Монголчууд хэзээ ч ийм эрх чөлөөтэй, бас хэзээ ч ийм сэтгэл дундуур байсангүй. Улс төрийн болоод, сонгох-сонгогдох эрх чөлөөг дурсаад яахав? Уудам нутагтай чявах зам хязгаартай,албат хамжлагууд ноёныхоо харъяаллаас гарч явахгүй, БНМАУ-ын иргэд аймаг хот явахдаа томилолт эвсэл “зам явах” хэмээх зөвшөөрөл авах ба автозамын дагуух сэргийлэхийн эргүүлүүд хөдөлгөөнийг хянана.

Сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх бүү хэл, тийм байдал гаргах эрхгүй.Олон түмэн Богдын аврал Манжийн хааны хишигт мөргөж амьдрах үүрэгтэй байсан бол ХХ зуунднамзасагтаа баярлах үүрэг хүлээнэ.

Өнөөгийн эсэргүүцлийн жагсаалын оронд талархлын жагсаал болно. Ордны өмнүүр жагсагчид удирдагчдаа огцрохыг шаардахын оронд урт насалж, улам олон жил даргалахыг ерөөнө.

Монголчууд хэзээ ч ийм баян чинээлэг мөртлөө, ядуу хоосноо гайхаж байсангүй. Хувийн өмч хориотой. Улсын хэмжээгээр 100-аадхан ширхэг амины “Москвич” мэт машин байх ба тэдний эздэд нууцхан атаархахын зэрэгцээ үзэн ядна. (Саяхан би харсан, зуслангийн замд солонгос машин унасан хүн ирээд хүүхдүүдтэйгээ хог ухаж, хэрэгтэй юмаа цуглуулаад явахыг. Тэрийг хараад яг л та нар шиг “ард түмэн ийм ядуу амьдарч байгааг хараач” гэмээр байсан)

Нам эвлэлийн гишүүд бол амины машинтнуудыг “хувийн өмчтөн болдогийн даваан дээр яваа буруу этгээд” гэж харах ба ирээдүйгээ хувьдаа машингүй, ариун байдлаар төсөөлнө. 

Малчин айл гэр бүлийн гишүүдийн тооноос үл хамааран богийн толгойд шилжүүлсэн 75-50 малтай байх эрхтэй бөгөөд түүндээ ногдох сүү, мах, ноосны оногдол татварыг заавал төлөх үүрэгтэй. “Ард түмний материаллаг аж байдал соёлын хэмжээ байнга дээшилж...” гэдэг үгийг олон хүн цээжээрээ санаж байгаа.

Монголын төр хэзээ ч ийм сул дорой,төр бус нь ийм хүчтэй байж үзсэнгүй. Өнөөдөр засгийн газрын ямар нэг шийдвэрийн хэрхэн эсэргүүцэж нураахаа зөвлөдөг бүлгүүдийн оронд төрөө дэмжих цуглаан зохиогддог байж билээ. 

Төрөөс шийдвэр гарах тоолонд түүнийг баярлан хүлээж авах цуглаан болдог байсан ба намзасгийн удирдагчдийн хэлсэн үгийг тэмдэглэн авч шалгуулна. Өнөөдөр бид “Үнэн гэдгийг нь мэдэж байгаа боловч өөрт ашиггүй учраас ХУДЛАА байна” хэмээн хашгирч байгаа бол өчигдөр “Худлаа даа гэж бодож байсан ч ҮНЭНбайна” хэмээн алга ташиж байлаа.

Тэгээд л .... тэр нэг л өдөр эрх чөлөөтэй боллоо.Социализмын бид нураагаагүй, жаахан засаж янзлах санаатай жагсаж байтал дэлхийн социализм өөрөө нураад уналаа. Системээ нураасан бусадорны жишгээр бид ч бас ардчиллыг сонголоо. Зүүн европын орнуудын иргэд алдагдсан эрх чөлөө, боогдсон ардчилал, булаагдсан газар, хураагдсан орд харш, орон сууцаа эргүүлэн авав. Тэдэнд эрх чөлөө, чөлөөт сонгууль, эзэмшил газар, хувийн өмч, хувийн үйлдвэр завод бол хуучин танил, алдагдсан зүйлс байлаа. Тэд алдагдсан зүйлсээ сэргээгээд цааш явав.

