэхэж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй “гуравдагч хөрш” Канад Улстай улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээрхарилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна” гэж өнгөрсөн жил айлчилсан Спикер Фюрид хэлснийг зориуд ишлэе. 

Эцэст нь Спикер Фюри нутагтаа очоод ирүүлсэн захидалдаа “… Оюу толгойд уулзаж танилцсан уурхайчдын эрдэм мэдлэг, ур чадвар, эрч хүч нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Канад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны тод томруун жишээ болсон энэ гайхамшигт төслийг хэрэгжүүлж буй монголчуудын бахархалыг бид хуваалцаж байна. Канад, Монголын жишиг түншлэлийн энэхүү үр дүнг биечлэн үзсэндээ бид нэн их баярлацгаав” гэж бичсэнийг бас дурдъсу.

Манай хоёр улсын Парламент хоорондын түншлэл нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөсөн түншлэлийн замаар урагшлуулж, харилцан ашигтай иж бүрэн хөгжүүлэхэд жинтэй тулгуур болж буйг товчхон өгүүлэхийг өчүүхэн тал бичээч чармайсан нь энэ бөлгөө.


Элчин сайд Г.Батсүх

2023.09.06