Нар буцахын алдад л монголчууд зуныг үзэж байна. Халуун ч гэж найгүй. Уур амьсгалын өөрчлөлт гэж ортой дог шүү. Халж халж байгаад гэнэт аймар аадар цутгана. Учиргүй шороо шуурна. Тэгснээ гэнэт муухай хүйтэн болно. Шадар сайдын тайланд байгалийн гамшигт үзэгдлийн тоо сүүлийн жилүүдэд учиргүй нэмэгдсэн гэж гарсан. Байгал жамаараа ч байна уу, хүний хүчин зүйлтэй хамаагүй ч байна уу, ямартай ч цөлжөөд байгаа нь үнэн. Аймар байна угаасаа. Ямар нэг юм хийхгүй хараад сууж лав болохгүй байх. 

Welcome to Mongolia хөтөлбөрийн хүрээнд ч юм уу, ковидоор хүмүүс баахан гэртээ байсных ч юмуу лав л энэ жил Монгол жуулчнаар хахаж байна. Захаасаа хээрийн кэмпэд гарсан хэд майхан нь хийсч, төмөр модонд цохиулж байгаа ч сурагтай. Уг нь аятайхан яваад байвал манай улсад доллар оруулж ирэх бас нэг дорвитой экспорт болох юм. Гэхдээ өөрснөө бид багтаамж, зай муутай байна л даа. Аялал жуулчлалын салбарт багтаамжийг ердөө орны тоогоор хэмждэг юм байна. Монголчуудаа ороо олон болгоцгооё! Тэгээд нэг боловсон нойл, шүршүүр хоёр хийчихэд болчихдог эд. Нээх их тав тух оруулах гээ байх ч хэрэггүй. Гэхдээ л Монголын аялал жуулчлал монголчууд бидний өөрсний хэнэггүй, хариуцлагагүй зангийн дээсэн дөрөөн дээр л тогтдог шүү дээ. Ирсэн хэдийгээ унагааж, дэлхийг жигшээчихгүй юмсан. 

Хаврын улстөр гэж сүйдтэй юм болсонгүй. Талбай нижигнэх юм байх гэтэл ганц нэг улсууд бичиг барьж зогссоноос хэтрээгүй. Засгийн газар баахан хэрэг ухаад гаргаад ирсэн байхад ийм ажин түжин байснаас болж, тэр хэдтэйгээ “учраа олж байгаа юм болуу” гэсэн хардлага зүй ёсоор төрсөн. Гэхдээ сая Нүүрсний сонсголын ажлын хэсгийг өөрчлөнө лээ. Одоо бужигнуулах нь уу харцгаая лд. Ерөнхий сайд Хятадад айлчлах гэж байна. Тэнд дэлхийн эдийн засгийн форум болж буй. Баахан томчуудтай уулзах боломж. Хятадын талаас бол мань хүн шинэ Ерөнхий сайдтай нь хоёр дахиа уулзах бололтой. Холдож чадахгүй хоёрхон хөрштэй бид. Өнөөдөр нэг нь айдас төрүүлж, нөгөө нь аврал болоод байна. Гучин жилийн өмнө эсрэг санагддаг байлаа. Гэхдээ өнөөдрийн ялгаа нь хүн бүр хүссэн мэдээллээ олоод хардаг болсон. Бас өөрийнхөөрөө бодох, хэлэх, хашгирах эрхтэйд байна. Өмнө нь зөвхөн Улс төрийн товчооны зөвшөөрсөн мэдээллийг л харах боломжтой байв. Өнөөдрийн Хойд Солонгос шиг. Тэнд хүмүүс амьдрал тийм л байдаг гэдгээс өөр юм юу ч мэдэхгүй амьдарцгааж байгаа.

