Бидний ихэнх нь өөрсдийгөө мухар сүсэггүй гэж андуурдаг. Гэвч үнэндээ Элон Маскаас эхлээд Цэдэнбалыг хэтрүүлж магтан шүтэх нь ойд пампэрс аваачиж булах, могойн зураг дамжуулахтай ижилхэн мухар сүсэг юм. 

Жишээ нь оросууд өөрсдөө лав Брэжнэв, Хрушэв нараа тахин шүтээд байдаггүй атал манайхан л Цэдэнбал гээд хэтрүүлж шүтээд байдаг. Үнэндээ Цэдэнбал бол Хрушэв, Брэжнэв нарын бүтээл. Тэмбүүнээс салгасан, бичиг үсэгт сургасан л гэнэ, тэрэндээ тулбал Брэжнэв, Хрушэв нар ч бас сансарт хүн нисгэж, зөвлөлтийн боловсролыг дэлхийд тэргүүлэгч болгосон. Бал дарга хятадаас аварсан л гэнэ, Брэжнэв, Хрушэв нар л хятадтай муудсаных. Солонгосчууд ч улсаа хоцрогдлоос гаргасан Пак ерөнхийлөгчөө тэгтлээ хэтрүүлж тахидаггүй бөгөөд сая охин нь ерөнхийлөгч болоход “өчүүхэн” авлигын хэргээр хэдэн саяулаа гарч жагсаад, баривчлаад шоронд хийчихэж байгаа юм. Манайд байсан бол “Их хүний удмыг чи шүүхгүй” гээд уянгалж өгнө дөө. Сайн муу 50/50 жамыг юмыг 90/10 эх оронч баатар, Чингисийн дараах суут хүн бол Цэдэнбал гээд хэтрүүлж магтаад, шашны мухар сүсэг шиг тахиж шүтээд байхаар зарим нь эгдүүцэн муулж таарна. Соц үед эрхбиш амьдрахын төлөө Цэдэнбалыг тахин шүтдэг байсан юм шүү, одоо бол зүгээр л мухар сүсэг. 

Хамгийн хатуу прагматик АПУ Батсайхан, ЭмСиЭс Энхамгалан захирлууд Осгонбаяр ламд /Зава Дамдин рэмбүчи/ “Сайн бод” хэмээн алгадуулахын араас бичиг үсэг тайлагдсан нь тодорхойгүй мөртлөө интернэт хэрэглээнд нэвтэрсэн ЖээнЗи үеийн хүүхдүүд “социализм сайхан, Цэдэнбал аугаа удирдагч” гэж шүүрс алдах нь ямар ч логикгүй бөгөөд “мухар сүсэг” л гэж тайлбарлахаас аргагүй. Зөвхөн соц шүтэх мухар сүсгээс гадна Инфлүүсэр, Энтрэпрээнэр, Элон Маск, Лайфкөүч, ЖээнЗий гэсэн толгой үгтэй орчин үеийн хандлагыг шүтэх мухар сүсэг ч их дэлгэрчээ. “Хайрцагнаас гарч сэтгэ” гэсэн гол уриатай атлаа өөрсдөө ерөөсөө хайрцагнаасаа гарч монгол хөрсөндөө бууж ганц бизнэс хийж чадахгүй, Сүхийн талбай тойрсон 100 – 200 хүн хоорондоо манлайлах лэкц уншаад явдаг үзэгдлийг мухар сүсэг гэхээс өөр яалтай. Чухам монголд л өөрсдийг нь ойлгохгүй, гадаадад бол ойлгож, гадаадад байсан бол алах бөгөөд зарим гадаад үгээ “Монголоор хэлчихээр нэг л болохгүй” гэнэ. Үнэндээ тэндээ бол хүн тоохгүй, эндээ л гоё шинэлэг харагддаг учраас амьдраад яваа нь дийлэнх.

