ДАВТАГДАХ УУ, ЭС ДАВТАГДАХ УУ..!


Нэг. Цусгүй ялаад, цустай алдсан хувьсгалууд (ХХ зууны эх)


I.Хараалаас ерөөл болсон цус ба өнгө

Уламжлал талаас нь харвал, монголчууд цус ба түүний өнгө болох улаан гэдэг хэллэгт цээртэй ханддаг байсан бололтой. Жишээлэхэд, нүүдэлчдийн хараал, зүхэлд “цус” их үүрэгтэй. Монгол хараал “Цусаар урс”, “цусаар тээглэ”, “цус нь садармар” гэж ирээд л цуврана. Нэлээд эерээд ирэхээрээ “Яадаг цус вэ”, “Цустай золиг уу, айн” гэхчлэнгийн өхөөрдөнгүй зэмлэл болох ч удаатай.

     Дайн тулаанч нүүдэлчдийн амьдрал алаан хядаан, шарх бэртэлт, цус алдалтаар дүүрэн байсан нь дамжиггүй. Өнөөгийн ертөнцөд циркийн үзүүлбэр, экстрим спорт болсон морь булгиулах, унах, чирэгдэх нь өдөр тутмын явдал. Иймээс хамгийн түгээмэл зовлон гамшиг болох бэртэл, цус гарсан гэмтэл зэргийг хараал зүхэлдээ оруулж, тааламжгүй этгээдүүд өдөр тутам тохиолдохыг “бэлгэдсэн” нь тэр байх.

   Өрнөдийн хараал нь хувь хүнийг нийгэмдээ ад үзэгдэн ганцаардахад хүргэдэг ёс суртахуунгүй үйлдлүүдийг, жишээлэхэд ичимдэг эрхтний нэр, гэр бүлийн хүрээнд болон ёс бусийн хурьцалд холбогдох агуулгатай. Иргэншил хотшил буюу хамтран амьдрах урлаг, нийтийн ёс сурталд эртээс суралцсны суурин хүнд тэдэнд тохиолдож болох хамгийн муухай зүйл бол нийгмээсээ гадуурхагдах явдал учраас хараал, зүхэл нь тийш чиглэжээ гэж болмоор.

    Харин ганц гэрээрээ, их л сайндаа хот айлаар малаа дагасан амьдралтай нүүдэлчид нийгмээс гадуурхагдахын зовлонг амсалгүй ирсэн шахам гэхэд болно. Худалдаачид, урчууд, ер хотынхон өдөр тутмын амьдралынх нь алхам бүр бусдаас хамааралтай, ядаж л лангууныхаа ард зогсоход хүмүүс ирж нулимаад байхгүй “нэр төр”-тэй аж төрөх ёстой.

     Гэтэл нүүдэлчний ажлын байр нь үнээний зэл, хонины бэлчээр, адууны эрэл байх ба малтайгаа тангараг тасрана, тэмээтэй түнжин хагарна гэж үгүй. Дургүй хүргэж, мал дагуулж алга болох гээд байгаа зожиг, шилрэмтгий, гүймтгэй нэгэн гарвал алаад л идчихнэ.

    Түүнчлэн хөрш нь таалагдахгүй бол алах юм уу, “амьтан” болгоод зарцлах замаар асуудлаа шийдчихнэ. Аз дутвал өөрөө “амьтан” болоод зүтгэчихнэ. Байлдан дагуулалт гэдэг бол хөрштэйгээ харилцах нэг л арга, харилцааны асуудлаа шийдэж байгаа нэг л хэлбэр шүү дээ. 

   Дайнч нүүдэлчид “Байлдах найрлах хоёр дээр л олуулаа цуглардаг” байсан бололтой. Алдалдаж, эсвэл дуулалдаж байгаад тардаг энэхүү түр зуурын нийгэмшил нь нүүдэлчдэд хотших, дундын ёс суртахуунтай болоход төдий л нөлөөлсөнгүй бололтой. (Дашрамд сануулахад, өмнөөс “Боржгин найрын дэг” ийм мийм гээд сонин юм яриад унавзай. Найрын дэг чинь нийгэмшин амьдрах ёсзүй гэхээсээ илүү найраа тараачихалгүйгээр аль болох олон хоног цэнгэхэд чиглэсэн менежмэнт шүү)