Монголын аврал бол Хятадууд биднээс юм худалдаж авах. Мэдээж зай барих шаардлага бий. Тиймээс Хятадтай хэдий чинээ уран харилцаж, өөрсний олох ашгийг нэмэгдүүлж, худалдааг тогтвортой барьж чадна, тэр өнөөдрийн Монголын геополитикийн голлох зорилгод нийцнэ. Хятадтай хийх худалдаа гэдгийг бид манай хилийн боомтууд тэдний хилийн боомтуудтай холбогдон жим гаргах гэж ойлгох нь зөв. Ямар торон хашаа давуулаад шидээд байлтай биш. Ерөнхий сайд үүн дээр хэр давшилттай, бас уян хатан хэлэлцээр хийж чадах бол? Хэрүүлийн сэдэв болсон Тавантолгой -Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа нэг юм бариад авсан. Үүнийг хараад хятадууд өмнө нь “ядаж тэр гүвээгээ давуулаад төмөр замаа аваад ир, тэгвэл холболтын цэгээ тохирвол тохироё” гэж бараг хорин жил басамжилж байснаа больж цэгээ тохирч байх шиг байна. Гашуун сухайтаар гарсан нүүрс тэдний Ганц мод боомтоор цааш нэвтэрнэ. Холболтын дэд бүтэц, манайхны дутуу орхисон гүүрэн холболт зэрэг бүтээн байгуулалтууд дутуу байгаа одоо. Гэх мэтээр Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтууд бас “болсон” бололтой. Сайн мэдээ. Одоо цаана нь Баянхошуу-Өвдөг, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Хавирга-Архашаат гэсэн боомтууд байна. Гялгар ууттай элсээ олон цоолох л хэрэгтэй. Бид нар дотроо хэрэлдээд, лут геополитикийн цэц булаалдсаар байгаад байрандаа л хэвтээд байгаа улс. Нэг тийрээд өндийгөөд авах хүч бол зөвхөн энэ. Өндийсэн байхад бол тэнтэр тунтар ч болов алхаад байх арга олдоно. 

Өөр нэгэн сайн мэдээ нь ураны олборлолтыг эхлүүлэхээр болсон. Тэмцэгч нараа дийлэх нь үү харна даа. Тэмцэгч нарын ард биднийг энэ чигээрээ “өлсөөд хэвтээд байгаасай” гэсэн эрмэлзэлтэй хүчин л байгаа. Олон нийтээр үүнийг хойд хөрш гэж хардаг. Франц Хятад хоёр гүрэн цөмийн эх үүсвэр дээр хамтарч эхэлж байгаа энэ үед гялгар уутны цоорхойгоор гарах бас нэгэн худалдаа уран болоосой, чүү! Бас хятадууд хэдэн жилийн өмнөөс л манайд цахилгаан станц, усан цахилгаан станц барихад хөрөнгө оруулах боломжтойгоо хэлсээр ирсэн. Яг барих гэхээр л гацчихдаг гэмтэй ккк. Одоо биднийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаа барьж чадах уу гүй юу гэдэг сорилт хүлээж байна. Хятадууд мөнгө өгье гэсэн байгаа. За иймэрхүү л баахан даалгавар, сорилтууд өвөрлөөд л урагшаа гарах нь дээ Ерөнхий сайд. 

Гэхдээ хятадууд нээх гуйгаад байгаа юм байхгүй. Бидэнтэй бидэнгүй алаад байгаа улс. Харин бид л өөрснөө дуугарсан дээр нь л дүлэгнээд байлгүй шоволзох хэрэг байна. Өөрөөр хэлбэл Оюун-Эрдэнийн айлчлал аймар чухал юмаа энэ цаг үед. Хаа очиж хэдэн жилийн өмнө бараг хаалттай орон болох шахсныг бодвол Монголын гадаад харилцаа чамгүй буцалж байна. Хойд хөршийн өдүүлсэн дайнаас ч шалтгаалж буй байх. Тэгвэл энэ бол бидний олдсон боломж. Бас бид өөрснийгөө ямархуу “алтан байршилд” байдгийгаа мэдээд авсан тохиол. Одоо дарга нарын тоглолт л мэдэж дээ. Намар гэхэд ямархуу яриатай сууж байхнуу харцгаая л.