Эрхэм Төрийн түшээд, сайд нар аа! Та нарыг “Тэгнэ” гэхэд би “Тэгэхгүй нь дээ” гэж мушигдаг хуучтай хүн. Мушигдаг зан маань нялх балчраас эмгэг болтлоо даамжирсан агаад чөлөөт нийгэмд удам дамжсан мушигдаг өвчнөө нуух хэрэг арилж гээд илчлэхээр зориглов. Буудуулсан ардын дайснуудыг өвөө маань гэмгүй хүмүүс гэж мушигдаг байв. Аав маань бүх мал сүргээ нийлүүлээд идэж уух эдэлж хэрэглэх баялгаар бялхсан коммунизмыг галзуу хүний хийрхэл гэж мушигдаг байв. Тэгтэл гэмгүй хүмүүсээ ардын дайснууд хэмээн хилсээр хөнөөсөн нь цагийн урсгалд нуух аргагүй илэрч нам засаг цагаатгалаа. Оноосон өөрийн гэх эзэнгүй нэгдлийн сүрэг үрэгдэж, улсын хөрөнгө шамшигдаж балрахын ирмэгт хувийн өмч болгож хямгадлаа. Аль эрт уулсаа дэрлэсэн аав өвөө хоёр зөв мушгаандаа урмын үг сонсолгүй хорвоог орхисон. Гэвч тэд зөв мушигсан гэдэгтээ өчүүхэн чэргэлзээгүй. Эгдүүтэй нь тэдний мушигдаг өвчин тасарсангүй. Надад удамшжээ. Мушигдаг өвчин намайг хар нялхаас сүүдэр мэт дагав. Мушигдаг нь буруутай юу, мушгуулдаг нь буруутай юу сайн бод. Социализмыг зөндөөн мушигсныг уншигчид мэдэх тул орхиод, ардчиллыг мушгиж эхэлсэн түүхээ тоймлоё. 

15 гал сөнөөгч залууг бүрэлгэсэн хариуцлагагүй нь дэндсэн гэхэд багадах ноёдод ял сонсгоно гэж албан ёсоор сүржигнэсэн. Би хэн ч хариуцлага хүлээхгүй нь дээ гэж ойлгосон. Тэгээд хэний нь зөв боллоо? Эрх баригчдын мэдэгдсэнийг эсэргээр хүлээж авсан миний зөв болж, дөмөг нисдэг тэргээ брак нисдэг тэргээр сольсны гайгаар 15 залуу үрэгдэж, үнийн зөрүүг завшсан сайд гэм зэмгүй сэм мултарсан! Сансарын холбоо барьдаг ганц аппарат нь айлд байснаас холбоо барьж чадалгүй нисдэг тэргэнд няц даруулсан гал сөнөөгчид гурван шөнө гурван өдөр хүйтэн хөвчид тарчилсаар үхсэн. 15 гал сөнөөгчийн гэргий хүүхэд эцэг эх ах дүү нэг насны хагацалд дээлтэйгээ дэрийсэн. Онц хортой спиртээр 14 хүний бодийг хөтөлсөн гол буруутанг олж тогтооно гэж андгайлсан. “Гол буруутан”-г гэснийг сана. Мушгидаг өвчтэй би л болсон хойно хортой архины нууц бизнесийг алсаас удирддаг УИХ дахь нууц ноёдыг бус туслахуудын дотроос хамгийн бяцхан нэгэн хөөрхий зарцыг яллаад ам хаах нь гэж цуурсан. Яг л цуурснаар болж билээ. 15+14=29 иргэний амийг би мартаж чаддаггүй тул энд онцоллоо. ХЗХ-г санаачилж, санаснаараа дампууруулж баяжсан олигархиудыг хаацайлж, тэдний идсэн мөнгийг ХЗХ-ны хохирогчдод татвар төлөгчдийн мөнгөнөөс барагдуулж, хадгаламж банкнаас 14,2 тэрбумыг мөрийд алдсан пости коммунист залуучуудыг суга татна гэж би мушигсан. Тэгээд яаж төгслөө? Хөгшин толгой буруу мушгаагүй ч 14,2 тэрбумыг улсад төлсөн эсэхээ нуугаад хэлдэггүй юм. Ийм завхарсан ардчилалд мушгах уу болих уу? 