    Малаа хараахдаа “ям”, “годрого”, “мялзан” гэхчлэнгээр өвчнийх нь нэрийг хэрэглэх боловч хүнийг зүхэхдээ ингэхгүй нь бас сонин. Хамгийн түгээмэл өвчин болох “тарваган тахал”, “нарийнтах” зэргийг хараалд үл хэрэглэнэ. Иймээс, тал нутгийн нүүдэлчин ард түмний эрхэм дээд хүсэл нь цаг бусаар алагдахгүй, шархдахгүй, бэртэхгүй явж байгаад өвчнөөр таалал төгсөх эрмэлзэл байсан шиг[i].  Иймээс л цус гэдэг үгийг аль болох цээрлэж, түүний улаан өнгөнөөс хэрээрээ зайлсхийж байсан нь тэр бололтой. Ламайзмыг дагаж ирсэн улаан хувцас нь зөвхөн хуврагуудын хүрээнд л байж, энгийн иргэд ийм өнгийн хувцас хэрэглэхийг цээрлэсэн Богдын лүндэн хүртэл гарч байв. Д.Нацагдорж “... Хөх монголын ач нар түмэн түмэн үрс, Хөвүүд охид цугаар цог заль төгс” хэмээн бичиж байжээ.

   Харин өмнөд харш Нангиадууд улаан өнгөнд дуртай, найр хурим, хүндэтгэл чимэглэлд нь энэ өнгө зонхилно. Улмаар, 1917 онд Оросууд хаант засаглалаа унагааж, улаан өнгийг эрхэмлэдэг Улаантнууд төрийн эрхэнд гарлаа. Ийнхүү хөх Монгол нутаг хоёр улааны дунд хавчуулагдав. Яг л одоогийн төрийн далбааны дэвсгэр өнгө мэт. Улаан өнгө, цус хоёр хараал биш ерөөл болох цаг айсуй. 

II.Завшигдсан хувьсгал.

   ХХ зууны эхээр монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө хоёр хувьсгал хийжээ. Манжаас салах гэсэн биш Хаант оросын хараанд орсон нэг хувьсгал, Шашин төрийн тэргүүнээ гамингийн шоронгийн гаргах гэж эхлээд шашнаа сүйдэлж, хаан ширээгээ хөнтөрч дууссан бас нэг хувьсгал. Монголчууд өөрийн хүчээр Манжаас салаад Цагаан хааны өвөрт өөрөө гүйгээд орчихсон тул  эхний хувьсгалын үр дүнг Хаант Орос завшив. Хоёр дахь хувьсгалаар Монголчууд хятадын гамингийн гараас өөрөө гүйж гараад Кремлийн гарт өөрөө дэгдээд орсон тул Коминтерн, Зөвлөлт засаг завшив. Тусгаар тогтноодохоор л Оросын гарт орчихддог хоёр сонин хувьсгал.

   Өөрөө хийгээд хүнд алдаг хоёр хувьсгалын дараа Монгол хэл ч хувьсав. “Цусаа урсгаж олсон эрх чөлөө”, “Цусаараа хамгаалсан хувьсгал”, “Монгол-Зөвлөлтийн цусаар гагнагдсан найрамдал”, “цусаар бичигдсэн дүрэм”, “цусан улаан бүчээ хүзүүндээ зүүгээд” гэхчлэн цусаар дүүрсэн эрхэмсэг хэллэг, уриа бөөн бөөнөөрөө орж ирэх үүд нээгдлээ. ХХ зууны Монголын хувьсгалт уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж “Ариун улаан цусандаа, Ардынхаа хувьсгалыг шингээжээ” гэсэн үгтэй дууг багачуудад зориулан зохиолоо. 

    Аман хуучид өгүүлснээр, ХХ зууны эхээр улаан зулагтай монгол гутал өмссөн хүмүүс харагдах болжээ. Ёр бэлгийг чухалчлан хардаг өвгөд өтгөс ихэд сэжиглэн “цусан дундуур туучихын дохио” гэлцсэн гэх. Хожим зохиогдоод нэхэн яригдсан ч байж болох. Ямар ч л байсан “Улаан эрин” ийнхүү эхэллээ.

   Улаан эринд, энх тайван цагт болсон самуунаар Манжийг хөөхөд, гаминг зайлуулахад, цагаантныг далдруулахад урсаагүй их цус урсчээ. Бас “Халх голын тулаан” хэмээх Зөвлөлт-Японы мөргөлдөөнд Монголчууд өөрийн эрхгүй оролцож, нутаг дэвсгэрээ түйвээлгэхэд алагдсан баатруудаас хэдэн арав дахин цэрэг, офицерийг Монгол улсын засгийн газар өөрөө алж, хядсан билээ. 