Бас сүүлийн үед ихээхэн тархаж, эрүүл ухааны дайсан болчихоод байгаа нэг мухар сүсэг нь “toxic positivity”. Махчилбал “хортой эерэг хандлага” гэх юмуу даа. Жинхэнэ хайр бол ийм тийм, жинхэнэ нөхөрлөл бол ингэдэг тэгдэг, “Мөнгийг биш хүнийг хайрла”, “Хайртай хүндээ өдөр бүр дурла” гэх мэт эерэг хандлагаас гадна “Үйлийн үр нэг л өдөр хариугаа авах болно” гэх мэт эрүү шүүлтийн хандлага ч бий. Мэдээж ихэнх хүн сошиал хуудсандаа амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг дэлгэнэ, олон эерэг сайхныг уншаад, уянгалаад эхлэхээр амьдрал нээрэнгээсээ тийм гэж бодно. Нэмээд гоё гоё сургамжит өгүүллэг уншиж бүр хөвчлөгдөнө. Тэгээд хүчирхийлэл гэх мэт бодит амьдралын мэдээ харахаар гэнэт цочирдон шоконд орж, “амьдрал хэзээ ингэтлээ муудав” хэмээн халаглаж бачуурна. Амьдрал муудсаны буруутан нь ихэвчлэн Элбэгдорж, Баярцогт нар байж таарна. “Хортой эерэг хандлага” амьдралд шууд нөлөөлж эхэлсэн нь саяын эрчим хүчний үнэ тэглэсэн шийдвэрийн дараа илт харагдав. Яаж ч эрүүл ухаанаар бодоход бол тог үнэгүй байхад -30-40 хэмийн хүйтэнд даарч суух тэнэг байхгүй, чадлаараа тээн залгаж л таарна. Харин “эерэг хандлагаар” бодоход нийтээрээ ухамсарлаад, тог үнэгүй байсан ч хэмнэх ёстой ажээ. Мэдээж хүмүүс ихэвчлэн сошиалд “эерэг хандлага” бичих ч бодит амьдралд “эрүүл ухаантай” нь түлхүү учир Нүхтийн баячууд нь хүртэл тээн залгаж баахан трансформатор буудуулав. Тэгэнгүүт л “эерэг хандлага” –тай нөхөд бусдыгаа “та нар эерэг байсангүй” гээд жинхнээсээ уурлаж бухимдах жишээтэй. Эрчим хүчээ хэмнэхгүй тээн залгасан хүмүүсээс эрчим хүчээ хэмнэе гэж жинхнээсээ итгэсэн хүмүүс нь илүү тэнэг, илүү мухар сүсэгжсэн хэрэг. Үнэндээ 2000 –аад онд эрчих хүчний үнэ тэглэсэн бол ямар ч тэнэг нь нийтээрээ эрчим хүчээ хэмнэх “эерэг хандлага” –д итгэхгүй байсан.

Магадгүй өнөө үе бол монголчуудын хамгийн их мухар сүсэгжсэн цаг үе. Нийтээрээ боловсролгүй, бичиг үсэггүй, унхиагүй, ажилгүй учир ямар нэг зүйлд итгэж сатаарч, тархиныхаа тэр их бяр тэнхээгээ ундаалдаг юм байлгүй дээ. Шинэ жил бүрээр Жүр Үрийн гадаа соц үеийнх шиг очер үүсдэг. Монголчуудын бялууны хөгжил дэвшил дөнгөж эхлэж буй, бялуу хийж чаддаг нь цөөхөн байгаагийн л шинж биз. Харин бялууны зах зээлийн тухай Харвард Кэмбрижийн “энтэрпэрээнэршийп”, ковидын үеэр ингэж дугаарлаж болохгүй талаар номлон бичих “эерэг хандлага”, ер нь бялуу мэтийн жижиг зүйлс хийж амьдрахгүй гэдэг “омогшил” бүгдийн зүрхэнд дүүрэн аж. Байгааг бодитоор нь харж чадахгүй мухар сүсэг л юмдаа.