Сонгогчидын дийлэнх нь “Цагаан сонголт” өгөхөд ирц 50+1 хүрэхгүй, сонгууль дахин явагдана гэсэн ойлголт зарим нэгэнд байх шиг байна. Аль эрт тэр хууль өөрчлөгдсөн, нэр дугуйлаагүй цагаан хуудас нийт сонгогчдын ирцэд хүчинтэйд тооцогдоод явна. Яахав аль нэг нэр дэвшигчийг сонгохгүй байх нь “Цагаан сонголт” мөн. Энэ нь сонгуулийн ирцэд ямарч нөлөөгүй гэдгийг давтан хэлье. Хувь сонгогчийн хувьд бол ухамсаргүй үйлдэл л дээ. Учир нь ямар хүмүүс сонгох, сонгогдох эрхгүй байдаг вэ гэвэл шоронгийн хоригдлууд. Тэгэхээр цагаан сонголт хийж буй иргэн хоригдлуудтай агаар нэг гэсэн үг. Ялгаатай нь эрх чөлөөтэй хэрнээ шоронгийн хоригдолтой адилхан сонгох эрхээ өөрийнхөө хүслээрээ хязгаарлаж буй мунхаглал юм. Зарим хүмүүст “Цагаан сонголт” тийм чухал юм бол өнөөдөр улс төрийн бүх акц судалгаатай байх ёстойг хэлье. Судалгаагүй бүхэн зүгээр л хийрхэл болно. Дэлхийн аль улсад нь “Цагаан сонголт”-оор төр засгаа сайхан төвхнүүлсэн байдаг юм бэ. Тийм сайхан түүх үнэндээ ховор. Сонгуулийн саналын хуудсыг цагаан өгдөг жишиг Япон, Герман, Израйль... гээд сонгодог парламенттай улс орнуудаас эхтэй. Биесээ хүлээн зөвшөөрөх дургүй, муу уламжлалтай, үндэстэн хоорондын асуудалтай, түүхэндээ нацист үзэл сурталд нийгэм нь автаж явсан гэх мэт түүхэн замналдаа олон сөрөг үйлдэлтэй ард түмэн энэхүү “Цагаан сонголт” хэмээх улс төрийн акцыг сонгуулиараа босгож ирдэг. Ер нь бол үеэ өнгөрөөсөн, улс төрийн явцгүй үйлдэл өнөөдөр Монголд ид яригдаж байна.

Монголчуудаа тэдэнтэй зүйрлэмээргүй байгаа юм. Бид ямар наран улсын иргэд шиг насан өндөр аав ээжээ уулын оройд аваачиж, нохой шувуунд орхидог үндэстэн биш. Бидний өвөг дээдэс басчиг фашист нам байгуулж явсангүй. Бидний өвөг дээдэс газар нутаггүй цагаачилж явсангүй. Сонгуулиар цагаан хуудас өгөөд л нэгнийгээ хорлоод байя гэдэг бодол нэг иймэрхүү ард түмэнд байдаг юм шиг байна. 

Ерэн оны ардчилсан хувьсгалын үнэ цэн бол иргэн бүр сонгох, сонгогдох эрхээ эдлэх, энэ эрхийнхээ төлөө тэмцсэн түүхэн үйл явдал байлаа. Гэтэл өнөөдөр гадаадад сургууль төгссөн гэх, сошиалд элдвийг зүхэж суухаас өөр ид шидгүй хэдэн залуугийн “Цагаан сонголт” гэсэн шоуны хөлд, өөрт олдсон хамгийн үнэ цэнтэй энэ эрх чөлөөгөө хаяж болохгүй, монголчуудаа. Санал өгөх байранд очсон л бол хэн нэгнийг заавал дугуйлж эрх чөлөөгөө эдэл. Энэ нь өөрөө ардчилсан нийгэм дэх иргэн таны төрийн үйл хэрэгт гар бие оролцож буй ганц алтан агшин. Үүнийгээ хийж чадахгүй бол Та зүгээр л нийгмийн илүүдэл. Нэр дэвшигчид таалагдахгүй байна гээд төрөө сонгохгүй, төргүй байж болохгүй биздээ. Төрт ёс, хууль ёсоороо Монгол улс заавал Ерөнхийлөгчтэй, Парламенттай, Ерөнхий сайдтай байх ёстой. Тэгж байж энэ эх орон чинь бүтэн байна. Ийм бүрэн бүтэн эх орондоо айх аюулгүй, эрүүл саруул, гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарна.

Ний нуугүй хэлэхэд “Цагаан сонголт” хэмээх хийрхэл чинь монголчууд бидний энэ цаг үеийн нэгэн муухай өнгө. Нэгнийгээ муу явахад нь баярладаг, сайн явахад нь атаархадаг муухай хандлагуудын маань нэг илрэл. Бидний өвөг дээдэс ийм байгаагүй. Монголчууд бид сайн санаатай, зөвд зөөлөн, бурууд хурц байсандаа төрт ёсны 2000 жилийн түүхийг бүтээж, дэлхийн хэт их хоёр гүрний дунд тусгаар оршин тогтнож чадсан юм. Энэ их түүхийг бүтээсэн өвгөдийн маань хэн нь ч өрнөдийн боловсролтой байгаагүй. Эх орондоо түжигнэлдсээр улс орноо удирдан өнөөдрийн энэ цаг үед авчирсан. 

