Манай зарим залуу эдийн засагчид 2015 оноос эхлэн дэлхийн 63 улсын өрсөлдөх чадварыг харьцуулан харуулдаг судалгаанд оролцох ажлыг санаачилсан бөгөөд одоогийн байдлаар манай улс өрсөлдөх чадвараар сүүлээс хоёр дугаарт, БНХАУ 14, ОХУ 45 хавьд эрэмбэлэгдэж буйгаас үзхэд бид хөрш улсуудаасаа ч хол хоцорч байна.Эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж байж л ядуурлыг арилгах, иргэдээ аз жаргалтай амьдруулах зорилгоо хэрэгжүүлнэ. Улсуудын өрсөлдөх чадварын индексийг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц, засаглалын үр ашиг гэх дөрвөн үндсэн хүчин зүйлээр тооцож эрэмбэлдэг юм байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар хэсэг хугацаанд ажиллаж байсан шилдэг эдийн засагч П. Цагааны удирдлагад ажиллаж байгаа эдийн засагч залуучууд Монгол Улс өрсөлдөх чадвартай болж хөгжихөд төр хувийн хэвшлийн бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтцийн хөгжлөөр эдийн засгийн тамир тэнхээг дээшлүүлэх, үүний тулд засаг төрийн үйл ажиллагаа ухаалаг байхын чухалыг онцолж байна.

Засаг төрийн зүгээс ойрын хугацаанд экспортын орлого нэмэгдүүлэхэд онц анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд зарим нэр дэвшигчээс “Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болгоно“ гэсэн амлалт авсан байна. Хүчирхэг эдийн засагтай байж улс нийгмийн хөгжлийн нөхцөлийг бүрдүүлнэ, хүн ам цөөн, дотоод зах зээл жижиг учраас хүчирхэг эдийн засагтай болохын тулд экспортлогч орон байхаас өөр аргагүй. Ийм учраас улс нийгмийн хөгжлийн гол асуудлыг шийдэхийн төлөө ажиллах амлалт авч байгаа нэр дэвшигчийг төрийн тэргүүнд сонгож, авсан амлалтаа биелүүлэхийг шаардах нь зөв юм. Шинээр сонгогдох Ерөнхийлөгч УИХ, Засгийн газартайгаа санаа сэтгэл нийлж 6 жил амжилттай ажиллавал ийм хугацаанд улсынхаа эдийн засгийн тамир тэнхээг сайжруулах их зүйл хийх боломжтой.

Одоо манай улс нэг хүнд оногдуулбал 4000 орчим ам. долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол хоёр хөрш улс 10’000 – 15’000 ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу бид нар хөршүүдээсээ 2,5 – 3,7 дахин хоцорч байна. Хөгжлийн ийм хоцрогдлыг багасгах, ойрын 20-30 жилд арилгах буюу ижил түвшинд хүрэх зорилт боловсруулж дэвшүүлэх болов уу гэж найдаж байна.

Ойрын буюу 5-6 жилийн хугацаанд хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай, боломжтой гэж үздэг үйлдвэрүүдийн тухай өөрийн зарим саналыг дурьдвал:

- Ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноосыг 100 хувь цэвэршүүлж жилд 4 - 4,5 мянган тонн ээрсэн ээрсэн утас үйлдвэрлээд, улмаар нэхмэл сүлжмэл эдлэл болгож экспортлох төсөл хэрэгжүүлэх. Ийм төсөл хэрэгжүүлснээр 2 - 2,5 тэрбум ам долларын экспортын орлого олно.

- Дотоодын хүнсний хэрэгцээнээс илүү гардаг 5 сая орчим малын махыг үйлдвэрийн нөхцөлд боловсруулж экспортын шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох. Экспортын орлогыг 800 орчим сая доллараар нэмэгдүүлнэ.

- Жил бүр гарч байх 20-24 сая малын арьс ширийг бүрэн боловсруулж өрсөлдөх чадвартай арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох.Гадаад зах зээлээс тэрбум орчим ам. долларын орлого олох боломжтой.

- Тавантолгойн нүүрсний уурхай дээр барих дулааны цахилгаан станц, Эрдэнэ бүрэнгийн болон Сэлэнгэ мөрний усан цахилгаан станцыг барьж цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангадаг болох нь чухал. Эдгээрийн хөрөнгө оруулалтын зардлын ихэнх цахилгааны импортын хэмнэлтээр нөхөгдөнө. Алсын ирээдүйд усан цахилгаан станцтай улс болох бодлоготой байх хэрэгтэй.

- Зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулах нь зөв. Зэс хайлуулах үйлдвэр байгуулснаар зэсийн баяжмалд агуулагддаг зэс, алт, мөнгө, рени болон бусад үнэт металыг \Зэсийн баяжмалд газрын ховор метал байдаг бол мөн\ ялгаж шууд экспортод борлуулах бололцоотой болно.Үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулснаар тодорхой хугацааны дараа Эрдэнэтийн уулын зэсийн нөөц багасах, дуусах үед тус хотод амьдарч байгаа олон зуун инженер техникчид Зэс хайлуулах үйлдвэрээс гадна цэвэр зэсийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр хөгжүүлэх ажлыг санаачлана.