   Улаан эринд “Дотоодын дайсан”, “ангийн дайсан” гэсэн ойлголт гарч ирлээ. Монголын засаг төр ард түмэндээ дайн зарлан, иргэдээ буудаж эхэлсэн хэрэг. Энэ дайнд 1911 онд тусгаар тогтноход алагдснаас, 1921 онд хувьсгал хийхэд алагдснаас, Халх голд Японтой байлдахад өртснөөс олон арав, магадгүй зуу дахин олон монгол хүн, тухайлбал: насанд хүрсэн таван эр хүний нэг нь өртөж амиа алджээ. ( 1930-аад онд Монгол улс 500.000 орчим хүнийхээ 30.000 гаруйг өөрснөө буудан хороосон. Харин Халх голын тулаанд албан ёсоор 300 хүрэхгүй монгол цэрэг амь үрэгдсний олонхийг нь Улаан армийн онгоцууд японтой андууран бөмбөгдөж хөнөөсөн)

    Сонин болгоход, 1911 онд Хүрээнд байсан Манжийнхааны суурин төлөөгч үг дуугүй гарч явснаар өнчин ишигний гарзгүйгээр тусгаар тогтнолоо зарлаж байсан. 1921 онд Хүрээнд байсан гаминг Бароны цэрэг хөөгөөд, Богдын өргөөг сайн дураараа орхиод явсан Цагаантнуудыг Улаан арми нь хөөж ирээд бутцохисон тул Ардын намынхан зүгээр дуулалдаж ирээд л засгаа тунхаглаж, наадмаа хийж бөхөө барилдуулжээ. 

    Өнөөдөр “Улс төрийн хэлмэгдэл” гэж нэрлэх болсон аллагаар 1911 тусгаар тогтнолоо сэргээхэд, 1921 онд Ардын хувьсгал хийхэд, 1939, 1945 онд Японтой “байлдах”-д үрэгдээгүй ийм олон хүн хөнөөгдөж. Манжийн ч, гамингийн ч, цагаантны ч, Японы ч алж чадаагүй тийм олон Монгол хүнийг Монголын төр өөрөө алжээ л гэсэн үг. Үүнийг хувьсгалт түүхнээ “Хувьсгалт хүчирхийлэл” хэмээн магтаж байсан бол өнөө үед “Хэлмэгдүүлэлт” хэмээн нэр цээрлэх болсон юм.

Гэвч ХХ зууны Монголын тавилан Монголчуудын сонголт байгаагүйн нэгэн адил энэхүү аллага ч гадны тулгалт байлаа. 

Тусгаар тогтнолоо олж авахдаа бараг цус урсгаагүй монголчууд “Тусгаар тогтнол чинь Дагуул улсын хэмжээнд шүү” гэдгийг ухаарахын тулд таван цэрэг тутмынхаа нэгийг алдсан гэсэн үг. Хөх Монгол улаан Монгол болж, хөх явсных нь улбаа төрийн далбааг нь голлож л үлдсэн цаг. Тал нутаг цээртэй өнгөнд бялдаж, цус хэмээх үг шүтээн тунхагт шилжив.

ХХ зууны эхний хоёр хувьсгал цусгүй хийгдээд,цусаар угаагджээ гэсэн үг. 

  Гэхдээ энэ бүхэн бидний сонголт байсангүй. ХХ зууны монголын түүхэнд “Хэрвээ бид социализмын замаар замнаагүй бол”, “Зөвлөлтийн дагуул болсны ачаар” гэхчлэнгийн хувилбар гаргах боломжгүй байдаг нь ийм учиртай. Зөвхөн марзан яриа л “Хэрвээ би морь байсан бол” гэж эхэлж болдог шиг зүйл. Өнгөрсөн зууны бидний түүх, хувь тавилан бол сонголтгүй “тулгалт” байсан. 


III.Улаантны сурталд улайдсан хээр тал.

Хүчирхэг бөгөөд дэлхийн II дайны ялагч Зөвлөлт гүрний нөлөөний бүс болох БНМАУ руу өнгөлзөх битгий хэл, өнгөлзөхийг санаархах зоригтой амьтан тэр үед ойр хавьд үгүй байв. ХХ зууны монголд “Гадаадын дайсан” бодитой байсангүй гэсэн ч болно. Харин ХХ зууны “Тусгаар тогтносон” бөгөөд Зөвлөлтийн дагуул БНМАУ-ын төрийн байгууламжийн гол дайсан нь монгол хүн нь, өөрийнх нь иргэн нь байв, яагаад?

