МӨНГӨНИЙ СЭТГЭЛЗҮЙ

Бид мөнгийг–хөрөнгө оруулалт, хувийн санхүү болон бизнесийн санхүүгийн шийдвэрүүд ч мөн адил–өгөгдөл, томьёогоор яг таг тооцоолж болдог, математик суурьтай шинжлэх ухаан хэмээн үздэг. Гэвч бодит амьдрал дээр тооцооллын хүснэгт ашиглан хувийн санхүүгээ удирддаг хүн хэд билээ? Бид ихэвчлэн оройн хоолны ширээний ард, эсвэл хурлын өрөөнд сууж байхдаа л мөнгөтэй холбоотой шийдвэрүүдээ гаргадаг шүү дээ. Та бидний дахин давтагдашгүй амьдралын түүх, ертөнцийг үзэх үзэл, эго, бахархал тэр ч байтугай маркетингийн сурталчилгаа, урамшуулал зэрэг хүчин зүйлс нийлээд бидний санхүүгийн шийдвэрийн үндэс, шалтгаан болдог.

Бидний амьдралд хүссэн хүсээгүй ямагт нөлөөлдөг хоёр хүчин зүйл бий: Мөнгө ба Эрүүл мэнд. Хүний насыг уртасгах боломжтой болгосноор анагаахын салбар орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн түүчээлэгч болов. Эмнэл зүйн хуучны онол, зарчмыг няцаасан, бие эрхтний үйл ажиллагааг зайнаас хянаж, сайжруулахаар бүтээгдсэн олон дэвшилтэт технологиудыг бид мэдэх болсон. Харин мөнгөний тухайд хөрөнгө оруулалт, хувийн санхүү, бизнесийн төлөвлөгөө гэх мэт асуудал өөр өөрөөр яригдана. 

Мөнгөний нөлөөллөөс ангид хэн ч, хаана ч байхгүй. Мөнгө бидний ихэнхийг төөрөгдүүлэх чадалтай. Мөнгөний талаарх хүн бүрийн ойлголт харилцан адилгүй. Мөнгө бидэнд эрсдэл, итгэл (өөртөө итгэх) болон аз жаргалын талаарх амьдралын чухал хичээлүүдийг сургамжилдаг. Тэгээд зогсохгүй, хүний ааш авирыг хуу илчилж, учир шалтгааныг ч тайлбарладаг. Ёстой л хамгийн дуулиант шоуг энд л үзнэ. 

Гүүр нурахад инженер нь ирээд аль хэсэгт ямар хүчээр дарснаас болж нуралт үүссэнийг томьёолон тооцоолж, учир шалтгааныг нь даруй тодорхойлчихно. Учир нь физикийн хууль хөдөлшгүй юм. Гэтэл мөнгөний ертөнц тийм биш. Товчхондоо хүмүүсийн зан чанарын нөлөөгөөр удирдуулдаг. Тиймдээ миний зөв шийдвэр танд галзуу солиотой санагдаж болно. Өөрөөр хэлбэл бүгдэд ижил үйлчлэх хөдөлшгүй хууль, томьёо мөнгөний ертөнцөд байхгүй. 

Санхүүгийн хямралыг санхүүгийн онолоор бус харин тухайн нийгмийн түүх болон хүний психологитой уялдуулж тайлбарлавал илүү ойлгогдох шинжтэй. Жишээ нь хүмүүсийн өрөнд орж, амьдралаа үрж буй шалтгаан нь зээлийн хүү биш харин хүний шунахай сэтгэл, найдваргүй зан чанар ба хэт өөдрөг үзэлтэй холбоотой гэвэл илүү оновчтой тайлбар болно. 

“Түүх өөрийгөө давтдаггүй. Харин хүмүүс л түүхийг давтдаг юм” гэсэн Волтэрын дүгнэлт байдаг. Мөнгөний харилцаанд ч мөн энэ зарчим үйлчилнэ. 

Морган Хаузэл 2018 онд хүмүүсийн мөнгөний шийдвэрт шууд нөлөөлдөг хамгийн ноцтой 20 зан чанарын доголдол, тэдгээрийн учир шалтгаан, уруу татагдах хандлагуудын талаар өөрийн ажиглалтад үндэслэн Мөнгөний Сэтгэлзүй нэртэй нийтлэлээ бичсэн нь сая гаруй хүнд хүрсэн юм. Тэрээр зарим богино нийтлэлүүдээ бүрэн эхээр нь, заримыг нь илүү дэлгэрүүлж ном болгон гаргасныг Нэпко хэвлэлийн газраас эрхлэн уншигч таны гарт хүргэж байна. 

“Мөнгөний сэтгэлзүй” ном нь 20 бүлэгтэй бөгөөд мөнгөтэй харьцах хүний мөн чанар, шинжлэх ухаанч мэдлэгтэй зөрчилддөг хүний психологийн онцлог шинжүүдийг тайлбарлана. Бүхэлдээ нэг цогц санаа илэрхийлэх ч бүлэг тус бүрд өөр сэдвүүдийг хөндөх тул уншигч та онцгойлон сонирхсон сэдвээ сонгон, номыг хэсэгчлэн уншсан ч болно.