Харин монголчуудад алдагдсан юм гэвэл хэдэн мал л байлаа. Тийм болохоор малнь хувьчилсныхаа маргаашаассуга өсөөд бараг гурав нугарч 25 саяас 70-аад сая болов. 

Өрнөдийн жишгийг дагаж өмч хувьчлал хийлээ.Орон сууцанд байсан улсад нь орон сууцыг нь бэлэглэв. Ардын засаг хэзээ чхүний орон сууцыг хурааж аваагүй, хурааж авъя гэхнээ олигтой хашаа байшинтай байгаагүй билээ л. Бас хэзээ ч ард түмнээс хурааж аваагүй үйлдвэр заводыг бас хувьчлав.Мал хувьчлалаас бусад нь зүгээр л бэлэглэх процесс, “олсон хүний олз” маягийн зүйл боллоо. Олон нийтэд “аяыг нь олоод байвал олзтой систем юм байна” гэсэн ойлголт төрлөө. Монгол хүний дайны олзонд амташсан, айлын адуу хөөж сайн эр болдог байсан цагийн сэрэл хөдлөх нь тэр. 

Социализм байгуулахдаа ганц булаалгасан юм нь үнэндээ мал байлаа. Малтай байсан, малаа өсгөж болдог байсныг мэдэх учраас л хувьчлалын дараа монголын мал өссөн ажгуу.

Чөлөөт сонгууль, улс төрийн эрх чөлөө, үг хэлэх эрх , төр засгаа олон түмэн өөрсдөө байгуулах гэдэг бол хэзээ ч үзээгүй зүйл цоо шинэ зүйлс байжээ. Ноёноо сонгож байсан биш, Манжийн төрийн бодлогыг хэлэлцэж суусан биш, нам засгийн тогтоолыг өөрчлөх гэж явсан ч биш. Дарга болох эсэхийг чинь дарга л мэддэг болохоос биш, их сайндаа “Ахаа намайг бодоорой” гэж сэм гуйж явснаас биш, хэзээ ч “намайг дарга болгоод аль, төр бариад үзье” гэж явсангүй. 

Нөгөө талаас олон түмэнд муу ноён, тааруухан депутат сонговол ийм юм болдог гэсэн туршлага сэрэмж ч байсангүй. (Тэр сэрэмж одоо ч төрөөгүй байгаа учраас л өөрөө сонгож төрөө байгуулчихаад “иймч төртэй байх гэж” гэж бухимдсаар яваа юмаа)

Гэнэт монголчуудад даргаа өөрөө сонгох, өөрийгээ даргаар сонгуулах гэхчлэнгийн хэзээ ч үзэж амсаж яваагүй боломж нээгдлээ.Нүүдэлчин хүн юмны ерөнхий зарчим, эцсийн зорилгыг харахаасаа өмнө түүнийг амархан давах,олз омог харагдвал шүүрээд өнгөрөх боломжийг хайдаг ч, олдог ч юм.

Ингээд, сайн эрсийн сэтгэлгээтэй сэргэлэн зарим ньмөнөөх өмч хувьчлалаас гарсан олзны үнэрт хөтлөгдөөд сүйхээчилж эхлэв. Олзыг төр тарааж байгаа аж. Төрд хүрэх зам бол чөлөөт сонгуульд нэр дэвших явдал.Ингээд олзны уутны амыг барилцахаар хөдөлцгөөлөө. 

Улс төрийн чөлөөт сонгуулийн ёс суртахууны уламжлал гэж монголчуудад яаж ч ч байх билээ. Эхэндээ социалист төр байгуулах явцад бий болсон намын сахилга дээр тулгуурлан жаахан наанатай цаанатай сонгууль болж байснаа тэр цагийн албан хаагчид тэтгэвэртээ гарахтай зэрэгцэн шалдаа буулаа.

