НАМРЫН ДУУН


Хийсэн одох навчсийг “хийсэн одож буй” гэж хэн хэлсэн билээ. Үнэндээ бол навчис зэллэн буцаж байгаа юм. Харин усны шувууд нуураасаа тасран хийсч байгаа юм. Зэллэн хийсэх шувууг тоолж болохгүй гэж захисан нь учиртай. Гунигийг тоолохын оронд март. Учир нь, тоолсон бүхэн өсч, мартсан бүхэн арилдаг.


Нэгэн навч мөчрөөсөө тасран хийсэх нь

Нисч үзэж байгаа нь тэр

Нэгэнт амилсан мөрөөдөл биелж байгаа нь тэр

Нэг л мөчирт уясан

Нэрмэж, мөрөөдлийг нь бас аргамжсан

Хүлээс алдуурч байгаа нь тэр

...Эрх чөлөө


     Өчигдөр байсан айлыг өглөө харахнаа нүүжээ. Ирэх хаврын урин өдөрт эргэн ирэхийн тулд билээ.Харин тэр өглөө нүүдлийг чинь хэн л таниж тосохсон билээ...Өнгөрөгч хавар ирэхэд минь хэн ч намайг таниагүй шиг, өчигдрөөс эргэн ирэгсдийн зүсийг хэн л оноох билээ. Аль цагийн ах дүүстэйгээ амар мэндийн зөрөөгүй өнгөрөх, аль эсвэл үл таних нэгнийг авааль мэт энхрийлэн явааг хэн ялгаж хэлэхсэн билээ. Ингэхэд яагаад чамайг, өчигдөр уулзсныхаа төлөө, эсвэл айлсан зуссныхаа төлөө өнөөдөр бас маргааш таних учиртай гэж. Хэрвээ чи “чи биш”, би өөрөө “би биш” байвал яахсан билээ?


Өглөө уулзаад салсан хүнээ

Өдөржин хайлаа, биендээ алга

Өгсөн андгай амласан үгээ

Өөрөөсөө бас эрлээ, байдаггүй ээ.

Хараад уярсан тэр нүд

Хамгаас татсан тэр харц

Хаяхгүй явах андгай тангараг

Хамтдаа булаагдаж, өчигдрийн атганд

Үүр шөнөөр шинээр төрөхдөө

Үүрдийн болгоныг урвуулж хаяад

Үлдсэн цагийн уяа хүлээснээс

Үнэмлэхүй чөлөөтэй үлдэгсэн ажгуу.

   Намрын өглөө хээр тал рашаан дуслаар хучаастай шүүдэртэнэ. Үүрийн бурхан бээр тарни шившин сүрчсэн нь энэ буюу? Үүр цүүрийн тэнгэрс энгэрийнхээ товчинд ч дуулдахааргүй амандаа урьсан тарнийг хэн л тайлахсан билээ. 

    Үзэж танихаа болихын цагт дурсаж таних. Шүүдрийн дуслаар цай чанаж ээждээ баривал “нэгэн шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулна” гэсэн үг санаанд буулаа. Гэнэтхэн тооцоо бодох хорхой хөдөлж шүүдрийн дуслыг түүж гарлаа. Нэгэнт юмыг түүгээд эхэлсэн л бол “нүгэл чив чимээгүй арвидах мэт” сав дүүрэх бөлгөө. Шүүдрийн дусал тогоо дүүрэхийн цагт цаашид тогоо тогоогоор түүх санаа төрлөө. Эхийн ачийг бүрмөсөн хариулах шунал төрж, тэрхүү буяны дансыг дугуйлсан анхны хүн болохоор түүж гарлаа. Түүгээд л эхэлсэн бол “хилинц мэт чимээгүй арвидах” тул хэдэн арван тогоо шүүдэртэй болоодохлоо. Ээждээ “танд би ямар ч өргүй” ам бардам хэлэх мөч ойртсоор. 

 Гэтэл түүх тусам шүүдэр нь бүлээсээд байх. Сэхээрэн харваас ээж минь тэнгэрээс асгаруулан уйлах ажгуу. Тогоо тогоо шүүдрээ амсвал нэн гашуун нулимс л цуглуулсан хэрэг болжээ.