   Чингис хаан “Өмнө талд Тангуд улс байгааг өглөө болгон надад сануул” хэмээн захисан тухай “Монголын нууц товчоо”-д өгүүлдэг. Яг түүн шиг “Та нар Бээжингээс хамаарахгүй болсон ч гэсэн Тусгаар тогтносон гэсэн үг биш”, “Та нар улс болсноор улсаа мэднэ гэсэн үг биш” гэдэг сургамжийн төлөөсөнд бид Чингис хааны алтан ургийнхан, лам хуврагууд, жинхэнэ тусгаар тогнолынхоо төлөө тэмцэгчид болон “жинхнээсээ тусгаар тогтноогүй гэдгийг анзаарсан сэхээтнүүд”-ийнхээ амийг өргөжээ. Хэзээ ч ингэж монгол хүн монгол хүнийхээ дайсан, монголын иргэн монгол төрийнхээ дайсан, монголын төр монгол иргэнийхээ дайсан болж явсангүй. 

    Гэвч монголчууд өөрсдийнхээ гарт үхсэн байж таарахгүй, социализм байгуулж буй БНМАУ-ын төр иргэнээ хядсан байж таарахгүй. Огт сураггүйгээр мянга мянган нэр устай хүн алга болсон байж таарахгүй. 

     Ингээд Улааны үзэл суртал шингэсэн цуст домгууд зохиогджээ. Болсон явдал, утга зохиолын сюжет хоёрыг андуурамтгай монголчуудыг хувьсгалт домгоор цэнэглэх шиг амархан зүйл үгүй. Төвдийн сүм хийдийн туурган зургийн догшдыг “өөрөө тодорсон” гэдэгт эргэж үзээгүй сүсэгтнүүд шүү дээ.

   Эхлээд Монгол орныг япон, хятад германы тагнуулаар дүүрсэн гэдэгт үнэмшүүлээд, захаас нь аваад буудаж эхлэхэд сэжиглэсэнгүй. Магадгүй буудуулсан зарим нь өөрийгөө санаандгүй явж байгаад японы тагнуул болчихож гэж итгэсээр дууссан ч байж мэднэ. 

   Ингээд, Зөвлөлт, Япон, Хятадын нөлөөний бүсүүдийн заагт гарсан мөргөлдөөн, хараахан тогтоож амжаагүй байсан хил дээрхи будлиан тулгаралтуудыг сүрт тулалдаан болгон дүрсэлж эхлэв. Үүргээ биелүүлж баатарлан тулалдсан цэрэг эрсийн гавъяаг бахдууштай ч, үйл явдлыг хэтрүүлэн үнэлэх нь доромжлол болдог. Учир нь жинхэнэ үнэн тодрох цагт тэдний талаархи нийтийн үнэлгээ уруудаж, заримдаа баатарлалынх нь утга учир алдагдахдаа тулдаг нь гашуун үнэн. Ийм учраас хэтрүүлэн муулах, магтах хоёр дүндээ дүн болдог.

    Дайсны давуу хүчтэй эрэлхэгээр тулалдсан баатарлаг явдлыг заримдаа Хятадын Ардын чөлөөлөх армийн гол хүчийг хэдхэн цэрэг бутцохисон ба тэрнээс хашраад наашаа зүглэхээ больсон, Японы эзэн хааны ганц найдвар болсон бүлэглэлийг айлгаад хөөсөн учраас хийморь нь доройтоод дэлхийн дайнд ялагдсан үлгэр болгон хувиргана. Үзэл сурталчид түүнийг улам хөгжүүлэн, сүр оруулахын хэрээр үнэлэгдэнэ. Харин үл итгэх байтугаа эргэлзсэн дүр үзүүлэх хориотой. Эргэлзсэн дүр үзүүлэх байтугаа шууд итгэн хүлээж авч, бахдалгүй цаг алдах нь сэжигтэйд тооцогдоно. 

  Улаан өнгө, цус давамгайлсан үзэл суртлаас ийнхүү эрх чөлөөний төлөө тулалдаанд амиа өргөсөн гэх мянга мянган домгийн баатрууд “төрсөн” юм. Тэдний зарим нь огт болоогүй тулаанд гавъяа байгуулсан байх нь ч энүүхэнд. Эргэлзэх хориотой нийгэмд жинхэнэ үнэнийг эрэлхийлэх аюултай. Хүмүүс аюултай алхам хийхээс болгоомжлохдоо аливаад “эргэлзэх”-ээс зайлсхийж эхэлнэ. Болгоомжлолын торон дотор орсон эргэлзэх, эргэцүүлэх, үнэнийг эрэлхийлэх чадвар аажим аажмаар унтран бөхөж эхэлдэг. Дарангуйлагч дэглэмийг ийм учраас л хүний мөн чанарын эсрэг хандлага гэж үзээд байгаа юм.