Гэхдээ сонгогчид ч шаал мангар байсан юм биш. Өнөөдрийн яриад байгаа шиг л монголын ард түмэн нэг их гэнэн цайлганаар явж байгаад үхтлээ хууртчихсан ч юм бүүр ч биш.

Нүүдэлчин монголчууд төр байгуулах ажлыг далимдуулаад юу унагаж болох вэ гэдгийг юун түрүүн гярхай ажиглаж эхэлжээ. Ингээд төрөө байгуулсны хөлсийг төрөөсөө унагаж болгох юм байна гэдгийг ч мэдээд авав. Ямар төр байх нь хэнд хамаатай юм бэ, гол нь унац нь чухал. 

Ингээд нэр дэвшигчийнхээ одоо юу өгөх ба дараа нь юу өгөхийг сонирхох болов. Өөрөөр хэлбэлнэр дэвшиж байхад нь “аваанз”-аа авна, сонгогсдны дараа нь бөгс мөнгөө хөөцөлдөнө.

Ингээд сонгуулийн санал худалдаж авч байгаа нь урьдчилгаа, ялсан нам нь “Эх орны хишиг”, “гэрлэсний шан” тарааж байгаа нь бөгс мөнгийг нь олгож байгаа хэрэг болов, цалингаар зүйрлэвэл. 

Ингэж л гурил будаа тараах, бэлэн мөнгө түгээхээс авахуулаад “хүн бүрт сая төгрөг олгох”, “Эрдэнэтийн хувьцааг бүх хүн хувааж өгөх” амлалт үүссэн болой.

Төрийн эрхийг луйварчид биднээс худалдаж авсан нь үнэн, төрийн эрхийг бид луйварчдад зарсан нь ч үнэн. 

Шударга төр байгуулахын төлөөнөө шударгаар саналаа өгсөнхүн ч бишгүй байгаа байгаа шиг шударга төрийг бий болгохын төлөөнөө мөнгө тараасан ч хүн бас байгаа л байх. Гэхдээ ерөнхий зураг иймэрхүү.

Хүн болгон өөр өөрийн хэмжээнд сонголтоо зарж байгаа учраас сонгуулийн дүнд эргэлзэхэд хэцүү болсон. Сонгуулийн өмнөх нийгмийн уур амьсгалд итгэх арга байхгүй. Учир нь бидний олонхи нь дэмжиж байгаа хүндээ биш, харин сайн аваанз, гайгүй бөгс мөнгөний төлөө л өгнө. Хэнхэдээр хэнд өгснийг хэн мэдлээ. Ийм эргэлзээг далимдуулан улаан цайм луйвар хийх, санал будлиулах нь хэвийн зүйл боллоо.

Үзэсгэлэн үзэж явтал нэг хөгийн амьтны зураг таарч гэнэ. Зураачийн нэр, хаяг байхгүй болохоор нь тайлбарлагчийг дуудан асуужээ. Тайлбарлагч “Уучлаарай, эрхмээ. Наадах чинь зүгээр л толь” гэсэн байна. Яг түүн шиг өмнө маань байгаа нийгэм улс төрийн амьдралын дүр зураг маань биднийг харуулсан толь л юм ш дээ.

Хамтдаа унасан намгаас хамтдаа л гарахаас өөр замгүй. Намгаа хараахаа болиод намгаас гарахаа бодсон нь дээр. Намгаас гарвал мэлхийнүүдтолгой дээрдэвхцэхээ болиод тэндээ үлдэнэ... 

Аа тиим, бас амьдралдаа гарсан дэвшлийг муу муухайтайгаа хамтатган нулимахаа болихгүй бол болохгүйнэ. Алдаж болмооргүй юм зөндөөн байна. Жоомтой гээд шатааж боломжгүй сайхан байшин бол босох нь боссон шүү, сүүлийн гучаад жилд.