    Баярлан хөөрөх учиртай ээж минь гашуунаар уйлах нь юусан

-Үрээс үрд үл тасран дамжсан ачлалын аргамжийг энд эвхэж дуусгах санаатай мунхаг үр төрүүлсэн хэрэг үү хэмээн мэлмэрүүллээ.

-Элэнцээсээ авсан ач буяны өрөнд эцэг эхийг минь төрүүлж өсгөсөн, энэ буяны үрийг чамд шингээн бойжуулсан, чи түүнийг үр ачдаа дамжуулна. Энэ ачлалын урсгал тасалдах цагт ураг удмын хэлхээ тасарна. Өнгөрсөн цагийн нэгэнд хэн нэгэн эхийн ачийг хариулчихсан бол чи төрөхгүй байсан. Энэ цагийн хаа нэгтээ хэн нэгэн чингэвэл үр хойчийн урсгал тасрана. Ирэх цагийн нэгэнд хэн нэгэн...тэр мэт болно.

-Үр хүүхэдүүд ээждээ ямар ч өргүй. Хайр бол өр биш, хайр бол өглөг, ийм болохоор хайрлагдсан бүхэн өнгөжин гэрэлтдэг ээ. Ээжүүд үр хүүхдээ төрүүлэхдээ жаргалтай байсан, өсгөхдөө жаргалтай, үүрийн шөнөөр өндийж хөхүүлэхдээ ч жаргалтай байсан...Энэ хайрын тооцоог бодох, энд хүрээд дуусгахыг санаархах чинь юусан билээ...Хайрыг үргэлжлүүл, тоолшгүй цагийн тэртээ рүү үрийн үрд буухиалагтун. Хайрын өртөөч бологтун. Хариулшгүй, дуусшгүй ачлалын үрийг шүүдэр мэт хамаг амьтанд сүрчигтүн хэмээлээ. 

     Тогоо тогоо дүүргэсэн нулимсны шүүдрээ эргүүлэн цацлаа...Шүүдэр буусан тал баярын нулимстай инээвхийлнэ. Би хэнд ч өргүй, учир нь авсан бүхэн минь хайр. Надад хэн ч өргүй, өгсөн бүхэн минь хайр...Үүрийн Бурхан чихэнд шивэгнэн асуух нь “Чи миний тарнийг яаж мэдсэн бэ” гэнэ. 

Шинийн сар үүлний чанадаас

Шивэгнэн, бархиран асуух нь

Шинэ гэж юуг хэлнэв,

Сар гэж юуг хэлнэв,

Шилжин нүүгч үүлс гэж юуг хэлнэв

Шивэгнэн бас бархиран

Асууна гэж яахыг хэлнэв.

Одод дээгүүр түгсээр цагт

Олж харсан тэр бүхэн

Оргүй хоосноос үүдсэн ч байг

Оноож надад хүртээсэн бүхэн.

Сая тэгтэл үүр сарнив

Сар өөрөө алганд буулаа

Санасан дээрээ өвөртөө хийлээ

Сансарт гагцхүү одод л үлдлээ.

Одоо байгаа нь сар биш

Ором нь үлдснийг чи харжээ

Олсон хүнд л гаргаж өгнө

Орь сарыг миний өврөөс...

Намрын өглөө буугаад мордсон гийчин санаанд буунам. Насан буурал өтгөсөө хүний ертөнцөөс үдээд буцаж яваа юмсанж. Гэтэл түүнд уй гашууны шинж үл үзэгдэнэ. Бүрлээчтэй хууч хөөрч байгаад гараад ирсэн мэт сэтгэл дүүрэн. Гаанс, тамхитайгаа ноцолдонгоо “ Уулаасаа ч, ная хүрэхсэн, намар үхэхсэн гэж үгтэй юм даа” гэснээ адуу, мал ярина.

      Ная хүрсэн ч буцамгүй, намар байсан ч орхимгүй хээр талд мөнгөн шүүдэр цайрна. Шүүдрийг түүвэл нулимс болно, нулимсыг эгшээвэл шүүдэр болно. Дуулсан бүхэн хуурмаг, танисан бүхэн үнэн. Мөнгөн шүүдрийг таниагүй цагт тэр үүрийн бурханы сүрчсэн рашаан бус ердөө л усан дусал байгаад дэгдэн арилсаар байх болно. 

...Намрын дуун гэж

2018.10.03