- Хөвсгөл аймгийн нутагт, Хөсгөл нуураас урагш зуу орчим км зайд байдаг Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаж фосфорын бордоо гаргаж экспортлох үйлдвэрийг Эрдэнэт хот орчимд байгуулах. Зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрийн хүчил болон Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглан фосфорын бордоо гаргаж экспортлох үйлдвэрт тус хотын иргэд ажиллах болно.

- Дорноговь аймагт барьж эхэлсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудлыг зөв шийдэхэд анхаарах хэрэгтэй байна. Одоо Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолтыг зөвхөн БНХАУ-ын компани явуулж байгаа бөгөөд Монголын Үндэсний нэгч компани олборлолт явуулдаггүй, тийм ирээдүй байгаа эсэх тодорхойгүй байна. Хэрэв Хятадын компанийн олборлож байгаа газрын тосыг авч боловсруулах бол түүний 80 орчим хувийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авах учраас импортын хэмнэлт бараг гарахгүй. Бойр нуурын орчим Хятад компанийн олборлож буй газрын тосыг хоолой татаж авах бол маш өндөр өртөгтэй, найдвартай эсэх нь эргэлзээтэй. Ийм учраас боловсруулах үйлдвэрийнхээ хэрэгцээг Оросын холбооны улсаас түүхий нефть худалдан авч хангах боломжийг судалж шийдэх нь зүйтэй юм.Энэ санал хоёр талын ач холбогдолтой. 1. Бойр нуур орчмоос газрын тос татах хоолойг шахах насос болон цахилгаан дамжуулах шугамын хамт барьхад шаардагдах олон зуун сая долларын зардал хэмнэгдэнэ. 2. Монголын үндэсний компани газрын тос хайж хангалттай хэмжээгээр олборлодог болж чадах эсэхийг хүлээхгүйгээр боловсруулах үйлдвэрээ тасралтгүй ажиллуулах нөхцөл бий болно.

- Ойрын ирээдүйд манай улс газрын ховор элементийн ордын судалгаа, түүний ашиглалт, газрын ховор металлын үйдвэр хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. Ном хэвлэлээс үзэхэд газрын ховор элемент гэдэг нь иттрий, лантан ба хими физикийн онцлогоороо хоорондоо ойролцоо 17 орчим элементүүдээр бүлэглэн тогтсон ордод байдаг бөгөөд газрын гадаргууд харьцангуй ховор тохиолддог бололтой. Дэлхийд 1986 онд 36,5 мянган тонн ховор металл үйлдвэрлэдэг, түүний 40 гаруй хувийг АНУ, 20 гаруй хувийг ЗХУ, 20 хүрэхгүй хувийг БНХАУ үйлдвэрлэдэг байсан бол 1990 – ээд оны дундаас газрын ховор элементийн гол олборлогч нь БНХАУ болсон бөгөөд тэр нь Баяновоо гэдэг ордод байдаг бололтой. ОХУ-д Якут болон Байгаль нуурын зүүн хязгаарт олборлодог. Япон улс Номхон далайд 3-6 км гүнд орд олсон гэдэг.

Газрын ховор металлыг радиоэлектроник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, атомын техник, машин үйлдвэрлэл, химийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрлэл, шилний үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэгт ашигладаг ажээ. ОХУ-д 2000 орчим тонн газрын ховор металл ашигладаг, түүний 25 хувь иргэдийн хэрэгцээт зүйл, бусад нь цэрэг техникийн зориулалттай эдлэлийн үйлдвэрлэлд зориулагддаг гэсэн мэдээ байдаг. Иймээс газрын ховор элемент – ховор металлын эрэлт хэрэгцээ их байх нь эргэлзээгүй.

Манай улсад газрын ховор элементийн орд байх магадлал өндөр гэж үздэг. ЗХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч өнгөрсөн зууны ная-аад онд манай улсад ирэхдээ илрээд байгаа газрын ховор элементийн ордоо судалж ашиглахад анхаарахыг зөвлөж байсан.

Манай улсын нэрт геологич эрдэмтэн, Оюутолгойн зэсийн ордыг олж нээхэд гол үүрэг гүйцэтгэсэн гавьяатай гэж үнэлэгддэг Дондогийн Гарамжав гуай 2007 онд нийтлүүлсэн “Байгаль ертөнц дэх хуйлралтын үзэгдлүүд“ хэмээх эрдэм шинжилгээний номондоо манай улсад газрын ховор элемент агуулсан байж болох дөрвөн тогтноонууд буюу Ханбогд, Луугийн гол, Улаантолгой, Халзанбүрэгтэйн гэсэн дөрвөн ордын илрэл байгааг бичжээ. Үүний дотор Ханбогдын ордын ховор элементийн эрдэсжилт бүхий цэгүүдийг тодорхой тэмдэглэсэн байдаг.

Шинжлэх ухааны академи, холбогдох яамнаас газрын ховор элементийн ордыг судлах, нөөцийг тогтоох, элемементүүдийг ялган баяжуулж ашиглах технологийг судалж, цаашлаад ховор металлын үйлдвэр хөгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй юм.Газрын ховор элементийн эрэл хайгуулын ажилд оролцож байсан эрдэмтэд, геологчид байгаа байх.

Миний санал болгож байгаа дээрх төслүүдийг ирэх таван жилд хэрэгжүүлвэл эдийн засгийн тамир тэнхээг нэмэгдүүлэхэд тус болно.

Думаагийн Содном

2021 – 05 – 29