     Хувьсгалт түүхийн зохиомжийн “хусам” ой санамжинд нь наалдинги болж үлдсэн өнөөгийн бидэнд “ХХ зуунд эрх чөлөөгөө олохын төлөө урсгасан,дараа нь хамгаалж асгаруулсан улаан цусны домог” дүүрэн хэвээр. Гэтэл, 1911 онд Хүрээнд тусгаар тогтнолоо зарлахад,1921 онд Нийслэл хүрээг чөлөөлөхөд нэг ч хүн үхээгүй ба Халх голын дайны үеэр нь ердөө 270 орчим цэрэг алагдсан байдаг. Тэгтэл хувьсгалын төлөөсөнд алагдагсад 30 мянгад хүрдэг. Улмаар тэр 30 мянгынх нь гурван хувь нь ч дайсныхаа гарт үрэгдээгүй баримт үлддэг... Ийм л юм болсон юм даа, Форест Гампын хэлдгээр.

IV.Дахиад нэг “Гарзгүй хувьсгал”

...1990-ээд онд, Зөвлөлтөд өрнөсөн “өөрчлөн байгуулалт” Монголын сэхээтнүүдийн сэтгэлийг татлаа. БНМАУ нь Зөвлөлтийн дагуул орны хувьд бүхий л алхмыг нь дууриан давтаж ирсэн атлаа хамгийн зөв зүйтэй шинэчлэлийг нь дагаж хийхээс хойргошиж байгаад нийгмээрээ унтууцсан. Дээр нь “Зөвлөлтийн туршлагыг давтснаар буруутахгүй, Зөвлөлтийн жишээг хуулбарлахыг шаардснаараа хэрэгт орохгүй” гэсэн итгэл нь хүн ардыг зоригжуулж байсан юм. 

   Гэтэл Зөвлөлтийг дууриахыг шаардсан жагсаал, эсэргүүцэл маань социалист систем нурахтай, улмаар Зөвлөлт Холбоот Улс тарахтай давхцах нь тэр. Ингээд Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтыг дэмжсэн хөдөлгөөн маань ардчилсан хувьсгал, улмаар Москвагийн дагуул байхаа больж биеэ даасан төрөө тунхаглах үйл явц болон хувирав. 

    Төрийн сүлд дууллынхаа, Зөвлөлт оронтой заавал хамт хөгжих утгатай заалтыг хасан зохиомжилсон ба гурав хөршийн бодлого тунхагласан, цаашлаад гуравдагч орон АНУ, Канадын хөрөнгө оруулагчдыг эх орондоо авчирсан зэрэг үйл явдал ингэж эхэлсэн. Дүн өвлийн хүйтнээр оргилдоо хүрсэн Ардчилсан хувьсгал цус байтугаа, нус ч урсгасангүй ялав. Коммунист дэглэмийн цэрэг, цагдаа, аюулаас хамгаалахынхан тэмцэн босогчдыг дарах байтугаа ганц хүнийг ч бороохойдсонгүй өнгөрөв.

 Дахиад л өнчин ишигний гарзгүй олдсон эрх чөлөө! Бахархмаар бас аймаар.

ХХ зууны эхний хоёр хувьсгал цусгүй хийгдсэн ч цусан төлбөртэй байжээ. Бас өөрснөө зориглон хийх боловч үр дүнг нь Их хөрш нь дараалан завшсан. 

Тэрмэтчлэн цусгүй хийгдсэн гурав дахь хувьсгал араасаа төлбөр дагуулах уу? Аанай л Монголчууд өөрснөө санаачилж, зориглож хийгээд аль нэг ХӨРШ завшаад дуусах уу? Нэг улсад, нэг үйл явц гурав давтагдана гэж байх уу? 

Үлгэрлэвээс, Гамлет “Орших уу, эс орших уу, асуудал энд л байна”гэлээ гэгчээр Монгол хувьсгалын заяа “Гурав дахиа давтагдах уу, гурав дахь дээрээ эс давтагдах уу, Энэ бол асуулт юм аа”, бас тавилан юм аа. 

Үргэлжлэл бий.

2020.08.19



[i] Зохиогчийн “Соёлын довтолгоо. Хоньчноос барилгачин”2015. НЭПКО номд “Нүүдэлчдийн хараал ба мораль” сэдвээр бичсэн нэг бүлэг буй тул дэлгэрүүлэн сонирхож болно.