Энэ цаг үе юу болчихоод байгааг тогтож сайн анзаар. “Төрөө битгий сонго” гэж хийрхэхдээ тултал самуурч байна. Нийтлэлийн эхэнд судалгаанд тулгуурлан “Цагаан сонголт” ярьж байгаа юу гэж асуусан. Үүнд хариулт өгье. “Цагаан сонголт” гэж уриалж, турхирч, нийгмийн сүлжээнд идэвхийлж байгаа хүмүүсийн ихэнх нь гадаадад сургууль төгссөн гэх 25-29 насны залуус байна. Шулуухан хэлэхэд эдгээр залуус эх орондоо ирээд нам дагаад бүтэлтэй юм болсонгүй, бизнес хийх гээд амжилт олоогүй бухимдалтай хэсгийхэн. Тэднийг ойлгож байна. Тэд хүссэнээ хийж чадахгүй байгаад нэг талаас өнөөдрийн төр буруутай. Гэхдээ үүний төлөө улс орноо хорлох эрх тэдэнд байхгүй. Тэд хэтэрхий их мэдэмхийрч байна. “Цагаан сонголт”-д нийгмийг турхирсан эдгээр нөхдүүд вакцинаас эхлээд сансарын уудам, галактикийн асуудлыг ярьж, бүр сүүлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх, өгөхгүйг мэдэх болов. Хамгийн харамсалтай нь эдгээр залуучууд л Ковидын эсрэг вакцин хийлгэж болохгүй, хортой хэмээн уриалж, үймүүлж байгаа хүмүүс юм билээ. Бүр тэр чигээрээ вакцины эсрэг турхирахсад байгаа нь хачирхалтай. Одоо тэд давраад санал өгч болохгүй хэмээн турхирч байна. Эдгээр нөхдүүдийг хамгийн ихээр дэмждэгүүд нь өөрсдийгөө сэхээтнүүд гэдэг, хот ч мэдэхгүй, хөдөө ч мэдэхгүй, заримдаг хэсгийнхэн байгаа нь харамсалтай. Өөрсдөө чадахгүй бол чаддагуудыг хорлоё гэсэн үзэл сурталтнууд. 

Гаднаас монголчууд маань олон сайн юмыг авчирдаг. Гэхдээ иймэрхүү муу жишгийг, дэлхийн улс төрийн хамгийн муу акцыг оруулж ирэх гэж байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй байна. Дэлхийн нэртэй эрдэмтэд, эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналтнуудын баг баталчихсан вакциныг Японд сургууль төгссөн гэх нэгэн монгол залуу сошиалаар үгүйсгэж, түүнд нь итгээд байгаа монголчуудад үнэндээ хэлэх үг олдохгүй цаг үе ирсэн байна шүү дээ. Хамаатных нь нэгэн өрх айл “Японд сургууль төгссөн мундаг хүүхэд, ортой л юм ярьж байгаа” гээд вакцинаа хийлгэхгүй явсаар эцэстээ 33 настай хүүгээ алдсан хойно толгойгоо шаагаад сууж байхыг харах зэвүүн байна. Ийм эмгэнэлт байдалд хамаатан саднаа ортол тархийг нь угаасан өнөөх япон боловсролтой залуу үргэлжлүүлээд өнөөдөр “Цагаан сонголт” хийцгээ хэмээн уриалаад, том том юм яриад, улс орноо самраад явж байгааг харахаар ой гутаж байна. Хамгийн эмгэнэлтэй нь монголчуудын цөөнгүй нь ийм эрэмдэг зэрэмдэг ёс зүйтэй, хагас хугас гадаад хэлтэй залуусын үгэнд итгэчихсэн “Цагаан сонголт” хэмээн ярьж байна. 

Энэ бүхэн улс оронд үнэндээ хорлонтой байнаа. “Цагаан сонголт” хийснээр нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадахгүй боллоо гэж бодьё. Хамгийн олон санал авсан хоёр дахиад өрсөлдөнө. Мөн хэн нь ч олонхийн санал авахгүй бол дахин сонгууль болно. Ковидын ийм хүнд нөхцөлд сонгуулийн үйл ажиллагаа сунжирна, халдвар, үхэл нэмэгдэнэ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, үргүй зардал маш их гарна. Энэ их зардал татвар төлөгчдийн нуруун дээр үүрэгдэнэ. Улс орон наад зах нь ингэж хохирно. Харин “Цагаан сонголт” хэмээн цаг наргүй турхирч, үймүүлж байсан нөхдүүд улс орноо хорлон сүйтгэх дараагийн ажилдаа орцгооно. Тэдний хэн нь ч энэ улсад татвар төлдөггүй юм. Тэдний чаддаг ганц зүйл нь бүгдийг үгүйсгэж, бүгдийг доош нь хийх. Гэтэл “Цагаан сонголт” хийх үү, яах уу хэмээн эргэлзэж зогсоо иргэн Та эх орондоо татвар шимтгэлээ бүрэн төлж, улс орныхоо хөгжилд ухамсарт амьдралаа зориулсаар яваа шүүдээ. Эцэст нь хэлэхэд Монголчуудыг вакцины эсрэг турхирсан нөхдүүд одоо “Цагаан сонголт”-д турхирч байна. Энэ нь ямар учиртай юм бэ...