Эрх баригчид өөрсдийнхөө баталсан хуулиа зөрчөөд зогссонгүй бүр байтлаа хуулийнхаа заалтыг ганц хоёроор сугалж аваад их гарын хулгайч нартаа ял завшуулав. Хамууддаа ял завшуулсны дараа хуулиас сугалж авсан нөгөө зүйл ангиа буцаагаад байранд нь сэм суулгасан гээч. Энэ гэмт хэрэг илэрч шуугиан үүсмэгц нэг хэргийг шүүх хурал нэг л шүүхээс хоёр шүүдэггүй гэж мунадагдав. 3 сая иргэнээ дэндүү элэг барьж буй юм шүү. 2008 оны сонгуулийн луйврыг эсэргүүцэгч нараас 5-ыг золбин нохой мэт буудчихсан. Буудах тушаал амаар өгсөн ноён харж л байгаарай хэзээ ч олдохгүй. Буудах тушаал өгсөн ноёныг олох гэж ард түмэн хий шаналснаас 5 залуугаа ерөөс амь үрэгдээгүй гэж сэтгэлээ хуурсан нь амар гэж цөхрөгч олшров. Тэгж цөхрөхгүй шүү. Далдыг мэдэхэд түвэггүй төр засагтай учирснаа ашигла. Далдыг мэдэхэд толгой ажиллуулах шаардлагагүй. Үзмэрч Дашцэрэн далдыг айлдахаар толгойгоо ажиллуулж байж хөгөө чирсэн. Эрх баригчдын мэдэгдлийг мушгихад л нам дамнасан олигархи бүлэглэлийн нууцад дөхдөг юм. Тэд хулгай луйвраа төрийн нууц гэдэг ч хэлснийг нь мушгахад л үнэний үзүүрээс атгаад авна. Ингээд мушгигч үл мэхлэгдэгч оюунлаг иргэдийн нэг болно.

Таван толгойн коксжих нүүрс-нурмаг ачааг Бугатын гангын үйлдвэрт асар их агаад маш хямдаар зөөхөд гагцхүү төмөр зам л ашигтай. Өргөн нарийн царигтаа бус нүүрсээ их хэмжээгээр хямд тээвэрлэхийг гацаах Оросын геополитик гэж би мушигдаг. Нарийн цариг тавивал танк их буугаа ачаад ороод ирнэ гэдэг орос комбинаци онигоо болоод өдгөө мөнгөгүй атлаа маш олон төмөр зам зэрэг зэрэг барина гэж хаазалж буй. Үүнийг би Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замыг хөдөлгөхгүйн тулд самууруулах ээлжит заль гэдэг. Сталин Бээжинтэй холбох төмөр замаа Улаанбаатраар дайруулж тавьсан бол Путин нүүрс зөөх хил орчмын уурхайн мухар төмөр зам тавихыг 10 гаруй жил гацаав гэж мушигдаг. Миний мушигдаг өвчин намайг нэг ална шүү. Гэвч гол нь 3 сая гаруй хүн амын нэг-зөнөг өвгөний мушигдаг өвчний хариуцлагыг Төр Засаг хүлээх ёсгүйг би тооцдог. 

Эрдэнэтийг барьцаалж Стандарт банкнаас баахан зээл авч идсэн сайн эрс эрвийх дэрвийхээрээ өр төлбөрөө улсаар төлүүлэх хуйвалдаан сийлж буй. Ялнаас мултрахаар амь наана там цаана аахилж гүйлдэнэ. Оросын зарсан 49 хувийг гадагш алдалгүй мөнгө босгоод оруулаад ирснийг булааж, Эрдэнэтийг 100 хувь шахааны талбар болгохоор өргөн фронтоор давшсан. Зэс компаний босгосон мөнгийг Ц.Нямдорж сайд тэргүүтэн хулгайнх болгох гэтэл хараат бус шүүх командлуулсангүй. 100 хувь улсын аварга үйлдвэрийн нууц ноён болж дураараа шахаа хийхийн тулд С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг илрүүлж, хилсээр шийтгэгдсэн хөөрхий хоёрыг сулална гэж нэр сүрээ бадруулахаар жүжиглэснээ сүүлдээ хэлэх үггүйдэж, “ганцаардаад байна” гэж ядруу царайлав. Өмнөх шахааныул мөрийг 49-ийнхөн хувийн хэвшил учраас сөхнө. Тиймээс тэднийг үсгүй хусахаар дээдэс ханцуй шамлана. Шахааны баримтаа түрүүчээс нь устгалаа гэх сураг ч цацагдлаа. Томчуудын биеэ магтсан мэдэгдлийг мушгиж харвал ийм байна.

Тариан талбайгаа технологийн дагуу чанд боловсруулсан ч оготоргүй дусал бороо хайрлахгүй бол яалт ч үгүй. Зэс нүүрсний үнэ өсөх мөчлөг сохор азаар таарч, хаяа хатгасан аварга захын хэрэглээ огцом ихэсдэг завшаан бол Монголын хувьд тариан талбайд хур буухтай ижил. Сайдууд биеэ магтах үндэс энд байхгүй. Тиймээс хасах хүртлээ унасан эдийн засаг 6 хувь өссөн нь эрх баригдын мэргэн бодлогын ач гэж хөөрцөглөх бүтэн бус тал ухааных. Бага нуурын ДЦС-ыг баривал Хятадын арми хяналтаа тогтооно гэж бурдаг “Нэгдсэн Монгол” ТББ-ын Л.Мөнхбаяр Ийгль телевизийн од болов. Энэ хийрхлийг би эрчим хүчээ шахах Оросын явуулга гэж мушгиж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхлүүлсэн нефть үйлвэрийг гацаах элдэв шалтаг сүвэгчилээд эхлэв. Муу ёрлож мушгихгүйг хичнээн хичээсэн ч амин чухал энэ төслийг минь зогсоох бөөн хар хүч тэнгэрийн хаяанаас өнгийсөөр харанхуйлбал хүчин мөхөсдөх гамшиг дайрна.

ШХАБ-д гишүүнээр элсвэл Тажик, Киргиз, Казах, Армены асар том захад түүхий эдээ бус, бэлэн бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулж, нуруу хотойм цутгах олзны үүд нээгдэх гэнэ. Бидэнд зэс нүүрснээс өөр борлогдохгүй хахчихаад буй ямар ямар брэндүүд зах зээл хайгаад байна? Махаа экспортолъё гэхэд мал өвчтэй. Арьс ширээ дэлхийн стандартаар боловсруулж дөнгөхгүйгээс голоод хэн ч авдаггүй. Тийм атал солонгос япон зах жижигдээд ШХАБ-д элсэж, эсгий улавч зэрэг бэлэн бүтээгдэхүүндээ маш том зах зээл нээлээ гэж онгироод буй гишүүдийн аль сүвээр бүлтрээд буй хий вэ. Барууны улсууд тэртээ 90 оноос оёмол бүтээгдэхүүнийг маань татваргүй нэвтрүүлэх хайр зарлаад бид яаж унтраалаа. ШХАБ-д ажиглагч учраас хоёр хөрш хий нефтийн хоолойгоо манай нутгийг тойруулсан гэх завьжууд хаагив. Хойд өмнөд хөрш хил дээрээ хоёр талаас уулзсан хоолойг холбохын оронд галзуурсан мэт манай нутгаар мянга гаруй км хоолой тавивал зардлыг хэн гаргах вэ. Тийм урт хоолой тавих хөрөнгө бидэнд байхгүй бөгөөд тавилаа гэхэд мянган км хоолойн засвар үйлчигээний зардал, хэдэн зуун мэргэжилтэн ажилчны цалин хөлсийг даах мөнгө хаана байна. Бидний хэрэглээ нулимс учир хоёр хөршид ашиггүй. Ийм мангар мөрөөдлийг хоёр хөрш авч хэлцээгүй нь зөв. Тэнэг юм гуйхын оронд Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам тавихыг зөвшөөрөөд өгөөч гэж гуй. Эгийн УЦС-аа гуй. Гацаад буй том төслүүдээ хөдөлгөж хайрла гэж сөгд. Оюу толгойн гэрээг сайжруулах нэрийн дор зайлуулах далд санаагаа муу нуух юм. Мушигмаар. Сайханбилэг Баярцогт Баяр Бямбасайхан нарыг хорьчихсон. 1930-аад онд баруунд сургуульд явсан жаалуудыг орос сургагчдын заавраар егүүтсэн туршилга ч уг нь бий дээ.

Тажик, Киргиз, Армен зэрэг хорвоод хосгүй хөгжлийн гарц оллоо гэх инээдмийн жүжиг бол гурав дахь түншүүдээс холдож, яваандаа ганцхан Оросын гарт атгуулах модон хударгаа мөрөөдсөн илжигний орилоон гэж мушигъя. Гурав дахь хөршүүд зайлсны дараа орос ах маань урд хөршийг хажиглаж бид 1970-80-аад оны алтан үедээ эргэж орохын цондон гэж мушигъя. Миний мушгаа 100 хувь дэгс байвал би маш их баярлана. Эдүгээ Төр Засгийг үхнэ гэвэл сэхнэ, сэхнэ гэвэл үхнэ гэж тэс хөндлөн зөрвөл хойч үедээ хүн шиг хүн үлдэх “нохой ардчилал” үүсчээ. Буруу харсан зөрүүд сүхэн толгойгоор гөжвөл бурхны өмнө нүгэл багатай үлдэх тийм чөлөөт зах зээлийн ардчилсан хүмүүнлэг иргэний нийгэм байгуулжээ бид. Нам Төр Засгийнхаа айлдварыг мушгаад буй намайг өршөө! Хоёр намын сэтгэл хөдлөм амлалтыг шууд утгаар нь сохроор итгээд яг хүлээж авбал ард түмнээ мэхлэгчдийн талд үйлчилсэн нүгэлд уначих гээд буйг минь харж үзээрэй.

2018-06-04